Skip to content

Гарчиг руу орох

«Таны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг надад заагаач»

«Таны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг надад заагаач»

«Та миний Бурхан учраас Таны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг надад заагаач» (ДУУ. 143:10).

1, 2. Шийдвэр гаргахдаа Бурхны үзэл бодлоор хандах нь ямар ач тустай вэ? Давид хаанаас юу сурч болох вэ?

 ТА очих гэж байгаа газраа Интернетийн газрын зургаас харж байсан уу? Эргэн тойрных нь бүх юм харагддаг учир явж очих хамгийн дөт замыг мэдэж болдог. Үүний нэгэн адил, чухал шийдвэр гаргахдаа тэнгэрт байдаг Бүтээгчийнхээ үзэл бодлоор ханддаг бол таалдаг «замаар» нь алхаж чадна (Ис. 30:21).

2 Бурхны хүсэл тааллыг анхаарч амьдрахыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлсэн хүн бол эртний Израилийн хаан Давид юм. Түүний амьдралд тохиолдсон зарим явдлыг авч үзэн, зүрх сэтгэлээ «Бурханы төлөө бүхлээр» нь зориулахын тулд яах хэрэгтэйг мэдэж авъя (Х.дээд 11:4).

ДАВИД ЕХОВАГИЙН НЭРИЙГ АЛДАРШУУЛСАН

3, 4. а) Давид ямар учраас Голиаттай тулалдах болсон бэ? б) Бурхны нэр Давидад хэр зэрэг чухал байсан бэ?

3 Давид Филистийн дайчин Голиаттай хэрхэн тулалдсаныг авч үзье. Залуу хөвгүүн Давид зургаан тохой нэг сөөм (2,9 метр) өндөр нуруутай, өвч зэвсэглэсэн, аварга биетэнтэй нэгийгээ үзэх болсны учир юу вэ? (1 Сам. 17:4). Эр зоригтойнх уу, Бурханд итгэдгийнх үү? Дайснаа дарахад аль аль нь чухал байсан. Хамгийн гол нь, Еховаг хүндэтгэдэг, агуу нэрийг нь эрхэмлэдэг байсан учир ийм аварга хүнтэй халз тулалдсан юм. Давид: «Хөвч хөндүүлээгүй энэ филист хүн амьд Бурханы цэргийг доромжлохоор хэн юм бэ?» хэмээн эгдүүцэн хэлжээ (1 Сам. 17:26).

4 Залуу Давид Голиатад «Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол, харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна» гэж хэлдэг (1 Сам. 17:45). Тэгээд жинхэнэ Бурханд найдан, нэг чулуу аван дүүгүүрдсэнд филист цэрэг үхэтхийн унасан. Давид ганц энэ удаа ч биш, насан туршдаа Еховад найдаж, нэрийг нь алдаршуулсан юм. Түүгээр ч зогсохгүй, Еховагийн «ариун нэрээр» бахархахыг элэг нэгт израильчууддаа уриалж байжээ (Шастирын дээд 16:8–10-ыг уншина уу).

5. Давидад тохиолдсон шиг ямар явдал танд тохиолдож болох вэ?

5 Та Ехова Бурхнаараа бахархдаг уу? (Иер. 9:24). Айл хөрш, хамт олон, ангийн хүүхэд, хамаатан садан тань Еховаг муулан нэр сүрийг нь гутааж, Гэрчүүдийг шоолоход та яадаг вэ? Өмөөрдөг үү? Тийм үед Ехова тусална гэж найддаг уу? Ер нь, «дуугүй байх» цаг гэж байдаг. Гэхдээ бид Ехова Бурхны Гэрч, Есүс Христийн дагалдагч гэдгээсээ ичих ёсгүй (Ном. 3:1, 7; Марк 8:38). Мэдээг маань нааштай хүлээж авдаггүй хүмүүстэй эелдэг боловсон, ухаалаг харьцах учиртай. Голиатын доромжлолыг сонсоод «зориг нь мохож, ихэд айсан» израильчууд шиг байж болохгүй (1 Сам. 17:11). Ехова Бурхныхаа нэрийг ариусгахын тулд шийдэмгий байцгаая. Бид Еховаг чухам ямар Бурхан бэ гэдгийг хүмүүст мэдүүлэхийг чин сэтгэлээсээ хүсдэг. Тийм учраас Бурхантай ойр дотно болохын чухлыг Библиэс ойлгуулахыг хичээдэг (Иак. 4:8).

6. Давид Голиаттай ямар зорилгоор тулалдсан бэ? Бидний гол зорилго юу байх ёстой вэ?

6 Голиаттай тулалдсан Давидаас бас нэг чухал зүйлийг сурч болно. Давид тулааны талбар луу гүйн ирээд «Энэ филист хүнийг алж, Израилиас зэмлэлийг арилгах хүнийг яах вэ?» хэмээн асуудаг. Хариуд нь хүмүүс: «Түүнийг [Голиатыг] алсан хүнийг хаан их баялгаар шагнан, түүнд өөрийн охиныг өгнө» хэмээн давтан хэлдэг (1 Сам. 17:25–27). Эд баялгаар шагнуулах нь Давидын хувьд чухал биш байв. Хамгийн гол нь жинхэнэ Бурхныг алдаршуулахыг л бодож байжээ (1 Самуел 17:46, 47-г уншина уу). Харин бид яадаг вэ? Эд хөрөнгө хурааж, энэ ертөнцөд өөрийн гэсэн байр суурь, нэр алдартай болохыг зорилго болгодог уу? Үгүй ээ. «Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж, хамтдаа Түүний нэрийг өргөмжилцгөөе» хэмээн дуулсан Давид шиг байхыг хүсдэг (Дуу. 34:3). Тийм учраас өөрийгөө бус, Бурхныг алдаршуулж явцгаая. Тэгвэл Бурханд найдаж байна гэсэн үг (Мат. 6:9).

7. Яавал бат итгэлтэй болох вэ?

7 Давид Еховад бүрэн найдаж байсан учраас Голиаттай зоригтой тулалдсан юм. Тэрбээр бат итгэлтэй хүн байв. Хонь хариулж явахдаа Бурхан тусална гэж найддаг байсан нь түүнийг ийм итгэлтэй болгожээ (1 Сам. 17:34–37). Бид ч бас дэлгэрүүлэх ажлаа зогсолтгүй хийхэд, ялангуяа мэдээнд маань таагүй ханддаг хүмүүстэй ярилцах болбол бат итгэлтэй байх хэрэгтэй. Өдөр бүр юу ч хийсэн Бурхан тусална гэж найддаг бол ийм итгэлтэй болдог. Жишээлбэл, нийтийн унаагаар явж байхдаа хажуудах хүнтэйгээ Библийн үнэний тухай ярилцах юм уу айлаар дэлгэрүүлэх гэж явахдаа гудамжинд таарсан хүнтэй ярилцаж болохгүй нь юу билээ? (Үйлс 20:20, 21).

ДАВИД ЕХОВАГ ХҮЛЭЭДЭГ БАЙСАН

8, 9. Давид Еховагийн хүслийг зүрх сэтгэлдээ тээж явдаг байсан нь юунаас харагддаг вэ?

8 Давид Еховад бат найддаг байсныг харуулах бас нэг жишээ авч үзье. Тэрбээр Израилийн анхны хаан Саулыг Бурхны тосолсон хүн хэмээн хүндэтгэдэг байжээ. Саул атаархсандаа Давидыг хананд хадаж алахаар гурван удаа жад шидсэн боловч Давид тэр бүрд нь бултаж амждаг. Эцэст нь хаанаас зугтжээ (1 Сам. 18:7–11; 19:10). «Саул бүх Израилиас гурван мянган шилэгдсэн хүнийг авч», Давидыг хайн цөлөөр явсан (1 Сам. 24:2). Тэгж яваад Давид болон түүний нөхдийн байсан агуйд санамсаргүй ороод иржээ. Аминд нь хүрэхээр заналхийлж байсан хааныг хороох энэ боломжийг Давид ашиглаж болох байв. Тэгээд ч Бурхан түүнийг Саулын оронд Израилийн хаан болгох гэж байсан билээ (1 Сам. 16:1, 13). Хэрэв Давид нөхдийнхөө зөвлөгөөг авсан бол хааныг алах байв. Гэвч тэрбээр: «ЭЗЭН байгаа тул, ЭЗЭНий тосолсон өөрийн эзэнд би ийнхүү ханд[сан] ... ийм хэрэг надаас хол байг» гэжээ (1 Самуел 24:4–7-г уншина уу). Ехова өөрийн тосолсон Саулыг хараахан зайлуулаагүй учир Давид хаан ширээг нь булаан авахыг хүсээгүй аж. Тийм ч учраас Саулын дээлийн хормойноос хэсэгхэнийг огтлон авч хор хүргэх санаа өвөрлөөгүйгээ баталсан (1 Сам. 24:11).

9 Хааныг сүүлчийн удаа харахдаа ч Бурхны тосолсон хүн хэмээн хүндэтгэж байсан. Энэ удаа Давид Абишаин хамт Саулын буудаллаж байсан газар очиж, түүнийг унтаж байхад нь олжээ. «Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү» хэмээн Абишаиг хэлэхэд Давид зөвшөөрөөгүй (1 Сам. 26:8–11). Абишаи хэчнээн ятгасан ч, Бурхны удирдамж зааврыг эрж хайсаар байсан учраас хүсэл таалалд нь нийцүүлэх гэсэн шийдвэрээсээ эргэж буцаагүй.

10. Бидэнд ямар асуудал тулгарч болзошгүй вэ? Бууж өгөхгүйн тулд яах вэ?

10 Найз нөхөд маань Еховагийн хүсэл тааллыг гүйцэлдүүлэх гэсэн шийдвэрийг дэмжихийн оронд өөрсдийнхөө бодсоноор явуулах гэж дарамталж болох юм. Бурхны хүсэл тааллыг бодож үзэхгүйгээр ямар нэг юм хийхийг Абишаи шиг зөвлөж ч мэднэ. Еховагийн үзэл бодлыг байнга санаж, замаас нь гажихгүй гэсэн шийдвэртээ үнэнч байвал тэдэнд уруу татагдахгүй.

11. Бурхны хүсэл тааллыг үргэлж бодож явах талаар Давидаас юу сурч болох вэ?

11 Давид Ехова Бурханд «Таны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг надад заагаач» хэмээн залбирчээ (Дуулал 143:5, 8, 10-ыг уншина уу). Тэрбээр өөртөө найдах юм уу бусдын ятгалгад автахын оронд, Бурхнаар заалгахыг чин сэтгэлээсээ хүсдэг байсан. Еховагийн «үйлс бүхнийг тунгааж», «гарын үйлсийг нягтлан боддог» байжээ. Бид бас Бурхны хүсэл тааллыг мэдэхийн тулд Библийг нямбай судалж, Ехова хүмүүстэй хэрхэн харьцаж байсныг эргэцүүлэн бодох хэрэгтэй.

ДАВИД ХУУЛИЙН ЦААДАХ ЗАРЧМЫГ ОЙЛГОДОГ БАЙСАН

12, 13. Давид гурван нөхрийнхөө авчирсан усыг яагаад газар асгасан бэ?

12 Давид Мосегийн хуулийн цаана байдаг зарчмыг ойлгодог, тэр дагуу амьдрахыг хүсдэг байсан нь дууриавал зохих жишээ болдог. Нэг явдлыг авч үзье. Давид: «Бетлехемийн ... худгаас надад ус авчран өгдөг ч болоосой» хэмээн ихэд хүсэмжилжээ. Гурван цэрэг нь филистчүүдэд эзлэгдсэн уг хот руу дайран орж ус авчирдаг. Тэгэхэд нь «Давид тэр усыг уулгүй, харин ЭЗЭНий өмнө асгасан». Яагаад? Давид: «Өөрийн Бурханы өмнө үүнийг үйлдэх явдал нь надаас хол байг! Өөрсдийн амиараа дэнчин тавьж явсан эдгээр хүмүүсийн цусыг би уух гэж үү? Учир нь тэд энэ усыг өөрсдийн амиар дэнчин тавьж авчирсан юм» хэмээн учрыг нь тайлбарлажээ (Ш.дээд 11:15–19).

13 Цус идэж болохгүй, харин газар асгаж Еховад өгөх ёстой гэсэн Хуулийн заалтыг Давид мэддэг, цаад шалтгааныг нь ч ойлгодог байжээ. «Махан биеийн амь нь цусанд байдгийг» тэрбээр мэдэж байв. Тэгвэл нөхдийнхөө авчирсан усыг яагаад уугаагүй вэ? Мосегийн хуулийн үндэс болсон зарчмыг ойлгодог Давидад энэ ус гурван нөхрийнх нь цус мэт үнэ цэнэтэй байжээ. Тийм учраас, усыг уулгүй газар асгахаар шийдсэн (Лев. 17:11; Д.хууль 12:23, 24).

14. Давид яаж Еховагийнх шиг үзэл бодолтой болсон бэ?

14 Давид Бурхны хуулийг нэгд нэгэнгүй ойлгохыг хичээдэг байсан учир «Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий» хэмээн дуулжээ (Дуу. 40:8). Тэрбээр Бурхны хуулийг судлан, сайтар эргэцүүлэн бодож, амьдралдаа хэрэгжүүлэхийн чухлыг ойлгодог байв. Тийм учраас, Мосегийн хуулийн үг үсгийг төдийгүй мөн чанарыг ойлгоод дагаж мөрдөхийг хүсдэг байжээ. Бид Библи судлахдаа, уншиж буй зүйлээ эргэцүүлэн бодож, зүрх сэтгэлдээ хоногшуулах учиртай. Ингэдэг бол аливаа асуудлыг шийдэх боллоо гэхэд Ехова юу хүсэж байгааг мэдэж чадна.

15. Соломон Бурхны хуулийг дээдлэхээ больсон нь юунаас харагддаг вэ?

15 Давидын хүү Соломон Ехова Бурхны таалалд ихэд нийцдэг байжээ. Гэвч яваандаа Бурхны хуулийг дээдлэхээ больсон. Хаан хүн «өөртөө зориулан олон эхнэр авч» болохгүй хэмээсэн Еховагийн тушаалыг Соломон үл тоомсорложээ (Д.хууль 17:17). Тэгээд харь бүсгүйчүүлтэй гэрлэсэн. Өтөл буурал болоход нь «эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу эргүүлсэн» юм. Соломон юу ч гэж бодсон бай, «ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу зүйл үйлдэн, эцэг Давид шигээ ЭЗЭНийг гүйцэд дагасангүй» (Х.дээд 11:1–6). Тэгэхлээр, Бурхны Үгэнд байдаг хууль, зарчмыг дагах ёстой байх нь ээ. Ялангуяа гэрлэе гэсэн бодолтой яваа бол энэ нь их чухал юм.

16. «Зөвхөн Эзэн дотор» гэрлэ гэсэн тушаалын цаад санааг ойлгодог хүн яадаг вэ?

16 Итгэгч бус хүн танд сэтгэлээ илчилбэл та Давид Соломон хоёрын хэнийг дууриах вэ? Жинхэнэ христианууд «зөвхөн Эзэн дотор» гэрлэх тушаалтай (1 Кор. 7:39). Тийм учраас, христиан хүн гэрлэхээр шийдлээ гэхэд итгэл нэгтэнтэйгээ л гэрлэдэг. Энэ тушаалын цаад санааг ойлгодог бол итгэгч бус хүнтэй гэрлэх нь байтугай сэтгэлээ илчлэхэд нь нүүр өгөхгүй.

17. Порно үзэхийн урхинд орохгүйн тулд яах хэрэгтэй вэ?

17 Бурхны удирдамж зааврыг шаргуу эрж хайдаг Давидын жишээг бас авч үзье. Порно үзэх хүсэлдээ дийлдэхгүй байхад түүний жишээ тус болно. Энэ талаарх Еховагийн хүсэл таалал юу болохыг ойлгохын тулд дараах Библийн зүйлийг уншаад, зарчмыг эргэцүүлж бодоорой (Дуулал 119:37; Матай 5:28, 29; Колоссай 3:5-ыг уншина уу). Еховагийн тогтоосон өндөр хэм хэмжээг эргэцүүлэн боддог бол порно үзэхийн аюулаас хол байна.

ҮРГЭЛЖ ЕХОВАГИЙНХ ШИГ ҮЗЭЛ БОДОЛТОЙ БАЙЯ

18, 19. а) Давид төгс бус байсан ч Бурхны сайшаалыг алдаагүйн учир юу вэ? б) Та яахаар шийдсэн бэ?

18 Давид олон сайхан жишээ үзүүлсэн ч хэд хэдэн ноцтой нүгэл үйлдсэн юм (2 Сам. 11:2–4, 14, 15, 22–27; Ш.дээд 21:1, 7). Гэхдээ нүглээ гэмшсэнээ үйл хэргээрээ баталсан. Тэрбээр Бурхны өмнө «шударга сэтгэлээр» явдаг байжээ (Х.дээд 9:4). Яагаад тэгж хэлж болох вэ? Еховагийн хүсэл тааллын дагуу амьдрахыг хичээдэг байсан.

19 Бид төгс бус ч Еховагийн сайшаалыг алдахгүй байж чадна. Үүнийг санангаа Бурхны Үгийг нямбай судалж, сайтар эргэцүүлэн бодож, зүрх сэтгэлдээ хоногшуулсан зүйлээ ажил хэрэг болгоцгооё. Ингэдэг бол, «Таны хүслийг гүйцэлдүүлэхийг надад заагаач» гэж Еховад чин сэтгэлээсээ залбирдаг байсан дуулалчтай адил болно.