Skip to content

Гарчиг руу орох

Тэд «Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн»

Тэд «Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн»

Тэд «Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн»

«Нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ» (2 ПЕТР 1:21).

ТУНГААН БОДООРОЙ

Бурхан хүмүүсийг ариун сүнсээрээ удирдан Библийг бичүүлсэн гэдгийг юу гэж ойлгох вэ?

Библийг Бурхан бичүүлсний нотолгоо юу вэ?

Бурхны Үгийг үргэлж эрхэмлэхийн тулд өдөр бүр яах хэрэгтэй вэ?

1. Бидэнд яагаад Бурхны Үг хэрэгтэй вэ?

 ХҮМҮҮС бид хаанаас ирсэн бэ? Яагаад энэ дэлхий дээр амьдарч байна вэ? Хаашаа явж байна вэ? Ирээдүй маань ямар болох бол? Дэлхийн нөхцөл байдал яагаад ийм байгаа юм бэ? Хүн үхээд яадаг вэ? Аль ч газрын хүмүүс эдгээр асуултыг асуудаг. Хэрэв бидэнд Бурхны Үг Библи байгаагүйсэн бол иймэрхүү чухал асуултын хариуг яаж мэдэх билээ? Өөрөө амсаж үзээд бага сага юм мэдэж болох л юм. Харин тэглээ гээд Еховагийн хуулийг мэдээд баярласан дуулалч шиг сэтгэл ханамжтай болж чадна гэж үү? (Дуулал 19:7-г уншина уу).

2. Библийг Бурхны өгсөн бэлэг гэж үзэн цаг ямагт эрхэмлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

2 Гэтэл Библийн үнэнийг хайрлаж байсан зарим хүн хайраа хөргөдөг нь даанч тоогүй (Илчлэлт 2:4-тэй харьцуулна уу). Тэд Еховагийн таалалд нийцүүлж амьдрахаа больжээ (Ис. 30:21). Хүн болгонд ийм юм тохиолдох албагүй л дээ. Библи болон Библийн сургаалыг ямагт эрхэмлэдэг байхын тулд чадах бүхнээ хийх шаардлагатай. Библи бол хайртай Бүтээгчийн маань өгсөн том бэлэг билээ (Иак. 1:17). Бурхны үг сургаалыг улам их эрхэмлэдэг болохын тулд яах хэрэгтэй вэ? Хүмүүс Библийг хэрхэн бичсэнийг эргэцүүлэн бодохын зэрэгцээ Библи Бурхнаас эхтэйг нотлох баримтуудыг шалгаж үзэх хэрэгтэй. Ингэвэл Бурхны Үгийг өдөр бүр уншиж, зөвлөгөөг нь хэрэгжүүлэх хүсэл төрнө (Евр. 4:12).

ХҮМҮҮС ХЭРХЭН «АРИУН СҮНСЭЭР ХӨДӨЛГӨГДСӨН» БЭ?

3. Зөнчид болон Библийг бичигчид «ариун сүнсээр хөдөлгөгдсөн» гэдэг нь юу гэсэн үг вэ?

3 МЭӨ 1513-аас МЭ 98 он хүртэлх 1 610 жилийн хугацаанд янз бүрийн ажил эрхэлдэг 40-өөд хүн Библийг бичжээ. Зарим нь «Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн» зөнчид байсан (2 Петр 1:20, 21-ийг уншина уу). Зөнчид болон Библийг бичигчид «Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн» гэдэг нь Бурхан үйлдэх хүчээрээ тэдэнтэй харьцаж, тэднийг хөдөлгөж, удирдаж байсан гэсэн үг. Тиймээс тэд өөрсдийнхөө санааг бус, харин Бурхны санааг бичжээ. Хэлсэн зөгнөл юм уу, бичсэн зүйлийнхээ утгыг заримдаа өөрсдөө ч ойлгодоггүй байв (Дан. 12:8, 9). Үнэхээр ч «Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа». Библид хүний үзэл бодол шингээгүй (2 Тим. 3:16).

4-6. Ехова Библийг хэрхэн бичүүлсэн бэ? Жишээ хэлнэ үү.

4 Тэгвэл, Бурхан хүмүүсийг ариун сүнсээрээ удирдан Библийг бичүүлсэн гэдгийг юу гэж ойлгох вэ? Үг үсэгчлэн хэлж бичүүлсэн үү, эсвэл санааг нь хэлж өгсний дараа тэд өөрсдийнхөө үгээр бичсэн үү? Үүнийг жишээгээр тайлбарлая. Дарга захиа бичих болжээ. Хэрэв үг бүрийг чухал гэж үзвэл захиагаа өөрөө бичнэ. Эсвэл туслахдаа үг үсэгчлэн хэлж өгнө. Бичиж дуусахлаар нь гарын үсгээ зурдаг. Харин заримдаа гол санааг л хэлж өгнө. Туслах нь үгээ сонгож, найруулан бичдэг. Дарга тэр захиаг уншиж хянаад, шаардлагатай бол засвар оруулдаг. Тэгээд эцэст нь гарын үсгээ зурахад даргын захиа бэлэн болдог.

5 Библийн зарим хэсэг «Бурханы хуруугаар бичигдсэн» (Ег. 31:18). Түүнээс гадна, Ехова тухайн үгийг зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хэлж бичүүлдэг байсан. Жишээ нь, Египетээс гарсан нь 34:27-д «ЭЗЭН Мосед „Эдгээр үгсийг бичиж ав. Учир нь эдгээр үгсийн дагуу Би чамтай болон Израильтай гэрээ байгуулсан билээ“ гэв» хэмээсэн байдаг. Ехова бас зөнч Иеремиад «Миний чамд айлдсан бүх үгсийг номд бич» гэжээ (Иер. 30:2).

6 Гэхдээ ихэвчлэн үгийг бус, санааг Библи бичигчдэд ер бусын аргаар мэдүүлж, зүрх сэтгэл, оюун ухаанд нь шингээн, өөрийн үгээр илэрхийлэх боломж олгодог байсан. Номлогчийн үгс 12:10-т «Номлогч онч мэргэн үгсийг эрэлхийлэн байж, үнэний үгсийг зөвөөр нь бичжээ» гэж байдаг. Евангелийг бичигч Лук «бүгдийг эхнээс нь нягтлан судалсан тул ... дэс дараалан» бичжээ (Лук 1:3). Бурхан ариун сүнсээрээ удирдаж байсан учраас хэлэх гэсэн санаа нь хүний төгс бусаас болж гажуудаагүй.

7. Бурхан хүнээр Библи бичүүлсэн нь мэргэн ухаалаг хэрэг гэхийн учир юу вэ?

7 Бурхан Библийг хүнээр бичүүлж асар их мэргэн ухаантайгаа харуулсан. Үг яриа бол мэдээлэл дамжуулах төдийгүй сэтгэл хөдлөлийг илэрхийлэх хэрэглүүр юм. Хэрэв Ехова тэнгэр элчүүдээр Үгээ бичүүлсэн бол яах вэ? Тэнгэр элч хүний сэтгэлийн хөдөлгөөнийг, тухайлбал, айдас хүйдэс, гуниг харуусал, цөхрөл гутралыг хүн шиг илэрхийлж чадах байсан уу? Бурхан төгс бус хүмүүст санаагаа хэлж өгөхдөө өөрийн үгээр бичих боломж олгосон учраас Бурхны мэдээ бидний зүрх сэтгэлийг хөнддөг.

БИБЛИЙГ БУРХАН БИЧҮҮЛСНИЙ БАТАЛГАА

8. Библийг шашны бусад номтой адилгүй гэхийн учир юу вэ?

8 Библийг Бурхны Үг хэмээн батлах баримт олон бий. Шашны ном бишгүй их байдаг ч жинхэнэ Бурхныг Библи шиг танин мэдүүлдэг ном байдаггүй. Жишээ нь, хиндү шашны судар бичгүүдийг сөхөж үзвэл ведийн сүлд дууны ном, эдгээр дууг тайлбарласан түүвэр, Упанишад хэмээх гүн ухааны шастир, «Рамаяана», «Махабарата» хэмээх домог туульсын зохиол байдаг. «Махабарата»-ийн нэг хэсэг нь ёс суртахууны талаарх заавар зөвлөмж бүхий Багавадгита гэдэг судар юм. Буддын шашны «Типитака» (Гурван сав ном) хэмээх судрын нэг ботид лам хувраг гэлэнмаа нарын дагаж мөрдөх дэг жаягийг голдуу бичжээ. Нөгөөд нь буддын шашны сургаал номлолыг ихэвчлэн тайлбарласан бол, гурав дахид нь Буддын сургаалыг бичиж тэмдэглэсэн байдаг. Будда өөрийгөө бурхан гэж хэлээгүй бөгөөд Бурхны талаар тун бага ярьжээ. Күнзийн сургаалд эрт цагт болсон үйл явдал, ёс суртахууны дүрэм, ид шид, дуу багтдаг. Лалын шашны ариун номд ганц Бурханд итгэх тухай өгүүлдэг бөгөөд Бурхан бүгдийг мэддэг, ирээдүйг хардаг хэмээн тайлбарладаг боловч Библид өчнөөн мянган удаа гардаг Ехова гэдэг нэрийг нь огтхон ч дурдаагүй.

9, 10. Библиэс Бурхны талаар юу мэдэж болох вэ?

9 Шашны ихэнх номд Бурхны талаар тун бага бичсэн байдаг. Харин Библи бидэнд Ехова Бурхныг таниулж, үйл хэргийг нь мэдүүлдэг. Ехова гэж чухам хэн болох, ямар зан чанартайг ойлгуулдаг. Төгс хүчтэй, мэргэн ухаантай, шударга төдийгүй биднийг хайрладгийг нь илчилдэг (Иохан 3:16; 1 Иохан 4:19-ийг уншина уу). Библид «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг» гэж байдаг (Үйлс 10:34, 35). Библи олон хэлээр орчуулагдсан нь энэ үгийн үнэнийг баталдаг. Хэл шинжээчдийн хэлж буйгаар, хүн төрөлхтний ярьдаг нийт 6 700 орчим хэлний 100-аар нь дэлхийн хүн амын 90 орчим хувь нь ярьдаг байна. Библийг бүтнээр нь болон хэсэгчлэн 2 400 гаруй хэлээр орчуулжээ. Тиймээс бараг бүх хүн Библийн хэсгийг ч болов эх хэлээрээ унших боломжтой.

10 Есүс: «Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би Өөрөө ч ажиллаж байна» гэж хэлжээ (Иох. 5:17). «Үүрдээс үүрд мөнх хүртэл [Ехова] бол Бурхан» билээ. Хийж бүтээсэн бүхнийг нь бодоод үз дээ (Дуу. 90:2). Бурхан эрт үед юу хийсэн, одоо юу хийж байгаа, ирээдүйд юу хийхийг зөвхөн Библид бичсэн байдаг. Түүнчлэн юуг таалдаг, юуг үл таалдгийг нь хийгээд яавал Бурхантай ойр дотно болж болохыг гагцхүү Библиэс мэдэж болно (Иак. 4:8). Бид хүсэл сонирхол, санаа зовоосон зүйлээсээ болоод Бурхнаас холдох учиргүй.

11. Библид мэргэн зөвлөгөө байдаг гэхийн учир юу вэ?

11 Библи бол асар их мэргэн ухааны ном юм. Энэ нь Библийг Бурхан бичүүлсний бас нэг баталгаа болдог. Элч Паул: «Эзэний [Еховагийн] оюун ухааныг хэн мэдсэн бэ? Хэн Түүнд заавар өгөх вэ?» гэж бичжээ (1 Кор. 2:16). Тэрбээр энэ зүйлийг зөнч Исаиагийн үгнээс иш татсан. Исаиа тухайн үеийнхээ хүмүүсээс «Хэн ЭЗЭНий Сүнсийг удирдан, эсвэл Түүний зөвлөх нь болж, Түүнийг сургасан бэ?» хэмээн асуусан байдаг (Ис. 40:13). Хэн ч биш гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас гэрлэлт, үр хүүхэд, амралт чөлөөт цаг, найз нөхөд, ажил хөдөлмөр, үнэнч шударга зан, ёс суртахууны талаарх Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэхлээр сайн үр дүнд хүрдэг нь гайхах хэрэг биш юм! Библид ашиггүй зөвлөгөө огт байдаггүй. Харин хүмүүс Бурхан шиг мэргэн ухаантай биш учраас тэр бүр ашигтай зөвлөгөө өгч чаддаггүй (Иер. 10:23). Өгсөн зөвлөгөө нь буруу байсныг ойлгохлоороо засаж залруулж байдаг. Библид «Хүний бодлууд ... дэмий хоосон» гэж бичжээ (Дуу. 94:11).

12. Хүмүүс Библийг устгах гэж хэрхэн оролдсон бэ?

12 Дээр үед Библийг устгах оролдлого удаа дараа гарч байсан. Энэ нь жинхэнэ Бурхан Библийн Зохиогч гэдгийн бас нэг баталгаа болдог. МЭӨ 168 онд Сирийн хаан IV Антиох хуулийн бүх номыг олж шатаахыг оролдож байв. МЭ 303 онд Ромын эзэн хаан Диоклетиан христиануудын цугладаг газрыг сүйтгэж, тэдний Судрыг шатаах зарлиг буулгажээ. Зарлигийг бараг арван жил хэрэгжүүлсэн гэдэг. XI зуунаас хойш папууд хүмүүст Библийн мэдлэг олгохыг хориглож, янз бүрийн хэлээр орчуулахыг эсэргүүцэж байлаа. Сатан болон түүний гар хөл бологсдын энэхүү оролдлого Библийг өнөө хүртэл хадгалахад саад болж чадаагүй юм. Ехова хүн төрөлхтөнд өгсөн бэлгээ хэнээр ч устгуулахгүй.

ОЛОН ХҮН ИТГЭДГИЙН УЧИР

13. Библийг Бурхан бичүүлсэн гэх өөр ямар баталгаа байдаг вэ?

13 Библийг Бурхан бичүүлснийг батлах өөр олон баталгаа бий. Үүнд: дотроо зохицолтой; шинжлэх ухааны хувьд үнэн зөв; зөгнөл нь биелдэг; бичигчид нь үнэнч шударга; хүнийг өөрчлөх хүчтэй; түүхийн баримттай тохирдог; өгүүллийн эхэнд дурдсан асуултуудад хангалттай хариу өгдөг гэх зэргийг дурдаж болно. Библийг Бурхан бичүүлсэн гэдэгт зарим хүн хэрхэн итгэснийг одоо үзье.

14-16. а) Лал, хиндү шашинтай болон Бурхан байдагт эргэлздэг байсан хүмүүс Библийг Бурхан бичүүлсэн гэдэгт ямар учраас итгэсэн бэ? б) Та дэлгэрүүлэх үедээ Библийг Бурхан бичүүлснийг нотлох ямар баримт үзүүлэх дуртай вэ?

14 Анвар * гэдэг эрэгтэй Ойрх Дорнодын нэгэн улсад лалын шашинтай гэр бүлд төрж өсжээ. Түүнийг Америкт түр оршин сууж байхад Еховагийн Гэрчүүд хаалгыг нь тогшжээ. «Тэр үед би Загалмайтны аян дайн, Инквизициэс (шашны эрүү шүүлт) болоод христ шашинд дургүй байсан. Гэхдээ угийн сониуч хүн болохоороо Библи судлахаар шийдсэн» гэж Анвар ярьсан юм. Удалгүй нутаг буцаж, Гэрчүүдтэй уулзах аргагүй болсон байна. Хэдэн жилийн дараа Европт нүүж очоод Библийн хичээлээ дахин эхэлжээ. Тэрбээр: «Библийн зөгнөл биелдэг, эхнээсээ дуустлаа нэг л ерөнхий сэдэвтэй, өөрөө өөртэйгөө зөрчилддөггүй, бас Еховагийн үйлчлэгчид бие биеэ хайрладгийг ойлгоод Библийг Бурхны Үг гэдэгт итгэсэн» гэж ярьсан юм. Анвар 1998 онд баптисм хүртжээ.

15 Арван зургаан настай Аиша охин хиндү шашны ёс сахидаг гэр бүлд өсөж хүмүүжсэн ажээ. Тэрбээр: «Би сүмд очихлоороо ч юм уу, хэцүү үед л залбирна уу гэхээс биш, элдэв юм тохиолдоогүй бол Бурхны тухай боддог ч үгүй байлаа. Гэвч Еховагийн Гэрчүүд манайд ирснээс хойш би шал өөр хүн болсон» гэж ярьсан юм. Аиша Библи судалж, Бурхантай анд нөхөр болжээ. Библийг Бурхан бичүүлсэн гэдэгт юуны учир итгэсэн юм бол? «Би асуулт болгоныхоо хариуг Библиэс авсан. Тийм учраас, үл үзэгдэх Бурханд итгэдэг болсон. Тэгээд сүмд очиж шүтээнд мөргөхөө больсон» гэж Аиша өгүүлжээ.

16 Паула католик шашинтай гэр бүлд өссөн ч Бурхан байдагт эргэлздэг байжээ. Тэрбээр: «Би хэдэн сар уулзаагүй найзтайгаа тааралдсан юм. Тэр үеийн эрчүүд үсээ ургуулж, хар тамхи хэрэглэдэг байлаа. Гэтэл найз маань өөрчлөгдөж, үсээ засуулж, сахлаа хусуулаад, баяр баясгалантай болсныг хараад би түүнээс „Чи ямар их өөрчлөгдөө вэ? Хаана байсан юм бэ?“ гэж асуулаа. Тэгтэл тэр Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж байгаагаа ярьж, итгэл үнэмшлээ хуваалцсан» гэж ярьсан юм. Бурхан байдагт эргэлздэг байсан энэ эмэгтэй Библийн үнэн ямар хүчтэйг ойлгоод Библийг Бурхан бичүүлснийг хүлээн зөвшөөрчээ.

«ТАНЫ ҮГ БОЛ МИНИЙ ХӨЛ ДЭХ ДЭНЛҮҮ»

17. Бурхны Үгийг өдөр бүр уншиж, эргэцүүлэн бодох нь танд ямар ач тустай вэ?

17 Библи бол Еховагийн ариун сүнсээрээ өгсөн гайхамшигтай бэлэг юм. Өдөр бүр уншвал Библийг эрхэмлэж, Зохиогчийг нь улам ихээр хайрладаг болно (Дуу. 1:1, 2). Библи судлах бүрдээ ариун сүнсээрээ ойлгуулж өгөөч гэж Бурхнаас гуйн залбирч байгаарай (Лук 11:13). Библид Бурхны бодол санаа байдаг учир уншсан зүйлээ эргэцүүлэн бодвол Бурхантай адилхан боддог болно.

18. Та яагаад Библийг байнга судалдаг вэ?

18 Библийн үнэн зөв мэдлэгтэй болохын хэрээр сурч мэдсэнийхээ дагуу амьдраарай (Дуулал 119:105-ыг уншина уу). Библи хэмээх толинд харж, алдаа дутагдлаа засаарай (Иак. 1:23–25). Итгэл үнэмшлээ хамгаалахын зэрэгцээ номхон даруу хүмүүсийн зүрх сэтгэлд хадгалагдсан хуурамч шашны сургаалыг тас цавчин хаяхын тулд Бурхны Үгийг сэлэм болгон ашиглаарай (Еф. 6:17). Бурхан зөнчид болон бусад хүмүүсийг ариун сүнсээрээ удирдан Үгээ бичүүлсэнд талархаад баршгүй!

[Зүүлт]

^ Зарим нэрийг өөрчлөв.

[Догол мөрийн асуулт]

[29-р хуудасны товчлол]

Библийг өдөр бүр уншвал Зохиогчийг нь улам хайрладаг болно

[26-р хуудасны зураг]

Гарын үсэг зурсан хүн захианы эзэн мөн