Skip to content

Гарчиг руу орох

Бат зогсож, Сатаны урхинаас хол явагтун!

Бат зогсож, Сатаны урхинаас хол явагтун!

Бат зогсож, Сатаны урхинаас хол явагтун!

«Диаволын заль мэхний эсрэг бат зогс» (ЕФ. 6:11).

ХАРИУЛНА УУ

Еховагийн үйлчлэгч эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх явдлын урхинд орохгүйн тулд яах хэрэгтэй вэ?

Гэр бүлтэй христианууд завхайрлын урхинд орохгүйн тулд яах вэ?

Эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх, завхайрахын эсрэг бат зогсох нь ач тустай гэдэгт та яагаад итгэдэг вэ?

1, 2. а) Сатан тослогдогсод болон «өөр хонинуудыг» өрөвддөггүйн учир юу вэ? б) Энэ өгүүллээр Сатаны хэрэглэдэг ямар ямар урхийг авч үзэх вэ?

 САТАН ДИАВОЛ хүмүүсийг, ялангуяа, Еховагийн үйлчлэгчдийг огтхон ч өрөвддөггүй. Тэрбээр дэлхий дээр байгаа тослогдогсодтой дайтаж байна (Илч. 12:17). Энэ үнэнч христианууд Хаанчлалын тухай тунхаглах ажлыг удирдан, Сатаныг ертөнцийн захирагч хэмээн зоригтой илчилсээр ирсэн. Тослогдогсдыг дэмждэг, мөнх амьдрах найдвартай «өөр хонинуудыг» ч Диавол үзэн яддаг (Иох. 10:16, ШГ). Сатан мөнх амьдрах найдвараа алдсан учраас асар их уур хилэнтэй байгаа. Тослогдогсдыг ч, өөр хонинуудыг ч сайн сайхан явуулахыг хүсдэггүй. Түүний зорилго бол биднийг «залгих» юм (1 Петр 5:8).

2 Тэрбээр зорилгодоо хүрэхийн тулд янз бүрийн урхи занга хэрэглэдэг. Сатан үл итгэгчдийн «бодол санааг сохолсон» учраас тэд сайн мэдээг хүлээж авдаггүй, тавьсан урхи зангыг нь ч олж хардаггүй. Бас Хаанчлалын мэдээг хүлээж авсан хүн ч Диаволын урхинд ордог (2 Кор. 4:3, 4). Өмнөх өгүүллээр бид Сатаны хэрэглэдэг гурван урхинд орохгүйн тулд яах хэрэгтэйг үзсэн билээ. Эдгээр нь 1) бодлогогүй үг хэлэх, 2) хүнээс айж бусдын дарамт шахалтад орох, 3) өөрийгөө хэт их буруутгах юм. Энэ өгүүллээр Сатаны өөр хоёр урхинаас хэрхэн хол явах тухай ярилцъя. Эдгээр нь эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх явдал болон завхайрал юм.

ЭД ХӨРӨНГӨНИЙ ХОЙНООС ХӨӨЦӨЛДВӨЛ ШАХАН ЗАЙЛУУЛДАГ УРХИНД ОРНО

3, 4. «Дэлхийн зовнилоос» болоод хүн эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх явдлын урхинд хэрхэн ордог вэ?

3 Есүсийн ярьсан нэгэн сургаалт зүйрлэлд хогийн ургамлын дунд суулгасан үрийн тухай гардаг. Хүн хэдийгээр Хаанчлалын тухай мэдээг сонсдог ч «дэлхийн зовнил болоод эд баялгийн хуурамч байдал нь үгийг шахан зайлуулахад энэ нь үр жимсгүй болдог» аж (Мат. 13:22). Эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх явдал бол Сатаны тавьдаг нэг урхи юм.

4 «Үгийг шахан зайлуулдаг» хоёр зүйл байдаг аж. Нэг нь «дэлхийн зовнил» буюу аж амьдралынхаа төлөө санаа зовох юм. Өнөөгийн хэцүү цагт санаа зовоох юм бишгүй байна (2 Тим. 3:1). Юмны үнэ тэнгэрт хадаж, ажилгүйчүүдийн эгнээ нэмэгдэж байгаа энэ үед хоёр идэхгүй хоосон хонохгүй байхаас өөр аргагүйд хүрдэг. Бас ирээдүйдээ санаа зовон «Тэтгэвэрт гарсан хойноо мөнгө төгрөгөөр гачигдах юм биш биз?» гэж боддог. Тийм учраас зарим хүн мөнгийг амьдралын баталгаа гэж үзээд эд хөрөнгөний хойноос улайран явдаг.

5. Эд баялаг хүнийг яаж хуурдаг вэ?

5 Нөгөө зүйлийг нь Есүс «эд баялгийн хуурамч байдал» гэж хэлжээ. Санаа зовохын зэрэгцээ эд баялагт хууртвал хүлээж авсан үнэнийхээ дагуу амьдарч чадахгүйд хүрнэ. «Мөнгө бол хамгаалалт» гэж Библид бичсэн байдаг нь үнэн (Ном. 7:12). Гэхдээ эд баялгийн хойноос улайран хөөцөлдөх нь ухаалаг биш юм. Баяжих гэж хэдийчинээ их хичээнэ, эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх явдлын урхинд төдийчинээ лав ордгийг олон хүн ойлгодог. Тэр байтугай, эд хөрөнгөнийхөө боол болсон хүмүүс ч бий (Мат. 6:24).

6, 7. а) Өөрөө ч мэдэлгүй баяжих хүсэлтэй болж болдгийг жишээгээр хэлнэ үү. б) Христиан хүн илүү цагаар ажиллах саналыг сонсоод юу бодож үзэх хэрэгтэй вэ?

6 Баяжих хүсэлтэй болсноо хүн өөрөө ч анзаарахгүй байж болох юм. Жишээ нь дараах нөхцөлийг бодож үзье. Дарга тань хүрч ирээд, «Сайхан мэдээ дуулгая! Манай компани их ашигтай гэрээ байгуулж чадлаа. Тэгэхлээр чи хэдэн сарын турш бараг өдөр болгон илүү цагаар ажиллах болох нь дээ. Цалинг бол гомдоохгүй өгнө шүү» гэж хэлжээ. Та ийм саналыг хүлээж авах уу? Гэр бүлээ тэжээнэ гэдэг бол их хариуцлагатай үүрэг. Гэхдээ танд өөр олон үүрэг байгааг санаарай (1 Тим. 5:8). Дараах зүйлийг бодоорой. Хэр олон удаа илүү цагаар ажиллах юм бол? Ажил албанаасаа болоод сүнслэг үйл хэргээ, тухайлбал цуглаан, Гэр бүлийн Библийн хичээлээ цалгардуулах юм биш биз?

7 Та юуг илүү чухал гэж боддог вэ? Их мөнгийг үү, Еховатай тогтоосон харьцааг уу? Илүү их мөнгөтэй болохыг хичээвэл Хаанчлалын үйл хэргийг эн тэргүүнд тавихаа больчих юм биш биз? Өөрийнхөө болон эхнэр хүүхдийнхээ сүнслэг эрүүл мэндийг эс хайхран эд хөрөнгөний хойноос явбал юу болохыг төсөөлж үзсэн үү? Танд одоо ийм асуудал тулгарчихаад байгаа бол эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх явдлын урхинд оролгүй бат зогсохын тулд яах хэрэгтэй вэ? (1 Тимот 6:9, 10-ыг уншина уу).

8. Яаж амьдарч байгаагаа шалгахад Библийн ямар жишээ тус болох вэ?

8 Эд хөрөнгөний хойноос хөөцөлдөхийн урхинд орохгүйн тулд хэрхэн амьдарч байгаагаа үе үе шалгаарай. Сүнслэг зүйлийг үл тоомсорлосон Есав шиг болохыг бид хэзээ ч хүсэхгүй! (Эх. 25:34; Евр. 12:16). Бас эд хөрөнгөө зарж ядууст өгөөд намайг дага гэсэн Есүсийн урилгыг хүлээж аваагүй баян залуутай адилхан байж болохгүй. Тэр хүн «маш их хөрөнгөтэй нэгэн» байсан учир «гунигтайгаар холдон» явсан (Мат. 19:21, 22). Эд баялагт урхидуулсан тэрбээр дэлхий дээр амьдарч байсан хамгийн агуу хүнийг дагах том завшаанаа алджээ! Есүс Христийн шавь байх завшааныг алдахгүйн тулд болгоомжтой байгаарай.

9, 10. Библийнхээр бол эд хөрөнгийг юу гэж үзэх ёстой вэ?

9 Эд зүйлийн төлөө хэтэрхий их санаа зовохгүй байя гэвэл Есүсийн өгсөн зөвлөгөөг анхаарах хэрэгтэй. Тэрбээр: «„Бид юу идэх билээ?“, „Юу уух билээ?“, эсвэл „Юу өмсөх билээ?“ гэж бүү санаа зов. Харь үндэстнүүд энэ бүх зүйлийг чармайн хайдаг. Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм» гэжээ (Мат. 6:31, 32; Лук 21:34, 35).

10 Эд баялгийн хуурамч байдалд урхидуулахын оронд Библи бичигчдийн нэг Агурынхтай адилхан бодолтой болоорой. Тэрбээр: «Намайг үгээгүй ядуу ч бус, баян тарган ч бус байлгаач. Хэрэгтэй юмыг минь л өгөөч» хэмээн бичжээ (Сур. 30:8, «Contemporary English Version»). Эндээс харахад, Агур мөнгө хамгаалалт болдгийг ч ойлгодог, эд хөрөнгөний хуурамч байдлын аюулыг ч мэддэг байжээ. «Дэлхийн зовнил» болоод «эд баялгийн хуурамч байдал» Еховатай тогтоосон харьцааг эвдэн бусниулдгийг ойлгох хэрэгтэй. Эд хөрөнгөний төлөө хэтэрхий их зовоод байвал цаг, хүчээ барж, Хаанчлалын үйл хэргийг бага анхаардаг, эсвэл бүр анхаарахаа больдог. Тийм учраас Сатаны урхинд орж эд хөрөнгөний хойноос хөөцөлдөхгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй (Еврей 13:5-ыг уншина уу).

ЗАВХАЙРАЛ БОЛ ҮЛ АНЗААРАГДАХ НҮХ МӨН

11, 12. Христиан хүн ажил дээрээ завхайрал хэмээх урхинд хэрхэн орж болох вэ?

11 Анчид том амьтан барихдаа, явдаг зам дээр нь нүх ухаад, мэдэгдэхгүйн тулд модны мөчир, өвс ногоогоор хучиж далдалдаг. Сатаны хэрэглэдэг шалгарсан урхины нэг болох садар самуун явдлыг ийм нүхтэй адилтгаж болно (Сур. 22:14; 23:27). Завхайрах нөхцөл бүрдлээ гэхэд зугтах хэрэгтэй. Тэгээгүйгээс болоод ийм нүхэнд унасан христиан цөөнгүй байдаг. Гэр бүлтэй зарим христиан ханиасаа өөр хүнд хайр сэтгэлтэй болж улмаар завхайрдаг байна.

12 Ханиасаа өөр хүнд сэтгэл алдрах аюул ажил дээр тохиолдож болох юм. Завхай явдалтай орооцолдсон эмэгтэйчүүдийн талаас илүү нь, эрэгтэйчүүдийн дөрөвний гурав нь хамт ажилладаг хүнтэйгээ янаг амрагийн холбоо тогтоодог нь нэгэн судалгаанаас харагджээ. Та эсрэг хүйсийн хүнтэй хамт ажилладаг уу? Хэрэв тийм бол яаж харьцдаг вэ? Та түүнтэй янаг амрагийн холбоотой болохоос урьдчилан сэргийлж ямар нэг арга хэмжээ авдаг уу? Жишээ нь, христиан эмэгтэй хамт ажилладаг эрэгтэйтэйгээ ярилцсаар байгаад эцэстээ түүнд итгээд гэр бүлийнхээ асуудлыг хүртэл ярьж болох юм. Эсвэл христиан эрэгтэй хамт ажилладаг эмэгтэйтэйгээ дотносохлоороо «Миний яриаг анхааралтай сонсож, саналыг минь их үнэлдэг. Бас намайг хүндэлдэг. Эхнэр минь надад ингэж ханддаг ч болоосой!» гэж бодож магадгүй. Ийм байдалтай болсон христианууд завхайрахад ойрхон байгаа биз?

13. Ханиасаа өөр хүнтэй янаг амрагийн холбоотой болох аюул хурал дотор байдгийг харуулах жишээ хэлнэ үү.

13 Ханиасаа өөр хүнтэй янаг амрагийн холбоотой болох аюул хурлын дотор ч байдаг. Амьдрал дээр болсон нэг явдлыг жишээ болгон авъя. Даниел эхнэр Сарагийнхаа * хамт байнгын эхлэгчээр үйлчилж байжээ. Хурлаас ямар ч үүрэг хүлээлгэсэн Даниел, өөрийнх нь хэлснээр, үгүй гэж хэлж чаддаггүй ахлагч байв. Түүнтэй хамт Библийн хичээл хийдэг байсан таван залуугийн гурав нь баптисм хүртжээ. Тэр гуравт тусламж дэмжлэг хэрэгтэй байлаа. Хурлын ажил ихтэй Даниелын өмнөөс эхнэр Сара нь тэдэнд тусалдаг байж. Энэ байдал даамжирсаар тэд Сарагаас сэтгэл санааны дэмжлэг авахын хажуугаар, нөхрийнхөө анхаарал халамжийг үгүйлсэн түүнд ч бас санаа тавьж эхэлсэн аж. Энэ нь урхи болжээ. Даниел: «Эхнэр минь бусдад туслах гэж хэдэн сарын турш хамаг хүчээ шавхаад сүнслэгээр суларч, сэтгэл нь хямарсан. Бас би түүнийгээ харж хандаагүйн гайгаар аймшигтай юм болж, Сара нэг суралцагчтай маань завхайрсан юм. Хурлын ажил гэсээр яваад хажуудаа байгаа эхнэрийнхээ сүнслэгээр суларч байгааг ч анзаараагүй» гэж ярьсан юм. Ийм аюулд орохгүйн тулд яах вэ?

14, 15. Гэр бүлтэй христианууд завхайрал хэмээх нүхэнд унахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

14 Завхайрал хэмээх нүхэнд унахгүйн тулд ханьдаа үнэнч байна гэж яахыг хэлдгийг нухацтай бодоорой. Есүс: «Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» хэмээн айлджээ (Мат. 19:6). Хуралд хүлээсэн үүрэг ханиас минь илүү чухал гэж хэзээ ч бүү бодоорой. Түүнээс гадна, нөхөр юм уу эхнэрээсээ хол байж, онцын шаардлагагүй юманд цаг зарцуулдаг бол ханьтайгаа тийм ч дотно бус байдгийн шинж болно. Үүнээс болоод хорхой хүргэм зүйлд татагдан, улмаар ноцтой нүгэл үйлдэж болзошгүй.

15 Хэрэв та ахлагч бол хурлын гишүүдэд санаа тавих үүрэгтэй. Элч Петр: «Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Ингэхдээ албадлагаар бус, харин сайн дураараа, ... хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр» гэж бичжээ (1 Петр 5:2). Хурлынхаа гишүүдийг анхаарлын гадна бүү орхиорой. Гэхдээ та хоньчны үүргээ биелүүлж байгаа нь энэ гээд нөхрийн үүрэгтээ хайхрамжгүй хандаж болохгүй шүү. Эхнэр тань «өлсөж» байхад, та хурлынхнаа тэжээх гэж хамаг анхаарлаа хандуулбал ухаалаг биш бөгөөд бүр аюултай хэрэг болно. Дээр дурдсан Даниел: «Хуралд хүлээсэн үүргээ биелүүлэх гээд ханиа зөнд нь хаяж болдоггүй юм билээ» гэж хэлжээ.

16, 17. а) Гэр бүлтэй христианууд ханьдаа үнэнч гэдгээ ажил дээрээ хэрхэн харуулах вэ? б) Завхай явдалтай орооцолдохгүй байхад тус болох ямар ямар өгүүлэл манай сэтгүүлд нийтлэгдсэн бэ?

16 Завхайрлын урхинд орохгүй байхад туслах олон сайхан зөвлөгөө «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлд гардаг. Жишээ нь, 2006 оны 9 дүгээр сарын 15-ны «Харуулын цамхаг» сэтгүүлд дараах зөвлөгөө нийтлэгджээ. «Ажлын газар дээр юм уу өөр хаа нэгтээ эсрэг хүйсний хүнтэй дотно харьцаа үүсэх нөхцөл бүрдүүлэхээс зайлсхийгээрэй. Жишээ нь, илүү цагаар ажиллах хэрэг заримдаа гардаг. Хэрэв эсрэг хүйсний [нэг л хүнтэй хоёулхнаа хамт ажиллаад байвал] янаг амрагийн харьцаатай болох аюул отож байж мэдэх юм. Та гэр бүлтэй хүний хувьд хормой султай хүн биш гэдгээ үг яриа, үйл хэргээрээ тодорхой харуулах хэрэгтэй. „Бурханлаг байдлын“ төлөө тэмүүлдэг буюу Бурханд үнэнч явахыг хичээдэг хэн боловч, сээтэн хаях юм уу гадаад байдлаараа бусдын анхаарлыг татахгүй нь лав. ... Хань ижил, үр хүүхдийнхээ зургийг ажлын өрөөндөө ил харагдахаар тавивал гэр бүлийнхэн тань юунаас ч эрхэм гэдгийг та өөрөө ч санана, бусдад ч санамж болно. Тантай янаг амрагийн харьцаа тогтоох боломжтой гэсэн найдвар хэзээ ч бүү төрүүлээрэй. Мөн таны сэтгэлийг татах гэсэн оролдлогыг няцаагаарай».

17 2009 оны 4 дүгээр сарын «Сэрцгээ!» сэтгүүлд нийтлэгдсэн «Ханьдаа үнэнч байх гэж юу гэсэн үг вэ?» гэсэн гарчигтай өгүүлэл ханиасаа өөр хүнтэй явалдаж байгаагаар төсөөлөхөөс сэрэмжлүүлжээ. Тэгж төсөөлдөг бол завхай явдалтай орооцолдохдоо амархан байдгийг уг өгүүлэлд тайлбарласан байна (Иак. 1:14, 15). Хэрэв та гэр бүлтэй бол ханьтайгаа хамт иймэрхүү өгүүллийг үе үе уншиж байгаарай. Гэрлэлт гэдэг бол Еховагийн санаачилсан арга хэмжээ бөгөөд ариун нандин зүйл юм. Зориуд зав гаргаад ханьтайгаа ярилцаж байх нь ариун юмыг үнэлдгийн шинж болно (Эх. 2:21–24).

18, 19. а) Завхайрахын уршиг юу вэ? б) Ханьдаа үнэнч байх нь ямар ач тустай вэ?

18 Хэрэв та ханиасаа өөр хүнд сэтгэл алдах гээд байвал завхайрал, садар самуун явдлын хор уршгийг эргэцүүлж бодоорой (Сур. 7:22, 23; Гал. 6:7). Садар самуун явдалтай орооцолдсон хүн Еховагийн тааллыг алдаж, хань ижлээ гомдооно, өөрсдөө ч хохирно (Малахи 2:13, 14-ийг уншина уу). Цэвэр ариун байвал ямар ач тус хүртэхээ бас бодоорой. Ирээдүйд мөнх амьдарна. Бас одоо ч жаргалтай амьдарч, мөс чанар цэвэр байна (Сургаалт үгс 3:1, 2-ыг уншина уу).

19 Дуулалч: «[Бурхны] хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд тэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй» хэмээн дуулжээ (Дуу. 119:165). Тиймээс үнэнийг хайрлаж яваарай. Бузар булай энэ өдрүүдэд «мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай[гаарай]» (Еф. 5:15, 16). Сатан Еховагийн үнэнч үйлчлэгч биднийг барих гэж янз бүрийн урхи тавьсан байгаа. Гэхдээ бид өөрсдийгөө хамгаалах бүрэн боломжтой. «Бат зогсож», «муу нэгний бүх галт сумыг унтраахад» хэрэг болох бүхнийг Ехова өгдөг (Еф. 6:11, 16).

[Зүүлт]

^ Нэрсийг өөрчлөв.

[Догол мөрийн асуулт]

[26-р хуудасны зураг]

Эд хөрөнгө хүнийг сүнслэг утгаар шахан зайлуулдаг. Танд ийм юм бүү тохиолдог

[29-р хуудасны зураг]

Сээтгэнэх юм уу сээтгэнүүр хүнд нүүр өгөх нь эцэстээ завхайралд хүргэнэ