Хялбаршуулсан «Харуулын цамхаг»-ийг үргэлжлүүлэн гаргах болсны учир
ТАВАН тивийн хүмүүс олон арван жилийн турш «Харуулын цамхаг» сэтгүүлээс Библид үндэслэсэн өгүүлэл, нийтлэл уншиж, үр шимийг нь хүртсээр ирсэн билээ. Харин энэ сэтгүүлийн англи хэлээрх хялбаршуулсан хувилбарын анхны дугаар 2011 оны 7 дугаар сард гарсан. Тэнд «Шинэ дугаарыг нэг жилийн хугацаагаар туршилтын журмаар гаргана. Уншигчдын талархлыг хүлээвэл үргэлжлүүлэн гаргана» гэж бичжээ.
Бид энэ хувилбарыг үргэлжлүүлэн гаргахаар шийдлээ. Цаашдаа франц, португали, испани хэлээр гаргана.
ОЛНЫ ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭСЭН НЬ
Номхон далайн өмнөд хэсэгт амьдардаг зарим Гэрч хялбаршуулсан хувилбарыг хүлээж аваад, «Одоо ах дүү нар маань „Харуулын цамхаг“ сэтгүүлийг бүрэн ойлгож чадахаар боллоо» гэж бичжээ. Өөр нэгэн захидалд «Үг тольдож, утгыг нь ойлгоход их цаг зарцуулдаг байсан. Харин одоо тэр цагаа, өгүүлэлд дурдсан Библийн зүйлийг ойлгож, тухайн өгүүлэлтэй ямар холбоотойг мэдэхэд зарцуулж байна» гэжээ.
АНУ-д их сургууль төгссөн нэг Гэрч эмэгтэй: «Би өндөр боловсролтой хүмүүсийн хэрэглэдэг үг хэллэгээр 18 жилийн турш ярьж, бичиж ирсэн. Тийм болохоор жирийн хүмүүст ойлгомжгүй үгээр яриад сурчихсан байлаа. Бодох, ярих аргаа ихээхэн өөрчлөх хэрэгтэйгээ ойлгосон» хэмээн ярьсан юм. Одоо сайн мэдээг үр өгөөжтэй дэлгэрүүлдэг болсон тэрбээр: «Хялбаршуулсан „Харуулын цамхаг“ их хэрэг болж байна. Энэ сэтгүүлийн ачаар би энгийн, ойлгомжтой ярьдаг болсон» гэж бичжээ.
Англид амьдардаг, 1972 онд баптисм хүртсэн Гэрч эмэгтэй: «Анхны дугаарыг уншиж байхад, Ехова дэргэд минь суугаад намайг тэвэрч, энэ сэтгүүлийг хамт уншиж байгаа юм шиг санагдсан. Яг л, унтахаас нь өмнө хүүхдэдээ үлгэрийн ном уншиж өгч байгаа аав шиг» гэж хялбаршуулсан «Харуулын цамхаг» сэтгүүлийн талаар бичжээ.
40 жилийн өмнө баптисм хүртсэн, одоо АНУ дахь Бетелд үйлчилж буй нэг эмэгтэй хялбаршуулсан хувилбарын ачаар Библийг бүр ч сайн ойлгодог болсон ажээ. Жишээ нь, 2011 оны 9 дүгээр сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн «Зарим үгийн тайлбар» гэсэн буланд Еврей 12:1-д байдаг «гэрчүүдийн ... үүл» (ШЕ) гэдэг үгийг «Тоолж баршгүй үй олон хүн байсан» гэж тайлбарласан байдаг. Тэрбээр уг тайлбарын ачаар Библийн энэ зүйлийг сайн ойлгодог болжээ. Долоо хоног бүр болдог цуглааны талаар цааш нь хэлэхдээ: «Хүүхэд хариулахдаа хялбаршуулсан хувилбараас шууд уншлаа ч ердийн „Харуулын цамхаг“ сэтгүүлийнхээс өөр үг хэллэгтэй учраас сонирхол татдаг» гэсэн юм.
Өөр нэг бетелчин: «Би хүүхдийн хариулахыг тэсэн ядан хүлээдэг. Хялбаршуулсан „Харуулын цамхаг“-ийн ачаар хүүхдүүд итгэл төгс хариулж, санаа бодлоо илэрхийлж чаддаг. Тэднийг хариулахлаар урам сэргэдэг» гэж бичсэн байна.
1984 онд баптисм хүртсэн Гэрч эмэгтэй талархлаа илэрхийлж «Яг надад зориулж бичсэн юм шиг санагддаг. Уншиж байгаа зүйлээ ойлгоход үнэхээр амархан болсон.
Одоо би „Харуулын цамхаг“ судлалын цуглаан дээр хариулж чадна» гэжээ.ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ТУСТАЙ БАГАЖ
7 настай хүүтэй нэг эмэгтэй: «„Харуулын цамхаг“ судлалын цуглаанд бэлдэхдээ ойлгохгүй өгүүлбэрийг нь хүүдээ тайлбарлаж өгөх гэж хамаг цагаа бараад, ядардаг байсан» гэж ярьсан юм. Харин хялбаршуулсан «Харуулын цамхаг» сэтгүүл гарснаас хойш яасан бол? Тэрбээр: «Хүү маань догол мөрүүдийг уншаад, утгыг нь сайн ойлгож байгааг хараад би их гайхсан. Үг нь ойлгомжтой, өгүүлбэр нь энгийн учир унших дуртай болсон. Надаар туслуулахгүйгээр цуглаан дээр хэлэх хариултаа бэлдэж байгаа. Цуглааны туршид судалж буй өгүүлэлдээ анхаарлаа сайн төвлөрүүлдэг» гэж бичжээ.
9 настай охины ээж: «Өмнө нь бид цуглаандаа бэлдэхэд нь охиндоо тусалдаг байлаа. Харин одоо охин маань өөрөө бэлддэг болсон. Ойлгохгүй юм хааяа нэг гарвал биднээр тайлбарлуулдаг. Шууд ойлгодог болсноос хойш „Харуулын цамхаг“ судлалын цуглаандаа илүү дуртай болсон» хэмээн бичсэн байна.
ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭГДЭЛ
Хялбаршуулсан «Харуулын цамхаг» сэтгүүлийг өөрсдөд нь зориулсан гэж олон хүүхэд боддог. 12 настай Ребека: «Шинэ хувилбарыг дандаа гаргаж байгаач» хэмээн гуйсан юм. Тэгээд цааш нь «„Зарим үгийн тайлбар“ гэсэн хэсгийг би унших дуртай. Хүүхдүүд бидэнд ойлгомжтой байдаг» гэж хэлсэн.
7 настай Николет бас ийм бодолтой ажээ. «„Харуулын цамхаг“ сэтгүүлийг ойлгоход хэцүү байсан. Одоо би хэнээр ч туслуулахгүйгээр өмнөхөөсөө олон удаа хариулж чадна» гэв. Хялбаршуулсан хувилбар өөрт нь болон 6 настай дүүд нь үнэхээр тус болж байгааг 9 настай Эмма онцлоод «Дүү бид хоёр бүр сайн ойлгодог болсон. Та нарт баярлалаа» гэж бичжээ.
«Харуулын цамхаг» сэтгүүлийн шинэ хувилбарын үг нь ойлгомжтой, өгүүлбэр нь энгийн учир олон хүн Библийг илүү сайн ойлгодог болсон нь тодорхой байна. Уншигчдын талархлыг хүлээсэн энэ хувилбарыг, 1879 оноос хэвлэгдэж, үе үеийн уншигчдад үр өгөөжөө өгч ирсэн «Харуулын цамхаг» сэтгүүлийн хамт үргэлжлүүлэн гаргахаар боллоо.