Намтар
60 жил—Үүрдийн нөхөрлөлийн эхлэл
1951 оны зуны нэгэн үдэш. 20 гарч яваа дөрвөн залуу хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Тэд АНУ-ын Нью-Йорк мужийн Итака хотын гудамжинд эгнүүлэн байрлуулсан утасны бүхээгээс сайхан мэдээгээ дуулгахаар Мичиган, Айова, Калифорни руу залгаж зогсоно.
ТЭР жилийн 2 дугаар сард 122 эхлэгч Гилеад сургуулийн 17-р ангид суралцахаар Нью-Йорк мужийн Лансин хотод ирсэн юм. Ирээдүйн миссионерүүдийн дунд Лоуэлл Турнер, Уилльям (Билл) Кастен, Ричард Келси, Реймон Темплтон байв. Лоуэлл Билл хоёр Мичиганаас, Ричард Айоваас, Реймон Калифорниос иржээ. Тэр дөрөв удалгүй сайн найзууд болцгоов.
Ирээд таван сар болсны дараа нэг зарлал сонсоод хүн болгон догдлон баярлажээ. Байгууллагын төвөөс Нейтан Норр ах ирж суралцагчдад үг хэлнэ гэж зарласан аж. Дөрвөн найз, болж өгвөл нэг газар хамт үйлчлэх хүсэлтэйгээ мэдэгдсэн байлаа. Хүсэл нь биелэх болов уу? Гайхал төрүүлэм томилолт авах юм биш биз? Яг тийм!
Суралцагчид Норр ахын үг хэлэхийг сэтгэл догдлон сонсож байхдаа аль улсад томилогдсоноо мэдэх гэж тэсэн ядаж байлаа. Тайзнаа уригдсан эхний хүмүүс нь нөгөө дөрөв байв. Их сандарч байсан ч хамт үйлчлэхээ мэдээд сая нэг санаа нь амарчээ! Харин хаана үйлчлэх бол? Германд томилогдсоныг нь зарлахад ангийн хамт олон нь гайхан баярлаж, нижгэнэтэл алга ташжээ.
1933 оноос эхэлсэн Гитлерийн дэглэмийн үед Герман дахь Еховагийн Гэрчүүд үнэхээр бат итгэлтэй, үнэнч байсныг дэлхийн олон орны итгэл нэгтнүүд нь гайхан биширдэг. Дэлхийн II дайныг эсэн мэнд давсан Европын ах дүүстээ зориулж хувцас хунар болон тусламжийн бараа явуулж байсныг суралцагчид дурсан санажээ. Герман дахь Бурхны ард түмэн тууштай, зоригтой байж, Еховад бат итгэж найдахын сайхан үлгэр дууриал болсон. «Харин одоо ийм сайхан ах дүүстэйгээ нүүр тулан уулздаг байжээ» хэмээн тэр үед бодож байснаа Лоуэлл дурссан юм. Тэр орой тэгтлээ их догдолж, аав ээж, найз нөхдөдөө энэ тухайгаа хэлэх гэж утастаж байсны учир энэ ажээ.
ГЕРМАН ОРОХ ЗАМД
1951 оны 7 дугаар сарын 27-нд «Хоумланд» нэртэй зорчигч тээврийн усан онгоц Нью-Йоркийн Ист Риверийн усан зогсоолоос хөдөлжээ. Дөрвөн найз Герман хүртэлх 11 хоногийн далайн аялалд гарлаа. Гилеад сургуулийн
багш, хожим Удирдах Зөвлөлийн гишүүн болсон Альберт Шрөдер тэдэнд германаар хэдэн өгүүлбэр зааж өгсөн аж. Харин одоо усан онгоцонд герман зорчигчидтой хамт яваа болохоор илүү олон үг сурч болмоор. Гэтэл тэд янз бүрийн аялгуугаар ярилцаж байх нь тэр. Алийг нь сурах болж байна аа!Далайн өвчнөөс арай гэж ангижирсан залуус 8 дугаар сарын 7-ны мягмар гаригийн өглөө Германы Хамбург хотын хөрсөн дээр сая нэг, хөл тавьжээ. Зургаан жилийн өмнө дууссан дайны ул мөр хаа сайгүй харагдаж байлаа. Үзэж харсан зүйлдээ зүрх нь шимширч явсаар салбар байдаг Вийсбаден орох шөнийн галт тэргэнд суув.
Лхагва гаригийн өглөө эрт Ханс гэдэг хүн тэр дөрвийг тосож авлаа. Германд ирээд анх удаа Гэрч хүнтэй уулзаж байгаа нь энэ. Ханс гэдэг нэр Германд түгээмэл байдаг ажээ. Тэднийг галт тэрэгний буудлаас Бетелд хүргэж, нэлээд зоримог байрын нэгэн настай эгчид орхиод явчихав. Англи хэл мэдэхгүй тэр эгч чанга яривал ойлгоно гэж бодсон бололтой. Гэвч хэчнээн чанга ярилаа гээд тэд ойлголцсонгүй, бүр аргаа баржээ. Тэгж байтал салбарын үйлчлэгч Эрик Фрост ирж, тэднийг халуун дотноор угтан англиар мэндчилэв. Ингээд бүх юм болоод явчихав.
8 дугаар сарын сүүлчээр дөрвөн анд герман хэлээр явуулдаг чуулганд анх удаа суулаа. Франкфурт ам Майн хотноо болсон «Цэвэр шүтлэг» гэсэн сэдэвтэй тэр чуулганд нийтдээ 47 432 хүн ирж, 2 373 хүн баптисм хүртсэн нь дөрвөн миссионерийн урам зоригийг сэргээж, дэлгэрүүлэх хүслийг нь бадраажээ. Гэтэл хэд хоногийн дараа тэднийг Бетелд ажиллуулах болсныг Норр ах мэдэгдэв.
Тэд Бетелд үйлчлэхийн баяр хөөрийг эдлээд, хэнд юу тохиромжтойг Ехова хамгийн сайн мэддэг гэдэгт бүрэн дүүрэн итгэжээ
Урьд нь Реймон АНУ-ын Бетелд үйлчлэх боломжтой байсан боловч миссионер болохыг үнэхээр их хүсэж байсан учир татгалзсан ажээ. Ричард Билл хоёр бетелчин болох тухай огт бодож байсангүй. Гэвч тэд Бетелд үйлчлэхийн баяр баясгаланг эдлээд, хэнд юу тохиромжтойг Ехова хамгийн сайн мэддэг гэдэгт
бүрэн дүүрэн итгэжээ. Хүсэлдээ хөтлөгдсөнөөс Еховагийн удирдлага зааварт итгэж найдах нь хэчнээн ухаалаг вэ! Үүнийг ойлгосон хүн хаана ч байсан Еховад жаргалтай үйлчилж, ямар ч үүрэг даалгаврыг баяр хөөртэй биелүүлэх болно.ФЕРБОТЕН!
Америкчуудтай хамт үйлчлэх болсондоо баярласан хүн герман бетелчдийн дунд олон байсан. Англиар ярих сайхан боломж олдлоо гэж боджээ. Гэтэл энэ найдвар нь нэг л өдөр замхрав. Угийн гал цогтой ярьдаг Фрост ах хоолны танхимд сууж байсан бетелчдэд германаар нэг юм ярьж эхэллээ. Их л ноцтой юм бололтой. Бетелчдийн ихэнх нь өмнөх тавгаа ширтэн дуу шуу ч үгүй сууж байлаа. Шинээр ирсэн дөрөв маань чухам юу яриад байгааг ойлгохгүй байсан ч өөрсөдтэй нь холбоотой юм ярьж байгааг таамаглав. Фрост ах дуугаа өндөрсгөн «ФЕРБОТЕН!» («Хориглоно!») гэж хэлснээ, бүр чангаар онцолж давтахад их л эвгүй санагдаж байлаа. Ингэж хэлүүлэхээр юу хийчихсэн юм бол?
Хоолны цаг дуусаж, бүгд өрөө өрөө рүүгээ яаран явав. Дараа нь нэг ах: «Та нар бидэнд туслахын тулд германаар ярих ёстой. Тийм учраас, Фрост ах та нарыг хэл суртал англиар ярихыг ФЕРБОТЕН гэж бидэнд хэлсэн» хэмээн тайлбарлаж өгчээ.
Бетелчид үг дуугүй дагасан аж. Үүний ачаар шинээр ирсэн дөрөв герман хэл сурсан юм. Бас хэн нэг ах сайхан сэтгэлээр зөвлөгөө өгвөл, дагах нь эхэндээ амаргүй байлаа ч эцсийн эцэст өөрсдийнх нь сайн сайхны төлөө байдгийг тэд ойлгожээ. Фрост ах Еховагийн байгууллагын төлөө сэтгэл зүтгэл гаргадгийн зэрэгцээ ах дүүсээ хайрладаг нь өгсөн зөвлөгөөнөөс нь харагддаг. * Дөрвөн найз ч Фрост ахыг яваандаа хайрладаг болсон нь ойлгомжтой!
НӨХДӨӨСӨӨ СУРАЛЦАХ НЬ
Бурхнаас эмээдэг найз нөхөд сайн үлгэр дууриал болдог. Энэ нь Еховатай улам ойр дотно болоход тустай байдаг. Дөрвөн найз бие биеэсээ төдийгүй Герман дахь үнэнч ах дүүсээсээ бишгүй ихийг сурсан. Тэднийхээ нэрийг дурдъя гэсэн ч барагдахгүй. Ричард: «Лоуэлл герман хэл бага сага мэднэ, бас овоо ярьчихна, бусад нь ярьж чадахгүй. Лоуэлл бид
гурваас насаар ах болохоор биднийгээ дагуулна, германаар ойлгохгүй юм гарвал шууд л түүнээс асууна» хэмээн ярив. Реймон: «Бид дөрвийг Германд жил болсны дараа нэг швейцарь ах нутагтаа байдаг зуны байшиндаа амруулахаар болоход би ямар их баярласан гэж санана! Хоёр долоо хоног германаар ярина гэж зовохгүй, мөн ч сайхан жаргана даа! Гэтэл Лоуэлл маань өөр бодолтой байж. Өдөр тутмын зүйлийг өглөө бүр германаар уншиж, хэлэлцэнэ шүү гэдэг байгаа! Би баахан унтууцсан боловч Лоуэлл бууж өгөөгүй. Гэхдээ бид нэг чухал зүйлийг ойлгосон юм. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүнтэй санал нийлэхгүй байсан ч үгийг нь дагах хэрэгтэй юм билээ. Үүний ач тусыг бид олон жил хүртэж явна. Бурхны удирдлага зааврыг дуулгавартай дагахад үнэхээр хэрэг болдог» хэмээн ярьсан юм.Дөрвөн анд нэг нэгнийхээ давуу талыг үнэлж сурчээ. Филиппой 2:3-т «Даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үз» гэдэг шүү дээ. Билл ямар нэг ажил үүрэг гүйцэтгэхдээ бусдаасаа илүү болохоор нөгөө гурав нь ч түүнийг их хүндэтгэнэ. Лоуэлл: «Шийдэхэд амаргүй асуудал тулгарвал Биллдээ л даатгачихна. Тэр маань болж бүтэхгүй юмны учрыг олж хужрыг тунгаахдаа биднийгээ дагуулахгүй. Бид юу хийхээ мэддэг хэр нь яагаад ч юм чадвар, зориг дутдаг байлаа» хэмээн дурссан.
ГЭР БҮЛТЭЙ БОЛЦГООСОН НЬ
Өнөөх дөрөв яваандаа гэрлэхээр шийджээ. Тэдний нөхөрлөлийн үндэс нь Еховаг хайрлах хайр, бүрэн цагийн үйлчлэл байсан тул Еховаг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг эмэгтэйчүүдийг ханиа болгох зорилго тавьсан байна. Бүрэн цагаар үйлчилсний ачаар авахаасаа өгөх нь илүү жаргалтай болдгийг, Хаанчлалын үйл хэргийг хувийн ашиг сонирхлоос дээгүүр тавих нь ухаалаг хэрэг байдгийг тэд ухаарчээ. Тийм ч учраас өөрийнхөө санаачилгаар бүрэн цагаар үйлчилдэг болсон бүсгүйчүүдийг сонгосон аж. Ингэж дөрвөн сайхан айл гал голомтоо бадраасан юм.
Еховатай дотно байсан цагт гэр бүл бат бэх, андын холбоо ч зузаан байна (Ном. 4:12). Хэдийгээр Билл Реймон хоёр ханиа алдахын гашуун зовлон амссан ч өмөг түшиг болсон үнэнч эхнэртэй байхын жаргал эдэлсэн. Лоуэлл Ричард хоёр одоо ч ханьтайгаа хамт Бурхандаа үйлчилж явна. Билл дахин гэрлэсэн бөгөөд ханиа ухаалаг сонгосон учир бүрэн цагаар үйлчилсээр байсан.
Хожим нь тэд янз бүрийн оронд үйлчлэх болов. Гол төлөв Германд, бас Австри, Люксембург, Канад, Америкт томилогдож байжээ. Тийм болохоор дөрвөн найз хүссэн цагтаа уулзах аргагүй болсон. Тэд бие биеэсээ алс хол ч байнга холбоотой байж, жаргал зовлонгоо хуваалцан, инээхдээ инээж, уйлахдаа уйлдаг байлаа (Ром 12:15). Ийм үнэнч нөхөдтэй байх нь хосгүй завшаан бөгөөд тэднийгээ хайрлаж эрхэмлэдэг байх хэрэгтэй. Тэд бол Еховагийн өгсөн үнэт бэлэг юм (Сур. 17:17). Өнөөгийн ертөнцөд жинхэнэ найзтай болно гэдэг хэчнээн хэцүү вэ! Харин жинхэнэ христианууд найз нөхөд олонтой. Еховагийн Гэрчүүд бид дэлхий дахинд буй итгэл нэгтнүүдтэйгээ, хамгийн гол нь, Ехова Бурхан, Есүс Христтэй дотносон нөхөрлөхийн баяр жаргал эдэлдэг.
Хүний амьдралын зам дандаа шулуун дардан байдаггүй. Энэ дөрвөн найз ч ханиа алдах, аюулт өвчин тусах, настай эцэг эхээ асрах, бүрэн цагаар үйлчлэнгээ үр хүүхдээ өсгөх, шинэ томилолт аваад чадах болов уу гэж санаа зовох гэх мэтийн юм бишгүй үзсэн. Сүүлийн үед өтөлж хөгшрөхийн зовлон амсаж байна. Гэхдээ Еховаг хайрладаг бол найз нөхөд хол ч бай, ойр ч бай, аливаа бэрхшээлийг давахад тусалдгийг тэд мэддэг.
ҮҮРДИЙН НӨХӨРЛӨЛ
Лоуэлл Реймон Билл Ричард дөрөв 18, 12, 11, 10 настайдаа Еховад өөрсдийгөө зориулж, 17–21 настай байхдаа бүрэн цагаар үйлчилж эхэлжээ. Дөрвүүлээ Номлогчийн үгс 12:1-д байдаг «Залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун» гэсэн уриаг дагасан.
Христиан та залуу бөгөөд эрэгтэй бол бүрэн цагаар Еховад үйлчлэх урилгыг боломжийнхоо хэрээр хүлээж аваарай. Тэгвэл Еховагийн нигүүлслийн ачаар энэ дөрвөн найз шиг дүүрэг, муж, бүсийн харгалзагч болох; Бетел, Салбарын хороонд үйлчлэх; Христиан үйлчлэлийн болон Эхлэгчийн сургуульд багшлах; чуулганы үеэр илтгэл тавихын баяр хөөрийг амсаж болох шүү дээ. Бурхандаа ингэж үйлчилснийх нь үр шимийг хэдэн арван мянган хүн хүртдэг гэж бодохлоор энэ дөрөв хэчнээн их баярладаг бол оо! Энэ бүхнийг ядах юмгүй хийдэг залуу халуун насандаа тэд Еховад чин зүрхнээсээ үйлчлэх урилгыг хүлээж авчээ (Кол. 3:23).
Лоуэлл Ричард Реймон гурав одоо Германы Зелтерс дэх салбарт дахин хамтдаа үйлчилж байна. Харамсалтай нь, Билл АНУ-д тусгай эхлэгчээр үйлчилж байгаад 2010 онд нас баржээ. Өнөөг хүртэл 60 шахам жил үй зайгүй нөхөрлөсөн дөрвөн найзыг үхлээс өөр юу ч салгаагүй юм! Ехова Бурхан анд нөхдөө хэзээ ч мартдаггүй. Үхлээс болж түр хагацсан христиан андууд Еховагийн Хаанчлалын үед дахин уулзаж, үүрд нөхөрлөх болно.
«60 жил нөхөрлөхдөө ам мурийж, бие биетэйгээ таагүй харьцаж байснаа ер санахгүй байна»
Билл нас барахаасаа өмнө «60 жил нөхөрлөхдөө ам мурийж, бие биетэйгээ таагүй харьцаж байснаа ер санахгүй байна. Энэ нөхөрлөлөө би эрхэмлэж явдаг» хэмээн бичжээ. Нөгөө гурван найз нь энэ нөхөрлөлөө шинэ ертөнцөд эцэс төгсгөлгүй үргэлжлэх үүрдийн нөхөрлөлтэй харьцуулбал «дөнгөж эхлэл» гэж хэлсэн юм.
^ Фрост ахын тухай сонирхолтой намтар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1961 оны 4-р сарын 15-ны дугаарын 244–249-р хуудсанд нийтлэгдсэн (англи).