Skip to content

Гарчиг руу орох

«Хэнээс би айх юм бэ?»

«Хэнээс би айх юм бэ?»

«Хэнээс би айх юм бэ?»

«Миний эсрэг дайн гарсан ч, энэ бүгдийн дунд би итгэлтэй байх болно» (ДУУ. 27:3).

ЗОРИГТОЙ БОЛОХОД ДАРААХ ЗҮЙЛҮҮД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

Дуулал 27:1

Дуулал 27:4

Дуулал 27:11

1. 27-р дууллаас юу мэдэж болох вэ?

 ДЭЛХИЙН нөхцөл байдал уруудан доройтож байгаа энэ үед дэлгэрүүлэх ажил маань улам эрчимжиж байгаагийн учир юу вэ? Эдийн засгийн хямрал гаарч байхад бид ямар учраас дэлгэрүүлэх ажилд илүү их цаг зав, хүч чадлаа зориулдаг вэ? Олон хүн маргааш юу болох бол гэж айж байхад бид яагаад зоригтой байдаг вэ? Давид хааны зохиосон 27-р дуулалд эдгээр асуултын хариу бий.

2. Хүн айхлаараа яадаг вэ? Харин бид юунд итгэлтэй байдаг вэ?

2 Давид энэ дууллаа «ЭЗЭН бол миний гэрэл болон миний аврал юм. Хэнээс би эмээх юм бэ? ЭЗЭН бол миний амийн хамгаалалт юм. Хэнээс би айх юм бэ?» гэсэн үгээр эхэлжээ (Дуу. 27:1). Ер нь хүн айхлаараа зориг нь мохож, юу ч хийж чадахаа больдог. Харин Еховагаас эмээдэг хүн юунаас ч айдаггүй (1 Петр 3:14). Еховаг хамгаалалтаа болгосон цагт «аюулгүй байж, хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна» (Сур. 1:33; 3:25). Яагаад тэр вэ?

ЕХОВА БОЛ МИНИЙ ГЭРЭЛ БА АВРАЛ

3. Ехова бидний гэрэл гэснийг юу гэж ойлгох вэ? Бид юу хийх ёстой вэ?

3 «ЭЗЭН бол миний гэрэл» гэсэн нь Ехова хүнийг сүнслэг харанхуйгаас чөлөөлдгийг хэлж байна (Дуу. 27:1). Ер нь гэрлийн ачаар замын бартаа, аюул осол сайн харагддаг ч арилж үгүй болдоггүй. Тийм учраас, хүн өөрөө тэр аюулаас зайлж холдох хэрэгтэй. Ехова дэлхий ертөнцөд болж буй үйл явдлын учир шалтгааныг бидэнд ойлгуулж, аюулаас сэрэмжлүүлдэг. Библиэрээ дамжуулж үр ашигтай зөвлөгөө өгдөг. Харин бид ойлгож мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэх учиртай. Дуулалч: «Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог»; «Би бүх багшаасаа илүү ухаалаг болсон» гэж хэлсэн байдаг. Библийн зарчмыг хэрэгжүүлбэл бид бас мэргэн ухаантай болно (Дуу. 119:98, 99, 130).

4. а) Давид: «ЭЗЭН бол ... миний аврал» гэж итгэл төгс хэлсний учир юу вэ? б) Ехова үйлчлэгчдээ хэзээ аврах вэ?

4 Дуулал 27:1-д бичсэнийг харахад Ехова өөрийг нь хэрхэн аварч байсныг Давид мартаагүй ажээ. Жишээ нь, Ехова түүнийг «арслан, баавгайн савраас» аварчээ. Бас аварга том биетэй Голиатыг ялахад нь тусалсан. Саул хаан хоёр ч удаа Давид руу жад шидэхэд Ехова тэр бүрд нь хамгаалсан (1 Сам. 17:37, 49, 50; 18:11, 12; 19:10). Тийм учраас Давид: «ЭЗЭН бол ... миний аврал» гэж итгэл төгс хэлжээ. Ехова Давидыг аварсан шигээ бусад үйлчлэгчээ ч аварна. Хэзээ? «Үлэмж их зовлонгийн» үед аварна (Илч. 7:14; 2 Петр 2:9).

ЕХОВАГИЙН АЧИЙГ САНАЖ ЯВААРАЙ

5, 6. а) Өнгөрснийг дурсах нь ямар ач холбогдолтой вэ? б) Ехова эрт үед үйлчлэгчдэдээ тусалж байсныг дурсан санах нь бидэнд яагаад сайн бэ?

5 Дуулал 27:2, 3-т анхаарлаа хандуулбал илүү их зоригжиход тустай (Уншина уу). Давид Еховагийн ачаар олон удаа аврагдсанаа эргэн санадаг байжээ (1 Сам. 17:34–37). Тийнхүү өнгөрснөө дурсан зоригжсоны хүчинд хамгийн хэцүү үеийг ч давж чадсан. Та Ехова Бурхнаас тусламж авч байснаа санадаг уу? Өнгөрсөн дурсамжаа санаад зориг орж байсан удаа бий юү? Жишээ нь, санаа зовоосон асуудлынхаа талаар шаргуу залбирахад Ехова тэр сорилтыг давах мэргэн ухаан, хүч тэнхээ өгч байсан уу? Эсвэл баяр хөөртэй үйлчлэхэд саад болж байсан зүйлийг арилгасан ч юм уу, таны өмнө «үлэмж том, үр нөлөөтэй хаалга» нээснийг санаж байна уу? (1 Кор. 16:9). Өнгөрсөн дурсамжаа эргэн санахлаар одоо юу бодогдож байна вэ? Илүү том саад, хавьгүй хүнд сорилтыг давах юм уу тэвчихэд Ехова тусална гэсэн найдлага төрж байгаа биз дээ? (Ром 5:3–5).

6 Хүчирхэг засгийн газар Еховагийн Гэрчүүдийг байгууллагатай нь устгах гэж санаархвал яах вэ? Ийм оролдлого олон удаа гарч байсан ч амжилт олж байгаагүй. Эрт үед Ехова ард түмэндээ хэрхэн тусалж байсныг санавал ирээдүйд юу ч болж байсан тэвчих зоригтой болно (Дан. 3:28).

ЦЭВЭР ШҮТЛЭГИЙГ ЭРХЭМЛЭЭРЭЙ

7, 8. а) Дуулал 27:4-өөс үзвэл Давид Еховагаас юу гуйсан бэ? б) Еховагийн агуу сүнслэг сүм гэж юу вэ? Тэнд бид яаж Бурхнаа шүтдэг вэ?

7 Бас жинхэнэ шүтлэгийг эрхэмлэдэг бол зоригтой байдаг (Дуулал 27:4-ийг уншина уу). Давидын үед мөргөлийн асрыг «ЭЗЭНий өргөө» гэдэг байжээ. Давид өөрийн хүү Соломоноор Еховад зориулж сүрлэг сүм бариулахын тулд бүх зүйлийг бэлтгэсэн. Гэвч Еховаг шүтэхээр энэ сүм рүү явах шаардлагагүй болох цаг ирэхийг Есүс олон зуун жилийн дараа хэлсэн байдаг (Иох. 4:21–23). Бурхан нэг арга хэмжээ авчээ. Үүний ачаар бид Бурхнаа таалалд нь нийцүүлж шүтэх боломжтой болсон. Хэрэв Есүсийн золих тахилд итгэдэг бол Ехова биднийг хүлээж авна. Элч Паул энэ арга хэмжээг «гараар хийгдээгүй» агуу сүнслэг сүм хэмээн «Еврей» номын 8–10-р бүлэгт бичсэн байдаг. Түүний тайлбарласнаар, Есүс МЭ 29 онд баптисм хүртэж, Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхээр өөрийгөө өргөснөөр энэ сүм бий болжээ (Евр. 10:10). Энэхүү агуу сүнслэг «сүмд» бид яаж Бурхнаа шүтдэг вэ? Еховад «үнэн зүрхээрээ» залбирч, итгэл үнэмшлээ хүмүүст зоригтой тунхаглаж, цуглаан, гэр бүлийн Библийн хичээлийн үеэр бие биеэ урамшуулан зоригжуулдаг (Евр. 10:22–25). Жинхэнэ шүтлэгийн арга хэмжээг эрхэмлэж явбал эцсийн өдрүүдийн хэцүү цагийг шантралгүй давна.

8 Дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг Еховагийн үнэнч үйлчлэгчид дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцож, гадаад хэл сурч, дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар оронд очиж байна. Тэднийг Еховагаас ганцхан зүйлийг гуйсан дуулалчтай адилтгаж болох юм. Дуулалч «ЭЗЭНий гоо сайхныг харж, Түүний сүмд бясалгахыг» хүсжээ. Орчин үеийн үйлчлэгчид нь ч Ехова Бурхныхаа ивээлийг хүртэж, юу ч тохиолдож байсан, түүнд үйлчлэхийг хүсдэг (Дуулал 27:6-г уншина уу).

БУРХАН ТУСАЛНА ГЭДЭГТ ИТГЭЭРЭЙ

9, 10. Дуулал 27:10-т байдаг амлалтыг юу гэж ойлгож болох вэ?

9 Давид Еховад найдаж, тусална гэж үнэхээр их итгэдэг байсныг хэлсэн үг нь тодорхой харуулдаг. Тэрбээр: «Миний эцэг, эх намайг орхисон. Харин ЭЗЭН намайг босгоно» гэжээ (Дуу. 27:10). «1-р Самуел» номын 22-р бүлэгт тэмдэглэсэн үйл явдлыг уншиж үзвэл эцэг эх нь Давидыг орхиогүй гэсэн дүгнэлт хийж болно. Харамсалтай нь, гэрийнхэндээ хаягдан зовж явдаг хүн өнөөдөр олон бий. Гэхдээ тийм хүмүүс христиан хуралд нэгдэхлээрээ хайр халамжид нь өлгийдүүлдэг.

10 Үйлчлэгч нь хэн нэгэнд хаягдахад Ехова туслахад бэлэн байдаг. Тэгвэл өөр янз бүрийн зовлон туулахад нь дэмжиж туслахгүй гэж үү? Жишээ нь, гэр бүлээ яаж тэжээх вэ гэж санаа зовбол Ехова тусална гэдгийг санах хэрэгтэй (Евр. 13:5, 6). Тэрбээр үнэнч үйлчлэгчдийнхээ нөхцөл байдал, гачигдал зовлонг ойлгодог.

11. Еховад найддаг бол бусад хүн бидний талаар юу гэж бодох вэ? Жишээ хэлнэ үү.

11 Либерид амьдардаг Викториа гэдэг нэгэн эмэгтэйн тухай ярилцъя. Түүнийг Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалган, сүнслэгээр өсөж, баптисм хүртэх гэж байтал хамт амьдардаг эрэгтэй нь гурван хүүхэдтэй нь хаяад явчихсан байна. Викториа орон гэргүй, эрхэлсэн ажилгүй ч сүнслэгээр өссөөр байв. Баптисм хүртсэнийх нь дараа 13 настай охин нь их мөнгөтэй түрийвч олжээ. Тэд хүний юманд татагдахгүйн тулд мөнгийг тоолохгүй байхаар шийдсэн байна. Харин түрийвчийн эзэн болох цэрэгтэй бушуухан холбоо барьжээ. Бүх хүн Еховагийн Гэрчүүд шиг үнэнч шударга болбол дэлхий даяар амар тайван, сайн сайхан амьдрах юм байна даа гэж тэр цэрэг хэлсэн аж. Тэгэхлээр нь Викториа шинэ ертөнцийн талаарх Еховагийн амлалтыг Библиэс үзүүлжээ. Үнэнч байгаад нь сэтгэл хөдөлсөн цэрэг нөгөө мөнгөнөөсөө нэлээд хэдийг шагнал болгон өгчээ. Үнэнч шударгаараа алдартай Гэрчүүд Ехова өөрсдийг нь тэжээнэ гэдэгт бат итгэдэг.

12. Бид мөнгө төгрөгөөр гачигдсан ч Еховад тасралтгүй үйлчилдгийн учир юу вэ? Жишээ хэлнэ үү.

12 Сьерра-Леонед амьдардаг Томас гэдэг баптисм хүртээгүй дэлгэрүүлэгчид юу тохиолдсоныг сонирхъё. Тэрбээр нэгэн дунд сургуульд багшлаад жил шахам болжээ. Гэсэн ч цалинг нь огт өгөөгүй байна. Цалингаа авахын тулд хичээлийн эрхлэгчтэй уулзаж ярилцах ёстой байлаа. Эрхлэгч нь сүмийн лам байсан бөгөөд Еховагийн Гэрчүүдийн үзэл бодол манай сургуулийн бодлогод харшилна хэмээн ярьж, ажлаа алдахгүй байя гэвэл шашнаа орхи гэж ятгасан аж. Томас жил шахам ажилласны хөлсөө ч авч чадалгүй ажлаасаа гарчээ. Дараа нь радио, гар утас засдаг газар ажилд орсон байна. Еховад найддаг бол дутагдаж гачигдахын зовлонгоос айх хэрэггүйг энэ мэт өөр олон жишээ харуулдаг. Ехова бүх зүйлийг бүтээсэн бөгөөд үйлчлэгчдээ үргэлж хамгаалдаг учраас бидэнд санаа тавих нь дамжиггүй.

13. Ядуу буурай оронд дэлгэрүүлэх ажил эрчимтэй өрнөж байгаагийн учир юу вэ?

13 Амьдралын нөхцөл тааруу орнуудад дэлгэрүүлэх ажил эрчимтэй өрнөж байна. Яагаад тэр вэ? Манай байгууллагын нэг салбараас ирсэн захидалд «Библийн хичээл заалгахаар болсон олон хүн ажилгүй учраас завтай байдаг. Ах дүү нар маань ч олон цагаар дэлгэрүүлэх боломжтой. Бид эцсийн өдрүүдэд амьдарч байна гэж хэлэхэд хүмүүс, ялангуяа, ядуу буурай орны иргэд шууд ойлгодог» гэсэн байна. Дэлгэрүүлэгч бүр нь гурваас дээш Библийн хичээлтэй өөр нэг оронд арван хоёр жил үйлчилж буй миссионер: «Ихэнх дэлгэрүүлэгч анхаарал сарниулах юм багатай, даруухан амьдардаг болохоор дэлгэрүүлэх, Библийн хичээл заахад хамаг цагаа зориулдаг» гэж бичжээ.

14. Ехова үй олон хүнийг яаж хамгаалах вэ?

14 Ехова ард түмнээ бүх талаар дэмжиж, хамгаалж, аварна гэж амласан билээ. Амлалтаа биелүүлнэ гэдэгт бид итгэдэг (Дуу. 37:28; 91:1–3). Тоолж баршгүй үй олон хүн агуу их гай гамшгийг эсэн мэнд давах болно (Илч. 7:9, 14). Ехова ард түмнээ яаж хамгаалах вэ? Бурхан энэ тогтолцооны эцсийн өдрүүдэд үйлчлэгчдийг нь хүйс тэмтрэхийг хэнд ч зөвшөөрөхгүй. Бас сорилтыг тэвчих, өөртэй нь тогтоосон харьцаагаа бат сахихад хэрэгтэй бүхнээр хангана. Ехова агуу их гай гамшгийн эцсийн шат буюу Хармагедоны үеэр ард түмнээ аварна.

«ЭЗЭН, ӨӨРИЙН ЗАМЫГ НАДАД ЗААГААЧ»

15, 16. Бурхны заавар зөвлөгөөг анхаарвал ямар сайн үр дүнд хүрэх вэ? Жишээ хэлнэ үү.

15 Үргэлж зоригтой байхын тулд Бурхнаар заалгах хэрэгтэй. Үүнийг Давидын хэлсэн үг баталдаг. Тэрбээр: «ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж, дайснуудын минь учир намайг шулуун жимээр удирдаач» хэмээн Еховагаас гуйжээ (Дуу. 27:11). Бурхнаар заалгах гэдэг нь Еховагийн байгууллагын удирдамж заавар, Библийн үндэстэй зөвлөгөөг анхааралтай сонсож, тэр дор нь хэрэгжүүлнэ гэсэн үг. Жишээ нь, эгэл даруухан амьдар хэмээсэн ухаалаг зөвлөгөөг олон хүн даган өр ширээ дарж, хэрэглэдэггүй эд хогшлоо заржээ. Тийм учраас, саяхан болсон эдийн засгийн хямралын үеэр санаа зовох юм багатай байсан. Зайлшгүй хэрэгтэй биш юмны төлөө хөлсөө дуслуулан ажиллахын оронд дэлгэрүүлэх ажилд их цаг зарцуулдаг болжээ. Хүн бүр өөрөөсөө «Би Библи болон итгэмжит, ухаалаг боолын ном хэвлэлээс уншсан бүхнээ, хэцүү байлаа ч гэсэн тэр дор нь хэрэгжүүлэхийг хичээдэг үү?» гэж асуух нь зүйтэй (Мат. 24:45).

16 Еховагаар удирдуулж, «шулуун жимээр» явахыг заалгадаг бол айх юм огт байхгүй. АНУ-д амьдардаг нэгэн байнгын эхлэгчийнх гэр бүлээрээ бүрэн цагаар үйлчилдэг байв. Энэ чигээрээ үйлчлэхийн тулд тэр Гэрч ажлаа өөрчлөх шаардлагатай байлаа. Тэгээд өөр хэлтэст шилжих хүсэлт гаргав. Гэтэл дээд сургууль төгсөөгүй түүнийг хүссэн ажилд нь оруулах ямар ч аргагүй гэдгээ менежер нь хэлжээ. Та тэр Гэрчийн оронд байсан бол байнгын эхлэгч бололгүй дээд боловсрол эзэмших минь яав даа гэж харамсах байсан уу? Хоёр долоо хоногийн дараа нөгөө менежер ажлаасаа халагдаж, өөр хүн ажлыг нь авчээ. Шинэ менежер мөнөөх эхлэгчээс ямар зорилготой байгааг нь асуусанд эхнэртэйгээ хоёул Еховагийн байгууллагад бүрэн цагаар дэлгэрүүлдэг, үүнийгээ үргэлжлүүлмээр байгаагаа хэлэв. Тэгээд цааш нь ярих гэтэл менежер: «Та нарыг бусдаас өөр гэдгийг чинь мэднэ! Аавыг минь өнгөрөхөөс өмнө танай хоёр хүн өдөр бүр аав дээр ирж Библи уншиж өгдөг байсан. Хэрэв Еховагийн Гэрчүүдэд туслах боломж гардаг л юм бол заавал тусална гэж би өөртөө амласан юм» гэжээ. Маргааш өглөө нь мөнөөх Гэрч хуучин менежерийн зөвшөөрөхгүй байсан нөгөө ажлыг хийх болсон байна. Хэрэв бид Хаанчлалыг эн тэргүүнд тавьдаг бол Ехова хэрэгцээтэй бүхнийг нэмж өгнө гэсэн амлалтаа биелүүлнэ (Мат. 6:33).

ИТГЭЛ ХИЙГЭЭД НАЙДВАР АМИН ЧУХАЛ

17. Бид юуны ачаар ирээдүйгээ итгэлтэй харах вэ?

17 Итгэл найдвар хоёр хэчнээн чухал болохыг Давид онцолжээ. Тэрбээр: «Амьдын газарт ЭЗЭНий сайн сайхныг харна гэж би итгэсэн» хэмээн хэлсэн байдаг (Дуу. 27:13). Хэрэв бид ирээдүйн ямар ч итгэл найдваргүй, 27-р дууллын тухай ямар ч ойлголтгүй байсан бол өдий зэрэгтэй явах байсан гэж үү? Тиймээс эцсийн энэ өдрүүдэд Еховад залбирч хүч тэнхээ өгөөч, Хармагедоны үеэр авраач гэж байнга гуйцгаая (Дуулал 27:14-ийг уншина уу).

[Догол мөрийн асуулт]

[23-р хуудасны зураг]

Ехова өөрийг нь аварч байсныг санаад Давид зоригждог байсан

[25-р хуудасны зураг]

Эдийн засгийн хямралын үед бидэнд ямар боломж олддог вэ?