Skip to content

Гарчиг руу орох

Диаволын урхи занганаас болгоомжил!

Диаволын урхи занганаас болгоомжил!

Диаволын урхи занганаас болгоомжил!

«Диаволын торноос чөлөөлөгд» (2 Тим. 2:26).

ХАРИУЛНА УУ

Хүнийг хэтэрхий их шүүмжилдэг бол яах хэрэгтэй вэ?

Хүнээс айж, дарамтад орохгүй байх талаар Пилат Петр нарт тохиолдсон явдлаас юу мэдэж болох вэ?

Өөрийгөө хэт их буруутгахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

1, 2. Диаволын хэрэглэдэг ямар ямар урхины тухай энэ өгүүллээр ярилцах вэ?

 ДИАВОЛ Еховагийн үйлчлэгчдийн араас мөшгөдөг. Гэхдээ барьсан амьтныхаа амийг тасалдаг анчинтай адилгүй. Хамгийн гол нь амьдаар нь барьж, юу хүссэнээ хийлгэх зорилготой (2 Тимот 2:24–26-г уншина уу).

2 Анчин хүн ангаа амьдаар нь барихын тулд янз янзын урхи занга хэрэглэдэг. Үргээж ил гаргаад, бугуйлдан барих юм уу эсвэл нууцаар хавх тавиад гэнэдүүлж барьдаг. Диавол Бурхны үйлчлэгчдийг амьдаар нь барих зорилгоор мөн тийм урхи хэрэглэдэг. Баригдахгүйн тулд сонор сэрэмжтэй байж, Сатаны урхи хаана байгааг хэлж өгдөг сэрэмжлүүлгийг анхаарч үзэх хэрэгтэй. Энэ өгүүллээр Диаволын хэрэглэдэг, шалгарсан гурван урхинд орохгүйн тулд яах хэрэгтэйг ярилцъя. Эдгээр нь 1) бодлогогүй үг хэлэх, 2) хүнээс айж, бусдын дарамт шахалтад орох, 3) өөрийгөө хэт их буруутгах юм. Дараагийн өгүүллээр Сатаны хэрэглэдэг өөр хоёр урхины тухай ярилцана.

БОДЛОГОГҮЙ ҮГ ХЭМЭЭХ ГАЛЫГ УНТРААЯ

3, 4. Хэл амаа захирахгүй бол ямар аюул тарьж болзошгүй вэ? Жишээ хэлнэ үү.

3 Анчид амьтныг амьдаар нь барихын тулд гал тавин үргээж үүрнээс нь гаргадаг. Диавол ч бас христиан хурал дотор гал тавихтай адил арга хэрэглэдэг. Энэ арга нь үр дүнд хүрч христианууд хурал хэмээх найдвартай хоргодох газраасаа гарвал Сатан тэднийг барьж авдаг. Ямар үед өөрийн мэдэлгүй урхинд орж Сатаны хамсаатан болох вэ?

4 Шавь Иаков хэлийг галтай зүйрлэсэн байдаг (Иаков 3:6–8-ыг уншина уу). Хэрэв бид хэл амаа захирахгүй бол хурал дотор бэлгэдлийн утгаар түймэр тавьж мэднэ. Яаж тэр вэ? Дараах жишээг бодож үзье. Нэг Гэрч эмэгтэй байнгын эхлэгч болсныг цуглаан дээр зарлажээ. Цуглааны дараа хоёр дэлгэрүүлэгч энэ зарлалын тухай ярилцаж байна. Нэг нь баярлаж, шинэ эхлэгчийг зорилгодоо хүрч чадна гэж ярьж байхад, нөгөө нь түүнийг хурлынхны дунд нэр хүндтэй болох гээд эхлэгч болж байна гэжээ. Та энэ хоёр дэлгэрүүлэгчийн алийг нь найзаа болгох вэ? Аль нь хурал дотор гал тавьж байгааг ойлгоход хэцүү биш ээ.

5. Бодлогогүй үг гэдэг галыг унтраая гэвэл яах хэрэгтэй вэ?

5 Бодлогогүй үг гэдэг галыг яаж унтраах вэ? Есүс: «Зүрхний бялхалаас ам ярьдаг» гэж хэлжээ (Мат. 12:34). Тэгэхлээр бид юуны түрүүнд зүрхээ шалгах учиртай. Бусдыг муугаар бодохгүй байхыг хичээдэг үү? Жишээлбэл, нэг Гэрч эрэгтэйг хуралд тодорхой үүрэг хүлээх гээд мэрийж байгааг мэдлээ гэж бодъё. Энэ хүн Еховаг баярлуулахыг хүсэж байна гэж бодох уу, эсвэл хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж байна гэж дүгнэх үү? Хэрэв муу талаас нь бодох хандлагатай бол Диавол үнэнч Иовыг амин хувийн зорилгоор Еховад үйлчилж байна гэж хэлснийг санах нь зүйтэй (Иов 1:9–11). Ах дүүгээ хардаж сэрдэхийн оронд яагаад шүүмжлээд байгаагаа бодож үзэх нь сайн. Ингэж шүүмжлэх онцын шалтгаан байна уу? Эсвэл эцсийн өдрүүдэд газар авсан үл хайрлах хандлагад автаад байгаа юм биш биз? (2 Тим. 3:1–4).

6, 7. а) Ямар ямар шалтгаанаас болж бусдад шүүмжлэлтэй хандаж мэдэх вэ? б) Бусдад «зүхэгдвэл» яах хэрэгтэй вэ?

6 Бусдыг шүүмжлэх гээд байдаг өөр шалтгааныг авч үзье. Аливааг хийхдээ хүнд таалагдахыг хүсдэг бол энэ нь нэг шалтгаан байж мэднэ. Бусдыг шүүмжилж өөрийгөө дөвийлгөдөг байж болох юм. Эсвэл шийдвэртэй арга хэмжээ авч чадаагүйгээ зөвтгөхийг оролдож магадгүй. Бардам, атаархуу, өөртөө итгэлгүйгээсээ болоод бусдыг шүүмжлэх нь аюултай.

7 Хэн нэг хүнийг шүүмжилж ярьсныгаа зөв гэж бодох үе байдаг. Тэр хүний бодлогогүй хэлсэн үгнээс болоод гомдсон байж болох юм. Тэглээ гээд хариу барьж адилхан хандах нь сайн биш. Ингэх нь гал дээр тос нэмэхтэй адил бөгөөд Бурхны бус, Диаволын хүслийг гүйцэлдүүлж байгаа хэрэг болно (2 Тим. 2:26). Харин Есүсийг дууриах хэрэгтэй. Тэрбээр зүхэгдэж байхдаа, «хариуд нь зүхээгүй». Харин «шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа» (1 Петр 2:21–23). Цаг нь болохоор Ехова өөрөө асуудлыг шийднэ гэдэгт Есүс итгэж байсан. Бид ч бас Бурханд тийн итгэх учиртай. Сэтгэл сэргээм үг хэлдэг бол хурал дотор амар тайван, эв нэгдэл ноёлно (Ефес 4:1–3-ыг уншина уу).

АЙДАС, ДАРАМТ ХЭМЭЭХ УРХИНД ОРОХГҮЙ БАЙХ НЬ

8, 9. Пилат Есүст ял оноосны учир юу вэ?

8 Хавханд орсон амьтан чөлөөтэй хөдөлж чадахгүй болдог. Хэрэв хүн айж эмээх юм уу, бусдын дарамтад орвол өөрийгөө бүрэн дүүрэн хянах чадваргүй болдог (Сургаалт үгс 29:25-ыг уншина уу). Бусдад дарамтлагдаж, айсандаа бууж өгсөн хоёр хүнийг жишээ болгон ярилцаж, тэднээс ямар сургамж авч болохыг бодъё.

9 Ромын захирагч Понти Пилат Есүсийн буруугүйг мэдэж байсан учир түүнд муу юм хийхийг хүсээгүй. Тэр байтугай, Есүсийг «үхвэл зохих хэрэг» хийгээгүй гэж хэлсэн байдаг. Гэсэн хэдий ч цаазаар авах ял оноожээ. Яагаад тэр вэ? Пилат олонд дарамтлагдаад бууж өгчээ (Лук 23:15, 21–25). Эсэргүүцэгчид хүслээ гүйцэлдүүлэхийн тулд «Хэрэв та энэ Хүнийг суллавал, Цезарийн дайсан мөн» хэмээн хашгирч түүнийг дарамталсан (Иох. 19:12). Пилат Христийг суллавал албан тушаалаа, цаашлаад, амиа алдаж болзошгүй хэмээн айсан биз ээ. Тийм учраас бууж өгч, Диаволын хүссэнийг хийсэн.

10. Петр юуны учир Христийг мэдэхгүй гэж мэлзсэн бэ?

10 Элч Петр Есүсийн дотны нөхдийн нэг байлаа. Тэрбээр Есүсийг Мессиа хэмээн бусдад хэлэхээсээ айгаагүй (Мат. 16:16). Зарим шавь нь Есүсийн хэлснийг ойлголгүй түүнийг орхиход Петр үнэнч хэвээрээ байсан (Иох. 6:66–69). Мөн дайснууд Есүсийг баривчлахаар ирэхэд Петр илд хэрэглэн Эзнээ хамгаалсан (Иох. 18:10, 11). Гэвч хожим нь айснаасаа болоод Есүсийг мэдэхгүй гэж мэлздэг. Энэ элч тэрхэн зуур хүнээс айхын урхинд орж зориг нь мохоод Есүст үнэнч байж чадаагүй (Мат. 26:74, 75).

11. Ямар дарамт шахалтыг эсэргүүцэн тэмцэх хэрэгтэй вэ?

11 Хэн нэгэн хүн дарамталж, Бурхны дургүйг хүргэх юм хийлгэх гээд байвал христианууд бид бууж өгч болохгүй. Удирдах албан тушаалтнууд болон зарим хүн шударга бус юм хийлгэх, садар самуун явдалд орооцолдуулах гэж албадаж мэднэ. Шалгалтан дээр хуулах, порно үзэх, тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх, архидах, садар самуун үйлдэхийг ятган дарамталдаг оюутан сурагчид байдаг. Еховагийн дургүйг хүргэх иймэрхүү зүйлийг хийлгэх гэсэн дарамтад автахгүй, хүнээс айхгүй байя гэвэл яах хэрэгтэй вэ?

12. Пилат Петр нарт тохиолдсон явдал ямар сургамжтай вэ?

12 Пилат Петр нарт тохиолдсон явдал бидэнд ямар сургамжтай вэ? Пилат Христийг бараг мэддэггүй байв. Гэхдээ л Есүсийг ямар ч гэм буруугүй бөгөөд эгэл биш хүн гэдгийг мэдэж байсан. Пилат жинхэнэ Бурхныг хайрладаггүй, бардам ихэмсэг зантай учраас амьдаараа Диаволын олз болжээ. Харин Петр Бурхныг хайрладаг, үнэн зөв мэдлэгтэй ч заримдаа өөртөө хэтэрхий их итгэчихдэг, хүнээс айдаг, бусдын дарамт шахалтад автчихдаг байлаа. Есүсийг баривчлагдахаас өмнө Петр: «Хэдийгээр бүх хүмүүс бүдэрсэн ч би бүдрэхгүй» хэмээн ам бардам хэлжээ (Марк 14:29). Хэрэв «ЭЗЭН миний талд, би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ?» хэмээн дуулсан дуулалчийн адилаар Бурханд итгэж найдаж байсан бол тулгарах гэж буй сорилтод бэлтгэлтэй байх байлаа (Дуу. 118:6). Есүс дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн шөнө Петрийг өөр хоёр элчийн хамт Гетсеманийн цэцэрлэгт авч очжээ. Гурван элч нь сэргэг байж чадалгүй унтчихдаг. Есүс тэднийг сэрээн «Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир» гэж хэлдэг (Марк 14:38). Гэвч Петр нойрондоо дийлдэн дахиад л унтаад өгдөг. Дараа нь хүнээс айгаад бусдын дарамтад орсон.

13. Бусдын дарамтад орж буруу юм хийхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

13 Пилат Петр нарт тохиолдсон явдлаас бас нэг чухал зүйлийг ойлгож болно. Бусдын дарамт шахалтад орохгүйн тулд үнэн зөв мэдлэгтэй, даруу төлөв зантай, Бурхныг хайрладаг, хүнээс бус, Еховагаас эмээдэг байх хэрэгтэй. Хэрэв бид үнэн зөв мэдлэгийн үндсэн дээр итгэсэн бол итгэл үнэмшлээ зоригтой тайлбарлана. Үүний дүнд хүнээс айхгүй, бусдын дарамтад орохгүй байж чадна. Өөртөө хэтэрхий их найдаж болохгүй. Харин үүний оронд даруухан байж, Бурхны хүчээр бусдын дарамт шахалтыг сөрөн зогсож чадна гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Еховагаас ариун сүнс гуйх шаардлагатай. Хэрэв бид түүнд хайртай бол тогтоосон хэм хэмжээг нь сахиж, нэрийг нь гутаах аливаа зүйлээс зайлсхийж явах болно. Түүнээс гадна, тулгарах сорилтыг давахын тулд урьдаас бэлдэх хэрэгтэй. Жишээлбэл, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт залбирч байгаад урьдчилан бэлдвэл хүүхэд нь үе тэнгийнхэндээ оновчтой хариулт өгч чадна, дарамтад орж буруу юм хийхгүй (2 Кор. 13:7). *

ӨӨРИЙГӨӨ ХЭТ БУРУУТГАХГҮЙ БАЙХ НЬ

14. Диавол гаргасан алдааны маань талаар юу гэж бодуулахыг хүсдэг вэ?

14 Заримдаа анчид агнах амьтныхаа байнга явдаг газрын дээр гуалин юм уу том чулуу дүүжилж урхи тавьдаг. Сэрэмжгүй явж байсан амьтан нуун далдалсан уяанд тээглэхэд гуалин юм уу чулуу дээрээс нь гэнэт унаж бяц дардаг аж. Хэрэв хүн өөрийгөө хэт их буруутгавал хүнд ачаанд бяц дарагдсан мэт болдог. Жишээ нь, гаргасан алдаагаа бодоод байвал «маш хүндээр бэрт[сэн]» мэт санагдана (Дуулал 38:3–5, 8-ыг уншина уу). Сатан бидэнд Еховагийн өршөөлийг хүртэх эрхгүй, шаардлагад нь нийцүүлэн амьдрах чадваргүй гэж бодуулахыг хүсдэг.

15, 16. Өөрийгөө хэтэрхий их буруутгахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

15 Бяцалдаг энэ урхинд орохгүйн тулд яах хэрэгтэй вэ? Ноцтой нүгэл үйлдсэн бол Еховатай тогтоосон анд нөхрийн харьцаагаа нэн даруй сэргээгээрэй. Ахлагчидтай уулзаж, тусламж гуйгаарай (Иак. 5:14–16). Алдаагаа засахын төлөө чадах бүхнээ хийгээрэй (2 Кор. 7:11). Сахилга батын арга хэмжээ авахуулбал сэтгэлээр бүү унаарай. Ехова таныг хайрласандаа сахилгажуулдаг юм шүү (Евр. 12:6). Дахин нүгэл үйлдэхгүй гэж эргэлт буцалтгүй шийдээрэй. Тэгээд шийдвэрээ ажил хэрэг болгоорой. Нэгэнт гэмшиж, алдаагаа зассан бол Есүс Христийн золих тахил нүглийг тань халхалж чадна гэдэгт итгээрэй (1 Иох. 4:9, 14).

16 Зарим хүн нүгэл нь уучлагдчихаад байхад өөрийгөө дотроо буруутгаад байдаг. Та бас тэгдэг бол Ехова хайртай Хүү Есүсийг нь хамгийн хэцүү үед хаяад явсан Петр болон бусад элчийг уучилсныг санаарай. Бас жигшүүртэй муухай нүгэл үйлдэж байгаад хожмоо гэмшсэн, Коринт хотын нэг хүнийг Ехова уучилсныг бодоорой (1 Кор. 5:1–5; 2 Кор. 2:6–8). Ноцтой нүгэл үйлддэг байсан хүмүүс гэмшин, Бурхны өршөөлийг хүртсэн тухай Библид бичсэн байдаг (Ш.дэд 33:2, 10–13; 1 Кор. 6:9–11).

17. Золиос ямар ач тустай вэ?

17 Өршөөнө гэж найдаад, үнэн голоосоо гэмшвэл Ехова таныг уучилж, үйлдсэн нүглийг тань мартана. Есүсийн золиос нүглийг минь халхалж чадахгүй гэж бүү бодоорой. Хэрэв тийн бодох аваас Сатаны урхинд орно. Бүх нүглийг уучлахад золиос хангалтгүй гэж Диавол итгүүлэхийг хүсдэг ч нүгэлтэн гэмшвэл бүрмөсөн уучлагдах боломжтой (Сур. 24:16). Та золиосонд итгэдэг бол өөрийгөө хэтэрхий их буруутгахаа больж Бурханд бүх зүрх, сэтгэл, оюун ухаанаараа үйлчлэх тэнхээтэй болно (Мат. 22:37).

БИД САТАНЫ ХӨНӨӨХ САНААГ МЭДДЭГ

18. Яавал Сатаны урхинд орохгүй вэ?

18 Тавьсан урхиных нь алинд орохыг Сатан урьдаас тааварлаж мэддэггүй. Бид Сатаны хөнөөх санааг мэддэг учраас түүнд баригдахгүй байх боломжтой (2 Кор. 2:10, 11). Сорилтыг давах мэргэн ухаан гуйж залбирдаг бол Диаволын урхинд орохгүй. Иаков: «Та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно» гэж бичжээ (Иак. 1:5). Залбирлынхаа хариуг авахын тулд Бурхны Үгийг бие даан тогтмол судалж, түүнийгээ ажил хэрэг болгох шаардлагатай. Итгэмжит ухаалаг боолын ангийн гаргасан ном хэвлэлээс Диавол хаана урхи тавьсныг мэдэж, түүнээс холуур явж болдог.

19, 20. Бузар мууг үзэн ядах ёстойн учир юу вэ?

19 Залбирдаг, Библи судалдаг бол сайн юмыг эрхэмлэдэг болно. Мөн үүний зэрэгцээ бузар мууг үзэн яддаг болох нь чухал (Дуу. 97:10). Хэрэв бид хор уршгийг нь боддог бол хүсэл тачаалдаа автахгүй байж чадна (Иак. 1:14, 15). Бузар мууг үзэн ядаж, сайн юмыг үнэн зүрхнээсээ хайрладаг болбол Сатаны тавьсан өгөөшинд хууртахгүй.

20 Сатанд баригдахгүй байхад тусалдаг Бурхандаа талархаад баршгүй! Ехова ариун сүнсээрээ, Үгээрээ, байгууллагаараа дамжуулан биднийг «бузар муу» нэгнээс хамгаалдаг (Мат. 6:13). Бурхны үйлчлэгчдийг амьдаар нь барихдаа хэрэглэдэг Диаволын өөр хоёр урхинд орохгүйн тулд яах хэрэгтэйг дараагийн өгүүллээр ярилцъя.

[Зүүлт]

^ Эцэг эхчүүд «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2010 оны 11-р сарын 15-ны дугаарын 9–11-р хуудсанд нийтлэгдсэн материалыг Гэр бүлийн Библийн хичээлийн хөтөлбөрт оруулж, хүүхдүүдтэйгээ ярилцвал сайн.

[Догол мөрийн асуулт]

[21-р хуудасны зураг]

Бодлогогүй үг хэлэх нь хурал дотор гал тавихтай адил

[24-р хуудасны зураг]

Өөрийгөө хэт их буруутгах хэрэггүйн учир юу вэ?