Иосеф үнэхээр бичсэн үү?
І зууны түүхч Иосеф Флавий «Иудейн эртний түүх» номынхоо 20-р дэвтэрт «Христ гэгддэг Есүсийн дүү Иаковын» үхлийн талаар бичсэн байдаг. Үүнийг үнэн зөв гэж олон эрдэмтэн хүлээн зөвшөөрдөг. Гэтэл мөнхүү номын өөр нэг дэвтэрт бичсэн Есүсийн талаарх мэдээллийн үнэн зөв эсэхэд эргэлздэг эрдэмтэд байдаг ажээ. Энэ дэвтэр «Тестимониум Флавианум» гэдэг нэрээр алдаршжээ.
«Тэр үед Есүс гэдэг мэргэн хүн байжээ. Хүн гэж хэлэх нь зүйд нийцвэл шүү дээ. Учир нь тэрбээр гайхаж биширмээр олон үйлс бүтээжээ. Тийм болохоор заасан сургаалыг нь таашаан сонссон хүн олон. Иудейчүүд, харь үндэстнүүдээс олон хүн түүнд татагджээ. Тэр Христ байсан. Манайхны нөлөө бүхий хүмүүсийн ятгалгад автсан Пилат түүнийг яллаж загалмайд цовдлох шийтгэл оноосон аж. Есүсийг анх хайрласан хүмүүс түүнийг орхиогүй юм. Учир нь тэр гурав дахь өдөртөө амилаад тэдэнд дахин үзэгджээ. Энэ талаар төдийгүй түүнтэй холбоотой арван мянган гайхалтай зүйлийг Бурхны зөнчид зөгнөсөн байдаг. Түүгээр нэрлэгдсэн христиан гэгддэг бүлэг хүмүүс өнөөдөр ч байсаар байна»—Иосеф Флавий («Иудейн эртний түүх», XVIII, 3, 3).
Иосефын бичсэн энэ зүйлд итгэдэг болон эргэлздэг хүмүүсийн хооронд XVI зууны сүүлчээс эхлэн ширүүн маргаан өрнөсөн юм. Сүүлийн дөрвөн зууны турш маргааны бай болсон уг асуудлын гол зангилааг Францын түүхч, сонгодог зохиол судлаач, шүүмжлэгч Серж Барде тайлах гэж оролджээ. Тэрбээр судалгааны бүтээлээ ном болгон хэвлүүлсэн аж («Le Testimonium Flavianum—Examen historique considérations historiographiques»).
Иосеф бол Христийн дагалдагч биш, харин Иудейн шашин шүтдэг түүхч хүн байсан. Тийм атлаа Есүсийг «Христ» байсан гэж бичихдээ энэ цолны өмнө тухайлах ялгац гишүүн тавьсан нь маргааны бай болж байгаа юм. Барде үүнийг судалж үзээд, ингэж бичсэн нь «хүний нэрийн өмнө [тухайлах] ялгац гишүүн тавьдаг грек хэлний дүрэмд» нийцэж байна хэмээжээ. Цааш нь бичихдээ, иудей болон христ шашны үүднээс авч үзвэл «Иосефын хувьд Христос гэдэг үгийг хэрэглэхэд болохгүй юм байхгүй», харин «шүүмжлэгчид баримтыг үгүйсгэж байгаа нь» гол асуудал юм гэжээ.
Хэн нэгэн хүн энэ хэсгийг Иосефын арга барилаар бичээд нэмээд оруулсан юм болов уу? Барде түүхийн баримт болон уг бичвэрийг нягталж үзээд, ингэж дууриаж чадна гэдэг бол бараг л гайхамшиг юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Иосеф хэний ч дууриаж чадахааргүй, давтагдашгүй арга барилаар бичдэг хүн байсан.
Үүнийг Иосеф бичсэн гэдэгт эрдэмтэд яагаад эргэлздэг вэ? Барде гол шалтгааныг нь тодорхойлохдоо «Эртний ихэнх бичвэр маргааны бай болдоггүй. Харин ганц үгнээс болоод „Тестимониум“ эргэлзээ төрүүлээд байгаа юм» хэмээн онцолжээ. Эрдэмтэд энэ асуудлыг олон зууны турш дэвшүүлэн тавьж байгаа нь уг бичвэрийг нарийвчлан судалсны үндсэн дээр бус, харин «учир битүүлэг шалтгааны» улмаас юм хэмээн Барде цааш нь бичжээ.
Бардегийн дүгнэлтийг уншсан эрдэмтэд «Тестимониум Флавианум»-ын талаарх үзэл бодлоо өөрчлөх эсэхийг цаг хугацаа л харуулна. Ямар ч атугай, иудейн болон эртний христийн шашны нэрт судлаач Пьер Жолтрен уг бүтээлийг уншаад үзэл бодлоо өөрчилжээ. Тэрбээр «Тестимониум»-ыг хэн нэг хүн сүүлд нэмж оруулсан гэж олон жил үзэж байсан төдийгүй өөрөөс нь өөр үзэл бодолтой хүмүүсийг шоолдог байсан аж. Жолтрен: «Энэ хэсгийг Иосеф бичсэн гэдэгт одооноос эхлээд хэн ч эргэлзэх ёсгүй» гэж мэдэгдсэн байна.
Еховагийн Гэрчүүд Есүсийг Христ мөн гэдэгт эргэлзэхгүй итгэдэг. Учир нь Библид баттай нотолгоо бий (2 Тим. 3:16).