Skip to content

Гарчиг руу орох

Та бол итгэмжит нярав мөн!

Та бол итгэмжит нярав мөн!

«Та нар өөрсдийнх биш» (1 КОР. 6:19).

1. Хүмүүс зарц боол гэдэг үгийг сонсоод юу боддог вэ?

 2 500 жилийн тэртээ Грекийн нэгэн зохиолч: «Хэн ч зарц боол болъё гэж боддоггүй» хэмээн бичжээ. Олон хүн үүнтэй санал нийлдэг. Зарц боол гэдэг үгийг сонсохлоор дарлуулж мөлжүүлсэн, ажил хөдөлмөрийнхөө үр шимийг өөрөө хүртдэггүй, эзнийхээ төлөө морь мал мэт зүтгэдэг хүн санаанд буудаг.

2, 3. а) Христийн зарц боол гэдгийг юу гэж ойлгох вэ? б) Нярвын талаар ямар ямар асуултыг авч үзэх вэ?

2 Есүс шавь нараа зарц боол болно гэж хэлсэн. Гэхдээ жинхэнэ христианууд боол болно гэдэг нь дарлагдаж, дорд үзэгдэнэ гэсэн үг биш юм. Харин ч тэд хүндтэй байр суурь эзэлж, итгэл олж, хүндэтгэл хүлээх ажээ. Жишээ нь, Есүс нас барахынхаа өмнөхөн нэг «боолын» тухай ярьжээ. Христ «итгэмжит ухаалаг» тэр боолд үүрэг оноохоо урьдчилан хэлсэн (Мат. 24:45–47).

3 Есүсийн ярьсан түүхийг Лук бас бичихдээ «боол» гэхийн оронд «нярав» гэжээ (Лук 12:42–44-ийг уншина уу). Өнөөгийн ихэнх христиан «итгэмжит ухаалаг нярвын» ангид багтдаггүй. Гэхдээ Бурхны үйлчлэгчид бүгдээрээ, зарчмын хувьд, нярвууд гэдгийг Библид бичсэн байдаг. Тэгвэл нярвын үүрэг юу вэ? Энэ үүргийг бид хэрхэн үзэх ёстой вэ? Эдгээр асуултад хариулахын тулд эрт цагт нярвууд ямар үүрэг гүйцэтгэдэг байсныг авч үзье.

НЯРВЫН ҮҮРЭГ

4, 5. Эрт цагт нярвууд ямар үүрэгтэй байсан бэ? Жишээ хэлнэ үү.

4 Эрт цагт эзнийхээ гэр орон, ажил хэргийг хариуцдаг, итгэл даасан боолыг нярав гэдэг байжээ. Тэр үед нярав хүн эзнийхээ эд хөрөнгө, мөнгө төгрөгийг захиран зарцуулдаг, бусад зарц боолд ажил үүргийг нь оноож өгдөг тодорхой хэмжээний эрх мэдэлтэй байв. Үүний нэг жишээ нь Абрахамын асар их хөрөнгийг хариуцдаг байсан Елиезер юм. Абрахам хүү Исаактаа эхнэр олуулахаар Месопотами руу зарцаа явуулдаг. Тэр зарц нь Елиезер байсан бололтой. Үнэхээр чухал, хариуцлагатай үүрэг байжээ! (Эх. 13:2; 15:2; 24:2–4).

5 Абрахамын жич Иосеф, Потифарын гэрийн даамал байжээ (Эх. 39:1, 2). Хожим нь Иосеф өөрөө «гэрийн даамалтай» болсон. Иосефын гэр орон, эд хөрөнгийг хариуцдаг байсан тэр нярав арван ахыг нь дайлж цайлах ажлыг зохион байгуулсан. Мөнгөн аягаар ах нараа сорьж турших гэсэн эзнийхээ төлөвлөгөөг биелүүлэхэд тэрбээр чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэгэхлээр нярвуудад асар их итгэл хүлээлгэдэг байсан нь тодорхой харагдаж байна (Эх. 43:19–25; 44:1–12).

6. Ахлагчид ямар үүрэгтэй вэ?

6 Түүнээс хойш хэдэн зууны дараа элч Паул ахлагчдыг «Бурханы нярав» гэж хэлжээ (Тит 1:7). Ахлагчид «Бурханы хонин сүргийг» хариулахаар томилогдсон учир хурлыг удирдах үүрэгтэй (1 Петр 5:1, 2). Ахлагчдын гүйцэтгэдэг үүрэг харилцан адилгүй. Жишээ нь, ихэнх ахлагч нэг хуралд үйлчилдэг. Харин явуулын харгалзагчид хэд хэдэн хуралд үйлчилдэг. Салбарын хорооны гишүүд салбарын харьяанд байдаг улс орнуудынхаа хурлуудыг хариуцдаг. Тэд бүгдээрээ хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, «тооцоо хийх» буюу Бурханд тайлан өгөх учиртай (Евр. 13:17).

7. Зарчмын хувьд бүх христиан нярав гэдгийг хаанаас мэдэж болох вэ?

7 Тэгвэл бусад үнэнч христиануудыг ч бас нярав гэдгийг хаанаас мэдэж болох вэ? Элч Петр бүх христианд бичсэн захидалдаа «Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил» гэж бичжээ (1 Петр 1:1; 4:10). Бурхан нигүүлсэнгүй сэтгэлийн үүднээс бид бүгдэд бэлэг буюу авьяас чадвар өгч, итгэл нэгтнүүдийнхээ сайн сайхны төлөө түүнийгээ зориулаасай гэж хүсдэг. Тиймээс Бурханд үйлчилдэг бүх хүн нярав юм. Нярав хүн хүндэтгэл хүлээдэг, итгэл даадаг, хариуцлагаа ухамсарладаг байх ёстой.

БИД БУРХНЫХ

8. Бидний санаж явах ёстой нэг зарчим юу вэ?

8 Бүх христиан нярав учир гурван зарчмыг санаж явах ёстой. Нэгдүгээрт: Бид бүгдээрээ Бурхных бөгөөд түүнд тайлан өгдөг. Паул: «Та нар өөрсдийнх биш гэдгээ мэддэггүй юм уу? Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм» хэмээн бичжээ. «Үнэ» гэдгээр бидний нүглийн төлөө өөрийгөө золиос болгон өгсөн Христийн амийг хэлдэг (1 Кор. 6:19, 20). Бид Еховагийнх учраас тушаалыг нь биелүүлэх үүрэгтэй. Бурхны тушаал дарамт болдоггүй (Ром 14:8; 1 Иох. 5:3). Түүнээс гадна, бид Христийн боолууд мөн. Эртний нярвуудын нэгэн адил, бид ч бас эрх чөлөөтэй. Гэхдээ эрх чөлөө маань хязгаартай. Зааврын дагуу үүргээ биелүүлэх ёстой. Ямар ч хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг байсан, бид бүгдээрээ Бурхны болон Христийн үйлчлэгчид билээ.

9. Эзэн боол хоёр ямар харьцаатай байдгийг Есүс хэрхэн тайлбарласан бэ?

9 Эзэн боол хоёр ямар харьцаатай байдгийг ойлгуулахын тулд Есүс шавь нартаа нэгэн ёгт үлгэр ярьж өгчээ. Өдөржин ажиллаад гэртээ ирсэн боолдоо эзэн нь: «Даруй орж, хооллохоор суу» гэж хэлэх үү? Үгүй. Харин ч «Надад идэх юм бэлтгэ. Бүсээ бүсэлж, намайг идэж ууж дуустал үйлчил. Дараа нь чи идэж, ууна биз» гэж хэлнэ. Есүс энэ ёгт үлгэрээрээ юу хэлэх гэсэн юм бол? «Та нар ч мөн адил, та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд, „Бид зохисгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн“ гэж хэл гэжээ» (Лук 17:7–10).

10. Ехова өөрийнх нь төлөө чадах бүхнээ хийдэг биднийг өндөр үнэлдэг нь юунаас харагддаг вэ?

10 Ехова өөрийнх нь төлөө чадах бүхнээ хийдэг биднийг өндөр үнэлдэг. Библид «Бурхан бол ... Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» гэж байдаг (Евр. 6:10). Ехова хийж чадах л юмыг маань биднээс шаарддаг. Хууль тушаал болгон нь бидний тусын тулд байдаг учраас хэзээ ч дааж давшгүй хүнд ачаа болдоггүй. Гэхдээ л зарц хүн өөрийнхөө хүсэл сонирхол, эрх ашгийг түрүүлж бодох ёсгүйг Есүс ёгт үлгэрээрээ хэлж өгсөн. Бид Бурханд өөрийгөө зориулахдаа хүсэл тааллыг нь биелүүлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавихаар шийдсэн. Та санал нийлнэ биз дээ?

ЕХОВА БИДНЭЭС ЮУ ШААРДДАГ ВЭ?

11, 12. Нярав бидний бусдаас ялгарах шинж юу вэ? Бид яахыг хүсдэггүй вэ?

11 Хоёрдугаарт: Нярав бидэнд тавьдаг шаардлага үндсэндээ адилхан. Хурлын цөөн хэдэн гишүүнд хариуцлагатай үүрэг оноодог нь үнэн. Гэхдээ Бурхан бүх хүнд ихэвчлэн адилхан шаардлага тавьдаг. Жишээ нь, бид Христийн шавь, Еховагийн Гэрчүүд учир бие биеэ хайрладаг. Жинхэнэ христиануудыг бусдаас ялгах шинж нь хайр гэж Есүс хэлсэн (Иох. 13:35). Бид ах дүүгээ хайрлаад зогсохгүй, итгэл үнэмшлийг маань хуваалцдаггүй хүмүүсийг ч хайрлахын төлөө чадах бүхнээ хийдэг. Бид бусдыг хайрлаж чадна, хайрлах ч учиртай.

12 Бурхан биднээс биеэ зөв авч явахыг шаарддаг. Бид Бурхны сургаалтай зөрчилддөг зүйл хийхийг огтхон ч хүсдэггүй. Паул: «Садар самуун явдалтнууд ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч, хулгайч нар ч, шуналтангууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй» гэж бичжээ (1 Кор. 6:9, 10). Бурхны тогтоосон өндөр хэм хэмжээний дагуу амьдаръя гэвэл хичээж мэрийх хэрэгтэй нь үнэн. Гэхдээ энэ нь олон талын ач тустай. Жишээлбэл, бие эрүүл байна, хүмүүстэй сайхан харьцана, Бурхантай улам дотно болно (Исаиа 48:17, 18-ыг уншина уу).

13, 14. Бүх христиан ямар үүрэгтэй вэ? Үүргээ биелүүлэхийн тулд яах ёстой вэ?

13 Нярвууд ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй байсан. Бид бас ялгаагүй. Үнэний мэдлэгтэй болсныгоо үнэлж баршгүй бэлэг авсан гэж үзэх ёстой. Энэ мэдлэгээ бусадтай хуваалцаасай гэж Бурхан хүсдэг (Мат. 28:19, 20). Паул: «Биднийг Христийн зарц нар ба Бурханы нууцын нярвууд гэж тооцог» хэмээн бичжээ (1 Кор. 4:1). Тэрбээр «нууц» буюу Бурхны тухай үнэн зөв мэдлэгт анхаарлаа хандуулж, түүнийгээ бусдад заах ёстойгоо ухамсарлаж байсан. Ингэхийг Эзэн Есүс Христ Паулаас хүсэж байлаа (1 Кор. 9:16).

14 Үнэнийг хүмүүст заана гэдэг бол тэднийг хайрлаж байгаа хэрэг юм. Христиануудын амьдрал ахуй ялгаатай учир дэлгэрүүлэх ажилд оролцох боломж бололцоо нь харилцан адилгүй. Ехова үүнийг ойлгодог. Хамгийн чухал нь хүн бүр чадах бүхнээ хийх явдал юм. Энэ нь Бурхныг болон хөршөө чин сэтгэлээсээ хайрладгийн илрэл болно.

ИТГЭМЖИТ БАЙХ НЬ ЧУХАЛ

15-17. а) Нярав хүн итгэмжтэй байх нь хэр чухал бэ? б) Үнэнч бус хүн яаж хохирдгийг Есүс хэрхэн тайлбарласан бэ?

15 Гуравдугаарт: Бид итгэмжтэй байх ёстой. Энэ нь өмнөх хоёр зарчимтай нягт холбоотой. Хэрэв нярав нь ажилдаа хариуцлагагүй ханддаг, эзэндээ дуулгаваргүй бол хэчнээн сайхан зан чанар, авьяас чадвартай байгаад нэмэргүй. Ажлаа сайн хийдэг, эзнийхээ сэтгэлд нийцүүлэх гэж хичээдэг нярав байя гэвэл үнэнч байх ёстой. «Итгэмжит байхыг нярвуудаас шаарддаг» хэмээн Паулын бичсэнийг санаарай (1 Кор. 4:2).

16 Бид итгэмжтэй байвал Ехова шагнана. Харин итгэлийг нь хөсөрдүүлбэл Бурхан ивээхээ болино. Энэ зарчмыг Есүсийн ярьсан талантын тухай ёгт үлгэрээс мэдэж болно. Өгсөн мөнгөөр нь «худалдаа хийсэн» үнэнч боолуудыг эзэн нь сайшааж, их шан харамж өгсөн. Харин ажилдаа хариуцлагагүй хандсан боолыг «муу», «залхуу», «зохисгүй» гэж хэлээд, өгсөн талантаа буцааж аван, түүнийг хөөж гаргадаг (Матай 25:14–18, 23, 26, 28–30-ийг уншина уу).

17 Итгэл эвдсэн хүн ямар хохирол амсдагийг шавь нартаа ойлгуулахын тулд Есүс өөр нэг ёгт үлгэр ярьж өгчээ. «Нэгэн баян хүн няравтай байжээ. Өнөөх нярав нь түүний эд хөрөнгийг үрэн таран хийж байгааг эзэн нь сонсов. Тэгээд түүнийг дуудаж „Чиний талаар сонсдоод байгаа зүйл юу вэ? Ажил үүргийнхээ дансыг нааш өг. Чи цаашдаа нярав байж чадахгүй нь“ гэжээ» (Лук 16:1, 2). Тэр нярав эзнийхээ хөрөнгийг үрэн таран хийгээд ажлаасаа халагдсан. Үүнээс сургамж авах хэрэгтэй! Бид хүлээж авсан үүрэг даалгавраа үнэнчээр биелүүлэхийг ямагт хүсдэг.

ӨӨРИЙГӨӨ БУСАДТАЙ ХАРЬЦУУЛАХ НЬ УХААЛАГ УУ?

18. Өөрийгөө бусадтай харьцуулж яагаад болохгүй вэ?

18 Хүн бүр «Би ямар нярав билээ?» гэдэг асуултыг бодох нь зүйтэй. Гэхдээ өөрийгөө бусадтай харьцуулах нь ухаалаг хэрэг биш юм. Библид «Хүн бүр өөрийн үйл хэргийг шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй, өөрөөрөө сайрхах болно» гэж байдаг (Гал. 6:4). Өөрийнхөө хийж байгаа зүйлийг бусдынхтай харьцуулахын оронд юу хийж чадахаа бодох ёстой. Ингэвэл бардам болохгүй, сэтгэлээр унахгүй. Цаг цагаараа байдаггүйг санах хэрэгтэй. Эрүүл мэнд мууддаг, нас хөгширдөг, хүлээх үүрэг нэмэгддэг. Ийм үед урьд нь хийж чаддаг байсан зүйлээ хийж чадахаа больж магадгүй. Эсвэл бүр байдал сайжирч болох юм. Одоогийнхоосоо илүү ихийг хийх боломжтой болбол яах вэ? Ахиж дэвшихийг хичээгээрэй.

19. Хэрэв бидэнд хариуцлагатай үүрэг оноохгүй бол яагаад сэтгэлээр унах хэрэггүй вэ?

19 Түүнээс гадна, бидний хүсээд байгаа үүргийг өөр хүн хүлээвэл тэр хүнтэй өөрийгөө харьцуулж болохгүй. Жишээлбэл, нэг Гэрч хуралд ахлагчаар үйлчлэх, эсвэл чуулганд илтгэл тавихыг хүсдэг гэж бодъё. Ийм хариуцлагатай үүрэг хүлээдэг хүн болохын тулд хичээж мэрийдэг нь магтууштай юм. Гэхдээ санаснаар болохгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Шалтгааныг нь мэдэхгүй ч гэсэн заримдаа бодсоноосоо илүү удаан хүлээх хэрэгтэй болж мэднэ. Мосе израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлж чадна гэж бодсон ч 40 жил хүлээснийг санаарай. Энэ хугацаанд зөрүүд, тэрслүү ард түмнийг удирдахад зайлшгүй шаардлагатай зан чанартай болсон (Үйлс 7:22–25, 30–34).

20. Ионатанаас ямар үлгэр дууриал авч болох вэ?

20 Хэчнээн хүсээд ч хариуцлагатай үүрэг хүлээх завшаан эдлэхгүй байж болох юм. Ионатанд яг ийм явдал тохиолджээ. Тэрбээр Саулын хүү учир Израилийн хаан болох боломжтой байлаа. Гэвч Ехова Ионатанаас олон насаар дүү Давидыг хаанаар сонгосон. Ионатан яасан бэ? Бурхны гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч, тэр байтугай Давидад туслахын тулд амь насаараа дэнчин тавьдаг. Тэрбээр Давидад «Чи Израилийн хаан болж, би чиний дараа зогсох хүн болно» гэж хэлжээ (1 Сам. 23:17). Энэ түүхээс юу ойлгож болох вэ? Ионатан хаан болоогүйдээ гомдоллоогүй, эцгээ дууриаж Давидад атаархаагүй. Хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүст атаархахын оронд оногдсон ажил үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй. Шинэ ертөнцөд Ехова бүх үйлчлэгчийнхээ хүслийг өөрийнх нь таалалд нийцсэн бол биелүүлэх нь дамжиггүй.

21. Бид нярвын үүргээ хэрхэн үзэх ёстой вэ?

21 Бурхныхаа итгэлийг хүлээсэн нярвууд бид харгис хэрцгий эзэнд хүчээр боолчлогддоггүй гэдгээ хэзээ ямагт санах хэрэгтэй. Харин ч Ехова биднийг хүндэтгэн, итгэл найдвар хүлээлгэдэг. Үүний илрэл нь энэ ертөнцийн эцсийн өдрүүдэд сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг даалгасан явдал юм. Энэ ажил хэзээ ч дахин давтагдахгүй. Бид Бурхнаас авсан энэ ажилд хэр зэрэг оролцохоо өөрсдөө шийдэх эрхтэй. Тиймээс итгэмжит байж, нярвын үүргээ үнэнчээр биелүүлцгээе. Орчлонт ертөнцийн хамгийн агуу Нэгэнд үйлчлэх завшаанаа үнэлж явцгаая.