Skip to content

Гарчиг руу орох

Тэд сайн дураараа үйлчилдэг—Норвегт

Тэд сайн дураараа үйлчилдэг—Норвегт

ХЭДЭН жилийн өмнө Роалд эхнэр Элсебет, охин Исабел, хүү Фабианы хамт Норвегийн хоёр дахь том хот Бергенд тав тухтай амьдарч байжээ. Тэр үед Роалд Элсебет хоёр 40 хол давсан байлаа. Роалд ахлагч, Элсебет эхлэгч, Исабел Фабиан хоёр идэвхтэй дэлгэрүүлэгчид байв.

2009 оны 9 дүгээр сард эднийхэн хөдөө нутагт долоо хоног дэлгэрүүлэхээр шийджээ. Ингээд Роалд Элсебет хоёр 18 настай хүү Фабиантайгаа хамт Хойд туйлын цагиргийн умард хэсэгт орших Финнмарк мужийн Нордкины хойг руу явав. Аав ээж хүү гурав Шөлефюрд тосгонд очоод сайн мэдээ тунхаглах ажилд оролцохоор ирсэн бусад итгэл нэгтнийхээ хамт дэлгэрүүлжээ. Роалд: «Би ажил төрлөө зохицуулаад, бүтэн долоо хоногоор тусгай арга хэмжээнд оролцож байгаадаа эхлээд их л баяртай, сэтгэл хангалуун байлаа» хэмээн дурссан юм. Гэтэл тэр долоо хоногийнхоо сүүлээс нэг юманд санаа нь зовж эхэлсэн гэнэ. Юу болсон юм бол?

ГЭНЭТИЙН АСУУЛТ

Роалд: «Финнмаркт эхлэгчээр үйлчилдэг Марио гэдэг эрэгтэй биднээс, Лакселв гэдэг жижиг хотод нүүж очоод 23 дэлгэрүүлэгчтэй хурлын ах дүү нартаа туслахгүй биз гэж пал хийтэл асуудаг юм байна» хэмээн ярив. Ийм юм асууна гэж бодоогүй учир Роалд тулгамджээ. Уг нь дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар үйлчлэх талаар эхнэртэйгээ ярилцаж байж л дээ. Гэхдээ хүүхдүүдээ тусдаа гарсны дараа болъё гэж бодсон аж. Хөдөө хэд хоног дэлгэрүүлэхдээ хүмүүс Еховаг таньж мэдэх хүсэлтэй байгааг анзаарчээ. Хожим хойно биш, яг одоо л туслах хэрэгтэй байлаа. «Нөгөө асуултаас болж сэтгэл зовоод, хэдэн шөнө нойргүй хонолоо» хэмээн Роалд ярив. Дараа нь Марио Роалдыг эхнэр хүүхдийнх нь хамт Шөлефюрдээс урагш 240 километрт байдаг Лакселв рүү авч очжээ. Тэндхийн жижиг хурлыг үзүүлэх гэснийх аж.

Лакселв дэх хурлын хоёр ахлагчийн нэг Андреас тэднийг хоттойгоо танилцуулж, Хаанчлалын танхимаа үзүүлэв. Хурлынхан тэднийг халуун дотно хүлээн авч, манай энд гэр бүлээрээ нүүж ирээд Хаанчлалын ажилд тусалбал манай хурлынханд хайртай болно доо гэж Роалд Элсебет хоёрт хэлжээ. Андреас инээмсэглэн, Роалд Фабиан хоёрыг ажилд оруулах талаар аль хэдийн яриад тохирчихсон байгаа гэв! Гийчид маань яах бол?

ЯАХ ВЭ?

Фабианд эхлээд юу бодогдсон бэ? «Энд нүүж ирэхийг хүсээгүй» гэлээ. Бүр багаасаа дотно нөхөрлөсөн хурлын найзуудаасаа салж, жижигхэн хотод амьдарна гэж бодохлоор ерөөсөө сайхан санагдаагүй аж. Тэгээд ч цахилгаанчны дамжаагаа төгсөөгүй байв. Харин Исабел (тэр үед 21 настай байсан) нүүх талаар ямар бодолтой байна гэж асуухад «Би энэ тухай дандаа боддог байсан!» хэмээн хариулсан юм. Гэхдээ дараа нь, «Нүүх дээрээ тулсан чинь „Зөв үү, буруу юу? Найзуудаа санах болов уу? Идээшиж дассан хуралдаа байсан нь дээр үү?“ гэх зэргээр түмэн юм бодсон» гэлээ. Элсебет урилгыг яаж хүлээж авсан бол? «Ехова манай гэр бүлд даалгавар өглөө гэж бодсон. Гэхдээ л засвар хийсэн байшингаа, сүүлийн 25 жил хурааж цуглуулсан бүхэндээ сэтгэл хоргодсон» гэж тэрбээр ярьсан юм.

Элсебет Исабел хоёр

Тусгай долоо хоног дуусмагц Роалд эхнэр хүүхэдтэйгээ Берген хотдоо буцаж очсон боловч 2 100 километрийн алсад байдаг Лакселвийн христиан ах дүүсийнхээ тухай бодсоор байлаа. Элсебет: «Би Еховад их олон удаа залбирсан. Шинэ танилцсан найзуудтайгаа холбоотой байн, авсан зургаа явуулж, сонирхолтой явдлуудыг харилцан бичдэг байсан» гэв. Роалд: «Нүүх шийдвэр гаргахын өмнө нухацтай бодох хэрэгтэй байлаа. Бас тэнд очоод амьдралаа залгуулаад байх боломжтой юу гэдгийг ч бодож үзэх ёстой болсон. Еховад шаргуу залбирч, эхнэр хүүхдүүдтэйгээ зөвлөлдсөн. Туршлагатай ах нартай бас ярилцсан» гэж дурслаа. Фабиан: «Энэ тухай бодох тусам үгүй гэж хэлэх ямар ч шалтгаан байхгүйг ойлгосон. Еховад байнга залбирч байсан. Яваандаа, тийшээ нүүмээр санагддаг болсон» хэмээн ярьсан юм. Исабел яасан бэ? Өөрийгөө бэлдэж төрөлх хотдоо эхлэгчээр үйлчилж эхэлжээ. Зургаан сар эхлэгчээр үйлчлэх хугацаандаа Библи бие даан судлахад урьдынхаасаа их цаг зарцуулсны эцэст шинэ газар луу нүүхэд бэлэн болсон гэнэ.

ЗОРЬСОНДОО ХҮРЭХИЙН ТУЛД

Дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар очиж үйлчлэх хүсэл оргилохын хэрээр Роалдынхан зорилгодоо хүрэхэд шаардлагатай бүхнийг алхам алхмаар хийж эхэлж. Роалд ажилдаа дуртай, авдаг цалин ч өндөр байлаа. Гэлээ ч ажлаасаа жилийн чөлөө авъя гэж бодоод даргатайгаа уулзав. Гэтэл дарга нь хоёр долоо хоног ажиллаад, зургаан долоо хоног амардаг болбол яасан юм бэ гэсэн санал тавьжээ. Роалд: «Цалин эрс багассан ч амьдарч болоод л байсан» гэв.

Элсебет: «Бергенд байдаг байраа түрээслүүлээд Лакселвт байр олох ажлыг нөхөр минь надад даалгасан юм. Их л ажил болж байж бүтсэн дээ. Охин хүү хоёр маань ч удалгүй цагийн ажилд орлоо. Олсон мөнгө нь хоол хүнс, унааны зардалд нэмэртэй байдаг юм» гэж ярилаа.

Исабел: «Бидний очсон хот жижигхэн учраас эхлэгчээр үйлчлэхэд тохиромжтой ажил олоход нэлээд хэцүү. Хэзээ ч ажил олж чадахгүй юм байна гэж бодох үе ч байсан» гэж хэлсэн юм. Гэхдээ л цагийн ажил олддог байсан болохоор Исабел мөнгөөр гачигддаггүй байжээ. Эхний жил есөн газар ажилласан гэнэ. Фабиан яасан бэ? «Цахилгаанчны дамжаагаа дүүргэхийн тулд би дагалдангаар ажиллах шаардлагатай байв. Тийм учраас, Лакселв хотод дагалдан хийсэн. Дараа нь шалгалтаа өгч цахилгаанчин болоод цагийн ажилд орсон».

БУСАД НЬ ЯАЖ ҮЙЛЧЛЭЛЭЭ ӨРГӨЖҮҮЛСЭН БЭ?

Марелиус Кесиа хоёр Норвегт саами эмэгтэйд дэлгэрүүлж байна

Марелиус бас эхнэр Кесиагийнхаа хамт дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар үйлчлэхийг хүсдэг байжээ. Одоо 29 настай Марелиус: «Чуулганы илтгэл, эхлэгчидтэй хийсэн ярилцлагыг сонсоод үйлчлэлээ өргөжүүлэх талаар бодох болсон» гэв. Харин Кесиагийн (одоо 26 настай) хувьд эцэг эхээсээ хол амьдрах нь хэцүү санагджээ. Тэрбээр: «Хайртай хүмүүсээсээ хол байна гэж бодохоос ч айдаг байсан» гэж ярьсан. Нөхөр нь байшингийнхаа зээлийг төлөхийн тулд ажил хийдэг байлаа. Марелиус: «Амьдралаа өөрчлөхөд туслаач гэж Еховад олон удаа залбирсны хүчинд нүүхээр шийдсэн» гэв. Юуны өмнө тэд Библи судлахад илүү их цаг зарцуулдаг болжээ. Тэгээд байшингаа зарж ажлаасаа гараад 2011 оны 8 дугаар сард Норвегийн хойд хэсэгт байдаг Алта хотод нүүж очсон байна. Одоо Марелиус нягтлан хийж, Кесиа дэлгүүрт ажиллангаа хоёулаа эхлэгчээр үйлчилж байна.

Кнут Лисбет хоёр одоо 30 гаруй настай. «Жил тутмын ном»-оос дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар үйлчилдэг хүмүүсийн тухай уншаад сэтгэл нь хөдөлжээ. Лисбет: «Энэ хүмүүст тохиолдсон явдал гадаадад үйлчлэх талаар бодоход хүргэсэн. Гэвч над мэтийн жирийн нэг дэлгэрүүлэгч чадах болов уу гэхээс санаа зовж байсан» гэж хэлсэн. Харин тэд зорьсондоо хүрэх гэж хичээжээ. Кнут: «Бид байраа зараад мөнгөө үрэхгүйн тулд манай ээжийнд очсон. Дараа нь гадаадад үйлчлэх ямар байдгийг үзэхийн тулд Бергенд байдаг англи хэлний хуралд нэг жил үйлчилсэн. Тэр хугацаанд Лисбетийн ээжийнд байсан» хэмээн ярьсан юм. Удалгүй Кнут Лисбет хоёр нүүхэд бэлэн болжээ. Харин энэ удаа бүр Уганда руу нүүсэн. Норвегт хоёр сар ажиллахаар жилд нэг удаа ирдэг байна. Тэгээд Уганда руу буцдаг. Үлдсэн арван сард нь мөнгө төгрөгний талаар санаа зовох юмгүй бүрэн цагаар дэлгэрүүлэх боломжтой болдог ажээ.

«ЭЗЭН САЙН ГЭДГИЙГ АМСАЖ ҮЗ»

«Бие биетэйгээ улам дотноссон»—Роалд

Сайн дураараа үйлчилдэг энэ хүмүүс ямар ивээл хүртсэн бэ? Роалд: «Бид хөдөө ирээд Бергенд байснаасаа илүү их цагийг гэр бүлээрээ өнгөрөөдөг болсон. Бие биетэйгээ улам дотноссон. Хоёр хүүхдийнхээ сүнслэгээр өсөж байгааг харах нь нэг ивээл юм. Бас эд материалын талаарх үзэл бодол маань өөрчлөгдсөн. Бидний бодож байсан шиг тийм чухал юм биш гэдгийг ойлгосон» гэж ярьсан юм.

Элсебет хэл суръя гэж боджээ. Яагаад? Лакселв хурлын нутаг дэвсгэрт Карашёк тосгон байдаг. Энэ нь Норвег, Швед, Финланд, Оросын хойд хэсгээр нутагладаг уугуул үндэстэн саамичуудын өлгий нутаг ажээ. Тиймээс Элсебет уугуул нутгийнхантай илүү сайн ойлголцохын тулд саами хэлний сургалтад суужээ. Одоо ойр зуурын юм ярьдаг болсон байна. Шинэ хэсэгт дэлгэрүүлэхэд ямар байдаг бол? Тэрбээр инээмсэглэн: «Би зургаан Библийн хичээлтэй. Ийм сайхан газраас явна гэж үү!» гэж ярьсан юм.

Туслах үйлчлэгч, эхлэгчээр үйлчилж байгаа Фабиан эгчтэйгээ хамт шинэ хурлынхаа өсвөр насны гурван хүүхдэд тусалсан тухайгаа ярьсан. Үнэний замаас гарах шахаж байсан тэр хүүхдүүд одоо хурлын үйл ажлыг дэмжиж, идэвхтэй дэлгэрүүлдэг болсон гэнэ. Хоёр нь баптисм хүртэж, 2012 оны 3 дугаар сард туслах эхлэгчээр үйлчилсэн байна. Тэр хүүхдүүдийн нэг нь «сүнслэгээр өсөхөд» нь тусалсан Фабиан Исабел хоёрт талархсанаа хэлжээ. Фабиан: «Тэр охиныг талархсанаа хэлэхэд сэтгэл үнэхээр хөдөлсөн. Хүнд тусална гэдэг ямар сайхан юм бэ!» гэсэн. Исабел: «Энд ирээд Ехова „сайн гэдгийг амсаж үзэж“ байна» хэмээн онцолсон юм (Дуу. 34:8). Тэрбээр цааш нь «Тэгээд бас энд үйлчлэх үнэхээр гоё!» гэлээ.

Марелиус Кесиа хоёр одоо эгэл жирийн амьдардаг болсон ч арвин баялаг туршлага хуримтлуулж байна. Тэдний нүүж очсон Алта хот дахь хурал 41 дэлгэрүүлэгчтэй. Марелиус: «Бид хоёрын амьдрал өмнөхөөсөө нэлээд өөрчлөгдсөн. Энд ирээд эхлэгчээр үйлчилж байгаадаа Еховад талархдаг. Үүнээс сайхан юм байхгүй» гэсэн бол, Кесиа: «Би Еховад илүү их найддаг болсон. Ехова ч биднийг их ивээдэг. Аав ээжээсээ хол амьдардаг болсноос хойш тэдэнтэйгээ хамт өнгөрүүлэх мөч бүрийг үнэлдэг болсон. Ийм шийдвэр гаргасандаа хэзээ ч харамсдаггүй» хэмээн нэмж хэлсэн юм.

Кнут Лисбет хоёр Угандад нэг айлын хүмүүстэй хичээл хийж байгаа нь

Тэгвэл Угандад үйлчилж байгаа Кнут Лисбет хоёрын юу ярихыг сонирхъё. Кнут: «Шинэ орчинд дасаж, нутгийн соёлтой танилцахад цаг хугацаа хэрэгтэй байсан. Ус, цахилгааны асуудал, гэдэс өвдөхийн зовлонг эс тооцвол Библийн олон хичээлтэй болох хүсэл маань биелсэн шүү!» гэв. Лисбет: «Байгаа газраасаа хагас цаг яваад л сайн мэдээ огт хүрч байгаагүй хэсэгт очно. Тэгсэн мөртлөө Библи уншиж байгаа хүмүүстэй тааралдана. Тэд Библийг ойлгуулж өгөөч гэж гуйдаг юм. Тийм даруухан хүмүүст үнэнийг заахлаар юутай ч харьцуулшгүй баяр хөөрийг мэдэрдэг!» гэлээ.

Удирдагч Есүс Христ өөрийнх нь эхлүүлсэн дэлгэрүүлэх ажил дэлхийн хязгаарт хүрч байгааг тэнгэрээс хараад хэчнээн их баярладаг бол! Тэрбээр шавь нартаа «Бүх үндэстнийг дагалдагч болгогтун» хэмээн тушаасан билээ. Бурхны бүх үйлчлэгч энэ тушаалыг биелүүлэхийн төлөө сайн дураараа үйлчилж байгаадаа сэтгэлийнхээ угаас баярладаг (Мат. 28:19, 20).