Skip to content

Гарчиг руу орох

Тэд сайн дураараа үйлчилдэг—Эквадорт

Тэд сайн дураараа үйлчилдэг—Эквадорт

Тэд сайн дураараа үйлчилдэг—Эквадорт

ИТАЛИД амьдардаг Брүно гэдэг Гэрч залуу чухал шийдвэр гаргах болжээ. Дунд сургуулиа онц дүнтэй төгсөхөд эцэг эх, багш нар нь их сургуульд ор гэж ятгасан гэнэ. Хэдэн жилийн өмнө Еховад өөрийгөө зориулж, хүсэл тааллыг нь амьдралынхаа эн тэргүүнд тавихаа амласан тэрбээр яаж шийдсэн бол? Брүно: «Би Еховад залбирч, өөрийгөө зориулсныхаа дагуу амьдарна, таныг нэгдүгээрт тавина гэж хэлсэн. Бас, янз бүрийн үйлчлэлд оролцож, амьдралаа сонирхолтой болгомоор байна гэж ний нуугүй хэлж билээ» хэмээн ярьсан юм.

Хэдэн жилийн дараа Брүно Өмнөд Америкт байдаг Эквадор улсад очжээ. Түүний хэлснээр, Ехова өөрийнх нь бодсоноос ч илүүгээр залбиралд нь хариулсан байна. Үйлчлэлээ өргөжүүлэх зорилгоор Эквадорт нүүж очсон залуучууд олон байгааг хараад Брүно ихэд гайхжээ.

ЕХОВАГ «ШАЛГАДАГ» ЗАЛУУЧУУД

«Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга» хэмээсэн Еховагийн уриалгыг Брүно шиг мянга мянган залуус хүлээж авчээ (Мал. 3:10). Тэд Бурхныг хайрлах хайрандаа хөтлөгдөн, сайн мэдээ тунхаглагчид хэрэгцээтэй улс оронд очиж цаг зав, хүч хөдөлмөр, эд хөрөнгөө Хаанчлалын үйл хэрэгт зориулж, Еховаг «шалгахаар» шийдсэн юм.

Тэд шинэ газар оронд ийнхүү сайн дураараа очмогцоо «ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байгааг» олж хардаг (Мат. 9:37). Жишээ нь, Германаас ирсэн Яклин гэдэг бүсгүй Эквадор дахь салбарт бичсэн захидалдаа «Би энд ирээд хоёр жил үйлчилж байна. Одоо 13 хичээлтэй. 4 хүн цуглаанд тогтмол явдаг. Үнэхээр гайхалтай!» хэмээжээ. Канадаас ирсэн Шантел: «Би 2008 онд Эквадорт ирээд, далайн эргийн нэг хотод амьдрах болсон юм. Тэр үед тэнд ганцхан хурал байсан. Одоо 3 хуралтай, 30 гаруй эхлэгчтэй. Олон хүн үнэнийг ойлгож, сүнслэгээр өсөж байгааг харах шиг сайхан юм байхгүй!» гээд цааш нь «Би саяхан Андын нуруунд орших, далайн түвшнээс дээш 2 743 метрт байдаг хотод шилжиж ирсэн. 75 000 гаруй оршин суугчтай мөртлөө ганц л хуралтай. Ямар их үржил шимтэй хэсэг гэж санана! Би дэлгэрүүлэх ажилдаа үнэхээр дуртай» гэж ярьсан.

БЭРХШЭЭЛ БИЙ

Гадаадад үйлчлэхийг амархан гэж бодож болохгүй. Зарим залуусыг гадаад руу яваагүй байхад л бэрхшээл гарч ирдэг. АНУ-аас ирсэн Кейла: «Хурлын маань зарим хүн надад сайн санасандаа, битгий яв гэж хэлэхэд үнэхээр урам хугарч билээ. Намайг ямар учраас гадаадад эхлэгчээр үйлчлэх гээд байгааг тэд ойлгоогүй. „Би ер нь зөв юм хийгээд байна уу?“ гэж эргэлзэх үе ч байсан» хэмээн ярьсан юм. Тэглээ ч гэсэн явахаар шийджээ. Кейла: «Еховад олон удаа залбирч, төлөвшсөн ах эгч нартай ярилцаад, өөрт нь дуртайяа үйлчилдэг хүмүүсийг Ехова ивээдгийг ойлгосон» гэжээ.

Гадаад хэл сурах нь олон хүнд амаргүй байдаг. Ирландаас ирсэн Шейбон: «Бодож санаснаа ярьж чадахгүй байна гэдэг үнэхээр хэцүү. Би тэвчээртэй байж, хэлээ шаргуу үзэж, буруу зөрүү хэлчихлээ гэхэд наргиан болгоод өнгөрч сурах хэрэгтэй байсан» гэж ярив. Эстоноос ирсэн Анна: «Испани хэл сурах нь аагим халуун, шороо тоос, бас тэгээд халуун усгүй нөхцөлд дасахаас илүү хэцүү байсан. Заримдаа буугаад өгчихмөөр санагддаг байлаа. Алдаагаа биш, амжилтаа анхаарч сурах хэрэгтэй байсан» гэлээ.

Гэрээ санахын зовлонг ч дурдахгүй өнгөрөх аргагүй. АНУ-аас ирсэн Жонатан: «Ирээд удаагүй байхдаа найз нөхөд, гэрийнхнийгээ санаад хэцүү байсан. Гэхдээ бие даасан судлал, дэлгэрүүлэх ажлаа илүү их анхаараад нутгаа санахаа ч больсон. Дэлгэрүүлэх ажлын амтыг мэдэрч, хурал дотроосоо шинэ найз нөхөдтэй болохлоор дахин баяр хөөртэй болдог юм билээ» гэв.

Бас нэг бэрхшээл нь амьдралын нөхцөл юм. Шинэ газрын амьдрал өөрийн нутаг орны амьдралаас ондоо байх нь ойлгомжтой. Канадаас ирсэн Боү: «Манай нутагт гэрэл цахилгаан, халуун хүйтэн ус тасарна гэсэн ойлголт байдаггүй. Харин энд бол жирийн л юм» гэж ярьсан. Ядуу зүдүү байдал, тав тухгүй тээврийн хэрэгсэл, бичиг үсэг үл мэдэх явдал зэрэг нь хөгжиж буй улс оронд хэвийн үзэгдэл байдаг. Австриас ирсэн Ийнест иймэрхүү бэрхшээл тулгардаг ч баяр баясгалангаа алдахгүйн тулд нутгийн хүмүүсийн сайхан зан чанарыг анхаардаг гэнэ. «Тэд үнэхээр зочломтгой, дөлгөөн зантай, тусч, даруухан хүмүүс. Бас Бурхны тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй» гэж тэр ярьсан юм.

«ИВЭЭЛИЙГ ХАЛЬТАЛ АСГАДАГ»

Эквадорт үйлчилж буй энэ залуус бүгдээрээ ямар нэг юмаа золиосолсон ч Ехова хэрэгтэй бүхнийг нь хүсэж байснаас нь илүүгээр, «хэмжээлшгүй бялхлаар» өгчээ (Еф. 3:20). «Ивээлийг хальтал асгаж» байгааг тэд үнэхээр мэдэрдэг ажээ (Мал. 3:10). Тэд үйлчлэлийнхээ талаар ямар бодолтой байдгийг сонирхъё.

Брүно: «Би Амазоны сав газарт байдаг Эквадор гэдэг энэ улсад үйлчлэлээ эхэлсэн. Дараа нь Эквадор дахь салбарыг өргөтгөх ажилд оролцсон. Одоо Бетелд үйлчилж байна. Италид байхдаа Еховаг нэгдүгээрт тавихаар шийдсэн. Ехова миний хүслийг үнэхээр биелүүлж амьдралыг минь сонирхолтой болгож байна. Олон төрлийн үйлчлэлд хүчээ сорих боломж надад олдсон».

Боү: «Би Эквадорт ирээд сүнслэг ажилд хамаг цагаа зориулдаг болсон учраас Еховатай улам дотноссон. Түүнээс гадна, би урьд нь байгалийн үзэсгэлэнт газраар аялахыг мөрөөддөг байсан. Одоо миний мөрөөдөл биелж байгаа нь бас нэг ивээл юм».

Анна: «Би ганц бие болохоор миссионер шиг амьдарна гэж ерөөсөө бодож байгаагүй. Харин ийм боломж байдаг юм байна гэдгийг одоо сайн ойлголоо. Еховагийн ивээлээр би шавь бэлдэж, Хаанчлалын танхим барилцаж, олон шинэ найзтай болсондоо баяртай байна».

Элке: «Би Австрид байхдаа ганц л Библийн хичээлтэй болгож өгөөч гэж Еховад залбирдаг байлаа. Энд ирээд бүр 15 хичээлтэй болсон гээч! Сүнслэгээр өсөж байгаа суралцагчдынхаа жаргалтай царайг харахлаар сэтгэл өег байдаг!».

Жоэл: «Өөр оронд очиж Еховад үйлчилнэ гэдэг бол маш том завшаан юм. Еховад илүү их найддаг болно. Хичээл зүтгэлийг минь ивээж байгааг мэдрэхлээр сэтгэл хөдөлдөг! АНУ-аас ирсэн анхны жил 6 дэлгэрүүлэгчтэй байсан манай бүлэг 21 дэлгэрүүлэгчтэй болсон. Дурсах цуглаанд 110 хүн ирсэн».

ТА БОДОЖ ҮЗСЭН ҮҮ?

Гэрч залуус аа, та нар дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй газар очиж үйлчлэх талаар бодож үзсэн үү? Ийм асуудлыг шийдэхдээ нарийн тооцож, төлөвлөх шаардлагатай нь зүйн хэрэг. Хамгийн гол нь, Еховаг болон хүмүүсийг маш их хайрладаг байх нь чухал. Та нар тийн хайрладаг бөгөөд хилийн чанадад үйлчлэх боломжтой бол Еховад хэлж, шаргуу залбираарай. Бас христиан эцэг эхтэйгээ, хурлын ахлагчидтай ярилцаарай. Ингэвэл, Бурхны үйлчлэгчийг сэтгэл хангалуун, баяр хөөртэй болгодог энэ үйлчлэлд хүчээ сорихоор шийдэж юуны магад.

[3-р хуудасны товчлол]

«Еховад олон удаа залбирч, төлөвшсөн ах эгч нартай ярилцаад, өөрт нь дуртайяа үйлчилдэг хүмүүсийг Ехова ивээдгийг ойлгосон» —Кейла, АНУ

[6-р хуудасны хавсралт/зураг]

Гадаадад үйлчлэхэд ямар бэлтгэл хангах шаардлагатай вэ?

• Библийг бие даан судалж хэвшээрэй

• 2011 оны 8 дугаар сарын «Христиан үйлчлэл»-ийн 4–6-р хуудсыг уншаарай (англи)

• Гадаадад үйлчилж үзсэн хүмүүстэй ярилцаарай

• Очих газрынхаа түүх, соёлыг судлаарай

• Тухайн хэлний анхан шатны мэдлэгтэй болоорой

[6-р хуудасны хавсралт/зураг]

Хилийн чанадад үйлчилдэг зарим хүн өөрийгөө санхүүжүүлэхийн тулд . . .

• жил бүр нутагтаа ирж хэдэн сар ажилладаг

• хувийн байшин, орон сууц, бизнесээ түрээслүүлдэг

• Интернетээр ажлаа хийдэг

[4, 5-р хуудасны зураг]

1 Яклин, Герман

2 Брүно, Итали

3 Боү, Канад

4 Шейбон, Ирланд

5 Жоэл, АНУ

6 Жонатан, АНУ

7 Анна, Эстон

8 Элке, Австри

9 Шантел, Канад

10 Ийнес, Австри