Skip to content

Гарчиг руу орох

Манай архиваас

«Дуулдаж байгаагүй хамгийн сайн мэдээ сонслоо»

«Дуулдаж байгаагүй хамгийн сайн мэдээ сонслоо»

«ҮҮГЭЭР юу хийдэг юм бэ?». Жорж Нейш Канадын Саскачеван мужийн Саскатун хот дахь зэвсгийн агуулахад байсан 18 метрийн урт гуалингуудыг зааж ийн асуув. Дэлхийн І дайны үед дохиоллын цамхаг барихад хэрэглэж байсан ажээ. «Тэр гуалингуудаар радиогийн цамхаг барьж болох юм шиг санагдсан. Ингэж л Библийн үнэнийг дамжуулах радио станцтай болох санаа төрсөн юм» хэмээн Нейш ах хожим нь дурссан байдаг. Ганцхан жилийн дараа буюу 1924 онд Си-Эйч-Ю-Си радио станц анхны нэвтрүүлгээ цацжээ. Энэ нь Канадад шашны сэдвээр нэвтрүүлэг цацсан анхны радио станцуудын нэг байлаа.

Канад улс нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр Европтой ойролцоо тул сайн мэдээг радиогоор дэлгэрүүлэхэд тун тохиромжтой газар байв. Саскатун дахь станцад ажиллаж байсан Флоренс Жонсон: «Бидний хүрч чадахааргүй нутагт амьдардаг олон хүн манай радиогийн ачаар Библийн үнэнийг сонсож мэдсэн. Тэр үед радио гэдэг чинь сонин хачин юм байсан болохоор хүмүүс бүх нэвтрүүлгийг чих тавин сонсдог байлаа» хэмээн ярьсан юм. 1926 он гэхэд Библи Судлаачид (хожим нь Еховагийн Гэрчүүд гэгдэх болсон) Канадын дөрвөн хотод өөрийн гэсэн радио станц ажиллуулж байжээ. *

Эдгээр радиогоор юу сонсдог байсан бэ? Нутгийн хурлын дуучид цөөхүүл найрал хөгжимтэй дуулдаг байжээ. Бас ах нар Библийн сургаал болон Библид үндэслэсэн хэлэлцүүлэг явуулдаг байв. Энэ хэлэлцүүлэгт оролцож байсан Эми Жонс эгч: «Би айлаар дэлгэрүүлж явахдаа өөрийгөө танилцуулахлаар зарим хүн „Аан тийм, радиогоор таны дууг сонссон юм байна“ гэж хэлдэг байсан» хэмээн дурсжээ.

Нова Скоша мужийн Халифакс хот дахь Библи Судлаачид тухайн үедээ радиод шинээр нэвтэрсэн арга хэрэглэдэг байжээ. Сонсогчид утсаар Библийн холбогдолтой асуулт тавьж нэвтрүүлэгт оролцдог байлаа. «Энэ нэвтрүүлэг сонсогчдын таашаалд нийцсэн. Их олон хүн залгадгаас болоод хүн бүртэй холбогдож чаддаггүй байлаа» хэмээн нэг Гэрч бичжээ.

Библи Судлаачдын мэдээг хүмүүс янз янзаар хүлээж авдаг байсан нь элч Паулын үеийнхтэй адилхан юм (Үйлс 17:1–5). Зарим хүн сайн мэдээ сонсох дуртай байв. Жишээ нь, Хектор Маршалл гэдэг хүн Библи Судлаачдын «Судрыг судлах нь» гэдэг олон боть номын талаар цухас дурдахыг сонсоод зургаан ботийг захиалжээ. Хожим нь тэрбээр: «Энэ ном сүмийн сургуульд багшлахад минь хэрэг болно гэж бодсон юм» хэмээн бичсэн. Гэвч I ботийг уншаад л сүмээсээ гарахаар шийдсэн аж. Хектор сайн мэдээг идэвх зүтгэлтэй тунхагладаг болсон бөгөөд 1998 онд нас бартлаа Еховад үнэнчээр үйлчилсэн юм. Нова Скоша мужийн зүүн хэсэгт «Хаанчлал бол дэлхийн найдвар» гэсэн нэвтрүүлэг цацсаны маргааш нь хурандаа Ж. А. Макдоналд: «Өчигдөр манай Кейп Бретон арлынхан урьд өмнө дуулдаж байгаагүй хамгийн сайн мэдээ сонслоо» хэмээн нутгийн нэг Гэрчид хэлжээ.

Гэвч сүмийн удирдлагууд ихэд уурлажээ. Халифакс хотын зарим католик шашинтнууд Библи Судлаачдын нэвтрүүлгийг цацдаг тэр станцыг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн байна. 1928 онд засгийн газар шашны удирдагчдын ятгалгаар Библи судлаачдын мэдэлд байдаг радио станцуудын нэвтрүүлэг явуулах эрхийг сунгахгүйгээ гэнэт мэдэгджээ. Тэгэхлээр нь ах дүү нар маань энэ шударга бус явдлыг эсэргүүцсэн мэдээ бүхий «Агаар хэнийх вэ?» гэсэн хуудас тараав. Гэсэн ч төр засгийн удирдлагууд Библи Судлаачдын нэвтрүүлэг цацах эрхийг сунгаагүй аж.

Үүнээс болоод Канад дахь Еховагийн цөөн хэдэн үйлчлэгчийн урам зориг мохсон уу? Изабел Уэйнрайт: «Эхэндээ дайснууд агуу ялалт байгуулсан мэт санагдахаар байлаа. Гэхдээ Ехова биднийг радиогоор дэлгэрүүлээд байгаасай гэж бодсон бол эрх мэдэлтнүүдэд саад тавих л байсан. Биднийг Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах аргаа өөрчилж, бүр илүү сайн арга олог гэж үзсэн байх» хэмээн дүгнэжээ. Канад дахь Библи Судлаачид радиод хамаг найдвараа тавихын оронд айлаар явж, хүмүүстэй нүүр тулан уулзахыг голлон анхаардаг болсон. Гэхдээ л «урьд өмнө дуулдаж байгаагүй хамгийн сайн мэдээг» хүмүүст хүргэхэд радио тухайн үедээ чухал үүрэг гүйцэтгэсэн юм (Канад дахь манай архиваас).

^ Канадын ах дүүс Библийн мэдээг хүргэхийн тулд бусад радиод мөнгө төлж бас нэвтрүүлгээ цацдаг байсан.