Зовлон бэрхшээлийг эр зоригтой давах нь
«Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, зовлон дундах бодит тусламж юм» (ДУУ. 46:1).
1, 2. Өнөөдөр хүмүүст ямар ямар бэрхшээл тулгарч байна вэ? Бурхны үйлчлэгч бүрийн хүсэл юу вэ?
ӨНӨӨ ҮЕ зовлон бэрхшээл, гай гамшгаар дүүрэн. Хүн төрөлхтөн газар хөдлөл, цунами, үер, галт уулын дэлбэрэлт, хар салхи, далайн шуурганд асар ихээр нэрвэгдэж байна. Түүнээс гадна, гэр бүл болон өөрт тулгарсан бэрхшээлээс болж олон хүн айдас түгшүүр, зовлон гунигтай амьдардаг. Гай зовлон хэнийг ч тойрдоггүй (Ном. 9:11).
2 Бурхны үйлчлэгчид ийм хэцүү үеийг хамт олноороо амжилттай даван туулж ирсэн билээ. Харин хувь хүний тухайд юу хэлж болох вэ? Ертөнцийн төгсгөл ойртож байгаа учраас хэнд ч юу ч тохиолдохыг үгүйсгэх аргагүй. Тийм үед бэлэн байхыг дор бүрнээ хүсдэг. Ямар нэгэн муу юм тохиолдлоо гэхэд яавал Бурхандаа баяр хөөртэй үйлчилсээр байх вэ? Өнөөгийн зовлон бэрхшээлийг эр зоригтой давахад юу туслах вэ?
ЗОВЛОН БЭРХШЭЭЛЭЭ ЭР ЗОРИГТОЙ ДАВСАН ХҮМҮҮСИЙН ЖИШЭЭ
3. Ром 15:4-ийг үзвэл, хэцүү үедээ бид хэрхэн тайвшрах вэ?
3 Зовлон бэрхшээл хүн төрөлхтний түүхэнд байсаар ирсэн. Гэсэн хэдий ч урьд урьдынхаас илүү олон хүн зовж байна. Амьдралын шуургыг зоригтой сөрж, амжилттай давсан Бурхны эртний үйлчлэгчдээс юу сурч болохыг одоо үзье (Ром 15:4).
4. Давид ямар ямар зовлон амссан бэ? Ямар учраас зовлонгоо тэвчсэн бэ?
4 Давид ямар зовлон амссаныг бодъё. Саул хааны гарт амиа алдах шахсан. Дайсны довтолгоонд өртөж, эхнэрүүдээ булаалгасан. Дайчин нөхөд, үр хүүхэд, итгэлт анд нь урвасан. Бас сэтгэлийн зовлон амссан (1 Сам. 18:8, 9; 30:1–5; 2 Сам. 17:1–3; 24:15, 17; Дуу. 38:4–8). Давидын тухай Библид бичсэнийг үзвэл, энэ бүхнээс болж зовж шаналсан ч Еховад итгэх итгэл нь алдраагүй ажээ. Тэрбээр: «ЭЗЭН бол миний амийн хамгаалалт юм. Хэнээс би айх юм бэ?» хэмээн итгэл төгс хэлсэн байдаг (Дуу. 27:1; Дуулал 27:5, 10-ыг уншина уу).
5. Абрахам Сара хоёр юуны ачаар амьдралын хатуу хүтүүг даван туулж чадсан бэ?
5 Абрахам Сара хоёр ихэнх амьдралаа хүний нутагт майханд өнгөрүүлжээ. Амьдрал нь тийм ч амар хялбар байгаагүй. Ган гачигт нэрвэгдэх, хөрш зэргэлдээх овог аймгуудын довтолгоонд өртөх гэх зэргийн аюул учирч байсан. Гэхдээ тэр бүхнийг зоригтой даван туулжээ (Эх. 12:10; 14:14–16). Яаж давж чадсан юм бол? Бурхны Үгэнд «Абрахам суурь бүхий хотыг хүлээж байсан юм. Тэр хотын уран барилгачин ба барилгачин нь Бурхан мөн» хэмээсэн байдаг (Евр. 11:8–10). Абрахам Сара хоёр тулгарах бэрхшээлд сөхрөлгүй, Бурхны амлалтыг байнга бодож явдаг байв.
6. Иовыг яаж дууриах вэ?
6 Иов бол дааж давшгүй хүнд зовлон амссан хүн. Амьдрал нь орвонгоороо эргэхэд түүнд ямар байсныг төсөөлөөрэй (Иов 3:3, 11). Ийм аймшигтай юм тохиолдсоны учрыг ойлгоогүй хэр нь огтхон ч бууж өгөөгүй. Бурханд чин үнэнч, бат итгэлтэй байсан (Иов 27:5-ыг уншина уу). Ямар сайхан жишээ вэ!
7. Паул Бурханд үйлчилж байхдаа ямар зовлон үзсэн бэ? Бэрхшээлээ зоригтой давахад нь юу тус болсон бэ?
7 Элч Паулын тухай авч үзье. Түүнд «хотын аюул, говийн аюул, тэнгис дээрх аюул» тулгарч байжээ. Бас «өлсөж, цангаж, ... нүцгэрч, даарч хөрч байснаа», «усан онгоцны сүйрэлд өртөж, тэнгисийн гүнд өдөр, шөнийг өнгөрөөснөө» дурссан байдаг (2 Кор. 11:23–27). Паул иймэрхүү аюулыг юман чинээ бодоогүй. Нэг удаа бүр амиа алдах шахсаныхаа дараа «Бид өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найд[даг]. ... Тэр биднийг тийм аймшигт үхлээс аварсан бөгөөд аврах болно» гэж хэлснээс нь ямар хүн байсныг мэдэж болно (2 Кор. 1:8–10). Паулд тулгарч байсан шиг тийм олон аюулд өртсөн хүн ховор. Харин Паулынхтай адил сэтгэлийн зовлон амсдаг хүн олон. Тиймээс эр зоригтой байж бэрхшээлээ даван туулсныг нь уншихлаар бидний сэтгэл тайвширдаг.
БЭРХШЭЭЛИЙН ӨМНӨ БҮҮ СӨХӨР
8. Өнөөгийн зовлон бэрхшээлээс болоод хүмүүс яадаг вэ? Жишээ хэлнэ үү.
8 Өнөө үед гай гамшиг, бэрхшээл зовлон, дарамт шахалтаас болж олон хүн цөхрөнгөө барж байна. Тэр байтугай христиануудын дунд ч тийм хүн бий. Австралид нөхөртэйгөө хамт бүрэн цагаар үйлчлэхийн жаргал эдэлж байсан Лани * хөхний хорт хавдартай гэсэн сэтгэл сэрд хийм мэдээ сонсоод ихэд цочирджээ. Тэрбээр: «Эмчилгээ хийлгээд бүр дордсон. Өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж бодох болсон» хэмээн ярьсан юм. Ядахад, нурууны мэс засал хийлгэсэн нөхрөө асрах шаардлагатай байлаа. Танд ийм юм тохиолдвол яах вэ?
9, 10. а) Сатанд яагаад бууж өгч болохгүй вэ? б) Ямар хандлагатай байвал Үйлс 14:22-т бичсэн «олон зовлонг» тэвчих вэ?
9 Муу юм тохиолдох үед бидний итгэлийг эвдэн бусниулж, баяр баясгаланг маань үгүй хийхийг Сатан оролддог. Гэхдээ бид Сатанд бууж өгч болохгүй. Сургаалт үгс 24:10-т «Хэрэв чи бэрх цагт сул дорой байваас хүч тэнхээ чинь сул аж» хэмээн бичжээ. Библид гардаг хүмүүсийн түүхийг, тухайлбал, дээр дурдсан жишээнүүдийг эргэцүүлэн боддог бол зовлон бэрхшээлийг эр зоригтой давж чадна.
10 Бас бид өөрсдөө бүх бэрхшээлийг арилгаж чадахгүй. Тэгээд ч бидэнд бэрхшээл тулгарах нь зайлшгүй (2 Тим. 3:12). Үйлс 14:22-т «Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой» гэж байдаг. Сэтгэлээр унаж, гутрахын оронд Бурхан тусална гэдэгт итгэх итгэлээ бэхжүүлэх боломж олдлоо гэж бодоорой.
11. Бэрхшээлийн өмнө сөхрөхгүйн тулд яах хэрэгтэй вэ?
11 Үргэлж сайн сайхан юм бодож өөдрөг байх хэрэгтэй. Бурхны Үгэнд «Зүрх жаргалтай бол нүүр царай хөгжилтэй. Харин зүрх гутрах үед сүнс эмтрэнэ» гэж байдаг (Сур. 15:13). Өвчин туссан хүн өөдрөг байвал илааршдагийг эмч мэргэжилтнүүд аль эртнээс хүлээн зөвшөөрсөн. Эм шиг харагддаг үрэл (плацебо) өгөхөд, үнэхээр тус болно гэж итгэсэн учраас бие нь сайжирдаг өвчтөн олон байдаг. Харин ууж байгаа эмээ таарахгүй байна гэж бодохлоороо бие нь улам дорддог аж. Хүн өөрийнхөө хүчээр өөрчилж чадахгүй зүйлийг байнга бодоод байвал сэтгэлээр унана. Зовж явахад маань Ехова «эм шиг харагддаг үрэл» өгдөггүй, харин жинхэнэ тусламж үзүүлдэг. Үгээрээ тайвшруулж, түшиг тулгуур болсон христиан ах дүүсээр маань зоригжуулж, ариун сүнсээрээ хүч тэнхээ өгдөг. Энэ бүхнийг голчлон анхаардаг бол урам орж сэргэнэ. Сэтгэл үймүүлэх гутранги юм бодохын оронд бэрхшээлээ давахад тустай зүйлийг хийж, амьдралдаа тохиолдсон сайн сайхан зүйлийг бодож байгаарай (Сур. 17:22).
12, 13. а) Бурхны үйлчлэгчид юуны ачаар гай зовлонг тэвчиж чаддаг вэ? Жишээ хэлнэ үү. б) Хүн амьдралдаа юуг хамгийн чухал гэж үздэг нь гай гамшгийн үед хэрхэн тодорхой болдог вэ?
12 Сүүлийн жилүүдэд нэлээд хэдэн оронд байгалийн гамшиг болсон. Эдгээр оронд амьдардаг итгэл нэгт ах дүүс маань гайхалтай тэвчээр гаргаж байсныг тэмдэглүүштэй. Гэхдээ л амаргүй байсан аж. 2010 оны эхээр Чилид хүчтэй газар хөдлөлт, цунами болж, итгэл нэгтнүүдээс маань олон хүн гэр орон, эд хөрөнгөө алдаж, зарим нь бүр амьжиргааны эх үүсвэргүй хоцорчээ. Гэсэн хэдий ч тэд Бурхандаа үйлчилсээр байв. Гэр орон нь юу ч үгүй сүйдсэн Самуэл: «Ийм хэцүү үед ч эхнэр бид хоёр заншсан ёсоороо цуглаандаа тогтмол явж, дэлгэрүүлсээр байсан. Тийм учраас сэтгэлээр унаж цөхрөөгүй» хэмээн ярьсан юм. Тэд итгэл нэгт ах дүүсийнхээ адилаар гай гамшгийн өмнө өвдөг сөхрөлгүй, Еховад идэвх зүтгэлтэй үйлчилсэн.
13 2009 оны 9 дүгээр сард аадар бороо орсны улмаас Филиппин улсын нийслэл Манила хотын 80 хувь нь үерт автжээ. Нэлээд их юмаа алдсан нэгэн чинээлэг хүн: «Энэ үер баян, ядуу хэнийг ч ялгалгүй сүйрүүлж, гай зовлонд унагасан» гэж хэлсэн юм. Энэ үг Есүсийн өгсөн мэргэн зөвлөгөөг санагдуулдаг. Тэрбээр: «Тэнгэрт эд баялгийг өөрсдөдөө хураа. Учир нь тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй» хэмээн айлджээ (Мат. 6:20). Нүд ирмэхийн зуур алга болдог эд юмсыг чухалчилж амьдарвал сэтгэлээр унаж гутрах нь олонтаа. Харин Еховатай тогтоосон харьцаагаа эрхэмлэх нь хэчнээн ухаалаг хэрэг вэ! Учир нь тийм хүн эргэн тойронд нь юу ч болж байсан ажирдаггүй (Еврей 13:5, 6-г уншина уу).
ЗОРИГТОЙ БАЙХ ШАЛТГААН БИЙ
14. Бид яагаад зоригтой байдаг вэ?
14 Есүс шавь нартаа өөрийг нь залран байх үед янз бүрийн зовлон тохиолдохыг сануулаад, «Бүү айгтун» гэж хэлжээ (Лук 21:9). Хаан Есүс Христ болон Орчлонт ертөнцийг бүтээсэн Ехова Бурхан тусалдаг учраас бид зоригтой байдаг. Паул: «Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн» хэмээн хэлж Тимотыг зоригжуулжээ (2 Тим. 1:7).
15. Зарим хүн Бурханд бат найддагаа хэрхэн илэрхийлсэн бэ? Яавал тэдэн шиг зоригтой байх вэ?
15 Бурхны үйлчлэгчдийн итгэл төгс хэлсэн дараах үгсийг анхааръя. Давид: «ЭЗЭН бол миний хүч чадал, миний бамбай юм. Зүрх минь Түүнд итгэдэг бөгөөд би тусыг нь хүртсэн. Тиймээс зүрх сэтгэл минь баярладаг» хэмээн хэлжээ (Дуу. 28:7). Паул: «Бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг» гэж хэлэн гуйвшгүй итгэлтэйгээ харуулсан (Ром 8:37). Есүс ч гэсэн аюул тулгарахад «Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг» гэж шавь нартаа хэлсэн нь Бурхантай хэр дотно харьцаатайгаа баталсан хэрэг байв (Иох. 16:32). Энэ хүмүүсийн хэлсэн үгнээс юу ойлгож болох вэ? Тэд бүгдээрээ Еховад бат итгэлтэй байжээ. Хэрэв бид тэдэн шиг итгэлтэй бол тулгарах бэрхшээлийг зоригтой давж чадна (Дуулал 46:1–3-ыг уншина уу).
ЭР ЗОРИГТОЙ БАЙХАД БУРХАН ХЭРХЭН ТУСАЛДАГ ВЭ?
16. Бурхны Үгийг судлах нь яагаад чухал бэ?
16 Христиан хүн өөртөө бус, харин Бурханд найддаг учир эр зоригтой байдаг. Тиймээс Бурханд найддаг болохын тулд түүний Үг болох Библийг судлах хэрэгтэй. Сэтгэл гутрах өвчтэй нэг Гэрч эмэгтэй: «Дуртай Библийн зүйлээ дахин дахин уншиж тайвширдаг» хэмээн ярьжээ. Та итгэмжит, ухаалаг боолын зөвлөгөөг дагаж гэр бүлийн хичээл тогтмол хийдэг үү? Хийдэг бол дуулалчтай адил бодолтой болно. Тэрбээр: «Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг» хэмээн дуулжээ (Дуу. 119:97).
17. а) Зовлон бэрхшээлийг зоригтой давахад Ехова яаж тусалдаг вэ? б) Манай ном хэвлэлд гарсан итгэл нэгтнүүдийн маань түүх намтар танд яаж тус болсон бэ?
17 Ехова Библид үндэслэсэн ном хэвлэлийн хуудсаар дамжуулан итгэлийг маань бас бэхжүүлдэг. Сэтгүүлд гарсан итгэл нэгтнүүдийн маань түүх намтар олон хүнд тус болдог. Азийн оронд амьдардаг, үечилсэн солиорол өвчтэй Гэрч эмэгтэй нэг миссионерийн намтрыг уншаад ихэд урамшжээ. Учир нь миссионер ах өөртэй нь адилхан өвчин туссан ч Бурхандаа баяр хөөртэй үйлчилдэг аж. «Энэ түүх тулгараад байгаа бэрхшээлийг минь ойлгуулж, надад итгэл найдвар өгсөн» хэмээн тэр эмэгтэй бичжээ.
18. Залбирах боломж бүрийг ашиглах хэрэгтэйн учир юу вэ?
18 Бас залбирал ямар ч үед тус болдог. Ямар ч үед залбирал тус болдог. Элч Паул залбирлын ач холбогдлыг онцлон: «Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална» хэмээн бичжээ (Флп. 4:6, 7). Та зовлонгоо тэвчих хүчтэй болохын тулд үргэлж залбирдаг уу? Англид амьдардаг Алекс сэтгэл гутрах өвчнөөс болж олон жил шаналж буй аж. Тэрбээр: «Еховад залбиран сэтгэлээ уудалж, юу хэлэхийг нь „сонсох“ гэж Үгийг нь уншина гэдэг миний хувьд амин чухал» хэмээн ярьжээ.
19. Цуглаанд очих нь хэр зэрэг чухал бэ?
19 Бидэнд тус болдог өөр нэг чухал зүйл нь цуглаан юм. Дуулалч: «Миний сэтгэл ЭЗЭНий хашаа уруу тэмүүлэн, эрмэлздэг» хэмээн бичжээ (Дуу. 84:2). Та бас ингэж боддог уу? Өгүүллийн эхэнд дурдсан Лани бүх цуглаанд очиж, итгэл нэгтнүүдтэйгээ хамт байхыг маш чухал гэж үздэг ажээ. Тэрбээр: «Зовлонгоо давах хүч Еховагаас авъя л гэвэл тэнд очих ёстой гэдгээ ойлгосон» хэмээн ярьсан юм.
20. Дэлгэрүүлэх ажилд оролцохын ач тус юу вэ?
20 Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцох нь бидэнд тустай (1 Тим. 4:16). Их зовлон үзсэн австрали Гэрч эмэгтэй: «Тэр үед би дэлгэрүүлмээргүй байсан. Тэгтэл нэг ахлагч хамт дэлгэрүүлье гэхлээр нь явлаа. Ехова л тусалсан байх. Би дэлгэрүүлэх бүрдээ баяр хөөртэй болдог байлаа» гэжээ (Сур. 16:20). Бусдыг Еховатай танилцуулахлаар өөрийнх нь итгэл бэхэждэгийг олон хүн анзаарчээ. Хүнд туслахын хэрээр зовлонгоо мартаад, илүү чухал юманд анхаарлаа хандуулж чаддаг аж (Флп. 1:10, 11).
21. Зовлон тохиолдоход юунд итгэлтэй байж болох вэ?
21 Өнөөгийн зовлон бэрхшээлийг зоригтой давахад маань Ехова олон янзаар тусалдаг. Энэ бүх тусламжийг авч, Бурхны зоригт үйлчлэгчдийн сайхан жишээг эргэцүүлэн бодож, тэднийг дууриадаг бол бэрхшээлийг ажрахгүй давна. Энэ ертөнцийн төгсгөл ойртох тусам зовлон улам нэмэгдэж болох юм. Гэхдээ бид Паулын адилаар, «цохигддог боловч мөхдөггүй. ... Бид зүрх алддаггүй» (2 Кор. 4:9, 16). Еховагийн тусламжтайгаар зовлон бэрхшээлийг зоригтой давж чадна (2 Коринт 4:17, 18-ыг уншина уу).
^ Зарим нэрийг өөрчлөв.