Skip to content

Гарчиг руу орох

Жинхэнэ шүтлэгээр холбогдсон «түр хугацаагаар байгчид»

Жинхэнэ шүтлэгээр холбогдсон «түр хугацаагаар байгчид»

«Харийн хөвгүүд та нарын тариаланч, усан үзэмчид болцгооно. Харин та нар ЭЗЭНий тахилч нар ... гэж нэрлэгдэнэ» (ИС. 61:5, 6).

1. Зарим хүн гадаадынханд яаж ханддаг вэ? Энэ нь яагаад буруу вэ?

 ЗАРИМ хүн өөр орноос ирсэн хүмүүсийг гадуурхаж, тэр байтугай илэрхий үзэн ядаж харийнхан, гадныхан хэмээн зэвүүцэнгүй хэлдгийг өмнөх өгүүллээр үзсэн. Бусад үндэстнийг дорд үзэх нь соёлгүй бүдүүлгийн шинж юм. Үнэндээ бүх хүн адилхан шүү дээ. «Библид бичсэнээр бол хүн төрөлхтөн арьсны өнгөөр ялгаатай ч ахан дүүс юм» гэж нэгэн товхимолд тэмдэглэсэн байдаг («The Races of Mankind»). Ах дүү нар зүс царайгаараа адилгүй байх нь бий. Гэлээ ч тэд ах дүү хэвээрээ л байдаг.

2, 3. Ехова гадаадынхныг юу гэж үздэг вэ?

2 Дэлхийн өнцөг булан бүрд гадаад хүмүүс бий. Хуулийн гэрээгээр Ехова Бурхантай онцгой харьцаа тогтоосон эртний израильчуудын дунд ч гадаадынхан амьдарч байсан. Эдлэх эрх нь тодорхой хэмжээгээр хязгаартай боловч израильчууд тэднийг алаг үзэхгүй, хүндэтгэж харьцах хуультай байв. Энэ зарчим өнөөдөр бас хүчин төгөлдөр! Жинхэнэ христианууд бусдыг алаг үзэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах учиргүй. Яагаад? Элч Петр: «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов» гэжээ (Үйлс 10:34, 35).

3 Эрт цагт Израильд амьдарч, израильчуудтай дотносон нөхөрлөх нь харийн хүмүүст таатай байлаа. Учир нь Ехова тэднийг хүлээн авсан юм. Олон жилийн дараа элч Паул Еховагийн тухай «Эсвэл Бурхан зөвхөн иудейчүүдийнх юм гэж үү? Тэр мөн харь үндэстнүүдийнх биш гэж үү? Тийм ээ, Тэр бас харь үндэстнүүдийнх мөн» хэмээн хэлжээ (Ром 3:29; Иоел 2:32).

4. «Бурханы Израильд» гадны хүн гэж байхгүй гэхийн учир юу вэ?

4 Ехова Израиль үндэстэнтэй тогтоосон онцгой харьцаагаа тасалж, оронд нь тослогдсон христиануудтай шинэ гэрээ байгуулжээ. Тийм учраас тослогдсон христиануудыг «Бурханы Израиль» гэх болсон (Гал. 6:16). Энэ шинэ үндэстний дунд «Грек ба Иудей, хөвч хөндүүлсэн ба хөвч хөндүүлээгүй, зэрлэгүүд, скутчууд, боол ба чөлөөт хүн гэж байхгүй. Харин Христ бол бүгд бөгөөд бүгдийн дотор байна» гэж элч Паул тайлбарлан бичжээ (Кол. 3:11). Тийм учраас, христианууд хэнийг ч гадны хүн гэж үздэггүй.

5, 6. а) Исаиа 61:5, 6-г уншаад зарим хүн гайхдагийн учир юу вэ? б) Исаиагийн дурдсан «ЭЗЭНий тахилч нар», «харийн хөвгүүд» гэж хэн бэ? в) Энэ хоёр бүлэг хүн юугаараа адилхан бэ?

5 Гэтэл «Исаиа» номын 61-р бүлгийг уншаад зарим хүн гайхдаг. Тэнд байдаг зөгнөл христиан хуралтай холбоотой. 6-р зүйлд «ЭЗЭНий тахилчаар» үйлчлэх хүмүүсийн тухай, харин 5-р зүйлд тэдэнтэй хамтран ажиллах «харийн хөвгүүдийн» тухай дурджээ. «Харийн хөвгүүд» гэж бичсэн нь ямар учиртай вэ?

6 «ЭЗЭНий тахилч нар» гэдэг нь тослогдсон христианууд юм. Тэд «анхны амилалтад» багтаж, «Бурханы ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жилийн турш хаанчлах болно» (Илч. 20:6). Тэгвэл «харийн хөвгүүд» гэж хэн бэ? Дэлхий дээр мөнх амьдрах найдвартай үнэнч христиан олон байдаг. Энэ хүмүүс тэнгэрийн найдвартай христиануудтай хамтран ажиллаж, дотносон нөхөрлөдөг боловч бэлгэдлийн утгаар «харийн хөвгүүд» юм. Тэд «ЭЗЭНий тахилч нарын» «тариаланч», «усан үзэмчид» болцгооно. Өөрөөр хэлбэл, хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэх, үнэнийг мэдүүлэх зэргээр Бурхныг алдаршуулахад нь тослогдогсдыг дуртайяа дэмжинэ. Тослогдсон христианууд, «өөр хонинуудын» аль аль нь Бурханд үүрд мөнх үйлчлэх хүсэлтэй үнэнч хүмүүсийг хайж олоод, хайрын сэтгэлээр тусалдаг (Иох. 10:16, ШГ).

АБРАХАМ ШИГ «ТҮР ХУГАЦААГААР БАЙГЧИД»

7. Орчин үеийн христианууд Абрахам нарын эртний үнэнч үйлчлэгчидтэй юугаараа адилхан бэ?

7 Жинхэнэ христианууд Сатаны ёс бус ертөнцөд түр оршин суудаг учир харийнхан гэгддэгийг өмнөх өгүүллээр үзсэн. Тэднийг «дэлхийд харь хүмүүс» мэт амьдарсан Абрахам нарын эртний үнэнч хүмүүстэй адилтгаж болно (Евр. 11:13). Бид хаана ч амьдрах байсан, Абрахамын адилаар, Еховатай онцгой харьцаатай байх завшаан эдэлдэг. Иаков: «„Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвт байдалд тооцогдуулсан юм“ гэж өгүүлдэг Судар биелэгдсэн бөгөөд Абрахам Бурханы анд нөхөр гэж дуудагдах болсон» гэжээ (Иак. 2:23).

8. Ехова Абрахамд юу гэж амласан бэ? Абрахам энэ амлалтын талаар ямар бодолтой байсан бэ?

8 Бурхан зөвхөн нэг үндэстнийг бус, харин дэлхийн бүх үндэстнийг Абрахам болон түүний үр удмаар дамжуулан ивээхээ амласан (Эхлэл 22:15–18-ыг уншина уу). Энэ амлалт биелэхийг Абрахам үзээгүй ч үнэхээр биелнэ гэдэгт итгэж байв. Тэрбээр насныхаа ихэнхийг гэр бүлээрээ нүүдэллэн өнгөрөөжээ. Энэ бүх хугацаандаа Еховагийн дотны анд нөхөр байсан.

9, 10. а) Абрахамыг яаж дууриах вэ? б) Бид ямар урилга тараах ажилд оролцдог вэ?

9 Абрахам Еховагийн амлалт биелэх цагийг хэр удаан хүлээхээ мэдээгүй ч Еховаг хайрлаж, үнэнчээр шүтсээр байсан. Түр оршин суугч гэдгээ үргэлж санаж явсан учраас очсон газрынхаа байнгын оршин суугч болдоггүй байв (Евр. 11:14, 15). Абрахамыг дууриан эгэл жирийн амьдрах нь хэчнээн ухаалаг вэ! Бид эд хөрөнгө хураах, нийгэмд өндөр байр суурь эзлэх, албан тушаал дэвшихийг хамгийн чухал гэж бодох учиргүй. Энэ тогтолцоо тун удахгүй сүйрэх гэж байхад ертөнцийнхний хэв маягаар амьдрах ямар хэрэг байна? Зуурдын юманд тэгтлээ их татагдахын хэрэг байна уу? Бид илүү сайн юмыг буюу Бурхны амлалт биелэхийг тэвчээртэй хүлээдэг (Ром 8:25-ыг уншина уу).

10 Абрахамын үрээр дамжуулан ивээл хүртээсэй гэсэндээ Ехова одоо ч бүх үндэстний хүмүүсийг урьж байна. Энэ урилгаа «ЭЗЭНий тахилч нар» болох тослогдогсод, «харийн хөвгүүд» болох өөр хонинуудаар дамжуулан дэлхий даяар, 600 гаруй хэлээр тарааж байна.

ҮНДЭС УГСААГААР БҮҮ ЯЛГА

11. Соломон бүх үндэстний хүмүүст юу хийхийг уриалсан бэ?

11 МЭӨ 1026 онд сүмийг зориулах ёслол дээр Соломон: «Таны ард түмэн Израильд үл харьяалагдах хүн буюу Таны нэрийн төлөө хол газраас ирсэн харь хүн ч гэсэн (Учир нь тэд Таны агуу нэр, Таны хүчит гарыг, Таны сунгасан мутрын талаар сонсоод) ирж энэ өргөөний зүг хандан залбирвал Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа сонсож, тэр харь хүн Таныг дуудсан хүслийнх нь дагуу бүхнийг үйлдэж, болгоогоорой. Энэ нь газар дээр орших бүх ард түмэн Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн болох Израиль шиг Танаас эмээ[хийн тулд юм]» хэмээн чин зүрхнээсээ залбирчээ (Х.дээд 8:41–43). Ийнхүү залбирсан нь бүх үндэстэн Еховаг магтан алдаршуулахаар нэгдэх тухай хэлсэн хэрэг юм. Ехова ямар ч үндэстний залбирлыг сонсож, Абрахамд амласан ёсоороо тэднийг ивээх ажээ.

12. Зарим хүн Еховагийн Гэрчүүдийг яагаад харийнхан мэт үздэг вэ?

12 Ер нь, харийн нутагт айлчлан очиж байгаа эсвэл түр оршин сууж байгаа хүнийг гадаад хүн гэдэг. Еховагийн Гэрчүүдийг гадаад хүмүүс гэж хэлж болно. Тэд дэлхийн олон оронд амьдардаг ч Христ тэргүүтэй тэнгэрийн засгийн газрыг дэмждэг. Тийм учраас тухайн орныхоо улс төрийн хэрэгт хутгалдан оролцдоггүй. Үүнээс нь болоод зарим хүн тэднийг нийгмийн амьдралаас тасарсан хэмээн гадуурхдаг.

13. а) Бусдыг гадны хүн гэж үзэхгүйн тулд яах вэ? б) Еховагийн анхны санаа зорилгоор бол гадаад хүн гэдэг ойлголт байх байсан уу? Тайлбарлана уу.

13 Дийлэнх олонхоос ялгардаг онцлог шинжээр нь зарим хүнийг гадныхан гэдэг. Жишээлбэл, хэл яриа, ёс заншил, гадаад төрх, тэр байтугай, өмссөн зүүснээрээ ялгардаг. Гэхдээ иймэрхүү ялгааг бус, бүх үндэстэнд байдаг нийтлэг шинжийг анхаарах нь чухал юм. Дээр дурдсан ялгаатай талаас болоод хүнийг гадаад дотоод гэж ялгаварлан үздэг боловч үнэндээ бол гадаад хүн ч ялгаагүй хүн шүү дээ. Ингэж бодож сурвал ямар ч ястан үндэстэнг гадны, харийн хүн гэж үзэхээ болино. Хэрэв дэлхийн бүх оршин суугчийг ганц л засгийн газар удирддаг байсан бол харь хүн гэж байхгүй байх байсан. Еховагийн анхны санаа зорилгоор бол бүх хүн ганцхан өөрт нь захирагддаг нэг гэр бүл болон нэгдэх учиртай байжээ. Тэгвэл одоо дэлхий даяар байгаа бүх үндэстэн бие биеэ гадныхан гэж гадуурхахгүй байх боломжтой юу?

14, 15. Еховагийн Гэрчүүд бүхэлдээ ямар үзэл бодолтой болж чадсан бэ?

14 Аминч, үндсэрхэх үзэл газар авсан энэ нийгэмд ямар ч үндэстэнг ялгалгүй хайрладаг хувь хүн байдаг гэж бодохлоор таатай санагддаг. Үнэндээ хүнийг арьс өнгөөр ялгаварлахаа болих амаргүй. Янз бүрийн үндэс угсаатай авьяаслаг хүмүүстэй хамтран ажилладаг телевизийн Си-Эн-Эн сувгийг үндэслэгч Тед Төрнер: «Ийм хүмүүстэй уулзаж учраад их юм ухаарсан. Би өөр улсын хүмүүсийг „гадныхан“ гэхийн оронд нэг гаригийн оршин суугчид гэж үздэг болсон. „Гадныхан“ гэдэг үг доромжилсон өнгө аястайг ойлгосноосоо хойш энэ үгийг нэвтрүүлгийн үеэр болон ажил дээрээ хэлж болохгүй гэсэн заалтыг Си-Эн-Эн телевизийн дотоод дүрэмд оруулсан. Зүй нь, „интернационал“ гэж хэлэх ёстой юм л даа» гэж ярьсан юм.

15 Бүх үндэстэнг хайрладаг бүлэг хүн байдаг. Тэд бол Еховагийн Гэрчүүд юм. Аливаа зүйлд Еховагийн үзэл бодлоор хандаж сурсан учраас үндсэрхэх үзэл гаргаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахаа больсон. Өөр үндэстэн ястанд үл итгэж, хар буруу санадаггүй, тэднийг үзэн яддаггүй. Харин олон сайхан зан чанар, авьяас чадварыг нь үнэлж сурсан. Танд гайхалтай санагддаг уу? Бусад үндэстний талаарх үзэл бодлоо өөрчлөх нь хэчнээн ач тустай байдгийг та өөрийн биеэр мэдэрсэн биз дээ?

ХАРИЙН ХҮН ГЭЖ БАЙХГҮЙ БОЛНО

16, 17. Илчлэлт 16:16; Даниел 2:44-т байдаг зөгнөл биелэх тэр цагийг та хэрхэн төсөөлж байна вэ?

16 Удахгүй болох Хармагедоны үед бүх улс үндэстэн Бурхны эрх мэдлийг эсэргүүцэн эцсийн удаа тулалдана (Илч. 16:14, 16; 19:11–16). Бурхны санаа зорилготой зөрчилддөг бүх засгийн газар эцэстээ юугаар төгсөхийг зөнч Даниел одоогоос 2 500 гаруй жилийн өмнө Бурхны сүнсээр удирдуулан «Тэдгээр хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» хэмээн бичжээ (Дан. 2:44).

17 Та энэ бүхэн биелэх тэр цагийг өөрийн биеэр үзэж байна гээд төсөөлөөрэй. Өнөөдөр дэлхий дээр байгаа улс үндэстнүүд хил хязгаар тогтоож, нэг нэгнийгээ гадаад дотоод хэмээн ялгаварладаг. Харин Хармагедоны дараа ийм ойлголт байхгүй болно. Тэр үед хүмүүсийн гадаад төрх, бие махбодын ялгаа хэвээрээ байна. Энэ нь Бурхны бүтээл гайхалтай, олон янз байдгийн илрэл юм. Биднийг ийм сайхан ирээдүй хүлээж буй учир Бүтээгч Ехова Бурхнаа магтан алдаршуулахын тулд чадах бүхнээ хийсээр байя.

Улс үндэстнүүдийн хооронд хил хязгаар байхгүй, харийнхан гэдэг ойлголт ул мөргүй болох тэр цагийг та тэсэн ядан хүлээдэг үү?

18. Еховагийн Гэрчүүд бусдыг гадны хүн гэж боддоггүйг харуулах жишээ хэлнэ үү.

18 Дэлхийн хамарсан ийм өөрчлөлт үнэхээр болно гэж үү? Тэгэлгүй яах вэ! Үүнд бүрэн итгэж болно. Еховагийн Гэрчүүд бусдын үндэс угсааг төдийлөн чухалчилдаггүй учир «гадны хүн» гэсэн ойлголт тэдний хувьд ач холбогдолгүй юм. Жишээ авъя. Хаанчлалын тухай сайн мэдээг илүү үр өгөөжтэй дэлгэрүүлэх зорилгоор нэлээд хэдэн оронд байдаг манай байгууллагын жижиг салбаруудыг саяхан нэгтгэсэн билээ (Мат. 24:14). Энэ үеэр тухайн улсын хуулийн шаардлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал тулгарснаас бус, үндэс угсаа огтхон ч саад болоогүй. Энэ бол Еховагийн томилсон Удирдагч Есүс Христ хүмүүсийн бий болгосон хил заагийг эвдэж буйн бас нэг баталгаа юм. Удахгүй тэрбээр «ялахын тулд ялсаар гарч ирнэ» (Илч. 6:2).

19. Еховагийн Гэрчүүд үнэний цэвэр хэлээр ярьдгийн ачаар яасан бэ?

19 Еховагийн Гэрчүүд олон янзын хэл аялгуугаар ярьдаг, янз бүрийн үндэстнээс бүрддэг. Тэд үнэний цэвэр хэлээр ярихыг хичээдэг учраас хэзээ ч тарж бутрахааргүй бат бөх холбогджээ (Зефаниа 3:9-ийг уншина уу). Энэ дэлхий дээр амьдардаг ч өнөөгийн ёс бус тогтолцооноос ангид, олон үндэстнээс бүрдсэн нэгэн гэр бүлд багтдаг. Эв нэгдэлтэй энэ гэр бүл бол харийн хүн гэж байхгүй болох ирээдүйн шинэ ертөнцийн үлгэр загвар юм. Тэр үед бүх хүн өгүүллийн эхэнд дурдсан товхимолд байгаа үгийн үнэнийг биеэрээ мэдэрнэ. «Библид бичсэнээр бол хүн төрөлхтөн арьсны өнгөөр ялгаатай ч ахан дүүс юм» («The Races of Mankind»).