Skip to content

Гарчиг руу орох

Таныг Еховагаас юу ч бүү холдуулаг

Таныг Еховагаас юу ч бүү холдуулаг

«Хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго» (ИОШ. 24:15).

1-3. а) Иошуаг шийдвэр гаргах талаар үлгэр дууриал болсон хүн гэж хэлж болохын учир юу вэ? б) Шийдвэр гаргах болбол юу санах хэрэгтэй вэ?

 «СОНГО». Хүний амьдралд сонгож шийдэх асуудал олон байдаг. Зөв сонговол зөв амьдарна. Жишээ авъя. Нэг хүн замаар алхаж явжээ. Тэгтэл гэнэт салаа зам гараад ирэх нь тэр. Алинаар нь явах вэ? Очих газраа мэдэж байгаа бол тийш нь хөтлөх замыг сонгохоос бус, тэндээс холдуулах замыг сонгохгүй нь лавтай.

2 Иймэрхүү асуудалтай тулгарч байсан хүмүүсийн тухай Библид олон гардаг. Жишээ нь, Каин уурандаа дийлдэх үү, уураа дарах уу гэдгээ шийдэхэд хүрчээ (Эх. 4:6, 7). Иошуа жинхэнэ Бурханд үйлчлэх үү, хуурамч бурхдад үйлчлэх үү гэдгийн аль нэгийг сонгох хэрэгтэй болсон (Иош. 24:15). Тэрбээр Еховатай ойр дотно байхыг хүсээд тэр зорилгодоо хүрэхэд тус дөхөм болох замыг сонгожээ. Харин Каин тийм зорилгогүй байсан учир Еховагаас холдуулах замыг сонгосон.

3 Заримдаа бидэнд бас чухал шийдвэр гаргах үе байдаг. Тийм үед очих газар буюу тавьсан зорилгоо санах хэрэгтэй. Еховаг алдаршуулж, улам ойр дотно болох уу, эсвэл түүнээс холдох уу гэдэг нь бидний гаргах шийдвэрээс хамаарна (Еврей 3:12-ыг уншина уу). Энэ болон дараагийн өгүүллээр хүний амьдралд тулгардаг долоон чухал асуудлыг авч үзнэ. Эдгээр асуудлаар шийдвэр гаргахдаа Еховагаас холдохгүй байх талаар анхаарах шаардлагатай.

АЖИЛ АЛБА

4. Ажил хийх нь яагаад чухал бэ?

4 Христиан хүн өөрийгөө болон гэр бүлээ тэжээх үүрэгтэй. Төрсөн гэр бүлийнхнээ тэтгэхийг хүсдэггүй бол итгэгч бус хүнээс дор гэж Библид бичсэн байдаг (2 Тес. 3:10; 1 Тим. 5:8). Тэгэхлээр ажил хийх нь зайлшгүй чухал байх нь. Гэхдээ болгоомжтой байхгүй бол ажлаасаа болоод Еховагаас холдох аюул отож байж мэдэх юм.

5. Ажилд орох гэж байгаа бол юу анхаарах хэрэгтэй вэ?

5 Та өөрийгөө ажил хайж байгаагаар төсөөл дөө. Танай нутагт ажил олох амаргүй бол аль олдсоныг нь хийе гэсэн бодол төрж магадгүй. Арай гэж олдсон тэр ажил Библийн зарчимд тохирохгүй бол яах вэ? Христиан үйл хэрэгт оролцож чадахаа больж, гэр бүлийнхнээсээ холдвол яана? Христиан хүнд тохиромжгүй ч ажилгүй сууснаас дээр гэж бодоод энэ ажилд орох уу? Буруу шийдвэр гаргавал Еховагаас холдоно гэдгийг бүү мартаарай (Евр. 2:1). Ажил хайж байгаа юм уу өөр ажилд оръё гэж бодож байгаа бол зөв шийдвэр хэрхэн гаргах вэ?

6, 7. а) Ажил сонгох талаар хүмүүс ямар ямар үзэл бодолтой байж магадгүй вэ? б) Ямар үзэл бодолтой хүн Еховагаас холдохгүй вэ? Яагаад?

6 Зөв шийдвэр гаргая гэвэл тавьсан зорилгоо санах хэрэгтэйг дээр ярилцсан. «Би ямар зорилгоор ажил хийх гээд байгаа билээ?» гэж өөрөөсөө асуугаарай. Хэрэв та Еховад үйлчлэхийг чухалчилдаг бөгөөд ажил албыг, өөрийгөө болон гэр бүлийнхнээ тэжээх хэрэгсэл гэж үздэг бол Ехова танд туслах нь гарцаагүй (Мат. 6:33). Гэнэт ажилгүй болох юм уу мөнгө төгрөгөөр гачигдвал Ехова таныг орхихгүй (Ис. 59:1). Тэрбээр «бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг ... мэддэг» (2 Петр 2:9).

7 Харин та их мөнгөтэй болох зорилгоор ажил хайж байгаа бол яах вэ? Хүссэнээрээ баяжиж болох л юм. Гэхдээ хамгийн чухал юмаа золиосолж байж ийм амжилтад хүрнэ гэдгийг мартаж болохгүй (1 Тимот 6:9, 10-ыг уншина уу). Эд мөнгө, ажил албыг хэтэрхий их анхаарвал Еховагаас холдоно.

8, 9. Эцэг эхчүүд ажил албаны талаар ямар ямар асуултыг өөрсдөөсөө асуух хэрэгтэй вэ? Яагаад?

8 Хэрэв та үр хүүхэдтэй бол тэдэндээ үлгэр дууриал болдгоо битгий мартаарай. Таны талаар үр хүүхэд тань ямар бодолтой явдаг бол? Ажил албыг чухалд тооцдог хүн гэж боддог уу, эсвэл Еховатай тогтоосон анд нөхрийн харьцаагаа эн тэргүүнд тавьдаг хүн гэж боддог уу? Та албан тушаал, алдар нэр, эд хөрөнгийг чухалчилдаг бол үр хүүхэд тань өсөж том болоод таны сонгосон замаар явах бус уу? Эсвэл таныг хүндлэхээ боливол яана? Нэг христиан охин: «Бодоод байхад, аав маань ажлыг эн тэргүүнд тавьдаг хүн юм байна. Уг нь их халамжтай хүн л дээ. Тийм болохоор биднийг сайн сайхан явуулах гэсэндээ тэгж их ажиллаж байна гэж бодож байсан. Харин сүүлдээ нэг л өөр болсон. Цаг наргүй ажиллаж, хэрэгтэй хэрэггүй үнэтэй чамин юмаар гэрээ дүүргэх юм. Хүмүүс манайхыг сүнслэг зорилго тавихыг бусдад уриалдаг айл гэхээсээ, их мөнгөтэй айл гэж боддог. Аав маань биднийг чинээлэг амьдруулахын төлөө биш, Еховатай ойр дотно байлгахын төлөө ажилладаг байгаасай» гэж ярьсан юм.

9 Эцэг эхчүүд ээ, ажил албыг хэтэрхий чухал гэж үзээд Еховагаас холдуузай. Еховатай тогтоосон харьцаагаа мөнгөнөөс илүү чухал гэж үнэхээр боддогоо үйл хэргээрээ харуулж, үр хүүхдэдээ үлгэр дууриал болоорой (Мат. 5:3).

10. Ажил мэргэжил сонгохдоо юу анхаарах хэрэгтэй вэ?

10 Охид хөвгүүд та нар сургуулиа төгсөөд ажил мэргэжил сонгох тухай бодож байгаа бол яаж зөв шийдвэр гаргах вэ? Зорилгоо санах хэрэгтэйг дээр ярилцсан. Хүссэн мэргэжлээрээ суралцаж төгсөөд ажил хийлээ гэхэд Хаанчлалын үйл хэрэгт түлхүү оролцож чадах уу, эсвэл Еховагаас холдох уу? (2 Тим. 4:10). Аз жаргалыг мөнгөөр хэмждэг ертөнцийн хүмүүстэй адилхан болмоор байна уу? Эсвэл Еховад итгэж найддаг байсан Давидыг дууриамаар байна уу? Тэрбээр: «Би залуугаасаа хөгширтлөө зөв шударга хүн хаягдахыг, үр удам нь талх гуйж байхыг үзээгүй» гэж бичжээ (Дуу. 37:25). Та нарын өмнө хоёр зам байна. Нэг нь Еховагаас холдуулна, нөгөө нь Еховатай дотно болгож, хамгийн сайхан амьдрал руу хөтөлнө (Сургаалт үгс 10:22; Малахи 3:10-ыг уншина уу). Алийг нь сонгох вэ? *

АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГ

11. Амралт чөлөөт цагийн талаар Библид юу гэж байдаг вэ? Юу санах хэрэгтэй вэ?

11 Баясаж цэнгэхийг Библид буруушаадаггүй. Ном унших, хөгжим сонсох, кино үзэх зэрэг нь ч цаг барсан дэмий зүйл биш. Паул Тимотод бичсэн захидалдаа «Биеийн дасгал нь ... тус болох юм» гэжээ (1 Тим. 4:8). Тэр байтугай, Библид бичсэнээр «инээх цаг», «бүжиглэх цаг» гэж байдаг. Сайхан амарч байхыг ч зөвлөдөг (Ном. 3:4; 4:6). Гэхдээ амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Яагаад? Амралт чөлөөт цагаа яаж өнгөрүүлж, хэр их цаг зарцуулж байгаагаа шалгахгүй бол Еховагаас холдох аюултай.

Амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөвөл сэтгэл сэргэж, алжаал тайлагддаг

12. Амралт чөлөөт цагаараа юу үзэж харахаа шийдэхдээ юуны тухай бодох хэрэгтэй вэ?

12 Эхлээд амралт чөлөөт цагаа яаж өнгөрүүлэх тухай ярилцъя. Ер нь христиан хүнд тохиромжтой ном сэтгүүл, кино нэвтрүүлэг, тоглоом наадам байдаг. Гэхдээ зугаацаж цэнгэх зүйлийн ихэнх нь Бурхны үзэн яддаг үйл хэрэг болох хүчирхийлэл, ид шид, садар самуун гэх зэргийг сурталчилдаг. Тийм учраас, үзэж харах, уншиж сонсох гэж байгаа зүйлээ сайтар шалгах хэрэгтэй. Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. Надад яаж нөлөөлөх вэ? Хүчирхийлэлд дурлуулж, өрсөлдөх сэтгэл төрүүлж, үндсэрхэх үзлийг дэвэргэх юм биш биз? (Сур. 3:31). Халаасыг маань хоослохгүй байгаа? Бусдыг бүдрүүлэх үү? (Ром 14:21). Ямар хүмүүстэй их нийлэх бол? (Сур. 13:20). Буруу юм хийх хүсэл төрөх болов уу? (Иак. 1:14, 15).

13, 14. Амарч зугаацахад хэчнээн цаг зарцуулдгаа анхаарах хэрэгтэйн учир юу вэ?

13 Одоо, хэдий хэрийн цаг зарцуулдгаа бодож үзье. «Би хэтэрхий олон цагаар амарч зугаацаад сүнслэг үйл хэрэгт бага оролцдог уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Хэрэв уншиж сонсох, үзэж харах зүйлдээ хэтэрхий их цаг зарцуулбал амарч, сэтгэлээ сэргээж чадахгүйд хүрнэ. Харин хэр хэмжээг нь тааруулбал бие сэтгэлийн алжаалаа тайлна. Учир нь «илүү чухал» (ШЕ) юмаа эхлээд амжуулчихсан болохоор чөлөөт цагаа сэтгэл амар өнгөрөөж чаддаг (Филиппой 1:10, 11-ийг уншина уу).

14 Удаан амарч зугаацах нь таатай юм шиг боловч Еховагаас хөндийрүүлэх аюултай. Үүнийг биеэрээ амссан 20 настай Ким гэдэг христиан бүсгүй: «Би баасан, бямба, ням гаригт болдог нийллэг бүрд алгасалгүй очдог байсан. Харин одоо илүү чухал зүйл өчнөөн олон байдгийг ойлгодог болсон. Жишээ нь, би эхлэгч учраас дэлгэрүүлэх ажилдаа бэлдэхийн тулд өглөө 6 цагт босдог. Тийм болохоор найз нөхөдтэйгөө шөнийн нэг, хоёр хүртэл хөгжилдөж чаддаггүй. Найзуудтайгаа нийлэх нь муу биш л дээ. Гэхдээ гол юмаа анхаарахаа больдог юм билээ» гэж ярьсан. Бүх юм цаг хугацаатай байдгийг санаж хэр хэмжээг нь тааруулан амрах ёстойг энэ бүсгүй ойлгожээ.

15. Амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөхөд нь эцэг эхчүүд үр хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

15 Эцэг эхчүүд өөрсдийнхөө, бас үр хүүхдийнхээ бие махбод, сэтгэл санааны болон сүнслэг хэрэгцээг хангах үүрэгтэй. Тийм учраас, заримдаа баярлаж цэнгэх, сэтгэлээ сэргээх ямар нэг арга хэмжээ зохиодог. Хэрэв та үр хүүхэдтэй бол зугаа цэнгэл болгон муу юм биш гэдгийг санаж, цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрөөхөд нь тэдэндээ тусалж байгаарай. Мөн үүний зэрэгцээ хүүхдээ аливаа муу нөлөөнөөс хамгаалаарай (1 Кор. 5:6). Хашир хэрсүү байвал амралт чөлөөт цагаа гэр бүлээрээ сайхан өнгөрөөж, жинхэнэ ёсоор сэтгэлээ сэргээж чадна. * Ингэвэл та болон үр хүүхэд тань Еховагаас холдохгүй.

ГЭР БҮЛ

16, 17. Зарим эцэг эх юунаас болж гашууддаг вэ? Ехова тэдний зовлонг яагаад сайн ойлгодог вэ?

16 Эцэг эх үр хүүхдийн хооронд тасаршгүй нандин холбоо байдаг. Ехова үйлчлэгчдээ яаж хайрладгаа ойлгуулахын тулд энэ нандин холбоог жишээ болгон татжээ (Ис. 49:15). Хайртай хүмүүс маань Еховаг орхиход бид харамсан гашууддаг нь зүйн хэрэг. Охиныгоо хурлаас хасагдахад ямар байснаа дурсаж нэг ээж: «Элэг зүрх өмрөх шиг л болсон. „Миний охин юунд Еховаг орхичихов оо?“ гэж бодсон. Өөрийгөө л буруутгаж, зүхдэг байлаа» гэсэн юм.

17 Хэрэв та тэдний нэг бол Ехова таны зовлонг сайн ойлгодгийг санаарай. Эхлээд Адам, дараа нь Усан галавын өмнө амьдарч байсан ихэнх хүн өөрт нь тэрслэхэд Ехова «сэтгэл зүрхэндээ гашуудсан» (Эх. 6:5, 6). Хэчнээн хэцүү байдгийг ийм зовлон үзээгүй хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ л буруу хэрэг хийж хурлаас хасагдсан хайртай хүнээсээ болоод Еховагаас холдох нь мунхаг хэрэг болно. Танайхны хэн нэг нь Еховаг орхивол тэр хэцүү үеийг хэрхэн давах вэ?

18. Хүүхэд нь Еховаг орхивол эцэг эхчүүд өөрсдийгөө буруутгах ёсгүйн учир юу вэ?

18 Болсон явдлаас болж өөрийгөө бүү буруутгаарай. Ехова хүмүүст сонгох эрх чөлөө өгсөн. Бурханд өөрийгөө зориулсан, баптисм хүртсэн бүх хүн «өөрийн ачааг үүрэх» ёстой (Гал. 6:5). Эцсийн эцэст та бус, нүгэл үйлдсэн тэр хүн л гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг Бурхны өмнө хүлээнэ (Езе. 18:20). Түүнээс гадна, бусдыг бүү буруутгаарай. Сахилга батын арга хэмжээг Ехова авсныг санаарай. Хурлыг хамгаалах гэсэн хоньчдыг бус, Диаволыг эсэргүүцээрэй (1 Петр 5:8, 9).

Хайртай хүнээ Ехова руу буцаад ирнэ гэж найдан хүлээх нь буруу биш

19, 20. а) Хүүхэд нь хурлаас хасагдвал эцэг эх тэр хэцүү үеийг хэрхэн давах вэ? б) Эцэг эхчүүд юу гэж бодох хэрэгтэй вэ?

19 Нөгөөтэйгүүр, та хүүхдээсээ болоод Еховад уурлавал юу болох вэ? Еховагаас холдоно. Чухамдаа бол, та Еховаг бүхнээс илүү, гэрийнхнээсээ ч илүү хайрладгаа ийм л үед хүүхдэдээ мэдүүлэх учиртай. Тиймээс энэ хэцүү үеийг давахын тулд өөрийнхөө сүнслэг байдлыг анхаараарай. Үнэнч итгэл нэгтнүүдээсээ бүү холдоорой (Сур. 18:1). Еховад сэтгэлээ уудлан залбираарай (Дуу. 62:7, 8). Хурлаас хасагдсан хайртай хүнтэйгээ ямар нэгэн байдлаар, тухайлбал, утсаар ч юм уу электрон шуудангаар харьцах шалтаг бүү хайгаарай (1 Кор. 5:11). Сүнслэг үйл хэрэгт идэвхтэй оролцоорой (1 Кор. 15:58). Дээр ярьсан Гэрч эмэгтэй: «Юунд ч сатааралгүй Еховадаа үйлчлээд, сүнслэгээр бат бэх байх ёстойгоо ойлгож байна. Тэгэхгүй бол охиноо Ехова руу буцаад ирэхэд нь тусалж чадахгүй шүү дээ» гэжээ.

20 Хайр «бүгдэд итгэдэг» гэж Библид байдаг (1 Кор. 13:4, 7). Хайртай хүнээ эргээд ирнэ гэж найдан хүлээх нь буруу биш. Жил бүр олон хүн гэмшээд Еховагийн байгууллага руу буцаж ирдэг. Алдаагаа ухааран гэмшсэн тэднийг Ехова дуртайяа хүлээж авдаг. Учир нь тэрбээр «уучлахад бэлэн» Бурхан юм (Дуу. 86:5).

УХААЛАГ БАЙЖ ЗӨВ СОНГО

21, 22. Та яахаар шийдсэн бэ?

21 Ехова хүмүүн бүтээлдээ сонгох эрх чөлөө өгсөн билээ (Дэд хууль 30:19, 20-ийг уншина уу). Гэхдээ энэ эрх чөлөөг хариуцлага дагалддаг. Христиан хүн бүр дараах асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. «Би аль зам дээр байна вэ? Ажил алба, амралт чөлөөт цаг, гэр бүлийнхнээсээ болоод Еховагаас холдуулах замыг сонгоогүй биз?».

22 Үйлчлэгчдээ гэсэн Еховагийн хайр хэзээ ч дундрахгүй. Бид өөрсдөө л буруу зам сонгохгүй бол юу ч биднийг Еховагаас салгаж чадахгүй (Ром 8:38, 39). Тэгээд ч замаасаа хазайх хэрэг байна уу? Юу ч тохиолдсон, Еховагаас холдохгүй байхаар бат шийдээрэй. Өөр ямар дөрвөн асуудлаар шийдвэр гаргахдаа хянуур байх хэрэгтэйг дараагийн өгүүллээр үзье.