Skip to content

Гарчиг руу орох

Ухаалаг хүн «мэргэн зөвлөгөө» хайдаг

Ухаалаг хүн «мэргэн зөвлөгөө» хайдаг

Ухаалаг хүн «мэргэн зөвлөгөө» хайдаг

Хүмүүний амьдралыг далайн аялалтай зүйрлэж болно. Онгоцоо сайн жолоодож, зорьсон газраа амжилттай хүрэхэд мэргэн ухаан хэрэгтэй боловч хүний мэргэн ухаан хязгаартай. Тийм учраас, олон хүн амьдралын шуурганд сүйрдэг (Дуу. 107:23, 27). Амьдралыг далайн аялалтай зүйрлэх нь яагаад тохиромжтой вэ?

Эрт цагт тэнгис далайгаар аялах нь дадлага туршлагагүй бол барахгүй ажил байжээ. Далайчин болъё гэвэл олон жилийн туршлагатай хүнд, тухайлбал, хөлөг онгоцны залуурчинд шавь ордог байв (Үйлс 27:9–11). Эртний уран зурагт залуурчин нь бусад далайчинг бодвол илүү том харагддаг. Энэ нь залуурчны үүргийг чухалчилж үздэгийнх ажээ. Далайчин хүн од ажиглаж, салхи шинжих гэх зэргээр зүг чиг олоход суралцсаны эцэст далайд гардаг байжээ. Библид зарим далайчинг «мэргэн» гэсэн байдаг (Езе. 27:8).

Эрт цагт далайгаар аялах нь хүнд хүчир ажил байсан. Орчин үед ч бас амьдралын хатуу хүтүүг давах нь амар биш. Бидэнд юу тус болох вэ?

«МЭРГЭН ЗӨВЛӨГӨӨГ» ХЭРХЭН ОЛЖ АВАХ ВЭ?

Амьдралыг далайн аялалтай зүйрлэснийг санангаа, «Мэргэн нэгэн нь сонсож, мэдлэгээ тэлэх, ухаалаг нэгэн нь мэргэн зөвлөгөө авахын тулд» хэмээсэн Библийн сургаал үгийг ярилцъя (Сур. 1:5, 6). «Мэргэн зөвлөгөө» гэж орчуулсан еврей үгээр эртний хөлөг онгоцны ахмадын удирдамж зааврыг хэлж болдог. Онгоцны ахмад гарамгай удирддаг, уран чадварлаг жолооддог гэсэн утгыг энэ үг илэрхийлдэг.

Бид хүч хөдөлмөр гаргавал «мэргэн зөвлөгөө» авч, амьдрал хэмээх далайгаар амжилттай аялж сурна. «Сургаалт үгс» номд бичсэнээр «мэргэн ухаан», «билиг ухаан», «хэрсүү байдлыг» хослуулах хэрэгтэй (Сур. 1:2–6; 2:1–9). Мөн Бурхнаас удирдлага заавар гуйх хэрэгтэй. Муу хүмүүс хүртэл шударга бус юм хийхийн тулд «зөвлөгөө» авдаг биз дээ (Сур. 12:5).

Тэгэхлээр Бурхны Үгийг хичээнгүйлэн судлах нь чухал байх нь. Тийнхүү судалбал Ехова болон түүнийг хамгийн сайн дууриадаг Есүс Христийн тухай их зүйлийг мэдэж болдог (Иох. 14:9). Цуглаанд очвол олон сайхан зөвлөгөө авдаг. Түүнчлэн эцэг эх юм уу туршлагатай хүмүүсээс их юм сурдаг (Сур. 23:22).

УРЬДЧИЛАН ТӨЛӨВЛӨ

Далайн догшин шуурга мэт хүнд хэцүү үед «мэргэн зөвлөгөө» амин чухал. Ярвигтай нөхцөлд учраа олохгүй бол юу ч хийж чадалгүй сүйрч мэдэх юм (Иак. 1:5, 6).

«Мэргэн зөвлөгөө» гэж орчуулсан үгийг бас цэрэг дайнтай холбоотой хэрэглэдэг нь сонирхолтой. «Мэргэн удирдамжийн [«байлдааны нарийн ухааны», The Revised English Bible] дагуу чи дайт. Олон зөвлөгчийн дотор ялалт бий» гэж байдаг (Сур. 20:18; 24:6).

Цэргийн стратегич хэрхэн байлдахыг урьдаас төлөвлөдөг шиг бид сүнслэг байдалд маань аюул учруулж болзошгүй зүйлийг урьдаас тооцох хэрэгтэй (Сур. 22:3). Жишээ нь, та шинэ ажилд орох юм уу тушаал дэвших эсэхээ шийдэх боллоо гэж бодъё. Цалин хэд байх, ажилдаа ирж очиход хэдий хэрийн хугацаа зарцуулах гэх зэргийг анхаарч үзэх нь зүйн хэрэг. Үүгээр ч зогсохгүй, Библийн зарчимд нийцэх ажил мөн эсэх, ээлжийн ажил бол христиан үйл хэрэгт оролцоход саад болох эсэхийг бас харгалзан үзэх шаардлагатай (Лук 14:28–30).

Лоретта гэдэг Гэрч эмэгтэй нэгэн компанид боломжийн ажил эрхэлдэг байжээ. Компани нь өөр газар нүүх болоход захирлууд нь Лореттад тушаал дэвшүүлэх саналтай байгаагаа хэлж, «Амьдралд олдох ховорхон боломж шүү. Тэр хавьд ойрхон Хаанчлалын танхим байдаг юм билээ» гэжээ. Гэвч Лоретта энгийн, даруухан амьдарч Бүтээгчдээ илүү идэвхтэй үйлчлэх хүсэлтэй байлаа. Шинэ ажилд орвол христиан үйл хэрэгт оролцох цаг үлдэхгүйг ойлгожээ. Захирлууд нь ажилчдынхаа дотроос ганцхан Лореттаг компаниасаа гаргахыг хүсээгүй ажээ. Энэ тухай нэг захирал нь түүнд хэлсэн ч Лоретта халагдах өргөдлөө өгсөн байна. Одоо байнгын эхлэгчээр үйлчлээд 20 жил болж буй тэрбээр Еховатай улам дотно болсноос гадна нэлээд хэдэн хүнд Библийн үнэнийг ойлгуулж чадсаныгаа Бурхны Үгийн «мэргэн зөвлөгөөг» хүлээж аваад, ажил амьдралаа сайн төлөвлөсний ач гэж үздэг.

«Мэргэн зөвлөгөө» гэр бүлд онцгой хэрэгтэй. Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг олон жилийн хөдөлмөр шаардсан ажил юм. Гэр бүлээ тэжээх, Еховатай дотно байхтай холбоотой асуудлаар гаргасан эцэг эхийн шийдвэр гэр бүлийн бүх гишүүний ирээдүйд нөлөөлдөг (Сур. 22:6). Жишээ нь, христиан эцэг эхчүүд өөрсдөөсөө дараах асуултыг асууж болох юм. «Сүнслэг зүйлийг эн тэргүүнд тавих нь амьдралын бэрхшээлийг давахад тустайг хүүхдэдээ одооноос хэлж ярьж, биеэрээ үлгэрлэн үзүүлдэг үү? Энгийн хэр нь сэтгэл хангалуун амьдарч, христиан үйл хэрэгт гол анхаарлаа хэрхэн хандуулж болохыг өөрийнхөө амьдралаар харуулдаг уу?» (1 Тим. 6:6–10, 18, 19).

Жинхэнэ амжилтыг эд хөрөнгө юм уу хүмүүсийн хүсэл тэмүүлэл болсон нийгэмд эзлэх байр сууриар тодорхойлж болохгүй. Соломон хаан үүнийг ойлгож байсан. Тэрбээр: «Бурханаас эмээгч тэр нэгэн, Түүний өмнө нээлттэйгээр хандагч нэгэн нь илүү дээр юм» хэмээн ариун сүнсээр удирдуулан бичжээ (Ном. 8:12). Бурхны Үгэнд үндэслэсэн «мэргэн зөвлөгөөг» хайх нь үнэхээр ухаалаг хэрэг гэдгийг Соломоны бичсэн энэ үг баталдаг (2 Тим. 3:16, 17).

[30-р хуудасны зураг]

Чухал үүрэг гүйцэтгэдэг учраас залуурчинг бусад далайчнаас нь илүү томоор дүрсэлдэг байжээ

[Зураг эзэмшигч]

Su concessione del Ministero per i Beni e le Attività Culturali. Энэ зургийг ямар нэгэн аргаар хуулбарлах, хувилж олшруулахыг хориглоно.