Skip to content

Гарчиг руу орох

Манай архиваас

«Мартахын аргагүй» бүтээл цагаа олсон нь

«Мартахын аргагүй» бүтээл цагаа олсон нь

«МАРТАХЫН АРГАГҮЙ!». Энэ бол «Бүтээлийн тухай фото драм» үзсэн хүмүүсийн сэтгэлийн үг. Цагаа олж гарсан энэ үзвэр олон хүний сэтгэл зүрхэнд хоногшин үлджээ. Гитлерийн нацист дэглэмийн үед Европ дахь Гэрчүүдийг харгислан хавчихаас өмнөхөн гарсан «Бүтээлийн тухай фото драм» Еховаг магтан алдаршуулахад томоохон үүрэг гүйцэтгэжээ. Энэ нь чухам юу байсан бэ?

The book Schöpfung («Бүтээл») номын нэрээр шинэ драмыг нэрлэжээ

«Бүтээлийн тухай фото драм»-ыг 1914 онд АНУ-ын Нью-Йорк мужийн Бруклин дахь Еховагийн байгууллагын төвд бүтээжээ. Энэ нь найман цаг үргэлжилдэг, өнгөт зургийг хөдөлгөөнт зурагтай хослуулан найруулж, хальсанд буулгасан дуутай кино юм. Энэ киног дэлхийн олон сая хүн үзсэн. «Эврика драм» хэмээх богиносгосон хувилбарыг мөн онд бүтээжээ. Гэвч 20-оод он гэхэд кино үзүүлэх аппарат хэрэгслүүд, фото зургийн болон кино хальс зэрэг нь техникийн шаардлага хангахаа болив. Гэлээ ч, «Фото драм»-ыг дахин үзэх хүсэлт үзэгчдээс ирсээр байлаа. Жишээ нь, Германы Людвигсбург хотын оршин суугчид «„Фото драм“-ыг дахин хэзээ үзүүлэх вэ?» гэж асуусан гэдэг.

Үзэгчдийн хүсэлтийг харгалзан үзээд 1920-оод онд Германы Магдебург дэх Бетелийн хэсэг төлөөлөгч Францын Парис хотод байдаг мэдээллийн агентлагаас кино хальс, Лайпциг Дрезден хотуудад байдаг зургийн компаниас фото зургийн хальс худалдаж авчээ. Тэдгээрийг техникийн шаардлага хангаж байсан «Фото драм»-ын хуучин хальстай эвлүүлээд үзүүлдэг болсон байна.

Авьяаслаг хөгжимчин Эрик Фрост киноны хөгжмийг зохиожээ. Өгүүлэгчийн үгийг манай байгууллагаас гаргасан «Бүтээл» хэмээх номоос авсан. Тийм учраас сэргээн засварласан «Фото драм»-д «Бүтээлийн драм» гэдэг нэр өгсөн аж.

«Фото драм»-ын адил найман цаг үргэлжлэх уг драмыг орой бүр хэсэгчлэн үзүүлдэг байв. Энэхүү бүтээлд Ехова орчлонт ертөнцийг зургаан өдөр хэрхэн бүтээснийг сэтгэл хөдөлтөл дүрсэлж, Библийн болон дэлхий дахины түүхийг өгүүлж, хуурамч шашин хүн төрөлхтний итгэл найдварыг хөсөрдүүлснийг онцолдог. «Бүтээлийн драм»-ыг Австри, Герман, Люксембург, Швейцарьт болон хаана герман хэлээр ярьдаг хүмүүс байна, тэнд очиж үзүүлжээ.

Эрик Фрост. «Бүтээлийн драм»-д зориулсан хөгжмийн нот

Эрик Фрост: «Драмын завсарлагаанаар үзэгчдийн дундуур явж байгууллагынхаа ном товхимол тараахыг би хамт яваа итгэл нэгтнүүддээ, ялангуяа найрал хөгжимчдөдөө уриалдаг байсан. Айлаар дэлгэрүүлээд ч тарааж чадахааргүй олон хэвлэл тараасан» гэж дурсжээ. Польш, Чех улсад драм үзүүлэх ажлыг зохион байгуулсан Ёханнес Раутегийн хэлснээр, олон үзэгч гэрийн хаягаа өгөөд явдаг байжээ. Дэлгэрүүлэгчид хаягаар нь очиж уулзаад Библийн тухай ярилцдаг байсан гэнэ.

1930 оноос хойш «Бүтээлийн драм»-ыг үзүүлэх бүрд танхим пиг дүүрч, хот даяар Еховагийн Гэрчүүдийн тухай бөөн яриа болдог байв. 1933 он гэхэд бараг нэг сая хүн Герман дахь манай байгууллагын салбараас зохион байгуулсан уг хөтөлбөрийг үзжээ. Кэтэ Краусс: «Зөвхөн Драм үзэх гэж таван өдөр дараалан ой мод, дов толгод, нуга хөндийгөөр явган явж, нэг талдаа 10 километр зам туулдаг байлаа» хэмээн дурсжээ. Элзе Биллхарц: «„Бүтээлийн драм“ үзээд л Библийн үнэнийг эрхэмлэдэг болсон доо» гэж хэлсэн юм.

Альфред Альмендингер: «[Драм үзээд] сэтгэл нь хөдөлсөн ээж маань Библи худалдаж аваад „ариусгалын ертөнц“ гэдэг үг хайсан» гэж ярьжээ. Тэгээд хайсан үгээ Библиэс олоогүй учир хуучин сүмээсээ гараад, баптисм хүртсэн аж. Эрик Фрост: «„Бүтээлийн драм“ үзсэн тоймгүй олон хүн үнэнийг хүлээж авсан» хэмээн дурссан байдаг (3 Иох. 1–3).

«Бүтээлийн драм»-ыг олон ч хүн үзжээ. Удаа ч үгүй байтал нацизмын хар шуурга Европ даяар дэгдэв. Герман дахь Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг 1933 оны эхээр хориглосон байна. Тэр үеэс эхлээд дэлхийн II дайн дуустал Европ дахь Еховагийн үйлчлэгчид харгис хавчлагын бай болжээ. Эрик Фрост шоронд найман жилийг өнгөрөөсөн гэдэг. Суллагдсаныхаа дараа Германы Вийсбаденд бетелчнээр үйлчлэх болжээ. Мартахын аргагүй дурсамж үлдээсэн «Бүтээлийн драм» үнэхээр цагаа олж гарч ирсэн. Энэ киног үзсэн өдий төдий христиан дэлхийн II дайны хүнд бэрх жилүүдийг тэвчээртэй давах урам зоригтой болсон юм (Герман дахь манай архиваас).