Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Бид утга учиртай амьдардаг

Бид утга учиртай амьдардаг

БИ хүү Геригээ 1958 онд төрүүлсэн юм. Тэгтэл хүү маань нэг л биш байлаа. Гэвч ямар өвчтэй болох нь 10 сарын дараа л тодорч, таван жилийн дараа Лондонгийн эмч мэргэжилтнүүд уг өвчний онош зөв болохыг баталсан. Гериг төрснөөс хойш 9 жилийн дараа охинтой боллоо. Луиз маань ахаасаа бүр ч хүнд өвчтэйг мэдээд ямар их шаналсан гэж санана!

Эмч нар: «Танай хоёр хүүхэд хоёулаа ЛМББ синдромтой юм байна. * Ер нь эмчлэх аргагүй» гэж тайлбарлав. Ховорхон тохиолддог энэ өвчнийг тэр үед бараг мэддэггүй байсан. Ийм өвчний гол шинж тэмдэг нь хараа муудаж сохрох, хэт таргалах, илүү хуруутай төрөх, өсөлт бойжилт удаашрах, биеийн тэнцвэр алдагдах, чихрийн шижин тусах, үе мөч өвдөх, бөөрний үйл ажиллагаа хэвийн бус байх гэх мэт. Тийм болохоор хүүхдүүдээ асарч тойлох нь үнэхээр хэцүү байлаа. Саяхны судалгаагаар Британийн 125 мянган хүний нэг нь ийм өвчтэй болох нь тогтоогдсон. Гэхдээ хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүн үүнээс олон байдаг.

ЕХОВА БИДНИЙ «БЭХЛЭЛТ» БОЛДОГ

Би гэрлээд удаагүй байхдаа Еховагийн Гэрч эмэгтэйтэй ярилцаад Гэрчүүд Библийн сургаалыг үнэн зөв заадгийг шууд ойлгосон. Харин нөхөр маань ерөөсөө сонирхоогүй. Нөхрийнхөө ажлын онцлогоос болоод манайх гэдэг айл байнга нүүдэг байв. Тийм болохоор би цуглаанд очиж чаддаггүй байлаа. Гэлээ ч Библиэ уншиж, Еховад залбирдаг байсан. Ехова «дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт, бэрх цагийн бэхлэлт болно», мөн «Өөрийг [нь] эрэн хайгчдыг ... орхиогүй» гэдгийг уншихлаар ямар их тайвширдаг байсан гээч! (Дуу. 9:9, 10).

Хараа муутай учраас Гериг зургаан нас хүрэхлээр нь Английн өмнөд эрэгт байдаг дотуур байртай тусгай сургуульд оруулав. Хүү маань надтай утсаар байнга ярьж юунд санаа зовж байгаагаа хэлдэг байлаа. Тэгэхэд нь би хүүдээ Библийн үндсэн зарчмыг тайлбарлаж өгдөг байсан. Луизыг төрснөөс хойш хэдэн жилийн дараа би тархмал хатуурал, фибромиалги өвчтэй болов. Гери 16 настайдаа сургуулиа төгсөөд гэртээ ирсэн. Хараа нь муудсаар, 1975 онд таг сохорсон. Нөхөр маань 1977 онд биднийг хаяад явчихав.

Гериг гэртээ ирсний дараахнаас бид цуглаанд очдог боллоо. Би 1974 онд баптисм хүртсэн. Шилжилтийн насанд гардаг өөрчлөлтийг давахад нь Герид нэг ахлагч тусалсанд би их баярлаж явдаг юм. Бусад итгэл нэгтэн ч гэр орны маань ажилд тусалдаг байв. Сүүлд тэдний тавыг манайд туслуулахаар орон нутгийн халамжийн байгууллагаас албан ёсоор томилж, цалин өгдөг болсон. Энэ бол бидний хувьд гайхамшигтай ивээл байлаа!

Хүү маань сүнслэгээр өссөөр, 1982 онд баптисм хүртсэн. Туслах эхлэгчээр үйлчлэхийн хүслэн болж байсан хүүдээ дэм болохын тулд би бас туслах эхлэгч болохоор шийдсэн. Бид хоёр олон жил хамт үйлчилсэн. Хэдэн жилийн дараа дүүргийн харгалзагч: «Гери, чи байнгын эхлэгчээр үйлчлэхгүй юм уу?» гэсэнд хүү ямар их баярласан гэж санана! Хүүд маань ийм л сэтгэлийн дэм хэрэгтэй байсан юм. Ингээд 1990 онд байнгын эхлэгчээр томилогдсон.

Гери эхлээд 1999 онд, дараа нь 2008 онд түнхний үе солих мэс засал хийлгэсэн. Харин охины маань байдал бүр ч дор байлаа. Таг сохор төрсөн. Илүү хуруутай хөлийг нь хараад л ахтайгаа адилхан ЛМББ синдромтойг нь ойлгож билээ. Бас шинжилгээгээр дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа нь хэвийн бус нь илэрсэн. Луиз төрснөөсөө хойш олон ч удаа хүнд мэс засал хийлгэсэн дээ. Бөөрөндөө л гэхэд таван удаа мэс засал хийлгэсэн. Хоёр хүүхэд маань хоёулаа чихрийн шижинтэй.

Мэс заслын үед гарч болох хүндрэлийг Луиз мэддэг учир мэс засалч, нойрсуулагч эмч нар болон эмнэлгийн удирдлагуудтай эртхэн уулзаж, цус сэлбүүлэхээс татгалздагийнхаа учрыг ярьж тайлбарладаг. Үүний дүнд эмч сувилагч нартайгаа ойлголцож, тэд ч сайн эмчилж асардаг.

УТГА УЧИРТАЙ АМЬДАРЧ БАЙНА

Манай гэрт Еховаг шүтэхтэй холбоотой янз бүрийн ажил буцалж байдаг юм. Орчин үеийн техник хэрэгсэл гарахаас өмнө би хүү охин хоёртоо ном хэвлэл уншиж өгөхөд хамаг цагаа зориулдаг байлаа. Харин одоо CD, DVD бий болж, www.pr418.com сайтаас бичлэг татаж авах боломжтой болсон учир бид бүгдээрээ тус тусынхаа тохиромжтой цагт хуваарийнхаа дагуу долоо хоног бүр Библиэ судалж, цуглаан дээр хариулдаг болсон.

Еховагийн Үгэнд байдаг үнэнийг мэдсэндээ бид үнэхээр их баярладаг!

Гери маань хариулах зүйлээ заримдаа цээжилдэг. Дэлгэрүүлэгчийн сургууль дээр илтгэл тавих даалгавар авсан бол өөрийнхөө үгээр ярьж чаддаг. 1995 онд туслах үйлчлэгчээр томилогдсоноос хойш цуглааны үеэр хүмүүсийг угтаж авах, дуу чимээний төхөөрөмж дээр ажиллах зэргээр Хаанчлалын танхимд хийх ажил ихтэй болсон.

Үе мөчний өвчний улмаас тэргэнцэр дээр суудаг хүүг минь итгэл нэгтнүүд нь дэлгэрүүлэхдээ авч явдаг юм. Гери нэг суралцагчтай. Библийн хичээлд нь нэг Гэрч тусалдаг. Түүнээс гадна, 25 жилийн өмнө идэвхгүй болсон христиан эмэгтэйг урамшуулан зоригжуулсан. Тэр хоёр нь одоо цуглаанд явж байгаа.

Луиз 9 настайдаа эмээгээрээ юм нэхэхийг заалгасан юм. Бас би нэг асрагчтай нь хамт хатгамал хатгахыг зааж өгсөн. Охин маань юм оёж хатгахдаа дуртай учраас хурлынхаа настангууд, нялх хүүхдүүдэд өнгө алагласан хөнжил нэхэж өгдөг юм. Бас жижиг жижиг наадаг зургаар ил захидал хийдэг. Түүнийг нь авсан хүмүүсийн баярлахыг яана! Өсвөр насандаа бичгийн машин дээр арван хуруугаараа бичиж сурсан. Одоо ярьдаг компьютерийн тусламжтайгаар найзуудтайгаа тогтмол и-мэйлээр харилцдаг. Луиз 17-тойдоо баптисм хүртсэн. Дэлгэрүүлэх тусгай аяны үеэр бид хамтдаа туслах эхлэгчээр үйлчилдэг. Охин маань «сохрын нүд нээгдэж», «„Би өвчтэй байна“ гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» болох ертөнцийн тухай Бурхны амлалтад итгэдгээ хүмүүст хэлж ярихын тулд ахынхаа адилаар Библийн зүйлүүдийг цээжилдэг (Ис. 33:24; 35:5).

Еховагийн Үгэнд байдаг үнэнийг мэдсэндээ бид үнэхээр их баярладаг! Хурлынхан маань биднийг хайр халамжаар дутаадаггүйд хязгааргүй их талархаж явдаг. Тэд минь байгаагүй бол бид ийм их юм хийж чадахгүй шүү дээ. Хамгийн гол нь Еховагийн ачаар утга учиртай амьдарч байна.

^ Рецессив генийн энэхүү өвчнийг нээж илрүүлсэн дөрвөн эмчийн нэрээр Лоренс-Мүүн-Барде-Бидл синдром гэж нэрлэжээ. Эцэг эхийн аль аль нь эмгэг гентэй бол үр хүүхэд удамшлын өвчтэй төрдөг аж. Орчин үед их төлөв Барде-Бидл синдром гэж нэрлэдэг. Энэ нь эмчлэгддэггүй өвчин юм.