Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн ууч сэтгэл танд хэр чухал бэ?

Еховагийн ууч сэтгэл танд хэр чухал бэ?

«ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ... гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг» (ЕГ. 34:6, 7).

1, 2. а) Ехова Израилийн ард түмэнд хэрхэн ханддаг байсан бэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

 НЕХЕМИАГИЙН үеийн хэсэг левичүүд олны өмнө залбирахдаа өвөг дээдэс нь Еховагийн тушаалыг удаа дараа «сонсохоос татгалзсаныг» хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин Ехова «өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам» Бурхан гэдгээ дахин дахин баталсан билээ. Харийн дарлалаас чөлөөлөгдөн эх нутагтаа буцаж ирсэн Нехемиагийн үеийн тэр хүмүүст Ехова хайр ивээлээ үргэлж үзүүлж байсан (Нех. 9:16, 17).

2 Тэгэхлээр бид дор бүрнээ «Еховагийн ууч сэтгэл миний хувьд хэр чухал бэ?» гэж бодох хэрэгтэй. Энэ асуултын хариуг олохын тулд Ехова Израилийн хаан Давид Манассе нарыг хэрхэн уучилсан, энэ нь тэдэнд ямар ач тустай байсныг ярилцъя.

ДАВИД НОЦТОЙ НҮГЭЛ ҮЙЛДСЭН НЬ

3-5. Давид ямар ноцтой нүгэл үйлдсэн бэ?

3 Давид Бурхнаас эмээдэг хүн байсан боловч хэдэн удаа ноцтой нүгэл үйлджээ. Хоёрыг нь авч үзье. Энэ нь Уриа Батшеба нартай холбоотой хэрэг юм. Үүний балгаар тэд бүгдээрээ хохирсон. Бурхан Давидын алдааг хэрхэн ухааруулсныг үзвэл Еховагийн өршөөнгүй сэтгэлийн талаар ихийг мэдэж болно. Юу болсныг ярилцъя.

4 Давид аммончуудын нийслэл Раббаг эзэлж авахаар их цэргээ илгээжээ. Энэ хот Иерусалимаас зүүн тийш 80 километрт, Иордан голын цаана байдаг байв. Харин Давид өөрөө Иерусалимд үлджээ. Нэг удаа ордныхоо дээвэр дээр явж байгаад угаал үйлдэж буй Батшеба гэдэг бүсгүйг харав. Нөхөр нь эзгүй байлаа. Давид сайх бүсгүйтэй учрахыг ихэд хүсэмжлэн ордондоо авчруулав. Тэгээд түүнтэй завхайрчээ (2 Сам. 11:1–4).

5 Давид Батшебаг бие давхар болсныг дуулаад нөхөр Уриаг нь Иерусалимд дуудаж ирүүлэв. Эхнэртэйгээ унтах байх хэмээн бодоод гэртээ харихыг ятгасан боловч Уриа үүдээрээ ч шагайсангүй. Тэгэхлээр нь, хаан цэргийн жанжиндаа захидал илгээв. Уриаг «хамгийн ширүүн тулалдааны тэргүүн эгнээнд тавьж, түүнийг орхин холдогтун» гэж уг захидалд бичсэн байлаа. Уриа ч тун удалгүй дайсны гарт амь үрэгдэж, Давидын төлөвлөсөн нь ёсоор болжээ (2 Сам. 11:12–17). Ийнхүү, хаан завхайраад зогсоогүй гэмгүй хүний аминд хүрснээр хэрэг нь бүр хүндэрсэн.

ДАВИД АЛДААГАА УХААРСАН НЬ

6. Давидыг нүгэл үйлдэхэд Ехова яасан бэ? Эндээс Еховагийн талаар юу ойлгож болох вэ?

6 Юу болж байгааг Ехова нэгд нэгэнгүй харж байсан нь мэдээжийн хэрэг. Түүний анхаарлын гадна өнгөрөх зүйл нэг ч үгүй (Сур. 15:3). Уриагаас хойш Давид Батшебаг эхнэрээ болгосон ч «үйлдсэн хэрэг нь ЭЗЭНий өмнө бузар муу байв» (2 Сам. 11:27). Ноцтой нүгэл үйлдэхэд нь Ехова яасан бэ? Натан гэдэг зөнчөө Давид руу явуулсан. Өршөөл энэрлийн Бурхан Ехова Давидыг уучлахыг хүсжээ. Тэгээд үнэн голоосоо гэмшсэн эсэхийг нь шалгасан. Энэ нь бидний сэтгэлийг тайвшруулдаг. Ехова Давидыг албадаж гэм бурууг нь хүлээлгээгүй, харин хэчнээн ноцтой нүгэл үйлдсэнийг нь ухааруулах гэсэндээ Натаныг явуулж, нэгэн үлгэр яриулдаг (2 Самуел 12:1–4-ийг уншина уу). Ийм адармаатай хэргийг шийдэхэд тохирсон үнэхээр сайн арга байлаа.

7. Давид Натаны ярьсан үлгэрийг сонсоод яасан бэ?

7 Давид Натаны ярьсан үлгэрийг сонсоод, тэнд гардаг баян хүн шударга бус юм хийсэн гэж дүгнээд ихэд хилэгнэж «ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Үүнийг үйлдсэн хүн үхэх ёстой» гэв. Бас ийм шударга бус явдлын золиос болсон хүнд алдсан хонийг нь нөхөн төлөх ёстой хэмээн зарлигдлаа. Гэвч, «Чи бол тэр хүн!» хэмээн Натаныг хэлэхэд ихэд цочирджээ. «Илд» буюу хийсэн хэргийнх нь үр дагавар тэднийхээс салахгүй бөгөөд гэр бүлээрээ гай зовлонд унаж, Давид өөрөө олны өмнө шившиг болно гэдгийг Натан хэлэв. Давид хийсэн нүглийнхээ хэр ноцтойг ойлгож, ихэд гэмшин «Би ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэв» хэмээн буруугаа хүлээсэн (2 Сам. 12:5–14).

ДАВИД ЗАЛБИРЧ, БУРХАН УУЧИЛСАН НЬ

8, 9. 51-р дуулал Давидын дотоод сэтгэлийг хэрхэн илчилдэг вэ? Эндээс бид Еховагийн талаар юу мэдэж болох вэ?

8 Давид хаан хожим нь 51-р дууллыг бичжээ. Хэр их гэмшсэнийг нь уг дууны үгнээс мэдэж болно. Тэрбээр буруугаа хүлээж Еховагаас өршөөл гуйгаад зогсоогүй, чин сэтгэлээсээ гэмшсэн учраас дахин хэзээ ч тийм алдаа гаргаагүй. Түүний хувьд хамгийн чухал зүйл нь Бурхантай тогтоосон харьцаа нь байлаа. Давид: «Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдлээ» хэмээн нүглээ наманчлаад, «Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинэчлээч. ... Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч, хүслэнт сүнсээр намайг тэтгээч» гэж Еховагаас гуйжээ (Дуу. 51:1–4, 7–12). Та алдаа гаргасан үедээ Еховад сэтгэлээ нээн бүх үнэнээ хэлдэг үү?

9 Ехова Давидын үйлдсэн нүглийн гашуун үр дагаврыг арилгаагүй. Давид насан туршдаа горыг нь амссан. Гэхдээ зүрх нь «эмтэрсэн» буюу чин сэтгэлээсээ гэмшсэн учраас Ехова түүнийг уучилжээ (Дуулал 32:5-ыг уншина уу; Дуу. 51:17). Төгс хүчит Бурхан тухайн хүний нүгэл үйлдэх болсон жинхэнэ шалтгаан, сэдэл хандлагыг ойлгодог. Ехова, Давид Батшеба нарын хэргийг хүмүүн шүүгчдээр шүүлгэн Мосегийн хуулийн дагуу алах ял оноогоогүй, харин өөрөө шүүж, өршөөл нигүүлслээ үзүүлжээ (Лев. 20:10). Түүгээр ч барахгүй, тэр хоёрын хүү Соломоныг Израилийн хаан болгосон (Ш.дээд 22:9, 10).

10. а) Ехова Давидыг юуны үндсэн дээр уучилсан байж болох вэ? б) Еховагийн өршөөлийг хүртье гэвэл яах ёстой вэ?

10 Давид Саулд энэрэнгүй хандсан учраас Еховагийн өршөөлийг хүртсэн байж болох талтай (1 Сам. 24:4–7). Бид бусдад яаж хандана, Ехова бидэнд тэгж хандана гэдгийг Есүс тайлбарлан «Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү. Учир нь та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Та нарын хэмжүүрийн жишиг өөрсдийг чинь хэмжинэ» хэмээн хэлжээ (Мат. 7:1, 2). Ехова хүнийг алдаа гаргахад, тэр байтугай садар самуун үйлдэх, хүн алах гэх мэтийн ноцтой нүгэл үйлдэхэд ч уучилдаг гэж бодохлоор сэтгэл амардаг! Гэхдээ өршөөл хүртье гэвэл бусдыг уучлах, үйлдсэн нүглээ Еховад наманчлах, тийм бузар хэргийг үнэн санаанаасаа жигших хэрэгтэй. Нүгэлтэн чин сэтгэлээсээ гэмшвэл Ехова түүнийг «сэргээж» тайвшруулна (Үйлс 3:19-ийг уншина уу).

МАНАССЕ БУЗАР ХЭРЭГ ХИЙСЭН Ч ГЭМШСЭН НЬ

11. Манассе хаан Еховагийн мэлмийд бузар муу ямар хэрэг хийсэн бэ?

11 Ехова өршөөж уучлах дуртай Бурхан гэдгийг харуулах өөр нэг явдлыг Библиэс үзье. Давидыг төр барьснаас хойш 360 жилийн дараа Манассе Иудагийн хаан болжээ. 55 жил хаанчлахдаа бузар муу хэрэг үйлдэж, Еховагийн дургүйг хүргэсэн. Манассе жигшүүртэй муухай олон юм хийсний дотор Баалд зориулан тахилын ширээ босгож, «тэнгэрийн бүх эрхэст мөргөн», хөвгүүдээ гал дундуур явуулж, муу сүнстэй холбоотой зан үйлийг түгээн дэлгэрүүлжээ. Үнэхээр, «ЭЗЭНий мэлмийд үлэмж их бузар мууг үйлдсэн» (Ш.дэд 33:1–6).

12. Манассе Ехова руу хэрхэн «эргэсэн» бэ?

12 Эцэст нь Манассе вавилончуудад олзлогдож, шоронд хоригджээ. Тэнд байхдаа израильчуудад хэлсэн Мосегийн үгийг санасан болов уу. Мосе: «Энэ бүх зүйл чамд тулгарч зовон зүдрэх үед, тэгээд хожмын өдөр чи өөрийн Бурхан ЭЗЭН уруу эргэж, Түүний дуу хоолойг сонсох болно» хэмээжээ (Д.хууль 4:30). Манассе «ЭЗЭН уруу эргэсэн». Яаж? «Өөрийгөө ихэд дорд болгон», Еховад «залбирсаар» байжээ (21-р хуудсанд дүрсэлсэн) (Ш.дэд 33:12, 13). Түүний чухам юу гэж залбирсныг Библид бичээгүй. Гэхдээ Манассе 51-р дуулалд байдаг Давид хааны хэлсэнтэй адил үг хэлж залбирсан байж болох юм. Ямар ч байсан, зүрх сэтгэлээ тэр чигээр нь өөрчилсөн.

13. Ехова Манассег ямар учраас уучилсан бэ?

13 Ехова Манассегийн залбиралд хэрхэн хариулсан бэ? «Гуйлтад нь Тэрээр сэтгэл хөдөлж, түүний хүсэлтийг сонссон». Давидын нэгэн адил, Манассе ноцтой нүгэл үйлдсэнээ ойлгож, үнэн голоосоо гэмшжээ. Тийм учраас, Ехова Манассег өршөөж, Иерусалимд буцааж авчран дахин хаан болгосон. «Ингээд ЭЗЭН бол Бурхан мөн гэдгийг Манассе мэджээ» (Ш.дэд 33:13). Чин сэтгэлээсээ гэмшсэн хүнд Бурхан өршөөл энэрлээ үзүүлдгийн бас нэг баталгаа энэ юм!

УУЧЛАХАД УЧИР БИЙ

14. Ноцтой нүгэл үйлдсэн хүнийг уучлахдаа Ехова юуг үндэс болгодог вэ?

14 Давид Манассе хоёрын хийсэн шиг тийм ноцтой нүгэл үйлдээд, түүнийхээ төлөө уучлалт гуйх хүн Бурхны орчин үеийн үйлчлэгчдийн дундаас олон гарахгүй биз ээ. Гэхдээ, энэ хоёр хаанд тохиолдсон явдлаас нэг зүйлийг ойлгож болно. Үйлдсэн нүгэл нь хэчнээн ноцтой байлаа ч чин сэтгэлээсээ гэмшсэн л бол Бурхан дуртайяа уучилдаг ажээ.

15. Ехова нүгэл үйлдсэн хүн бүрийг уучилдаг уу? Тайлбарлана уу.

15 Нүгэл үйлдсэн хүн бүрийг Ехова уучилдаг гэж бодож болохгүй. Давид Манассе хоёрыг Израиль, Иудагийн зөрүүд ард түмэнтэй харьцуулж үзье. Бурхан Натаныг Давид руу явуулж, гэмших боломж олгожээ. Давид ч талархаж, чин сэтгэлээсээ гэмшсэн. Бас Манассе «зовон зүдрэх» үедээ зүрхнийхээ угаас гэмшдэг. Харин Израиль, Иудагийн ард түмэн яасан бэ? Бурхан зөнчдөө дахин дахин явуулж, муу үйл хэргийг нь юу гэж үздэгээ хэлүүлж байсан ч тэд ихэнхдээ гэмшдэггүй байсан. Тийм учраас, Ехова тэднийг уучлаагүй (Нехемиа 9:30-ийг уншина уу). Вавилоноос чөлөөлөгдөж нутагтаа ирснийх нь дараа ч Ехова тахилч Езра зөнч Малахи нарын үнэнч үйлчлэгчдээ явуулсаар байжээ. Ард түмэн нь Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхлээрээ асар их баяр баясгалан эдэлдэг байв (Нех. 12:43–47).

16. а) Израиль үндэстэн бүхэлдээ гэмшээгүйгээс болоод ямар хохирол амссан бэ? б) Ехова израиль хүнд ямар боломж олгодог вэ?

16 Ехова хүн төрөлхтний төлөө төгс тахил өргүүлэхээр Есүсийг дэлхий рүү илгээснээр израильчууд цаашид амьтнаар тахил өргөх шаардлагагүй болсон (1 Иох. 4:9, 10). Есүс дэлхий дээр байхдаа «Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгчдийг алж, чам уруу илгээгдсэн хүмүүс уруу чулуу нүүлгэдэг. Тахиа дэгдээхийнүүдээ далавчин доороо бөөгнүүлдэг шиг Би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй» гэж хэлэн Эцгийнхээ санааг илэрхийлжээ. Тэгээд цааш нь «Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна» гэсэн (Мат. 23:37, 38). Тийм учраас, нүгэлтэй, гэмшдэггүй Израиль үндэстний оронд сүнслэг Израиль Бурхны ард түмэн болжээ (Мат. 21:43; Гал. 6:16). Тэгвэл израиль хүн Бурхны өршөөлийг хүртэхгүй гэсэн үг үү? Тийм биш ээ. Өөрт нь болон Есүс Христийн золиосонд итгэвэл Ехова дуртайяа уучилж, энэрэнгүй хандана. Түүнээс гадна, нүглээ гэмших боломж олдолгүй нас барсан хүмүүс дэлхий дээр амилахлаараа Еховагийн өршөөлийг хүртэнэ (Иох. 5:28, 29; Үйлс 24:15).

ЕХОВАГИЙН УУЧ СЭТГЭЛИЙН АЧ ТУС

17, 18. Еховагаас өршөөл хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?

17 Еховаг уучлах дуртай Бурхан гэдгийг ярилцлаа. Тэгвэл бид яах ёстой вэ? Давид Манассе хоёрын адилаар нүгэлтэйгээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, Еховагаас өршөөл нигүүлсэл хүсэн, «миний дотор цэвэр зүрхийг бүтээж» өгөөч гэж гуйх хэрэгтэй (Дуу. 51:10). Ноцтой нүгэл үйлдсэн бол ахлагчдаас сүнслэг тусламж авах шаардлагатай (Иак. 5:14, 15). Үйлдсэн нүгэл маань хэчнээн ноцтой ч бай, Ехова Мосед өөрийнхөө тухай юу гэж хэлснийг санаж явбал тайвширна. «Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ. Тэр энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг» гэж хэлсэн билээ. Ехова одоо ч өөрчлөгдөөгүй (Ег. 34:6, 7).

18 Ехова гэмшсэн израильчуудыг уучлахаа амлаж, «час улаан» нүглийг нь «цас» шиг цагаан болгоно гэсэн (Исаиа 1:18-ыг уншина уу). Тэгвэл бидний тухайд юу хэлж болох вэ? Ехова биднийг уучилдагт талархаж, чин сэтгэлээсээ гэмшсэнээ батлан алдаагаа давтахгүй бол өршөөл хүртэнэ.

19. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

19 «Сайн бөгөөд уучлахад бэлэн» Еховаг дууриан бусдыг уучилдаг байя гэвэл яах хэрэгтэй вэ? Ноцтой нүгэл үйлдсэн ч чин сэтгэлээсээ гэмшсэн хүнд ууч сэтгэл гаргахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Зүрхээ шалгах хэрэгтэй. Чухам яаж шалгахыг дараагийн өгүүллээр үзнэ (Дуу. 86:5).