Skip to content

Гарчиг руу орох

«Түр хугацаагаар байгч» гэдгээ санаж явцгаая

«Түр хугацаагаар байгч» гэдгээ санаж явцгаая

«Махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэхийг харь хүмүүс болон түр хугацаагаар байгч та нараас би гуйя» (1 ПЕТР 2:11).

1, 2. Петр ямар хүмүүсийг «сонгогдсон» гэж хэлсэн бэ? Тэднийг яагаад «түр суурьшигч» гэсэн бэ?

 ЕСҮСИЙГ тэнгэрт буцаж очсоноос хойш 30-аад жилийн дараа элч Петр «Понт, Галат, Каппадок, Ази болон Битун нутгуудаар тархсан, түр суурьшигч нарт» бичсэн захидалдаа тэднийг «сонгогдсон» хүмүүс гэсэн байдаг (1 Петр 1:1, 2). Тэрбээр ариун сүнсээр тослогдсон, Христтэй хамт тэнгэрээс захирахаар «амьд найдвар уруу» дахин төрсөн өөр шигээ хүмүүсийг ийн хэлсэн нь ойлгомжтой (1 Петр 1:3, 4-ийг уншина уу). Харин тэднийг яагаад «харь хүмүүс болон түр хугацаагаар байгч» гэсэн бэ? (1 Петр 2:11). Дэлхийн өнцөг булан бүрд идэвх зүтгэлтэй үйлчилж буй тун цөөхөн Гэрч өөрсдийгөө тослогдсон буюу сонгогдсон гэдэг атал энэ үг бүх христианд хамаатай. Ингэж хэлэхийн учир юу вэ?

2 Тослогдсон христиануудыг «түр суурьшигч» гэсэн нь тохирдог. Тэд дэлхий дээр үүрд мөнх амьдрахгүй. «Өчүүхэн сүрэгт» багтдаг элч Паул: «Бидний иргэний харьяалал нь тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бид Аврагч Эзэн Есүс Христийг хүлээж байна» хэмээжээ (Лук 12:32; Флп. 3:20). Тослогдсон христианууд нас барахлаараа үхэшгүй мөнхийн амьтай болж тэнгэрт амьдарна (Филиппой 1:21–23-ыг уншина уу). Тэд Сатаны эрхшээлд байдаг дэлхий дээр хэсэгхэн хугацаанд л амьдрах учир «түр суурьшигч» байх юм.

3. «Өөр хонинуудын» тухайд ямар асуулт гарч ирдэг вэ?

3 Тэгвэл «өөр хонинууд» яах вэ? (Иох. 10:16, ШГ). Тэд дэлхийн байнгын оршин суугч болно гэсэн Библийн үндэстэй сайхан найдвартай биз дээ? Тийм ээ, тэдний хувьд дэлхий мөнхийн гэр нь байх болно. Харин одоохондоо түр суугч юм. Яагаад тэгж хэлж болох вэ?

«БҮХ БҮТЭЭЛ НЬ ХАМТДАА ЁОЛДОГ»

4. Дэлхийн удирдагчид юуг арилгаж чадахгүй вэ?

4 Өнөөгийн ёс бус тогтолцоо байгаа цагт бүх хүн Сатаны дэгдээсэн самуун явдлын хор уршгийг амссаар байх болно. Христианууд ч ялгаагүй. Ром 8:22-т «Өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлон эдэлдгийг бид мэднэ» гэж байдаг. Дэлхийн удирдагчид, эрдэмтэд, өгөөмөр хүмүүс хэчнээн сайхан сэтгэл гаргалаа ч хүн төрөлхтний зовлон зүдүүрийг арилгаж чадахгүй.

5. 1914 оноос эхлэн олон сая хүн ямар шийдвэр гаргаж байна вэ? Яагаад?

5 1914 онд Христ Есүс Хаанаар өргөмжлөгдсөнөөс хойш сая сая хүн харьяат албат нь болсоор байна. Учир нь тэд Сатаны ертөнцийнх байхыг хүсдэг ч үгүй, Сатаны ертөнцийг дэмждэг ч үгүй. Харин Бурхны Хаанчлалын төлөө амь амьдрал, байгаа бүхнээ зориулдаг (Ром 14:7, 8).

6. Еховагийн Гэрчүүдийг ямар учраас түр оршин суугч гэж хэлж болох вэ?

6 Дэлхийн 200 гаруй улс оронд байдаг Еховагийн Гэрчүүд хууль дүрэм сахидаг иргэд билээ. Гэхдээ аль ч улс оронд түр оршин суугч мэт амьдардаг. Тэд төвийг сахих байр суурийг чанд баримталдаг учир тухайн улсынхаа төр, нийгмийн асуудалд хутгалдан оролцдоггүй. Өөрсдийгөө Бурхны амласан шинэ ертөнцийн иргэд болно гэж үздэг тэд ёс бус ертөнцөд түр оршин суух хугацаа нь дуусах гэж байгаад баярладаг.

7. Христ удахгүй юу хийх вэ? Бурхны үйлчлэгчид хаана байнга оршин суух вэ?

7 Христ эрх мэдлийнхээ дагуу Сатаны ёс бус ертөнцийг удахгүй устгана. Христийн төгс засгийн газар хүмүүсийн гэм нүгэл, зовлон зүдүүрийг арилгана. Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг эсэргүүцэн боссон этгээдүүдийн дэгдээсэн самуун явдлын ул мөрийг бүрмөсөн арчина. Ийнхүү дэлхийг диваажин болгоно. Бурхны үнэнч үйлчлэгчид Диваажин дэлхийн байнгын оршин суугч болно (Илчлэлт 21:1–5-ыг уншина уу). Тэр үед бүтээл нь жинхэнэ ёсоор «ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөг» эдэлнэ (Ром 8:21).

ЖИНХЭНЭ ХРИСТИАНУУД ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

8, 9. «Махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэ» гэж Петрийн хэлсэн нь ямар утгатай вэ?

8 Петр: «Хайрт хүмүүс ээ, сэтгэлийн чинь эсрэг дайн хийдэг махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэхийг харь хүмүүс болон түр хугацаагаар байгч та нараас би гуйя» хэмээн хэлэхдээ христиан хүн ямар байх ёстойг тайлбарлажээ (1 Петр 2:11). Энэ зөвлөгөөг тослогдсон христиануудад өгсөн хэдий ч Есүсийн өөр хонинууд бас дагах ёстой.

9 Хүсэл бүхэн буруу биш. Бүтээгчийнхээ санаа зорилгын дагуу тэр хүслээ хангавал амьдрал баяр баясгалантай болдог. Жишээ нь, амттай юм идэж уух, сэтгэл сэргээм үйл хэрэгт оролцох, сайн найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх гэх зэрэг бол хүнд төрдөг жирийн л хүсэл. Хань ижилтэйгээ бэлгийн таашаал эдлэх нь ч мөн ялгаагүй (1 Кор. 7:3–5). Гэхдээ Петр «сэтгэлийн ... эсрэг дайн хийдэг махан биеийн хүсэл тачаалууд» буюу зохисгүй хүслийн тухай ярьсан. Үүнийг тодорхой болгох үүднээс зарим орчуулгад «махбодын муу хүсэл» (МАБ), «орчлонгийн шунал» (ШГ) гэж хөрвүүлсэн байдаг. Тэгэхлээр Еховагийн санаа зорилготой зөрчилддөг, Еховатай тогтоосон харьцаанд сэв суулгаж болзошгүй аливаа хүслээ хазаарлах ёстой ажээ. Эс тэгвээс мөнх амьдрах найдвараа алдана.

10. Христиануудыг энэ ертөнцийнх болгохын тулд Сатан ямар ямар арга хэрэглэдэг вэ?

10 Сатан христиануудыг өнөөгийн ертөнцөд «түр хугацаагаар» байх гэсэн шийдвэрээс нь ухраах ганцхан зорилго өвөрлөдөг. Баяжих хүсэлтэй болгох, садар самуунд уруу татах, нэр алдарт дурлуулах, бусдаас илүү байх хүсэл төрүүлэх, үндсэрхэх үзлийг дэвэргэх нь Сатаны тавьдаг урхи юм. Тэдгээрийг бид ялгаж таньдаг байх хэрэгтэй. Махан биеийн муу хүсэл тачаалаа дагахгүй байхаар эргэлт буцалтгүй шийдсэн хүн Сатаны ёс бус ертөнцийнх байхыг хүсдэггүй гэсэн үг. Үүгээрээ энэ ертөнцөд түр оршин суугч гэдгээ харуулдаг. Бид Бурхны байгуулах шинэ ертөнцийн байнгын оршин суугч болохыг чин сэтгэлээсээ хүсдэг. Энэ хүслээ биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийдэг.

БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВАХ НЬ

11, 12. Зарим хүн нутагтаа байгаа гадаадынхныг юу гэж боддог вэ? Үүнтэй адилаар, хүмүүс Еховагийн Гэрчүүдийг юу гэж үздэг вэ?

11 «Түр хугацаагаар байгч» христиан хүн ямар байх ёстойг Петр цааш нь тайлбарлаж, «Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурханыг алдаршуулах болно» хэмээснийг 12-р зүйлд бичжээ. Хүний нутагт түр оршин сууж байгаа хүмүүс заримдаа шүүмжлэлийн бай болдог. Тэд тухайн нутгийн хүмүүсээс өөр байдаг. Хэл яриа, алхаа гишгээ, хувцас хунар, гадаад төрхөөрөө хүртэл бусдаас ялгардаг. Зарим хүн тэднийг муугаар бодох нь ч бий. Харин сайн юм хийж, биеэ зөв авч явдаг бол тэдний тухай буруу зөрүү бодож байснаа ойлгодог.

12 Жинхэнэ христианууд ч бусдаас ялгардаг. Жишээ нь, ярьдаг сэдэв, үзэж хардаг, уншиж сонирхдог зүйл нь ихэнх хүнийхтэй адилгүй. Хүмүүс тэднийг өмсөж зүүсэн, үс зүсээ янзалснаар нь мэддэг. Энэ ялгаанаас болоод зарим хүн тэднийг «хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэх» нь ч бий. Нөгөө зарим нь Гэрчүүдийг биеэ зөв авч явдагт нь ам сайтай байдаг.

13, 14. «Мэргэн ухаан нь үйлсээрээ зөвтгөгддөг» гэж юу гэсэн үг вэ? Жишээ хэлнэ үү.

13 Биеэ зөв авч явах нь хүмүүсийн гүтгэлгийг няцаах сайн арга юм. Есүс хүртэл Бурханд төгс дуулгавартай байсан атлаа гүтгэгдсэн билээ. Зарим хүн түүнийг «ховдог, архичин, татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр!» гэсэн. Гэвч Есүс ухаалаг байж, биеэ зөв авч яван ийм хүн биш гэдгээ баталсан. Тэрбээр: «Мэргэн ухаан нь үйлсээрээ зөвтгөгддөг» хэмээн айлджээ (Мат. 11:19). Өнөөдөр ч мөн ялгаагүй. Жишээ нь, зарим хүн Германы Зелтерс дэх Бетелд үйлчилдэг ах дүүсийг маань эвэртэй туулай үзсэн мэт гайхдаг. Харин Зелтерс хотын дарга тэднийг өмөөрч «Энд үйлчилдэг Гэрчүүд бол өөрийн гэсэн амьдралын хэв маягтай хүмүүс. Гэхдээ тэд бусдын амьдралыг хэзээ ч бусниулдаггүй» гэж ярьсан юм.

14 Өөр жишээ авъя. Оросын Холбооны Улсын Москва хотод амьдардаг Еховагийн Гэрчүүдийг янз бүрийн зохисгүй юм хийдэг хэмээн гүтгэсэн байна. Харин Францын Страсбург хотноо байрладаг Европын Хүний Эрхийн Шүүх 2010 оны 6 дугаар сард гаргасан шийдвэртээ «Гомдол гаргагчийн шашин шүтэх, цуглаан хийх эрх чөлөөг [Москва] хязгаарласан нь хууль бус байна. Орон нутгийн шүүхийн байгууллагууд тус нийгэмлэгийн» буруутайг, тухайлбал, гэр бүл салгадаг, амиа хорлох явдлыг өөгшүүлдэг, эмнэлгийн тусламж авдаггүйг «хангалттай баримтаар нотолж чадаагүй» хэмээн тэмдэглэжээ. Тийм учраас, Москвагийн хатуу хуулийн дагуу гаргасан орон нутгийн шүүхийн шийдвэр Еховагийн Гэрчүүдэд дэндүү хатуудсан гэж үзсэн байна.

ТӨР ЗАСАГТ ЗАХИРАГДАХ НЬ

15. Дэлхий даяар байдаг жинхэнэ христианууд Библийн ямар зарчим баримталдаг вэ?

15 Дэлхийн өнцөг булан бүрд буй Еховагийн Гэрчүүд Петрийн бичсэн өөр нэг зааврыг дагадаг. Тэрбээр: «Эзэний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон аливаа бүтцэд захируул. Эрх мэдэл бүхий нэгэн болох хаанд ч юм уу, эсвэл ... захирагчдад ч захируул» хэмээн христиан хүний хангавал зохих нэг шаардлагыг бичжээ (1 Петр 2:13, 14). Жинхэнэ христианууд өнөөгийн ёс бус ертөнцийнх биш ч гэсэн «дээд эрх мэдлүүд ... Бурханаар тогтоогдсон» учир төр засгийн эрх баригчдад дуулгавартай захирагддаг (Ром 13:1, 5–7-г уншина уу).

16, 17. а) Еховагийн Гэрчүүд төр засгийг эсэргүүцдэггүйн баталгаа юу вэ? б) Улс төрийн зарим удирдагч юуг хүлээн зөвшөөрдөг вэ?

16 Еховагийн Гэрчүүд өнөөгийн нийгэмд «түр хугацаагаар байгч» мэт амьдардаг гэхлээр засгийн газрыг эсэргүүцэж, бусад хүнийг шүүмжилдэг гэж ойлгож болохгүй. Засгийн эрхэнд хэн гарах, ард түмний амьдралыг хэрхэн сайжруулах талаар өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүсийг тэд эсэргүүцдэггүй, хэрэг явдалд нь хөндлөнгөөс оролцдоггүй. Еховагийн Гэрчүүд улс төрийн хэрэгт хошуу дүрдэггүйгээрээ бусад шашны бүлгүүдээс ялгаатай. Эрх мэдэлтнүүдэд үүргээ яаж гүйцэтгэхийг нь заадаггүй. Төр засгийн эсрэг бослого хөдөлгөөн өрнүүлэх юм уу бусдыг ийм үйл ажиллагаанд турхирах санаа тэдэнд огт байдаггүй.

17 Христианууд «Хааныг хүндэл» гэсэн Петрийн зөвлөгөөг дагаж эрх баригчдад дуулгавартай захирагддаг. Ийнхүү тэднийг хүндэлдэг (1 Петр 2:17). Еховагийн Гэрчүүдийг аюултай гэж үзэх шалтгаан байхгүйг зарим удирдагч хүлээн зөвшөөрдөг. Жишээлбэл, Бранденбург мужийн сайд асан, хожим нь Германы парламентын гишүүн болсон улс төрч Штефен Райхе: «Еховагийн Гэрчүүд бөөнөөр хорих лагерь, шоронд биеэ зөв авч яван давуу талаа харуулсан. Тэд СС-ийн эсрэг тууштай зогсож, бусад хоригдолд сайхан сэтгэлээр ханддаг байсан. Тэдний энэ чанар ардчилсан үндсэн хуультай манай оронд өнөөдөр ч зайлшгүй хэрэгтэй. Гадаадынханд төдийгүй улс төрийн талаар янз бүрийн үзэл бодолтой, итгэл үнэмшлээрээ ялгаатай хүмүүст харгис бүдүүлэг хандах явдал нийгэмд газар авч байгааг бодож үзвэл манай орны иргэд ийм зан чанар илэрхийлдэг болох нь нэн чухал юм» хэмээн ярьжээ.

АХ ДҮҮСЭЭ ХАЙРЛАХ НЬ

18. а) Еховагийн Гэрчүүдийн хувьд бие биеэ хайрлах нь яагаад ер бусын юм биш вэ? б) Хүмүүст Гэрчүүдийн юу нь гайхалтай санагддаг вэ?

18 Элч Петр: «Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурханаас эмээ» хэмээн бичжээ (1 Петр 2:17). Еховагийн Гэрчүүд Бурхандаа таалагдахгүй байх вий хэмээн эмээж явдаг учраас таалалд нь нийцэхийг хүсдэг. Тэд нэг хүсэл зорилготой дэлхий дахины ахан дүүстэйгээ мөр зэрэгцэн Еховад үйлчилдэгтээ сэтгэл хангалуун байдаг. Тийм болохоор, «ахан дүүсийн барилдлагааг хайрлах» нь тэдний хувьд ер бусын юм биш ээ. Харин энэ нь зарим хүнд гайхалтай санагддаг. Учир нь өнөөдөр ихэнх хүн аминч үзэлд автаж, бусдыг хайрлахаа больж байна. 2009 онд Германд болсон олон улсын чуулганд оролцохоор ирсэн ах дүүсээ нутгийн Гэрчүүд хэрхэн хайрлаж, дэмжиж тусалж байгааг Америкийн аялал жуулчлалын компанид хөтөч хийдэг нэг эмэгтэй хараад гайхан биширчээ. Олон жил хөтөч хийж явахдаа үүн шиг юм хэзээ ч үзээгүй гэж хэлсэн байна. Нэг Гэрч: «Тэр эмэгтэй бидний тухай үргэлж бахархсан, гайхаж биширсэн янзтай ярьж байсан» хэмээн дурсжээ. Гэрчүүдийг ажиглаад ингэж ярьсан хүнтэй та чуулганы үеэр тааралдаж байсан уу?

19. Бид яахаар шийдсэн бэ? Яагаад?

19 Еховагийн Гэрчүүд, дээр дурдсан болон өөр олон аргаар Сатаны ертөнцөд «түр хугацаагаар байгч» гэдгээ баталдаг. Тэд үүндээ баяртай байдаг бөгөөд цаашид энэ л янзаараа амьдарна гэж бат шийдсэн хүмүүс. Тун удахгүй Бурхны байгуулах шинэ ертөнцийн байнгын оршин суугч болно гэдэгтээ бат итгэлтэй байдаг. Та шинэ ертөнцийг тэсэн ядан хүлээж байна уу?