Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн агуу нэрийг алдаршуулъя

Еховагийн агуу нэрийг алдаршуулъя

«Таны нэрийг мөнхөд алдаршуулна» (ДУУ. 86:12).

1, 2. Христ шашны ертөнцийнхөн Бурхны нэрийг хэрхэн үздэг вэ? Еховагийн Гэрчүүд тэднээс ямар ялгаатай вэ?

 ХРИСТ шашны ертөнцийнхөн Бурхны нэрийг хэрэглэхээс зайлсхийдэг. Тухайлбал, Библийн нэгэн англи орчуулгын өмнөх үгэнд «Цорын ганц Бурхныг ямар нэг оноосон нэрээр дуудах нь ... энэ дэлхийд байгаа Христэд итгэдэг бүх хүний хувьд байж болшгүй юм» хэмээн бичжээ («Revised Standard Version»).

2 Харин Еховагийн Гэрчүүд бид Бурхныхаа нэрээр нэрлэгдэн, нэрийг нь магтан алдаршуулдгаараа бахархдаг (Дуулал 86:12; Исаиа 43:10-ыг уншина уу). Бас утгыг нь мэдэж, энэ нэрийг ариунаар дуурсгахын чухлыг ойлгодгоо завшаан гэж үздэг (Мат. 6:9). Энэ завшаанаа хэзээд эрхэмлэж явахын тулд гурван чухал асуултыг нэг нэгээр нь ярилцъя. Бурхны нэрийг мэдэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Ехова нэрийнхээ утгад тохирсон ямар үйл ажиллагаа явуулсан бэ? Еховагийн нэр дотор яаж алхах вэ?

БУРХНЫ НЭРИЙГ МЭДЭХ ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?

3. Бурхны нэрийг мэдэх гэдэг нь юу гэсэн үг вэ?

3 Бурхны нэрийг мэдэх гэдэг нь «Ехова» гэж хэлэх төдий юм биш ээ. Алдар хүнд, зан чанар, санаа зорилго, үйл хэрэг, ялангуяа үйлчлэгчдэдээ хэрхэн ханддагийг нь мэднэ гэсэн үг. Ехова хэн болохоо санаа зорилгоо биелүүлэх явцдаа бага багаар илчилдэг (Сур. 4:18). Тэрбээр нэрээ анхны эрэгтэй эмэгтэй хоёрт мэдүүлсэн. Тийм учраас, Ева Каиныг төрүүлснийхээ дараа Бурхны нэрийг дурджээ (Эх. 4:1). Бурхны үнэнч үйлчлэгч Ноа Абрахам Исаак Иаков нар нэрийг нь мэддэг байсан. Бурхан ивээж, халамжлан, санаа зорилгоо мэдүүлэх тусам тэд Бурхны хэн болохыг илүү сайн мэддэг болсон. Хожим нь Бурхан Мосед нэрийнхээ утгыг тодорхой тайлбарлаж өгчээ.

Бурхны нэрийн утгыг мэдээд Мосе бат итгэлтэй болсон

4. Мосе Бурхнаас нэрийг нь асуусны учир юу вэ? Ийм асуулт асуусан Мосег яагаад буруутгах аргагүй вэ?

4 Египетээс гарсан нь 3:10–15-ыг уншина уу. Мосег 80 настай байхад Бурхан түүнд тусгай даалгавар өгч, «Чамаар Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс авчруулъя» гэж айлджээ. Хариуд нь Мосе: «Тэд надаас „Түүний нэр хэн бэ?“ гэж асуувал, би тэдэнд юу гэж хэлэх вэ?» хэмээн асуудаг. Израильчууд Бурхны нэрийг аль эртнээс мэддэг байтал Мосе яагаад ингэж асуусан юм бол? Ехова гэж чухам хэн бэ гэдгийг илүү сайн мэдэхийг хүссэн нь тодорхой. Үүнийг мэдвэл Бурхан заавал аварна гэж израильчуудад итгэлтэй хэлж чадах байлаа. Эс тэгвэл олон жил боолчлогдсон тэд өвөг дээдсийн маань Бурхан биднийг аварч чадах болов уу хэмээн эргэлзэх байв. Зарим нь бүр египетчүүдийн бурхдыг шүтдэг болчихсон байлаа! (Езе. 20:7, 8).

5. Ехова Мосед нэрийнхээ утгыг хэрхэн тайлбарласан бэ?

5 Ехова Мосегийн асуултад юу гэж хариулсан бэ? «Израилийн хөвгүүдэд чи „БИ БАЙДАГ“ намайг та нар уруу илгээв гэж хэл» хэмээн хариулдаг. * Энэ нь Бурхан санаа зорилгоо биелүүлэхийн тулд юу л болмоор байна, болж чаддаг гэсэн үг. Ехова амласнаа ямагт биелүүлдэг. Тийм учраас, 15-р зүйлд «Энэ бол мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм» гэжээ. Ингэж айлдахад Мосе сүсэглэн биширч, итгэл нь бэхэжсэн биз ээ!

ЕХОВА ГЭДЭГ НЭР БУРХАНД Л ТОХИРНО

6, 7. Ехова агуу нэрдээ тохирсон ямар үйл ажиллагаа явуулсан бэ?

6 Ехова Мосед даалгавар өгснийхөө дараа нэрийнхээ утгад нийцсэн үйл ажиллагаа явуулжээ. Тэрбээр израильчуудын Чөлөөлөгч болсон. Египетэд арван гамшиг учруулж, египетчүүдийн бурхад болон фараоны хүчин мөхсийг илчилсэн (Ег. 12:12). Дараа нь Улаан тэнгисийг хувааж, дундуур нь израильчуудыг явуулсан. Харин фараоныг цэрэг армитай нь живүүлэн устгажээ (Дуу. 136:13–15). «Аймшигт өргөн цөлд» хоёр гурван саяар тогтохгүй ард түмэндээ хоол хүнс, ус унд өгч Амийг тэтгэгч болсон! Түүгээр ч үл барам, израильчуудын өмсөж явсан хувцас, сандаал нь элэгдээгүй (Д.хууль 1:19; 29:5). Үнэндээ Еховаг хосгүй нэрдээ тохирсон үйл ажиллагаа явуулахад хэн ч, юу ч саад болж чадахгүй. Хожим нь тэрбээр Исаиад «Би, зөвхөн Би бол ЭЗЭН [«Ехова», ШЕ] мөн бөгөөд Надаас өөр аврагч байхгүй» хэмээн айлджээ (Ис. 43:11).

7 Ехова Египетэд төдийгүй цөлд ямар сүрдэм үйлс бүтээснийг Мосегийн залгамжлагч Иошуа бас үзсэн. Тийм учраас, насныхаа эцэст израиль ахан дүүстээ чин сэтгэлийн захиас сургаалаа айлдахдаа «Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй, бүгд биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа» хэмээн итгэл төгс хэлжээ (Иош. 23:14). Тийм ээ, Ехова хэлсэндээ үнэхээр хүрсэн.

8. Ехова орчин үед нэрийнхээ утгад тохирсон ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

8 Ехова амласнаа өнөөдөр ч биелүүлж байгаа. Эцсийн өдрүүдэд Хаанчлалын тухай мэдээ «дэлхий даяар тунхаглагдана» гэж Хүүгээрээ хэлүүлсэн (Мат. 24:14). Үүнийг төгс хүчит Бурхнаас өөр хэн зөгнөж, хэн биелүүлж чадах билээ? Энэ ажлаа «эрдэм номгүй, боловсролгүй» хүмүүсээр хийлгэдэг нь үнэхээр гайхмаар (Үйлс 4:13). Тэгэхлээр сайн мэдээ тунхагладаг маань Библийн зөгнөл биелэхэд хувь нэмэр оруулдаг гэсэн үг. Бид Эцгээ чин сэтгэлээсээ хүндэтгэдэг. Тийм учраас, «Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» хэмээн залбирдаг (Мат. 6:9, 10).

БУРХНЫ НЭР АГУУ

Фараон Еховаг үл тоомсорлосон

9, 10. Израильчуудтай хэрхэн харьцаж байснаас нь Еховагийн талаар өөр юу мэдэж болох вэ?

9 Ехова израильчуудыг Египетээс чөлөөлснийхөө дараахан тэдэнтэй Хуулийн гэрээ байгуулжээ. Тэрбээр израильчуудын «нөхөр» болж, нөхрийн хүлээх ёстой бүх үүргийг сахин биелүүлэхээ амласан. Израильчууд ч Еховагийн бэлгэдлийн эхнэр болж, нэрээр нь овоглосон (Ис. 54:5, 6). Хэрэв дуулгавартай захирагдаж, хууль тушаалыг нь сахиж амьдарвал Ехова тэднийг ивээж, хамгаалж, амар амгалан амьдруулах байлаа (Тоол. 6:22–27). Ингэвэл Еховагийн агуу нэр бүх үндэстэнд алдарших байв (Дэд хууль 4:5–8; Дуулал 86:7–10-ыг уншина уу). Израилийн түүхийг үзвэл Еховаг шүтдэг болсон харь үндэстэн олон байсан. Моаб эмэгтэй Рутын «Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан» хэмээн Наомид хэлсэн үгийг тэд бас хэлсэн юм (Рут 1:16).

10 Ехова израильчуудтай 1 500 жилийн турш харьцахдаа ямар Бурхан болохоо тодорхой харуулжээ. Тэд зөрүүдэлж, дуулгаваргүй загнаж байсан ч Ехова «өрөвч», «уурлахдаа удаан», хатан тэвчээртэй Бурхан гэдгээ дахин дахин баталсан (Ег. 34:5–7). Гэсэн хэдий ч Бурхны тэвчээрт хязгаар бий. Израиль үндэстэн бүхэлдээ Хүүг нь үл тоомсорлож, амийг нь хөнөөхөд Бурхны тэвчээр барагджээ (Мат. 23:37, 38). Тэд сүнслэгээр үхэж, «хуурай мод» адил болсон (Лук 23:31). Тэгээд яваандаа Бурхны нэрд өөрөөр ханддаг болжээ. Яаж?

11. Израильчууд ямар учраас Бурхны нэрийг хэлэхээ больсон бэ?

11 Иудейчүүд яваандаа мухар сүсэгт автан Бурхны нэрийг дуудаж болохгүй гэж үздэг болсныг түүх харуулдаг (Ег. 20:7). Эцэстээ Еховагийн нэрийг хэлэхээ больжээ. Өөрт нь ийм хүндэтгэлгүй хандаж, нэрийг нь цээрлэх болсонд Ехова гомдсон нь лавтай (Дуу. 78:40, 41). «Хардагч нэртэй» Бурхан Израилийн ард түмнээс харилцаагаа тасалж, нэрээр нь нэрлэгдэх эрхгүй болгосон (Ег. 34:14). Тэгэхлээр Бүтээгчдээ хүндэтгэлтэй хандаж нэрийг нь алдаршуулах нь туйлын чухал ажээ.

БУРХНЫ НЭРЭЭР НЭРШСЭН ШИНЭ АРД ТҮМЭН

12. Бурхны «нэрээр дуудагдсан» шинэ ард түмэн хэрхэн бий болсон бэ?

12 Ехова сүнслэг Израиль хэмээх шинэ үндэстэнтэй «шинэ гэрээ» байгуулах гэж байгаагаа Иеремиагаар дамжуулан мэдэгджээ. Сүнслэг Израилийн «багаас том хүртэл нь тэд бүгд» Еховаг «мэдэх болно» гэж Иеремиа зөгнөсөн (Иер. 31:31, 33, 34). Энэ зөгнөл МЭ 33 оны Пентекостын өдөр биелж эхэлсэн. Бурхан иудей, иудей биш хүмүүсээс бүрдсэн «Бурханы Израиль» хэмээх үндэстэнтэй шинэ гэрээ байгуулав. Тэд Бурхны «нэрийн төлөөх хүмүүс» болсон. Ехова тэднийг «Миний нэрээр дуудагдсан» гэжээ (Гал. 6:16; Үйлс 15:14–17-г уншина уу; Мат. 21:43).

13. а) Эртний христианууд Бурхны нэрийг дурддаг байсан уу? Тайлбарлана уу. б) Дэлгэрүүлэх ажилдаа Бурхны нэрийг хэлж ярихыг та юу гэж үздэг вэ?

13 Бурхны «нэрээр дуудагдсан» шинэ үндэстний хүмүүс Бурхны нэрийг хэлдэг байжээ. Еврей Судраас иш татахдаа Еховагийн нэрийг дурддаг байсан нь тодорхой харагддаг. * Жишээ нь, МЭ 33 оны Пентекостын өдөр элч Петр иудейчүүд болон бусад үндэстний хүмүүст хандан үг хэлэхдээ Бурхны нэрийг олон удаа дурдсан (Үйлс 2:14, 20, 21, 25, 34, ШЕ). Эртний христианууд Еховаг хүндэтгэдэг, Ехова ч хичээл зүтгэлтэй тэднийг ивээдэг байв. Өнөө үед мөн ялгаагүй. Нэрийг нь бахархалтайгаар хэлж ярьж, сонирхсон хүмүүст өөрсдийнх нь Библиэс үзүүлдэг биднийг Ехова ивээдэг. Бурхнаа ийнхүү танилцуулах нь бидний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд Бурхантай дотно харьцаатай болж, улмаар үүрд нөхөрлөх боломжийг сонирхогч хүмүүст олгодог.

14, 15. Тэрслэх явдал гаарсан ч Ехова дурсгалт нэрийнхээ төлөө юу хийсэн бэ?

14 Хожим хойно, ялангуяа элч нарыг нас барсны дараа тэрслэгчид христиан хурлыг завхруулж эхэлжээ (2 Тес. 2:3–7). Хуурамч багш нар иудейчүүдээс уламжилж ирсэн ёсыг дагаж, Бурхны нэрийг хэлж дурдахаа ч болив. Гэвч Ехова дурсгалт нэрийг нь арилгахыг яасан ч зөвшөөрөхгүй! Өнөөдөр Бурхны нэрийг яаж зөв хэлдгийг мэддэг хүн байхгүй боловч нэр нь арилж балраагүй юм. Бурхны нэр Библийн янз бүрийн орчуулгаас гадна Библи судлаач эрдэмтдийн бүтээл туурвилд гардаг. Тухайлбал, 1757 онд Чарлз Питерс бичихдээ Еховагийн хэн болохыг нэр нь өөрөө ямар ч цол гуншингаас илүү тодорхой хэлж өгдөг гэжээ. Хоптон Хейнес гэдэг хүн Бурхныг шүтэх талаар ном бичжээ. 1797 онд хэвлэгдсэн уг номын 7 дугаар бүлгийн эхэнд «ЕХОВА гэдэг нь иудейчүүдийн БУРХНЫ оноосон нэр юм. Иудейчүүд ганцхан түүнийг шүтдэг байсан. Христ болон элч нар мөн адилхан» гэж бичжээ. Хенри Грү (1781-1862) Бурхны нэрийг хэлдэг байсан төдийгүй энэ нэр гутаагдсаныг, бас ариусах ёстойг хүлээн зөвшөөрдөг байв. Чарлз Расселл болон түүний хамтран зүтгэгч Жорж Сторс (1796-1879) ч Бурхны нэрийг хэлдэг байсан.

15 Бурхны ард түмний хувьд 1931 он бол тэмдэглэлт он юм. Тэр онд Олон Улсын Библи Судлаачид гэгддэг байсан Бурхны үйлчлэгчид Еховагийн Гэрчүүд гэдэг Библийн үндэстэй нэртэй болжээ (Ис. 43:10–12). Ийнхүү тэд цорын ганц жинхэнэ Бурхны үйлчлэгч, түүний «нэрийн төлөөх хүмүүс» гэдгээрээ бахархаж явдгаа дэлхий дахинд тунхаглаж Бурхныхаа нэрийг алдаршуулсан юм (Үйлс 15:14). Ехова нэрээ өнөөдрийг хүртэл хадгалж ирснийг бодохлоор Малахи 1:11-д байдаг үг санаанд ордог. Тэнд «Нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байх болно» гэж бичсэн байдаг.

ЕХОВАГИЙН «НЭР ДОТОР АЛХ»

16. Еховагийн «нэр дотор алхахыг» нэр төрийн хэрэг гэж үзэх ёстойн учир юу вэ?

16 Зөнч Мика: «Хэдийгээр бүх ард түмэн тус бүр өөрийн бурхны нэр дотор алхах боловч бидний хувьд, бид үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана» гэсэн байдаг (Мика 4:5). Библи Судлаачид Еховагийн нэрээр нэрших болсон нь асар их нэр төртэй хэрэг байсан төдийгүй Бурхан сайшаасны баталгаа болжээ (Малахи 3:16–18-ыг уншина уу). Та бас ингэж боддог уу? Еховагийн «нэр дотор алхахыг» чадлаараа хичээдэг үү? Энэ нь юу гэсэн үг болохыг ойлгодог уу?

17. Бурхны нэр дотор алхах гэдэгт юу ордог вэ?

17 Бурхны нэр дотор алхана гэдэгт наад зах нь гурван зүйл орно. Нэгдүгээрт, Еховагийн «нэрээр дуудах» хүн л «аврагдах болно» гэдгийг ойлгон, хүмүүст энэ нэрийг мэдүүлэх ёстой (Ром 10:13). Хоёрдугаарт, Еховагийн зан чанаруудыг, ялангуяа хайрыг илэрхийлэх хэрэгтэй. Гуравдугаарт, Бурхны тогтоосон хэм хэмжээг дуртайяа сахиж, ариун нэрийг нь алдаршуулах учиртай (1 Иох. 4:8; 5:3). Та өөрийн Бурхан Еховагийн нэр дотор үүрд мөнх алхахаар эргэлт буцалтгүй шийдсэн үү?

18. Еховагийн агуу нэрийг алдаршуулдаг бүх хүн ямар учраас ирээдүйгээ итгэл төгс хардаг вэ?

18 Еховаг үл тоомсорлодог бүх хүн түүнийг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрөх цаг удахгүй болно (Езе. 38:23). Тэд фараонтай адилхан юм. Фараон: «[Ехова] гэгч хэн болоод, ... Түүний үгийг би дагах ёстой юм бэ?» гэж хэлсэн боловч удалгүй Ехова Бурхны ямар агуу болохыг хүлээн зөвшөөрсөн (Ег. 5:1, 2; 9:16; 12:29). Харин бид Еховаг таньж мэдье, найз нөхөд нь болъё гэж сайн дураараа шийдсэн. Бурхандаа дуулгавартай захирагдаж, нэрээр нь нэрлэгдэж явдгаараа бахархдаг. Дуулал 9:10-т «Таны нэрийг мэддэг хүмүүс Танд итгэлээ өгөх болно. Учир нь Өөрийг тань эрэн хайгчдыг, ЭЗЭН, Та [орхихгүй]» хэмээсэн амлалт байдаг. Тийм учраас, бид ирээдүйгээ итгэл төгс хардаг.

^ Бурхны нэр нь еврей хэлний «болох» гэсэн утгатай үйл үгийн нэг хэлбэр юм. Тиймээс «Ехова» гэдэг нь «Тэр болгодог» гэсэн утгатай.

^ Эртний христиануудын уншдаг байсан Еврей Сударт тетраграмматон байдаг. Еврей Судрын Септуагинт хэмээх грек орчуулгын эртний хуулбаруудад бас Ехова гэдэг нэр байсныг баримт харуулдаг.