Skip to content

Гарчиг руу орох

Жинхэнэ амжилтад хүрэх нь

Жинхэнэ амжилтад хүрэх нь

«Чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно» (ИОШ. 1:8).

1, 2. а) Хүмүүс амжилтыг юу гэж тодорхойлдог вэ? б) Юуг амжилт гэж үздэгээ яаж мэдэх вэ?

 АМЖИЛТ гэж юу вэ? Ийм асуултад хүмүүс янз янзаар хариулдаг. Эд хөрөнгөтэй, аятайхан ажилтай, өндөр боловсролтой болохыг амжилт гэж нэг хэсэг нь үздэг байхад гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо сайхан харьцаатай байх гэж нөгөө хэсэг нь хариулдаг. Зарим христиан Еховагийн байгууллагад хариуцлагатай үүрэг хүлээх юм уу дэлгэрүүлэх ажилд гаргасан ахиц дэвшлийг амжилт гэдэгтэй холбож тайлбарлах нь бий.

2 Юуг амжилт гэж үздэгээ мэдэхийн тулд биширч хүндэтгэдэг, ажил үйлс нь бүтэмжтэй яваа гэж дүгнэдэг хүмүүсийнхээ нэрийг жагсааж бичээрэй. Тэдний нийтлэг шинж юу вэ? Баян чинээлэг үү, нэр алдартай юу? Нөлөө бүхий юү? Эдгээр асуултад та юу гэж хариулахаас зүрх сэтгэлдээ юу тээж явдгаа мэдэж болно. Энэ нь шийдвэр гаргах, зорилго тавихад тань шууд нөлөөлнө (Лук 6:45).

3. а) Иошуа амжилтад хүрэхийн тулд яах ёстой байсан бэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Ехова юуг амжилт гэж үздэг нь христианууд бидний хувьд хамгийн чухал юм. Учир нь Ехова биднийг хэрхэн дүгнэдгээс мөнх амьдрах эсэх маань шалтгаална. Ехова Иошуад израильчуудыг удирдан Амласан газар луу аваачих хүндтэй үүрэг оноожээ. Тэгэхдээ Мосегийн хуулийг «өдөр шөнөгүй» уншиж, тэнд бичсэн бүхнийг дуулгавартай сахихыг тушаагаад, «Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно» хэмээн батлан хэлсэн (Иош. 1:7, 8). Үнэхээр ч Иошуа амжилтад хүрсэн билээ. Бидний тухайд юу хэлж болох вэ? Амжилтын талаарх бидний үзэл Бурхныхтай нийцэж байгаа эсэхийг яаж мэдэх вэ? Библид гардаг хоёр хүний түүхийг авч үзье.

СОЛОМОН АМЖИЛТ ОЛСОН УУ?

4. Соломоны амжилтын нууц юу байсан бэ?

4 Тийм ээ, Соломон юм юман дээр гойд амжилт гаргасан. Учир нь олон жилийн турш Еховагаас эмээж, дуулгавартай захирагдаж явсан юм. Ехова түүнийг арвин ихээр ивээжээ. Юу хүссэнийг чинь өгье хэмээн Еховаг айлдахад ард түмнийг удирдах мэргэн ухаан гуйдаг. Тэгэхэд нь Бурхан мэргэн ухаан төдийгүй эд баялаг ч өгсөн (Хаадын дээд 3:10–14-ийг уншина уу). Соломоны мэргэн ухаан «дорнын бүх хөвгүүдийн мэргэн ухаанаас ч, Египетийн бүх мэргэн ухаанаас ч даван гарчээ». Нэр алдар нь «эргэн тойрны бүх үндэстнүүдийн дунд дуурсгагдав» (Х.дээд 4:30, 31). Зөвхөн алт гэхэд л жилд 25 тонныг олдог байжээ! (Ш.дэд 9:13). Дипломат харилцаа, барилга байгууламж, худалдаа бизнесийн салбарт гялалзсан амжилт гаргасан. Бурханд сайшаагдаж байхдаа үйлс бүхэн нь бүтэмжтэй байлаа (Ш.дэд 9:22–24).

5. Соломон ямар хүнийг жинхэнэ ёсоор амжилт олж яваа гэж дүгнэсэн бэ?

5 Соломон амжилтын талаар зөв үзэл бодолтой байсан нь «Номлогчийн үгс» номоос тодорхой харагддаг. Эд баялагтай, нэр алдартай хүн л ажил үйлс нь бүтэмжтэй, аз жаргалтай амьдардаг гэж огт бодож байгаагүй. Тэрбээр: «Хүмүүсийн хувьд амьдрах хугацаандаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн. Хэрэв хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг» хэмээн бичжээ (Ном. 3:12, 13). Бурхны сайшаалыг хүлээдэг, түүнтэй сайн харьцаатай байдаг хүний хувьд амьдрал үнэхээр утга учиртайг Соломон ойлгосон аж. Тийм учраас, «Энэ бүхнийг сонордоод, дүгнэхэд Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна» хэмээн бичсэн нь санамсаргүй хэрэг биш юм (Ном. 12:13).

6. Соломоны үзэж туулсан амьдралыг бодож үзвэл жинхэнэ амжилт гэж юу вэ?

6 Соломон олон жил Бурхнаас эмээж явсан. Библид «Соломон эцэг Давидынхаа тогтоолуудаар алхаж ЭЗЭНд хайртай байсан» гэж бичсэн байдаг (Х.дээд 3:3). Үүнийг жинхэнэ амжилт гэж хэлэхгүй гэж үү? Соломон жинхэнэ шүтлэгийн төлөө Еховагийн заавраар сүрлэг сүм барьж, Библийн гурван ном бичсэн. Бид түүний адилаар, сүм барьж, ном бичихгүй боловч Бурханд үнэнч байх үеийнх нь амьдралаас жинхэнэ амжилт гэж юу болохыг мэдэж авах учиртай. Ингэвэл жинхэнэ ёсоор амжилт гаргаж чадна. Өнөөгийн ихэнх хүн эд хөрөнгө, мэргэн ухаан, алдар нэр, эрх мэдлийг амжилт гэж үздэг ч үнэндээ бол тийм биш гэдгийг Соломон ариун сүнсээр хөтлүүлэн бичсэнийг санаарай. Энэ бүхэн «салхины хойноос хөөцөлдөхтэй адил» хоосон юм. Эд баялагт дуртай хүн улам л баяжихыг хүсдэгийг та мэднэ биз дээ? Бас эд хөрөнгөнийхөө хойноос үргэлж санаа зовдог. Түүнээс гадна, хураасан бүхэн нь нэг л өдөр хүнийх болдог (Номлогчийн үгс 2:8–11, 17; 5:10–12-ыг уншина уу).

7, 8. Соломон юунаас болоод үнэнч бус болсон бэ? Үр дагавар нь юу байсан бэ?

7 Соломон яваандаа Бурханд үнэнч бус, дуулгаваргүй болсныг бид мэднэ. Библид «Соломон хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу эргүүлсэн учир түүний зүрх сэтгэл эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг Бурханы төлөө бүхлээрээ зориулагдсангүй. ... Соломон ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу зүйл үйлдэв» гэж бичсэн байдаг (Х.дээд 11:4–6).

8 Ехова үүнийг огт таалаагүй тул Соломонд «Чи үүнийг үйлдэн Миний чамд тушаасан Миний гэрээ зааврыг чи сахиагүй учир Би чамаас хаанчлалыг үнэхээр тастан авч, зарцад чинь өгөх болно» хэмээн айлджээ (Х.дээд 11:11). Ямар харамсалтай юм бэ! Соломон олон юман дээр амжилт гаргаж байсан ч эцэстээ Еховаг гонсойлгосон. Амьдралынхаа хамгийн чухал зүйл дээр алджээ. Тэрбээр Бурханд үнэнч байж чадаагүй. Тэгэхлээр бид амжилт олъё гэвэл Соломоны алдаанаас сургамж авч, тийм алдаа гаргахгүй байхаар бат шийдэх хэрэгтэй. Та ингэж шийдсэн үү?

ЖИНХЭНЭ ЁСООР АМЖИЛТ ОЛСОН

9. Ертөнцийнхний хэмжүүрээр бол Паул амжилт олсон уу? Тайлбарлана уу.

9 Элч Паулын амьдрал Соломон хааныхаас эрс ялгаатай. Тэрбээр зааны ясан сэнтийд заларч, хаад ноёдтой найрлан цэнгэж байсангүй. Харин өлсөж, цангаж, даарч, нүцгэрч явсан удаатай (2 Кор. 11:24–27). Паул Есүсийг Мессиа гэж хүлээн зөвшөөрөөд Иудейн шашинд эзэлж байсан хүндтэй байр сууриа орхижээ. Шашны удирдагчид үүнд нь хорсох болов. Паул шоронд хоригдож, ташуурдуулж, саваагаар жанчуулж, чулуугаар цохиулж явжээ. Тэрбээр итгэл нэгтнүүдийнхээ хамт доромжлогдож, хавчигдаж, гүжирдүүлж байснаа дурсан «Бид одоо хүртэл дэлхийн хог, бүгдийн шаар шавхруу мэт болсон» хэмээн хэлсэн байдаг (1 Кор. 4:11–13).

10. Хүмүүс Паулыг амьдралаа үрэн таран хийсэн хүн гэж бодсоны учир юу вэ?

10 Саул буюу элч Паул залуудаа тухайн үеийн нийгэмд чухал гэгддэг бүх юмтай хүн байлаа. Нөлөө бүхий гэр бүлд төрсөн, алдартай багш Гамалиелын шавь байсан тэрбээр: «Би ... Иудейн шүтлэг дотор нутаг нэгт олон үе чацуутнуудаасаа илүү дэвшиж байсан» гэж бичжээ (Гал. 1:14). Саул грек, еврей хэлийг төгс эзэмшсэн хүн байв. Ромын иргэний хувьд олон хүний хүсэл мөрөөдөл болсон тусгай эрх ямба эдэлдэг байжээ. Ертөнцийнхний хувьд амжилтад хүргэнэ гэж үздэг энэ замаараа явсан бол бүр ч их алдар хүндтэй, эд хөрөнгөтэй болох байсан биз ээ. Гэвч түүнийг өөр зам сонгоход хүмүүс, ялангуяа ойр дотныхон нь толгой нь эргэчихэж гэж санасан байх. Яагаад?

11. Паул юуг үнэлдэг, ямар зорилготой хүн байсан бэ? Яагаад?

11 Паул Еховаг хайрладаг, сайшаалыг нь олохыг хүсдэг байсан учир нэр төр, эд баялгийг чухалд үзээгүй. Тэрбээр Бурхны талаар зөв мэдлэгтэй болсныхоо ачаар золиосны үнэ цэнийг мэдэж, дэлгэрүүлэх ажлын чухлыг ойлгож, тэнгэрт амьдрах найдварыг эрхэмлэдэг болсон. Харин ертөнцийнхөн энэ бүхнийг юман чинээ боддоггүй. Ямар маргаантай асуудал дэгдсэнийг Паул мэддэг байсан. Сатан бүх хүнийг Бурхнаас холдуулж чадна гэж ам бардам хэлжээ (Иов 1:9–11; 2:3–5). Ямар ч сорилт тулгарсан Бурханд үнэнч байж, жинхэнэ шүтлэгийн талд бат зогсох нь Паулын зорилго байв. Амжилт олохын тулд ийм зорилго тавьдаг хүн ертөнцийнхний дунд бараг байдаггүй.

12. Та яагаад Бурханд найддаг вэ?

12 Та Паулынхтай адил зорилготой юу? Бурханд үргэлж үнэнч байх амаргүй. Гэхдээ Еховагийн сайшаалыг хүлээж, ивээл хүртье гэвэл үнэнч байх учиртай. Энэ бол жинхэнэ амжилтын нууц юм (Сур. 10:22). Үнэнч байвал одоо сайн сайхан амьдраад зогсохгүй ирээдүйд бүр ч их ивээл хүртэнэ (Марк 10:29, 30-ийг уншина уу). Тийм учраас, христианууд бид «эд хөрөнгөний тодорхойгүй байдалд» бус, «харин биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг Бурханд» найддаг. Ингэж «ирээдүйн төлөө өөрсдөдөө сайн үндэс суурийг тавин эрдэнэсийг хурааснаараа жинхэнэ аминд хүрнэ» (1 Тим. 6:17–19). Тийм ээ, зуу, мянга, бүр түүнээс ч олон жилийн дараа бид өнгөрснөө эргэж хараад «Би жинхэнэ амжилтад хүрэх зам сонгожээ!» гэж итгэл төгс хэлнэ.

ТА НАРЫН ЭД БАЯЛАГ ХААНА БАЙНА...

13. Есүс эд баялаг хураах талаар юу гэж зөвлөсөн бэ?

13 Есүс эд баялгийн талаар хэлэхдээ «Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж. Харин тэнгэрт эд баялгийг өөрсдөдөө хураа. Учир нь тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй. Та нарын эд баялаг хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно» гэжээ (Мат. 6:19–21).

14. Газар дээр эд баялаг хураах нь яагаад ухаалаг бус вэ?

14 Газар дээр хураадаг эд баялагт зөвхөн эд мөнгө ордоггүй. Хүмүүсийн хувьд амжилт гэгддэг нэр алдар, эрх мэдэл, өндөр байр суурийн талаар Соломон бичсэн билээ. Тэдгээр зүйлийг ч эд баялагт тооцож болох юм. Ертөнцийн эд баялаг мөнх бишийг Соломон «Номлогчийн үгс» номдоо бичсэн. Есүс ч бас ийм утгатай үг хэлсэн. Ийм эд баялаг мөхөж устах тавилантай бөгөөд амархан алга болдгийг хэн ч үгүйсгэхгүй. Профессор Дейл Брүнер: «Нэр алдар цаг зуурынх гэдгийг бүх хүн мэднэ. Өнгөрсөн бямбад „од“ болсон хүн хэсэгхэн хугацааны дараа мартагддаг. Энэ жил нь олз омогтой явснаа, хойтон жил нь үгүйрэн хоосрохын алийг тэр гэх вэ. ... [Есүс] хүмүүст хайртай. Тийм учраас мөнхөд дуурьсагддаггүй алдар нэрийн хойноос хөөцөлдсөн хүн эцэстээ сэтгэлийн зовлон эдэлдгийг анхааруулсан. Есүс шавь нараа цөхрөөхийг хүсдэггүй. „Өнөөдрийн хаан маргаашийн зарц болдог“» гэж бичжээ. Ихэнх хүн үүнийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хэчнээн нь ийм хандлагаа өөрчилдөг бол? Таны тухайд юу хэлж болох вэ?

15. Бид юуг зорилго болгох ёстой вэ?

15 Шашны зарим удирдагч амжилт олох гэж хөөцөлдөхийг буруу гэж номлодог бөгөөд ямар ч хүчин чармайлт гаргаж болохгүй гэдэг. Харин Есүс амжилт гаргахын төлөө зүтгэлтэй байхыг буруушаагаагүйг анхаараарай. Гагцхүү газар дээр биш, тэнгэрт мөнхийн эд баялаг хураах гэж мэрийхийг шавь нартаа уриалжээ. Өөрөөр хэлбэл, Еховагийн хувьд амжилт гэж тооцогддог тэр зүйлд хүрэхийг гол зорилго болгох ёстой. Тэгэхлээр аль нэгийг нь сонгох хэрэгтэйг Есүсийн хэлсэн үг харуулж байна. Алийг нь сонгосноос бидний зүрх сэтгэлд юу байдаг, юуг эрхэмлэдэг маань харагдана.

16. Бид юунд итгэлтэй байж болох вэ?

16 Еховад таалагдахыг хүсдэг хүн хэрэгтэй бүхнийг Ехова заавал өгнө гэдэгт итгэдэг. Элч Паулын амьдралд өлсөж, цангах үе гарч байсан. Бидэнд ч бас ийм юм тохиолдохыг үгүйсгэх аргагүй (1 Кор. 4:11). Гэхдээ Есүсийн өгсөн зөвлөгөөг дагах нь ухаалаг хэрэг болно. Тэрбээр: «„Бид юу идэх билээ?“, „Юу уух билээ?“, эсвэл „Юу өмсөх билээ?“ гэж бүү санаа зов. Харь үндэстнүүд энэ бүх зүйлийг чармайн хайдаг. Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» хэмээн зөвлөсөн байдаг (Мат. 6:31–33).

ЖИНХЭНЭ АМЖИЛТАД ХҮРЭХ НЬ

17, 18. а) Жинхэнэ амжилт юунаас шалтгаалдаг вэ? б) Амжилт юунаас шалтгаалдаггүй вэ?

17 Жинхэнэ амжилт гэж юу вэ? Энэ нь ертөнцийнхний чухал гэж үздэг ололт амжилт, байр суурь биш юм. Бас христиан хуралд хариуцлагатай үүрэг хүлээхийг ч хэлдэггүй. Нарийн яривал, энэ завшаан нь жинхэнэ амжилтын үндэстэй холбоотой. «Итгэмжит байхыг нярвуудаас шаарддаг» Бурхан Еховад дуулгавартай, үнэнч байх нь жинхэнэ амжилт юм (1 Кор. 4:2). Үнэнч байхад тэвчээр хэрэгтэй. Есүс: «Эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно» гэж хэлсэн байдаг (Мат. 10:22). Амжилтын жинхэнэ хэмжүүр нь аврагдах явдал гэдэгтэй та санал нийлэх үү?

18 Дээрх зүйлийг бодож үзвэл, Бурханд үнэнч байх эсэх нь нэр алдар, мэдлэг боловсрол, эд мөнгө, нийгэмд эзлэх байр суурь, оюуны чадавх, авьяас чадвараас шалтгаалдаггүй байх нь ээ. Бидний амьдрал ахуй ямар ч бай, Бурханд үнэнч байх боломжтой. Нэгдүгээр зууны Бурхны үйлчлэгчдийн дунд баян хүн ч байсан, ядуу хүн ч байсан. «Сайныг үйлдэж, сайн үйлсээрээ баян болж, өглөгч бөгөөд хуваалцахад бэлэн бай» хэмээсэн Паулын зөвлөгөө, ялангуяа, баячуудад хамаатай байв. Гэхдээ баян, ядуугийн аль аль нь энэ зөвлөгөөг хэрэгжүүлж байж «жинхэнэ амьтай» болох байлаа (1 Тим. 6:17–19). Өнөөдөр ч мөн адил. Бид бүгдээрээ Бурханд үнэнч, «сайн үйлсээрээ баян» байх боломжтой, тэгэх ч ёстой. Хэрэв бид ийм байдаг бол жинхэнэ амжилт олж, Бүтээгчдээ таалагдахын баяр баясгалан эдэлнэ (Сур. 27:11).

19. Та амжилт гаргахын тулд яахаар шийдсэн бэ?

19 Та нөхцөл байдлаа хүссэнээрээ өөрчилж чадахгүй байж болох юм. Гэхдээ даван туулах эсэх нь танаас шалтгаална. Ямар ч үед үнэнч байгаарай. Таны гаргасан хичээл зүтгэл талаар болохгүй. Ехова таныг одоо ч, ирээдүйд ч арвин ихээр ивээх нь гарцаагүй. Есүс тослогдсон христиануудад «Үхэл хүртэл итгэмжтэй бай. Тэгээд Би чамд амийн титмийг өгнө» хэмээн хэлснийг хэзээ ч бүү мартаарай (Илч. 2:10). Энэ бол жинхэнэ амжилт!