«Бурханыг таньж» мэдсэн бол одоо юу хийх вэ?
«Та нар Бурханыг таньсан» (ГАЛ. 4:9).
1. Нисгэгч хүн нислэгт гарахын өмнө жагсаалтын дагуу шалгадгийн учир юу вэ?
НИСГЭГЧ хүн онгоц жолоодохоосоо өмнө 30 гаруй зүйлийг жагсаалтын дагуу шалгадаг. Нислэг үйлдэх бүрдээ нарийн шалгахгүй бол осолд орох магадлал нэмэгдэнэ. Ямар нисгэгч байнга ингэж шалгадгийг та мэдэх үү? Хамгийн туршлагатай нисгэгч! Гэхдээ хүн туршлагажих тусам өөртөө эрдэж, жагсаалтад бичсэн бүх зүйлийг нисэхийн өмнө нэгбүрчлэн шалгахгүй болдог аюул бий.
2. Христианууд бидний шалгах ёстой юм юу вэ?
2 Юу ч тохиолдсон итгэлээсээ няцахгүй байя гэвэл туршлагатай нисгэгчийн адил «жагсаалтын» дагуу шалгах нь зүйтэй. Баптисм хүртээд удаагүй юм уу Бурханд олон жил үйлчилж буй хүний аль нь ч ялгаагүй, хэр бат итгэлтэйгээ тогтмол шалгах нь амин чухал. Тэгэхгүй бол сүнслэгээр сүйрэх аюултай. «Өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг» гэсэн анхааруулга Библид байдаг (1 Кор. 10:12).
3. Галатын христианууд яах хэрэгтэй байсан бэ?
3 Галатын христианууд хэр бат итгэлтэйгээ шалгаж, сүнслэг утгаар эрх чөлөөтэй болсноо үнэлж эрхэмлэх ёстой байв. Есүс амиа золиос болгож, Бурхныг илүү сайн «таньж» мэдэх хосгүй арга замыг өөрт нь итгэдэг хүмүүст нээж өгсөн билээ. Ингэснээр тэд Бурхны хүүхдүүд болох боломжтой болжээ! (Гал. 4:9). Бурхантай үргэлж ийм дотно байя гэвэл Галатын христианууд Мосегийн хуулийг чанд сахихыг шаарддаг нэгнийхээ үгэнд орох ёсгүй байв. Тэгээд ч аль хэдийн хүчингүй болсон энэ хуулийг хөвч хөндүүлээгүй харь үндэстэн христианууд огт мэдэхгүй шүү дээ! Иудейчүүд, харь үндэстнүүдийн хэн хэн нь сүнслэгээр өсөх шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл, Мосегийн хуулийг сахих хэрэггүй болсныг ойлгох учиртай байв.
БУРХНЫГ МЭДЭХ АНХНЫ АЛХМУУД
4, 5. Паул Галатынханд зөвлөгөө өгсөн нь ямар учиртай вэ? Энэ зөвлөгөө нь бидэнд яагаад хэрэгтэй вэ?
4 Элч Паул Галатын христиануудыг үнэний замыг орхиод урьдын амьдрал руугаа эргэж буцах вий гэсэндээ тэдэнд зөвлөгөө өгчээ. Ехова Паулыг ариун сүнсээрээ удирдан захиа бичүүлсэн нь зөвхөн Галатын христиануудад төдийгүй бүх үйлчлэгчдээ урам өгч, үнэнч байхад нь туслах гэснийх аж.
5 Христианууд бид сүнслэг утгаар эрх чөлөөтэй болж Еховад үйлчлэхээр шийдсэнээ санаж байх хэрэгтэй. Дараах хоёр асуултыг өөртөө тавиарай. «Би баптисм хүртэх шаардлага хангахын тулд ямар алхмууд хийсэн билээ? Бурхантай хэрхэн танилцаж, таньдаг хүн нь болж, улмаар эрх чөлөөг жинхэнэ ёсоор эдэлдэг болсноо санаж байна уу?».
6. Ямар алхмуудын талаар ярилцах вэ?
6 Бид үндсэндээ есөн алхам хийгээд Еховагийн Гэрч болсон. ( «Баптисм хүртэх, сүнслэгээр өсөх есөн алхам» гэсэн хавсралт үзнэ үү). Эдгээрийг байнга санаж явбал ертөнцөд татагдахгүй. Хашир туршлагатай нисгэгч нислэгийн өмнө жагсаалтын дагуу бүх зүйлийг шалгадаг шиг, энэ есөн алхмыг байнга магадалбал Еховад үнэнч, тууштай үйлчилнэ.
БУРХНЫ ТАНЬДАГ ХҮМҮҮС СҮНСЛЭГЭЭР ТАСРАЛТГҮЙ ӨСДӨГ
7. Бид юуг, яагаад дагах ёстой вэ?
7 Нисгэгч хүн нислэгт гарах бүрдээ жагсаалтын дагуу бүх зүйлийг шалгадаг шиг бид үнэний замаар хэр ахиж дэвшиж яваагаа үргэлж шалгах хэрэгтэй. Паул Тимотод «Надаас сонссон эрүүл үгсийн жишээг Христ Есүст итгэх итгэл ба хайр дотор байлга» гэж бичжээ (2 Тим. 1:13). «Эрүүл үгс» нь Бурхны Үгэнд байдаг (1 Тим. 6:3). Зураачийн нооргийг үзвэл юу зурах гэж байгааг нь ерөнхийд нь ойлгодог шиг, «эрүүл үгсийн жишээнээс» Еховагийн шаардлагыг ерөнхийд нь ойлгодог. Тиймээс баптисм хүртэхээсээ өмнө ямар шаардлага хангаснаа ярилцаж, «эрүүл үгсийн жишээг» хэр дуулгавартай дагаж байгаагаа шалгацгаая.
8, 9. а) Мэдлэгээ арвижуулж, итгэлээ бэхжүүлэх шаардлагатайн учир юу вэ? б) Сүнслэгээр өсөх нь яагаад чухал бэ? Үүнийг мод ургахтай зүйрлэсний учир юу вэ?
8 Хамгийн эхний алхам нь мэдлэгтэй болох юм. Дараа нь мэдсэн зүйлдээ итгэх хэрэгтэй. Цаашдаа ч мэдлэгээ арвижуулж, итгэлээ бэхжүүлсээр байх шаардлагатай (2 Тес. 1:3). Сүнслэгээр өсөх гэдэг нь тасралтгүй үргэлжлэх үйл явц юм. Тийм болохоор баптисм хүртсэний дараа ч Бурхантай тогтоосон андын холбоогоо улам бэхжүүлэх нь чухал.
9 Сүнслэгээр өсөхийг мод ургахтай зүйрлэж болно. Үндэс нь хөрсний гүн рүү салаалах тусам мод өндөр ургадаг. Жишээлбэл, Ливаны зарим хуш 12 давхар байшин шиг өндөр болж, их биеийнх нь диаметр 12 метрт хүрдэг байна (Сол. 5:15). Мод хурдан ургаж байгаа нь эхэндээ тодорхой харагддаг боловч яваандаа ажиглагдахаа больдог. Гэхдээ жил өнгөрөх тусам модны их бие бүдүүрч, үндэс нь тал тал тийш салаалж, хөрсөнд гүн суудаг. Христиан хүний сүнслэг байдал үүнтэй адилхан. Библийг анх судалж эхлээд олон юмаа өөрчилж, эцэст нь баптисм хүртдэг. Сүнслэгээр хурдан өсөж байгаа нь хурлын бусад гишүүнд тодорхой харагддаг. Ийм хүн яваандаа эхлэгч болох юм уу өөр янз бүрийн хариуцлагатай үүрэг хүлээж магадгүй. Харин түүнээс хойш сүнслэгээр өсөж байгаа нь тэр бүр анзаарагддаггүй. Гэлээ ч «төлөвшсөн хүн болтол, Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл» итгэлээ бэхжүүлж, мэдлэгээ нэмэх шаардлагатай (Еф. 4:13). Тийнхүү төлөвших нь үрслэг ургаад мод болохтой адил юм.
10. Төлөвшсөн христиан ч яагаад сүнслэгээр өсөх шаардлагатай вэ?
10 Гэхдээ бидний сүнслэг өсөлт үүгээр зогсох ёсгүй. Мэдлэг, итгэл бол биднийг бат бөх, тогтвортой байлгах үндэс лугаа адил юм. Тиймээс бид итгэлээ бэхжүүлж, мэдлэгээ арвижуулах шаардлагатай (Сур. 12:3). Сүнслэгээр тасралтгүй өсдөг христиан олон байдаг. Тухайлбал, гуч гаруй жил ахлагчаар үйлчилж буй нэг Гэрч одоо ч сүнслэгээр өсөж яваагаа ярьсан юм. Тэрбээр: «Библийг бүр ч их эрхэмлэдэг болсон. Библийн хууль, зарчмыг янз бүрийн тохиолдолд хэрэгжүүлж болдгийг мэдэж авсаар байгаа. Бурхандаа улам баяр хөөртэй үйлчилж байна» гэжээ.
БУРХАНТАЙ УЛАМ ДОТНОСЪЁ
11. Еховаг илүү сайн таньж мэдэхийн тулд яах хэрэгтэй вэ?
11 Сүнслэгээр өсөх гэдэг нь Еховаг Анд нөхрөө, Эцгээ гэж үзэн улам дотно болохыг хэлнэ. Аавдаа тэврүүлсэн хүүхэд юунаас ч айдаггүй, бас аавынхаа хайрыг мэдэрдэг. Хүн дотны найзынхаа дэргэд тайван байдаг. Бурхан биднийг ч бас ийм байгаасай гэж хүсдэг. Хайрлуулж, хамгаалуулж байгаагаа мэдээсэй гэж хүсдэг. Еховатай ийм дотно болоход цаг хугацаа, хичээл зүтгэл хэрэгтэй. Тиймээс Еховаг илүү сайн таньж мэдье гэвэл Үгийг нь өдөр бүр унших зав гаргаж байгаарай. Бас «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийн дугаар бүрийг, мөн Библид үндэслэсэн бусад ном хэвлэлийг уншаарай.
12. Бурхны дотны анд байхын тулд яах хэрэгтэй вэ?
12 Бид чин сэтгэлээсээ залбирч, итгэл нэгтнүүдтэйгээ дотно байдаг бол сүнслэгээр өснө (Малахи 3:16-г уншина уу). Еховагийн «чих тэдний залбиралд анхаарал тавьдаг» (1 Петр 3:12). Тусламж гуйн уйлан залбирахыг маань Ехова анхааралтай сонсдог учир бид «залбиралд өөрсдийгөө зориулах» ёстой (Ром 12:12). Бурхны тусламжгүйгээр төлөвшсөн хэвээрээ байх боломжгүй. Энэ ертөнцийн дарамт шахалтыг өөрийн хүчээр давах аргагүй. Байнга залбирч байж л Бурхнаас хүч авна. Та чин сэтгэлээсээ утга төгөлдөр залбирдаг уу? Залбирлаа сайжруулах хэрэгтэй юү? (Иер. 16:19).
13. Итгэл нэгтнүүдтэйгээ хамт цуглах нь сүнслэгээр өсөхөд яагаад чухал бэ?
13 Ехова «Өөрт нь хоргоддог хүмүүсийг» хайрладаг. Тийм учраас Бурхныг таньж мэдлээ ч цуглаанд тогтмол явж, анд нөхөдтэй нь дотносох хэрэгтэй (Нах. 1:7). Сэтгэлээр унагах, урам хугалах юмаар дүүрсэн өнөөгийн ертөнцөд урам зориг өгдөг, үлгэр дууриал болдог хүмүүстэй хамт байх нь ухаалаг юм. Учир нь тэд «хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулдаг» (Евр. 10:24, 25). Паулын өгсөн энэ зөвлөгөөг хэрэгжүүлдэг хүмүүс нэг нэгэндээ ах дүүгийн ёсоор хандаж, нэгэн үзүүрт сэтгэлээр тогтмол хамт цугладаг. Бас цуглаанд идэвхтэй оролцож, хариулдаг.
14. Гэмшиж, өөрчлөгдөхөд ямагт бэлэн байх хэрэгтэйн учир юу вэ?
14 Бид христиан болохын тулд гэмшиж, амьдралын хэв маягаа өөрчилсөн. Гэхдээ цаашид ч гэмшиж, өөрчлөгдөхөд бэлэн байх ёстой. Төгс бус хүн нүгэл үйлдэх төрөлхийн хандлагатай. Нүгэл бол хэзээ ч дайрахад бэлэн байдаг цагираглан хэвтэх могойтой адил юм (Ром 3:9, 10; 6:12–14). Тиймээс өөрийнхөө гэм бурууг олж хардаг байя. Алдаа дутагдлаа засаж, өөрчлөгдөхийн төлөө шаргуу тэмцэж байгааг маань тэвчээртэй харж байдаг Еховад талархууштай (Флп. 2:12; 2 Петр 3:9). Тэгэхлээр хувиа бодож амьдрахын оронд Еховад үйлчлэхийн төлөө цаг зав, хүч чадлаа зориулъя. Нэг христиан эмэгтэй: «Би Гэрч айлд өссөн ч Еховагийн талаар бусдаас өөр бодолтой байсан. Еховагаас их айдаг, хэзээ ч тааллыг нь олохгүй байх гэж боддог байсан» хэмээн бичжээ. Еховагаас жийрхэж хол хөндий байсаар алдаж энджээ. «Би Еховад хайргүйдээ биш, үнэндээ сайн мэддэггүйдээ ийм байдалд хүрсэн. Гэхдээ олон удаа шаргуу залбирсны ачаар өөрчлөгдөж эхэлсэн» гээд цааш нь «Ехова намайг хүүхэд шиг хөтлөөд бэрхшээлийг нэг нэгээр нь давахад тусалж байсныг би ойлгосон. Надад юу хэрэгтэйг зааж сургахдаа ямар их зөөлөн хандсан гэж санана» гэж дурссан.
15. Ехова Есүс хоёр юуг ажиглан хардаг вэ?
15 Бурхны тэнгэр элч, Петр болон бусад элчийг шоронгоос гайхамшгаар сулласныхаа дараа «Ард олонд энэхүү Амийн бүх үгийг [үргэлж] яригтун» гэжээ (Үйлс 5:19–21). Тэгэхлээр христиан хүний хийвэл зохих бас нэг алхам нь дэлгэрүүлэх ажилд долоо хоног бүр оролцох юм. Ехова Есүс хоёр бидний хэр итгэлтэйг ажиглаж, дэлгэрүүлэх ажилд хэрхэн оролцож байгааг хардаг (Илч. 2:19). Дээр дурдсан ахлагч: «Дэлгэрүүлэх ажил бол бидний хийх ёстой ажил» гэжээ.
16. Еховад өөрийгөө зориулснаа яагаад санаж явах хэрэгтэй вэ?
16 Бурханд өөрийгөө зориулснаа эргэцүүлэн бодож байгаарай. Еховатай тогтоосон харьцааг хамгийн үнэтэй өв хөрөнгө гэж хэлж болно. Тэрбээр өөрийнхөө хүмүүсийг мэддэг (Исаиа 44:5-ыг уншина уу). Еховатай дотно эсэхээ шалгаж, улам дотносохын төлөө тусламж гуйн залбираарай. Бас баптисм хүртсэн өдрөө үргэлж санаж яваарай. Тэгвэл амьдралдаа гаргасан хамгийн чухал шийдвэрээ санана.
ЕХОВАТАЙ ДОТНО БАЙХАД ТЭВЧЭЭР ХЭРЭГТЭЙ
17. Еховатай дотно байхад яагаад тэвчээр хэрэгтэй вэ?
17 Паул Галатын христиануудад бичсэн захидалдаа тэвчээртэй байхын чухлыг онцолжээ (Гал. 6:9). Өнөөгийн христиануудад ч энэ чадвар их чухал. Бидэнд сорилт бэрхшээл тулгарах нь гарцаагүй. Гэхдээ Ехова тусална. Ариун сүнс гуйж байнга залбирдаг бол Бурхан таны уй гашуу, зовлон шаналлын оронд баяр хөөр, амар тайвныг өгнө (Мат. 7:7–11). Бодоод үз дээ. Ехова бяцхан шувуудын төлөө санаа тавьдаг юм бол өөрийг нь хайрлаж, хамаг бүхнээ зориулсан таны төлөө бүр ч их санаа тавихгүй гэж үү? Хэчнээн хэцүү байлаа ч үнэний замаас бүү гараарай, хэзээ ч битгий бууж өгөөрэй! Еховагийн таньдаг хүн болсон маань ямар их ивээл бэ!
18. Бурхныг «таньж» мэдсэн бүх хүн юу хийх хэрэгтэй вэ?
18 Та саяхан баптисм хүртсэн бол одоо юу хийх хэрэгтэй вэ? Еховаг илүү сайн таньж мэдэн, сүнслэгээр төлөвшөөрэй. Харин баптисм хүртээд олон жил болсон бол яах вэ? Еховагийн тухай мэдлэгээ гүнзгийрүүлсээр байгаарай. Бурхныг хангалттай сайн мэдсэн гэж сэтгэл бүү ханаарай. Дээрх есөн алхмыг санаж үе үе өөрийгөө шалгаж байгаарай. Тэгвэл хайртай Эцэг, дотны Анд Ехова Бурхантайгаа улам дотносно (2 Коринт 13:5, 6-г уншина уу).