Skip to content

Гарчиг руу орох

Бурхны Хаанчлалын иргэн шиг амьдарцгаая!

Бурхны Хаанчлалын иргэн шиг амьдарцгаая!

Бурхны Хаанчлалын иргэн шиг амьдарцгаая!

«Өөрсдийгөө ... сайн мэдээнд зохистойгоор авч явагтун» (ФЛП. 1:27).

ХАРИУЛНА УУ

Хэн Хаанчлалын иргэн байх завшаантай вэ?

Хаанчлалын иргэн ямар шаардлага хангах ёстой вэ?

Хаанчлалын иргэд Бурхны тогтоосон хэм хэмжээг хэрхэн эрхэмлэдэг вэ?

1, 2. Паулын өгсөн зөвлөгөө Филиппойн христиануудад илүү ойлгомжтой байсны учир юу вэ?

 ЭЛЧ Паул Филиппой хотын христиануудад «өөрсдийгөө ... сайн мэдээнд зохистойгоор авч явахыг» уриалжээ (Филиппой 1:27-г уншина уу). «Өөрсдийгөө авч явах» гэдгийг бас «иргэн шиг амьдрах» гэж орчуулж болдог аж. Энэ үг Филиппой дахь хурлын христиануудад илүү ойлгомжтой байсан. Тэгж хэлж болохын учир юу вэ? Сонгогдсон зарим хотынхны адилаар Филиппой хотынхонд Ромын иргэний эрх олгосон бололтой. Тийм болохоор тэд Ромын эзэнт гүрний харьяат гэдгээрээ бахархдаг, хуулиар нь хамгаалагддаг байжээ.

2 Харин Филиппой дахь хурлын гишүүд бүр ч илүү бахархах юмтай байсан. Паул тослогдсон тэдгээр христианд иргэний харьяалал нь «тэнгэрт байгааг» сануулжээ (Флп. 3:20). Тэд хүний ямар ч засгийн газраас илүү агуу, Бурхны Хаанчлалын иргэд байв. Бурхны Хаанчлал тэднийг өөр ямар ч засгийн газартай харьцуулшгүй ихээр ивээн хамгаалсан (Еф. 2:19–22).

3. а) Хэн Хаанчлалын иргэн байх завшаантай вэ? б) Энэ өгүүллээр бид юун тухай ярилцах вэ?

3 «Иргэн шиг амьдар» гэсэн Паулын зөвлөгөө үндсэндээ Христтэй хамт тэнгэрээс захирах хүмүүст хамаатай (Флп. 3:20). Гэхдээ Бурхны Хаанчлалын харьяат албатуудад ч бас хамаатай. Яагаад? Бурханд өөрийгөө зориулсан бүх христиан нэг Хаан Еховад үйлчлэн, нэг хэм хэмжээг сахиж амьдардаг (Еф. 4:4–6). Өнөөдөр хүмүүс өндөр хөгжилтэй орны иргэн болох гэж мэрийдэг. Тэгвэл Хаанчлалын иргэн байх нь бүр ч их завшаантай хэрэг бус уу! Энэ завшаанаа улам илүү үнэлдэг болохын тулд Бурхны Хаанчлалын иргэн болон аль нэг улсын иргэн болоход тавигдах шаардлагын төсөөтэй талуудыг авч үзье. Дараа нь, Хаанчлалын иргэн байх завшаанаа алдахгүйн тулд ямар гурван зүйл хийх ёстойг ярилцъя.

ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА

4. Цэвэр хэл гэж юу вэ? Цэвэр хэлээр «ярина» гэж юу гэсэн үг вэ?

4 Хэлийг нь сур. Зарим орны засгийн газар өөрийнх нь иргэн болохыг хүсдэг хүнд хэл сурах шаардлага тавьдаг. Тухайн улсын иргэн болсон хойноо ч хэлийг нь сурах гэж олон жил чармайдаг хүмүүс бий. Хэлзүйн дүрмийг хурдан сурдаг хэр нь үгээ зөв дуудаж сурахад нэлээд хугацаа хэрэгтэй байж болох юм. Бурхны Хаанчлал ч иргэддээ хэл сурах шаардлага тавьдаг. Тэр хэлийг Библид «цэвэр хэл» (ШЕ) гэжээ (Зефаниа 3:9-ийг уншина уу). Цэвэр хэл гэж юу вэ? Бурхан болон түүний санаа зорилгын тухай Библийн үнэн юм. Бурхны хууль, зарчмын дагуу биеэ авч явдаг бол цэвэр хэлээр «ярьж» байна гэсэн үг. Бурхны Хаанчлалын зарим иргэн Библийн үндсэн сургаалыг богино хугацаанд мэдэж аваад баптисм хүртдэг. Гэхдээ тэд баптисм хүртсэнийхээ дараа ч цэвэр хэлээр илүү сайн «ярьж» сурах ёстой. Өөрөөр хэлбэл, хүн бүр Библийн зарчмыг мэдээд, ажил хэрэг болгодог байх учиртай.

5. Еховагийн байгууллагын түүхийг судлах хэрэгтэйн учир юу вэ?

5 Түүхийг нь судал. Ямар нэг улсын иргэн болохыг хүсдэг хүн түүхийг нь судалж мэдэх хэрэгтэй байж болох юм. Үүнтэй адилаар, Хаанчлалын иргэн болохыг хүсдэг хүн Бурхны Хаанчлалын тухай боломжийнхоо хэрээр мэдэх хэрэгтэй. Эртний Израильд амьдарч байсан Корагийн хөвгүүд ямар жишээ үлдээснийг авч үзье. Тэд Иерусалим хот болон тэнд байдаг шүтлэгийн газраар бахархдаг, бас хотын түүхийг ярих дуртай байсан. Өнгө үзэмжийг нь зүгээр нэг гайхан биширсэндээ бус, харин эдгээр байгууламж хэнийг, юуг төлөөлдгийг мэддэгтээ тийнхүү ярьдаг байжээ. Иерусалим нь Ехова гэдэг «их Хааны хот», цэвэр шүтлэгийн төв байсан. Тэнд Еховагийн Хуулийг заадаг байв. Иерусалимын Хаан болох өөрөөр нь удирдуулдаг ард түмнийг Ехова хайрлан энэрдэг байсан (Дуулал 48:1, 2, 9, 12, 13-ыг уншина уу). Та бас Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсгийн түүхийг судалж, түүнийгээ хүмүүст ярих хүсэлтэй юү? Бурхны байгууллагын тухай, Ехова ард түмнээ хэрхэн дэмжиж байсан тухай хэдийчинээ ихийг мэднэ, Бурхны Хаанчлал таны хувьд төдийчинээ бодитой болно. Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх хүсэл тань тэр хэрээр оргилох болно (Иер. 9:24; Лук 4:43).

6. Ехова бидэнд хууль, зарчмыг нь судлан, дагаж мөрд гэсэн шаардлага тавьдаг нь яагаад зүйн хэрэг вэ?

6 Хуулийг нь мэд. Хүний засгийн газрууд ард иргэддээ улсынхаа хуулийг судлан, дагаж мөрд гэсэн шаардлага тавьдаг. Тэгвэл Ехова Хаанчлалын иргэн бүрийн биелүүлбэл зохих хууль, зарчмыг судлан, дагаж мөрдөхийг шаардах нь зүйн хэрэг юм (Ис. 2:3; Иох. 15:10; 1 Иох. 5:3). Хүний зохиосон хууль дутуу дулимаг, тэр байтугай, шударга бус байдаг. Харин Еховагийн «хууль нь төгс төгөлдөр» (Дуу. 19:7). Та Бурхны хуульд баярлаж, Үгийг нь өдөр бүр уншдаг уу? (Дуу. 1:1, 2). Хүн өөрөө л судалж байж Бурхны хуулийг мэднэ. Хэн ч хүний өмнөөс судалж өгөхгүй шүү дээ.

БУРХНЫ ХААНЧЛАЛЫН ИРГЭД ХУУЛИА ДЭЭДЭЛДЭГ

7. Хаанчлалын иргэд ямар учраас Бурхны хуулийг сахидаг вэ?

7 Хаанчлалын иргэн байя гэвэл Бурхны хуулийг мэдээд зогсохгүй, дээдэлдэг болох хэрэгтэй. Олон орны иргэд тухайн улсад мөрддөг хууль дүрэм, тавьдаг шаардлагыг аман дээрээ зөв гэж хэлдэг ч дагаж мөрдөхөд амаргүй санагдвал, эсвэл хүний нүднээс далд бол зөрччихдөг талтай. Тэд гол нь «хүнд таалагдах» гэж хууль сахидаг (Кол. 3:22). Харин Хаанчлалын иргэд өндөр хэм хэмжээ баримталж амьдардаг. Хүн хараагүй байсан ч Бурхны хуулийг дуртайяа сахидгийн учир нь Хууль тогтоогчоо хайрладгийнх юм (Ис. 33:22; Лук 10:27-г уншина уу).

8, 9. Бурхны хуулийг үнэхээр дээдэлдэг эсэхээ яаж мэдэх вэ?

8 Бурхны хуулийг чин сэтгэлээсээ дээдэлдгээ яаж мэдэх вэ? Танд зөвлөгөө өгвөл яаж ханддагаа бодож үзээрэй. Жишээ нь, хүн өөрөө шийдэж болох асуудлаар, тухайлбал хувцаслалт, гадаад байдлын талаар зөвлөгөө өгвөл та яадаг вэ? Хаанчлалын иргэн болохоосоо өмнө та хааш яаш хувцаслах, эсвэл бусдын хуял тачаалыг хөдөлгөм хувцас өмсөх дуртай байсан байж болох юм. Харин Бурхныг улам бүр хайрлах тусам өмссөн зүүснээрээ түүнийг алдаршуулах хэрэгтэйгээ ойлгосон биз ээ (1 Тим. 2:9, 10; 1 Петр 3:3, 4). Одоо та өөрийгөө даруухан хувцаслаж байгаа гэж боддог байх. Гэтэл таны өмсдөг хувцас бусдад таагүй санагддагийг нэг ахлагч хэлбэл яах вэ? Өөрийгөө өмөөрөх үү? Зэвүүцэх үү? Эсвэл зөрүүдлэх үү? Бурхны Хаанчлалын нэг чухал хуульд зааснаар, иргэн бүр Христийг дууриах ёстой (1 Петр 2:21). Элч Паул: «Бидний хүн бүр хөршийнхөө сайн сайхны төлөө түүнийг босгон байгуулахын тулд сэтгэлд нь нийцүүлье. Учир нь Христ ч гэсэн Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй» гэж бичжээ (Ром 15:2, 3). Төлөвшсөн христиан хүн хурлыг амар тайван байлгахын төлөө бусдын сэтгэлийг өвтгөх юу ч хийхгүй байхыг хүсдэг (Ром 14:19–21).

9 Өөр хоёр чухал сэдвээр ярилцъя. Бэлгийн харилцаа ба гэр бүл болох тухай асуудалд бид яаж ханддаг вэ? Бурхны Хаанчлалын иргэн хараахан болоогүй хүн ижил хүйстэнтэйгээ явалдахыг зөв гэж үзэн, порно материалыг хал балгүй зугаа цэнгэлд тооцож, завхайрах, салах зэргийг хүний хувийн хэрэг гэж боддог байж болох юм. Харин Хаанчлалын иргэд ийм ухвар мөчид, аминч үзлээ орхисон. Шалиг завхай явсан олон хүн христиан болоод бэлгийн харилцаа ба гэр бүлийг Бурхны өгсөн бэлэг гэж үздэг болсон. Тэд Еховагийн өндөр хэм хэмжээг эрхэмлэн нандигнадаг. Садар самуун явдалтай орооцолддог хүн Хаанчлалын иргэн байх нь зохисгүй гэдгийг бүх зүрх сэтгэлээрээ хүлээн зөвшөөрдөг (1 Кор. 6:9–11). Зүрх хуурамч гэдгийг ч бас ойлгодог (Иер. 17:9). Тийм учраас, ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримталж явахад нь тус болох сэрэмжлүүлэг өгвөл баяртайгаар хүлээж авдаг.

БУРХНЫ ХААНЧЛАЛЫН ИРГЭД СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ ТАЛАРХАН ХҮЛЭЭЖ АВДАГ

10, 11. Бурхны Хаанчлал цагаа олсон ямар сэрэмжлүүлэг өгдөг вэ? Тийм сэрэмжлүүлэг танд ямар санагддаг вэ?

10 Засгийн газрууд хоол хүнс, эм бэлдмэлтэй холбоотой сэрэмжлүүлэг өгдөг. Хоол хүнс, эм тариа болгон муу биш ч зарим нэг нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бол засгийн газар нь ард иргэдээ хамгаалах үүднээс сэрэмжлүүлдэг. Ингэх ч үүрэгтэй. Үүнтэй адилаар, Бурхны Хаанчлал ёс суртахууны хэм хэмжээг зөрчүүлж болзошгүй, Бурхантай тогтоосон харьцаанд сэв суулгаж мэдэх аюулаас цагийг нь олж сэрэмжлүүлдэг. Нэг жишээ авъя. Хүмүүс санал бодлоо хуваалцах, сурч боловсрох, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд интернетийг өргөн хэрэглэж байна. Бурхны байгууллага ч интернет ашиглан их ажил амжуулж байгаа. Гэвч ёс суртахуун болон сүнслэг байдалд аюултай сайт олон байдаг. Порно материал бүхий вэб сайтууд бүр ч аюултай. Итгэмжит, ухаалаг боолын анги ийм аюулаас олон арван жил сэрэмжлүүлсээр ирсэн. Ийм сэрэмжлүүлэг авдагтаа бид үнэхээр их талархдаг!

11 Сүүлийн жилүүдэд хүмүүс өөр нэг төрлийн сайтыг түгээмэл хэрэглэх болжээ. Олон нийтийн сүлжээ гэх энэ сайтуудыг тун болгоомжтой хэрэглэвэл ашигтай байж болох юм. Гэвч аюул осол ихтэй. Муу хүмүүстэй нөхөрлөж болзошгүй (1 Кор. 15:33). Тийм учраас, Бурхны байгууллага ийм сайтуудын аюулаас сэрэмжлүүлдэг. Та олон нийтийн сүлжээг хэрхэн хэрэглэх тухай итгэмжит боолын нийтэлсэн өгүүллийг бүгдийг нь уншсан уу? Уншихгүйгээр тийм сайтуудыг хэрэглэх нь мунхаг хэрэг юм! * Хүчтэй эмийг зааврыг нь уншихгүйгээр уухтай адил болно.

12. Сэрэмжлүүлгийг үл тоомсорлох нь яагаад мунхаг хэрэг вэ?

12 Итгэмжит боолын өгсөн сэрэмжлүүлгийг үл тоомсорлосон хүн өөрөө ч хохироод зогсохгүй, хайртай хүмүүсээ зовоодог. Зарим хүн порно үзэхийн дон тусах юм уу садар самуун явдалтай орооцолдохлоороо Ехова харахгүй гэж бодон өөрийгөө хуурдаг. Еховагаас нуугдаж чадна гэж бодох нь хэчнээн тэнэг хэрэг вэ! (Сур. 15:3; Еврей 4:13-ыг уншина уу). Бурхан тийм хүмүүст туслахыг хүсдэг учраас дэлхий дэх төлөөлөгчдөө тэдэн рүү явуулдаг (Гал. 6:1). Засгийн газар хууль зөрчсөн хүний иргэн байх эрхийг хасдаг шиг, Ехова хэм хэмжээг нь зөрчдөг, үүндээ гэмшдэггүй хүмүүсийн иргэн байх эрхийг хасна * (1 Кор. 5:11–13). Гэхдээ тэрбээр өршөөнгүй сэтгэлтэй учраас гэмшээд, алдаагаа засвал түүнтэй дахин сайн харьцаатай болж, Хаанчлалын иргэн хэвээрээ үлдэж болдог (2 Кор. 2:5–8). Хайр халамжтай ийм Хаанд зүтгэнэ гэдэг хэчнээн их нэр төрийн хэрэг вэ!

БУРХНЫ ХААНЧЛАЛЫН ИРГЭД БОЛОВСРОЛЫГ ЭРХЭМЛЭДЭГ

13. Хаанчлалын иргэд боловсролыг үнэлдэг нь юунаас харагддаг вэ?

13 Ард иргэддээ боловсрол олгохын төлөө их ажил хийдэг засгийн газар олон. Бичиг үсэг зааж, ажлын дадлага туршлагатай болгох зорилгоор сургууль байгуулдаг. Бурхны Хаанчлалын иргэд ийм сургуулиудыг чухал гэж үздэг учир уншиж, бичиж сурахаас гадна өөрийгөө тэжээх чадвартай болохын төлөө шамдан суралцдаг. Гэхдээ тэд Еховагийн өгдөг боловсролыг илүү өндөр үнэлдэг. Ехова христиан хурлаар дамжуулан бичиг үсэг зааж байна. Мөн бага насны хүүхдээ уншуулж сургахыг эцэг эхчүүдэд уриалж байгаа. Итгэмжит боол «Харуулын цамхаг» сэтгүүлд сар бүр Библид үндэслэсэн янз бүрийн өгүүлэл хэвлэн нийтэлдэг. Хэрэв та өдөрт нэг юм уу хоёр хуудсыг уншаад байвал Еховагийн өгдөг боловсролыг эзэмшсээр байх болно.

14. а) Бид ямар сургалтад хамрагддаг вэ? б) Та Гэр бүлийн Библийн хичээлтэй холбоотой ямар зөвлөгөөг хэрэгжүүлж үзсэн бэ?

14 Хаанчлалын иргэд долоо хоног бүр цуглаанд сууж сургалтад хамрагддаг. Жишээлбэл, Бурхны Үгийг үр өгөөжтэй заахад сургадаг Дэлгэрүүлэгчийн сургууль хичээллээд 60 гаруй жил болж байна. Та энэ сургуульд орсон уу? Сүүлийн үед итгэмжит боол долоо хоног бүр Гэр бүлийн Библийн хичээл хийхийг уриалж байгаа. Энэ арга хэмжээний ачаар гэр бүлийн гишүүд хоорондоо улам дотно, эв нэгдэлтэй болдог. Та манай байгууллагын ном хэвлэлд гарсан зөвлөгөөг хэрэгжүүлж үзсэн үү? *

15. Бид ямар завшаан эдэлдэг вэ?

15 Ямар ч улсын иргэд аль нэг намыг дэмжихийг олон нийтэд уриалж, тэр байтугай айлаар явж сурталчилдаг. Тэгвэл дэлхий дахинд буй Хаанчлалын иргэд гудамжаар ч, айлаар ч явж дэлгэрүүлэн Бурхны Хаанчлалыг дэмждэг. Тэдний тараадаг «Харуулын цамхаг» сэтгүүлийн зорилго нь Еховагийн Хаанчлалыг тунхаглах явдал юм. Энэ сэтгүүл дэлхий дээр хамгийн өргөн тархсаныг өмнөх судлах өгүүлэлд дурдсан билээ. Бурхны Хаанчлалын тухай бусдад хэлнэ гэдэг том завшаан мөн. Та дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцдог уу? (Мат. 28:19, 20).

16. Та Бурхны Хаанчлалын сайн иргэн гэдгээ яаж батлах вэ?

16 Бурхны Хаанчлал дэлхийг захирах цорын ганц засгийн газар болох цагт хүн төрөлхтөн зөвхөн энэ л засгийн газрын хуулийг сахиж амьдарна. Тэр үед та Бурхны Хаанчлалын иргэний үүргээ сайн биелүүлэх үү? Одоо л үүнийгээ батлах цаг. Өдөр бүр ямар ч шийдвэр гаргасан, юу ч хийсэн Еховаг алдаршуулж байгаарай. Тийнхүү Бурхны Хаанчлалын сайн иргэн гэдгээ батлаарай (1 Кор. 10:31).

[Зүүлт]

^ Жишээ нь, «Сэрцгээ!» сэтгүүлийн 2011 оны 7-р сарын 24–27; 2011 оны 8-р сарын 10–13; 2012 оны 2-р сарын 3–9-р хуудсыг мэддэг хэлээрээ үзнэ үү.

^ 2012 оны 2-р сарын «Христиан үйлчлэл»-ийн 3-р хуудсыг үзнэ үү.

[Догол мөрийн асуулт]

[14-р хуудасны товчлол]

Та интернетийн талаарх Библийн үндэстэй сэрэмжлүүлгийг анхаардаг уу?

[12-р хуудасны зураг]

Та Корагийн хөвгүүд шиг цэвэр шүтлэгийг эрхэмлэдэг, түүхийг нь ярих дуртай хүн мөн үү?

[15-р хуудасны зураг]

Гэр бүлийн Библийн хичээлийн ачаар та болон танайхан Хаанчлалын сайн иргэд байх болно