Skip to content

Гарчиг руу орох

Намтар

Еховагаар заалгаж хүсэл тааллыг нь биелүүлж явна

Еховагаар заалгаж хүсэл тааллыг нь биелүүлж явна

Макс Ллойдын яриа

1955 он. Шөнө дунд болсон байв. Би нэгэн нөхрийн хамт Өмнөд Америкийн Парагвай улсад миссионерээр үйлчилж байлаа. Бидний байсан байшинг уур хилэн бадарсан этгээдүүд бүслэн авч, «Манай бурхан цус уудаг, харийнхны цусанд дуртай» гэж хашгиралдав. Харийнхан гэж биднийг хэлж байгаа юм. Яаж яваад энд ирчихээ вэ гэж үү?

ӨӨРИЙНХӨӨ тухай ярья. Би Австралид өсөж өндийсөн хүн. Хүүхэд ахуй цагаасаа Еховагаар заалгаж, хүсэл тааллыг нь биелүүлэхэд суралцсан юм. 1938 онд нэг Гэрч аавд маань «Дайснууд» гэдэг ном өгч л дээ. Нутгийн нэг лам Библийг үлгэр домог гэж хэлснээс болоод аав ээж хоёр тэр ламд дургүй болчихсон байв. Жил орчмын дараа эцэг эх маань Еховад өөрсдийгөө зориулснаа баталж баптисм хүртсэн. Тэр үеэс л Еховагийн хүсэл тааллыг биелүүлэх нь манай гэр бүлийн амьдралын хамгийн чухал хэсэг болсон юм. Дараа нь миний эгч Лесли баптисм хүртсэн. Надаас тав эгч л дээ. Харин би 1940 онд 9 настайдаа баптисм хүртсэн.

Дэлхийн ІІ дайны дараахан Австралид Еховагийн Гэрчүүдийн ном сэтгүүлийг хэвлэх, тараахыг хориглосон байлаа. Би тэр үед бага байсан ч итгэл үнэмшлээ зөвхөн Библиэс тайлбарлаж сурсан. Туг далбаанд хүндэтгэл үзүүлдэггүй, дайныг дэмждэггүйн учраа тайлбарлахын тулд хичээлдээ Библи байнга авч явдаг байж билээ (Ег. 20:4, 5; Мат. 4:10; Иох. 17:16; 1 Иох. 5:21).

Манай ангийн хүүхдүүд намайг «Германы тагнуул» гэж хочлоод нийлдэггүй байв. Тэр үед сургууль дээр хэдэн кино үзүүлсэн юм. Кино эхлэхийн өмнө бүх хүүхдийг босгоод төрийн дуулал дуулуулах боллоо. Намайг босохгүй болохоор хоёр гурван хөвгүүн үснээс минь татаж босгохыг оролдож байв. Сүүлдээ би Библид үндэслэсэн итгэл үнэмшлээсээ болоод сургуулиас хөөгдчихөв. Гэхдээ гэрээр эчнээ сургалтад хамрагдаж чадсан юм.

ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛСЭН МИНЬ

Би 14 хүрмэгцээ эхлэгч болж Бурханд бүрэн цагаар үйлчлэх зорилго тавив. Гэтэл эхлээд ажил олж хий гэж аав ээж хоёрыгоо хэлэхэд их л урам хугарч билээ. 18 хүртлээ байр, хоолныхоо мөнгийг төлөөд, дараа нь эхлэгч болоорой гэж хэлсэн. Ингээд миний олж ирсэн мөнгөний талаар байнга яриа гардаг болов. Эхлэгчээр үйлчлэхэд зориулаад хадгална гэж хэлсэн ч тэд мөнгийг минь авчихдаг байв.

Эхлэгчээр үйлчлэх болоход аав ээж хоёр минь надтай тухтай сууж байгаад ярилцсан юм. Тэр хоёр ажил хийж олсон мөнгийг минь банкинд хадгалдаг байсан юм билээ. Эхлэгч хүнд тохирох хувцас болон бас бус зүйлийг худалдан аваарай гээд хадгалсан бүх мөнгийг надад буцааж өгөв. Бусдын гар харалгүй өөрийгөө аваад явдаг болоход минь сургаж байжээ. Эргээд бодоход, ингэж сургасан нь ч зөв байж.

Манайд эхлэгч нар их ирнэ. Лесли бид хоёр тэдэнтэй хамт дэлгэрүүлэх хэчнээн дуртай гэж санана. Хагас, бүтэн сайнд айлаар, гудамжаар дэлгэрүүлж, хүмүүстэй Библийн хичээл хийдэг байв. Тэр үед дэлгэрүүлэгчид сард 60 цаг дэлгэрүүлэх зорилго тавьдаг байлаа. Ээж дандаа цагийн нормоо биелүүлдэг байсан нь Лесли бид хоёрт үлгэр дууриал болсон.

ТАСМАНД ЭХЛЭГЧЭЭР ҮЙЛЧИЛСЭН МИНЬ

Би анх Австралийн Тасман аралд эхлэгчээр томилогдож эгч, хүргэн ахтайгаа гурвуулаа амьдрах болов. Гэвч ах эгч хоёр удалгүй Гилеад сургуулийн 15-р ангид сурахаар явсан. Би их ичимхий, гэрээсээ холдож үзээгүй хүү байлаа. Зарим нь намайг 3 сар болоод л гэртээ харина даа гэж боджээ. Харин би жилийн дараа, 1950 онд нөхөрлөлийн үйлчлэгч буюу одоогийнхоор, ахлагчдын зөвлөлийн зохицуулагч болов. Дараа нь тусгай эхлэгчээр томилогдож нэг залуутай хамт үйлчлэх болсон.

Бид зэсийн уурхайн нэг жижиг хотод үйлчлэх томилолт авав. Тэнд ганц ч Гэрч байхгүй байлаа. Автобусаар явсаар оройхон хэрд очиж, нэг хуучин зочид буудалд хонов. Дараагийн өдөр нь айлаар дэлгэрүүлж явахдаа сул өрөө байгаа эсэхийг хүмүүсээс асуулаа. Орой нь нэг хүн пресбитериан сүмийн дэргэдэх пасторын байшин хүнгүй байгаа, сүмийн үйлчлэгчтэй нь яриарай гэж хэлэв. Үйлчлэгч нь их найрсаг хүн байсан болохоор биднийг байрандаа суулгалаа. Өдөр бүр пасторын гэрээс гарч дэлгэрүүлэхлээр эвгүй л санагддаг байв.

Тэнд үнэнийг сонирхдог хүн олон байлаа. Хүмүүстэй сайхан ярилцаж, олон ч хичээлтэй боллоо. Тэгтэл нийслэлд байдаг пресбитериан сүмийн удирдлагууд үүнийг мэдчихэв. Бас пасторын байранд нь Еховагийн Гэрчүүд сууж байгааг дуулчихаад даруй хөөж гаргахыг сүмийн үйлчлэгчид тушаасан юм байж. Ингээд бид дахиад л орох оронгүй болох нь тэр!

Маргааш нь үд дунд хүртэл дэлгэрүүлээд дараа нь хоноглох байр хайлаа. Бидний олсон хамгийн гайгүй газар нь цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх асар байв. Тэнд чемоданаа нуучихаад дэлгэрүүлж гарлаа. Харуй бүрий болсон ч гудамж дуусгах санаатай, үлдсэн хэдэн байшингаар оров. Тэгтэл нэг хүн байшингийнхаа ард байдаг, хоёр өрөөтэй жижиг байшиндаа суулгахаар болсон юм!

ДҮҮРГИЙН ХАРГАЛЗАГЧИЙН ҮЙЛЧЛЭЛ БА ГИЛЕАД СУРГУУЛЬ

Энд найман сар шахам дэлгэрүүлээд байж байтал Австрали дахь салбараас урилга ирж, дүүргийн харгалзагч болгох санал тавьсан байв. Хорьхон настай би гэдэг хүн балмагдаж орхив. Хоёр долоо хоногийн сургалтад суугаад хурлуудад эргэлт хийж эхэллээ. Насаар ах хүмүүс намайг бага залуу гэж дорд үзэлгүй, харин ч чухал ажил хийдэг хүн гэж хүндэтгэдэг байлаа.

Нэг хурлаас нөгөө рүү янз янзын унаагаар очно. Автобусаар, трамвайгаар, машинаар явна. Эсвэл бүр чемодан, дэлгэрүүлэх ажлын цүнхээ мотоцикл дээр тэгнээд л явна шүү дээ. Итгэл нэгтнүүдтэйгээ уулзана гэдэг жинхэнэ жаргал даа. Нөхөрлөлийн үйлчлэгч нэг залуу байшингийнхаа талыг ч барьж дуусаагүй хэр нь намайг гэртээ хонуулах гэж их хичээсэн юм. Тэгээд би долоо хоногийн турш ваннан дотор ор засаад унтаж билээ. Гэхдээ л бид хоёр тэр долоо хоногийг баяр хөөртэй өнгөрүүлсэн!

1953 онд Гилеад сургуулийн 22-р ангид суралцуулах урилга ирэхэд бас гайхаж билээ. Баярлахын хажуугаар санаа зовж байлаа. Яагаад гэхлээр эгч хүргэн ах хоёр 1950 оны 7 дугаар сарын 30-нд Гилеад сургуулиа төгсөөд Пакистанд томилогдож очсон боловч жил бололгүй Лесли эгч маань өвдөж, тэндээ нас барсан юм. Тийм болохоор намайг дэлхийн аль нэг улсад томилогдоод явчихвал аав ээж хоёр маань яах бол доо гэж санаа зовсон. Харин тэд: «Ехова хааш нь явуулна, тэнд очиж үйлчил» гэж хэллээ. Би аавтайгаа дахин уулзаж чадаагүй. Аав минь 1950-аад оны сүүлээр нас барсан даа.

Тэгээд би таван Гэрчтэй хамт Австралиас Нью-Йорк хүртэл усан онгоцоор зургаан 7 хоног явав. Замдаа бид Библиэ уншиж, судалж, зорчигчдод дэлгэрүүлж байлаа. Тэр үед Гилеад сургууль Нью-Йоркийн Өмнөд Лансин гэдэг сууринд байдаг байв. Бид хэд сургуульдаа очих замдаа олон улсын чуулганд суусан юм. 1953 оны 7 дугаар сард Янки цэнгэлдэх хүрээлэнд болсон тэр чуулганд нийт 165 829 хүн ирж билээ!

Манай ангийн 120 суралцагч дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн. Бидний хаана томилогдсоныг төгсөлтийн баяр болтол хэлдэггүй байв. Хаана очихоо дуулсан даруйдаа ямар улс орон байдгийг нь мэдэх гэж Гилеад сургуулийн номын сан руу яаран явцгааж билээ. Намайг Парагвайд томилсон байсан. Тэмцэл хөдөлгөөн ихтэй улс болж таарав. Би тэнд очоод удаагүй байлаа. Нэг өглөө босоод, шөнө юун «баяр наадам» болсныг бусад миссионерээс асуусанд тэд инээмсэглээд, «Чи анхны хувьсгалаа үзлээ. Гадагшаа хар даа» гэлээ. Хартал, энд тэндхийн булан бүрд цэргүүд зогсчихсон байв!

МАРТАГДАШГҮЙ ДУРСАМЖ

Нэг удаа, алслагдсан хуралд эргэлт хийж, «Шинэ ертөнцийн дүр зураг» гэдэг кино үзүүлэхээр дүүргийн харгалзагчтай хамт явлаа. Мотор, кино аппаратаа аваад найм, есөн цаг аялахдаа эхлээд галт тэргээр, дараа нь морин тэргээр, сүүлд нь үхэр тэргээр явсан. Ингээд нэг юм зорьсон газартаа хүрэв. Маргааш нь фермүүдээр явж, орой үзүүлэх кинонд бүх хүнийг урилаа. 15 хүн ирсэн.

Кино гаргаад 20-оод минут болж байтал биднийг байшин руу бушуухан ор гэж шавдуулав. Бид ч кино аппаратаа шүүрч аваад байшин руу орлоо. Тэгтэл дараахан нь хүмүүс чанга чанга хашгиралдан, гал нээж, «Манай бурхан цус уудаг, харийнхны цусанд дуртай» гэж байлаа. Тэнд байсан харийн хоёр хүний нэг нь би! Тэр этгээдүүд байшинг эвдэх гэтэл кино үзсэн хүмүүс маань тэднийг хорьж болиулав. Гэсэн ч эсэргүүцэгчид шөнө нь гурван цагийн үед эргэж ирээд, галаа нээж, өнөө орой та нарыг хот руу буцах замд чинь барьж авна даа гэж заналхийлэв.

Нутгийн Гэрчүүд цагдаагийн төлөөлөгчтэй холбоо барилаа. Үдээс хойш нь биднийг хот руу авч явахаар хөтөлгөө хоёр морьтой цагдаа ирэв. Буцах замдаа мод, бут ихтэй газрын хажуугаар өнгөрөх болбол нөгөө цагдаа буугаа гаргаад, бидний урд гарч, тэр хавийг сайн ажиглаж явав. Морь их чухал унаа юм байна гэж тэгэхэд би ойлгоод хожим нь нэг морьтой болж авсан.

МИССИОНЕРҮҮД НЭМЖ ИРСЭН НЬ

Нутгийн лам нар байнга эсэргүүцдэг байсан ч дэлгэрүүлэх ажил маань амжилттай урагшилж байлаа. 1955 онд таван миссионер шинээр ирэв. Тэдний нэг нь Гилеад сургуулийн 25-р ангийг дүүргэсэн Элси Свансон гэдэг канад бүсгүй байлаа. Салбарт бид хоёр нэг хэсэг хамт ажиллаж байтал Элсиг өөр хотод томилсон юм. Үнэнийг хүлээж аваагүй эцэг эх нь бараг тусалж байгаагүй ч Элси хамаг амьдралаа Еховад үйлчлэхэд зориулсан бүсгүй байлаа. 1957 оны 12 дугаар сарын 31-нд Элси бид хоёр айл гэр болж, Парагвайн өмнөд хэсэгт байдаг миссионерийн байранд хоёулхнаа амьдарсан.

Манайх байшингийнхаа ард нэг худагтай. Усанд орох шүршүүр, боловсон жорлон, угаалгын машин, хөргөгчний аль нь ч байхгүй. Бид өдөр өдрийнхөө хоол хүнсийг худалдаж авдаг байлаа. Гэлээ ч гэсэн эхнэр бид хоёрын амьдралын жаргалтай үе байсан юм. Эгэл даруухан амьдарч, хурлын ах дүү нартайгаа халуун дотно байсан болохоор тэр шүү дээ.

1963 онд ээжийгээ эргэхээр Австралид ирээд удаагүй байтал ээж минь зүрхний шигдээсээр өвдчихөв. Арван жил уулзаагүй хүүгээ хараад сэтгэл нь хөдөлсөн юм байлгүй дээ. Парагвай руу буцах болоход нэг ярвигтай асуудлыг шийдэх хэрэгтэй боллоо. Ээжийгээ хэн нэгэнд даатгаж эмнэлэгт нь орхиод, дур сонирхолтой ажлаа хийхээр Парагвай руугаа явах уу, яах вэ? Олон удаа залбирсны эцэст Элси бид хоёр явахаа больж, ээжийг асрахаар шийдлээ. Бүрэн цагийн үйлчлэлээ ч орхисонгүй. Ээж минь 1966 онд нас барсан.

Австралид нэлээн хэдэн жил дүүргийн болон мужийн харгалзагчаар үйлчилж, ахлагчдад зориулсан Христиан үйлчлэлийн сургуульд багшилсан минь том завшаан байсан. Дараа нь бидний амьдралд бас нэг өөрчлөлт гарав. Австралид Салбарын хороо шинээр байгуулагдахад гишүүнээр томилогдлоо. Салбарын барилга барих болоход надад барилгын хороог харгалзах үүрэг хүлээлгэсэн. Дадлага туршлагатай, нийтэч зантай хүмүүсийн ачаар сайхан барилга боссон юм.

Дараа нь дэлгэрүүлэх ажлыг хариуцдаг Үйлчлэлийн тасагт томилогдсон. Түүнчлэн, бүсийн харгалзагчаар үйлчлэн, дэлхийн олон оронд байдаг салбаруудад очиж, урам зоригийг нь сэргээх сайхан завшаан эдэлсэн. Еховад үнэнч байсныхаа төлөө шорон юм уу хорих лагериудад хэдэн жил, тэр байтугай хэдэн арван жил хоригдсон Гэрчүүд зарим оронд байдаг. Тэнд очиж эргэлт хийхэд итгэл минь онцгой их бэхжиж билээ.

ӨНӨӨДӨР

2001 онд бүсийн харгалзагчийн ээлжит аяллаасаа буцаад иртэл Нью-Йоркийн Бруклинээс захиа ирсэн байв. Америкийн Нэгдсэн Улсад шинээр байгуулагдсан салбарын хороонд үйлчлэхийг урьжээ. Элси бид хоёр сайтар бодож, залбирсны эцэст урилгыг баяртайгаар хүлээж авсан. Бруклинд ирснээс хойш 11 жил өнгөрчээ.

Еховагийн хүссэнийг дуртайяа биелүүлдэг эхнэртэйдээ би их баярладаг. Элси бид хоёр одоо 80 гарч байгаа гэхэд тэнхлүүн л байна. Бид Еховагаар мөнхөд заалгахыг хүсдэг. Хүсэл тааллыг нь биелүүлдэг хүмүүсээ арвин ихээр ивээх тэр цагийг тэсэн ядан хүлээж байна.

[19-р хуудасны товчлол]

Автобусаар, трамвайгаар, машинаар явна. Эсвэл бүр чемодан, дэлгэрүүлэх ажлын цүнхээ мотоцикл дээр тэгнээд л явна шүү дээ

[21-р хуудасны товчлол]

Бид Еховагаар мөнхөд заалгахыг хүсдэг

[18-р хуудасны зураг]

Зүүн: Австралид дүүргийн харгалзагчаар үйлчилж байхдаа

Баруун: Аав ээж бид гурав

[20-р хуудасны зураг]

Хуримын өдөр, 1957 оны 12-р сарын 31