Библийг сахиус болгохоос болгоомжил
«БУРХАНЫ үг амьд бөгөөд идэвхтэй [«хүчтэй нөлөөлдөг», ШЕ]» (Евр. 4:12). Паул ийн хэлсэн нь Бурхны үг хүний зүрх сэтгэлд нөлөөлж, амьдралыг өөрчлөх чадалтайг онцолсон хэрэг юм.
Гэхдээ элч нараас хойш тэрс явдал гарна гэсэн зөгнөл биелэхэд энэ үзэл ойлголт гажуудаж эхэлжээ (2 Петр 2:1–3). Яваандаа, христийн шашны удирдагчид Бурхны Үгийг ид шидтэй мэтээр тайлбарлах болсон. Профессор Харри Гамбл «Христиан судрыг сахиус болгон хэрэглэх» тухай бичжээ. Тэрбээр III зуунд амьдарч байсан мяндагтан Оригений хэлсэн үгийг номдоо дурдсан байна. Тэнд «Судрын ариун үгийг сонсоход л ямар нэг байдлаар ашиг тус хүртдэг. Яагаад гэвэл, харийн бурхны тарни ид шидийн хүчтэй юм бол Судрын Бурхны үг бүр ч илүү хүчтэй байж таарна» гэж бичжээ. IV зууны сүүлчээр амьдарч байсан Иохан Хрисостомын бичсэнээр бол, Евангели байгаа газар диавол ирж зүрхэлдэггүй аж. Бас зарим хүн Евангелиэс ишлэл бичиж сахиус болгон хүзүүндээ зүүдэг байжээ. Католик шашны хамба Августин «„Иохан“ номыг дэрэн дороо тавьж унтвал толгойн өвчин намддаг» гэж үздэг байсныг профессор Гамбл тэмдэглэсэн байдаг. Тэгэхлээр, хүмүүс Библийг сахиус болгон ашигладаг байжээ. Та Библийг муу юмнаас хамгаалдаг, аз хийморь далладаг сахиус гэж үздэг үү?
Библийг зүй бусаар ашиглах явдал түгээмэл байдаг. Нэг арга нь Библиэр мэргэлэх юм. Зарим хүн удирдлага заавар олж авах гээд ямар нэг номыг, их төлөв Библийг нүдээ аньж байгаад нээнгүүтээ нүдэндээ өртсөн хэсгийг уншдаг. Жишээлбэл, нэг удаа Августин хажуу айлынхаа хүүхдийн «Аваад унш, аваад унш» гэж хэлэх дууг сонсмогцоо тэнгэр бурхны зарлиг байна гэж бодоод Библи нээн, анх харсан ишлэлээ уншсан тухай профессор Гамбл бичжээ.
Зарим хүн амьдралд нь хэцүү зүйл тохиолдоход Бурханд залбираад, Библийг таамгаар нээнгүүт нүдэнд шууд туссан зүйлийг уншвал бэрхшээлээ давах арга олддог гэж итгэдэг. Библиэс удирдлага заавар хайя гэсэн санаа нь зөв байж болох ч христиан хүн ийм арга хэрэглэх ёсгүй.
Есүс шавь нартаа «Туслагч буюу ... Ариун Сүнс» илгээхээ амлажээ. Тэгээд цааш нь «Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно» гэсэн (Иох. 14:26). Тэгэхлээр, өмнө нь судалж мэдсэн зүйлийг «сануулна» уу гэхээс биш, Библийн аль нэг хуудсыг нээгээд л удирдлага заавар авна гэж байхгүй шүү дээ.
Библиэр мэргэлэх, Библийг сахиус болгон ашиглах нь түгээмэл байдаг. Гэвч мэргэ төлгө, ид шидээр хөөцөлдөхийг Бурхны Үгэнд буруушаасан (Лев. 19:26; Д.хууль 18:9–12; Үйлс 19:19). «Бурханы үг амьд бөгөөд хүчтэй нөлөөлдөг» ч бид үүнийг зүй зохисоор нь ашиглах учиртай. Амьдралаа сайжруулъя гэвэл Библийг сахиус болгох бус, харин үнэн зөв мэдлэг олж авах учиртай. Ийм мэдлэгийнхээ ачаар ёс суртахууны өндөр хэм хэмжээ баримталдаг болж, муу зуршлаасаа салж, гэр бүл нь тогтворжиж, Библийн Зохиогчтой илүү дотно харьцаатай болсон хүн олон бий.