Skip to content

Гарчиг руу орох

Сайн мэдээ дэлгэрүүлэгчийн үүргээ биелүүл

Сайн мэдээ дэлгэрүүлэгчийн үүргээ биелүүл

«Сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцээ» (2 ТИМ. 4:5).

1. Еховаг хамгийн анхны сайн мэдээ дэлгэрүүлэгч гэж хэлж болохын учир юу вэ?

 ЕХОВА БУРХАН бол хамгийн анхны сайн мэдээ дэлгэрүүлэгч юм. Тэрбээр Адам Ева хоёрыг самуун дэгдээсний дараахан могой буюу Сатан Диаволыг устгана гэсэн сайн мэдээг тунхагласан (Эх. 3:15). Олон зууны турш үнэнч эрчүүдийг ариун сүнсээрээ удирдан, сэвтсэн нэрээ ариусгах, Сатаны учруулсан хор хохирлыг арилгах, хүн төрөлхтөн Адам Ева хоёрын алдсан зүйлийг дахин олж авах тухай бичиж тэмдэглүүлжээ.

2. а) Сайн мэдээ тунхаглах ажилд тэнгэр элчүүд ямар хувь нэмэр оруулдаг вэ? б) Есүс сайн мэдээ дэлгэрүүлэгчдэд дууриавал зохих ямар жишээ үлдээсэн бэ?

2 Тэнгэр элчүүд ч бас сайн мэдээ дэлгэрүүлэгчид билээ. Тэд өөрсдөө сайн мэдээ тунхаглаад зогсохгүй, уг мэдээг тунхагладаг хүмүүст тусалдаг (Лук 1:19; 2:10; Үйлс 8:26, 27, 35; Илч. 14:6). Тэргүүн тэнгэр элч Михаел буюу Есүсийн тухай юу хэлж болох вэ? Тэрбээр дэлхий дээр байхдаа хүмүүн дэлгэрүүлэгчдэд дууриавал зохих жишээ үлдээсэн. Есүс сайн мэдээ түгээн дэлгэрүүлэхийн төлөө амьдралаа зориулсан! (Лук 4:16–21).

3. а) Бид юун тухай сайн мэдээ дэлгэрүүлдэг вэ? б) Сайн мэдээ дэлгэрүүлэгч бид ямар хоёр асуултын хариуг мэдэх хэрэгтэй вэ?

3 Есүс шавь нартаа сайн мэдээ дэлгэрүүлэхийг тушаасан (Мат. 28:19, 20; Үйлс 1:8). Паул хамтран зүтгэгч Тимотдоо «сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцээ» хэмээн зөвлөжээ (2 Тим. 4:5). Есүсийн дагалдагч бид ямар сайн мэдээ дэлгэрүүлдэг вэ? Тэнгэрийн Эцэг Ехова бүх хүнийг хайрладгийг хүмүүст мэдүүлдэг (Иох. 3:16; 1 Петр 5:7). Бурхны Хаанчлал бол Еховагийн хайрын илрэл юм. Тийм учраас Хаанчлалд захирагддаг, зөвийг үйлддэг, Бурханд дуулгавартай бүх хүн Бурхантай анд нөхрийн харьцаа тогтоож болдгийг бид хүмүүст хэлэхдээ баярладаг (Дуу. 15:1, 2). Ехова шударга бус бүхнийг устгана. Хүн төрөлхтөн өмнө нь амссан зовлонгоосоо болж шаналахаа болино. Ямар сайхан мэдээ вэ! (Ис. 65:17). Одоо, сайн мэдээ дэлгэрүүлэгч бидэнд хамаатай хоёр чухал асуултыг авч үзье. Өнөөдөр хүмүүс яагаад сайн мэдээ сонсох хэрэгтэй вэ? Сайн мэдээ дэлгэрүүлэгчийн үүргээ хэрхэн биелүүлэх вэ?

ХҮМҮҮС САЙН МЭДЭЭ СОНСОХ ХЭРЭГТЭЙН УЧИР

Оновчтой асуулт тавивал, хүн итгэл үнэмшлийнхээ учир шалтгааныг мэднэ

4. Хүмүүс Бурхны тухай ямар худал хуурмагийг сонсдог вэ?

4 Нэг хүн эцгийн тань тухай, таныг болон танай гэрийнхнийг орхиод явчихсан гэж хэлжээ. Тэр хүн таны эцгийг зожиг, бусадтай нийцгүй, харгис хэрцгий хүн байсан гэж хэлж байх юм. Бас эцэг чинь нас барсан болохоор холбоо барих ямар ч аргагүй гэжээ. Бурхны тухай ингэж ярьдаг хүмүүс бий. Тэд Бурхныг таньж мэдэхийн аргагүй нууцлаг, харгис хэрцгий нэгэн гэж заадаг. Жишээ нь, Бурхан муу хүнийг тамд үүрд тарчилган зовоодог гэж шашны зарим удирдагч сургадаг. Нөгөө зарим нь Бурхныг байгалийн гамшиг учруулдаг гэдэг. Тэднийхээр бол, Бурхан сайн муу хүмүүсийн аль алиныг нь шийтгэдэг ажээ.

Оновчтой асуулт тавивал, хүн бодол санаа, зүрх сэтгэлээ нээж, үнэнийг хүлээж авна

5, 6. Хувьслын онол, хуурамч сургаал хүмүүст яаж нөлөөлсөн бэ?

5 Зарим хүн Бурхан байдаггүй гэж үздэг. Хувьслын онолыг авч үзье. Энэ онолыг баримталдаг хүн амьдралыг хар аяндаа үүссэн гэж ярин Бүтээгчийг үгүйсгэдэг. Хүн бол нэг төрлийн амьтан учраас амьтан шиг авирлах нь жирийн л үзэгдэл гэж боддог. Хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг нь байгалийн жам гэж тэд мэтгэдэг. Тийм учраас шударга бус явдал байх л ёстой гэсэн үзэлд олон хүн автсан байдаг нь гайхах хэрэг биш ээ. Хувьслын онолд итгэдэг хүмүүс ямар ч найдваргүй хоцордог.

6 Хувьслын онол, шашны хуурамч сургаал эцсийн өдрүүдийн хэцүү цагт амьдарч байгаа хүмүүст улам гай тарьж байна (Ром 1:28–31; 2 Тим. 3:1–5). Хүний ийм сургаалыг сайн мэдээ гэх аргагүй. Элч Паулын тэмдэглэснээр иймэрхүү сургаалыг дагадаг хүмүүс «оюун ухаандаа харанхуй болж, Бурханы амиас хөндийрчээ» (Еф. 4:17–19). Түүнчлэн хувьслын онол болон хуурамч сургаал Бурхнаас ирдэг сайн мэдээг хүлээж авахад хүмүүст саад болдог (Ефес 2:11–13-ыг уншина уу).

Оновчтой асуулт тавивал, хүн эргэцүүлэн бодож, зөв дүгнэлтэд хүрнэ

7, 8. Хүмүүс юуны ачаар үнэнийг бүрэн ойлгох вэ?

7 Хүмүүс Бурхантай эвлэрэхийн тулд юуны түрүүнд, Еховаг байдаг гэдэгт итгэж, дотно нөхөрлөх хэрэгтэйгээ ойлгох учиртай. Бүтээлүүдийг ажиглахыг тэдэнд уриалж Бурхны тухай мэдлэгтэй болоход нь тусалж болно. Юмны учрыг боддог хүн бүтээлийг судлаад Бурхныг ямар агуу хүчтэй, ямар их мэргэн ухаантай болохыг ойлгоно (Ром 1:19, 20). Агуу Бүтээгч маань бүхнийг ямар гайхалтай бүтээснийг ойлгуулахын тулд «Сэтгэл хангалуун амьдралд хүргэх зам» болон «Амьдралын утга учир юу вэ? Түүнийг хэрхэн мэдэж болох вэ?» товхимлоос ярилцаж болно. Гэхдээ хүмүүс дан ганц бүтээлийг ажиглаад л Бурхан зовлон зүдгүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ, дэлхийн талаарх санаа зорилго нь юу вэ, Бурхан хүн нэг бүрийг анхаардаг уу гэх мэтийн амин чухал асуултад хариу авч чадахгүй.

8 Библи судалж байж л Бурхны тухай, санаа зорилгынх нь тухай үнэнийг бүрэн ойлгоно. Асуултынхаа хариуг олоход нь хүмүүст тусалдаг маань ямар завшаантай хэрэг вэ! Сонсогчийнхоо зүрх сэтгэлийг хөдөлгөхийн тулд мэдээ баримт дурдаад зогсохгүй итгүүлэн үнэмшүүлэх хэрэгтэй (2 Тим. 3:14). Итгүүлэн үнэмшүүлэхийн тулд Есүсийг дууриах хэрэгтэй. Есүс ямар сайн жишээ үлдээсэн бэ? Оновчтой асуулт тавьдаг байсан. Түүнийг яаж дууриах вэ?

САЙН МЭДЭЭ ДЭЛГЭРҮҮЛЭГЧИД ОНОВЧТОЙ АСУУЛТ ТАВЬДАГ

9. Хүмүүст сүнслэг тусламж үзүүлье гэвэл яах ёстой вэ?

9 Есүсийг дууриан асуулт асуух ёстойн учир юу вэ? Дараах нөхцөлийг төсөөлөөд үзээрэй. Эмч танд сайн мэдээ дуулгажээ. Мэс засал хийлгэвэл өвчин тань илааршина гэлээ. Хэлсэн үгэнд нь итгэх л байх. Гэхдээ биеийн тань байдлыг огт асуугаагүй мөртлөө ийм юм хэлбэл яах вэ? Итгэх нь юу л бол. Эмч хэчнээн мэдлэг чадвартай байлаа ч эмчлэхээсээ өмнө өвчний тань шинж тэмдгийг асууж, таныг сонсох учиртай. Үүнтэй адилаар, Хаанчлалын тухай сайн мэдээ хүлээж авахад нь хүмүүст туслахын тулд асуулт асууж сурах ёстой. Юу хэрэгтэй байгааг нь тодорхой мэдэж байж л тэдэнд сүнслэг тусламж үзүүлж чадна.

Сонсогчийнхоо зүрх сэтгэлийг хөдөлгөхийн тулд итгүүлэн үнэмшүүлэх хэрэгтэй

10, 11. Есүсийн заах аргыг дууриавал ямар сайн талтай вэ?

10 Оновчтой асуулт тавивал багш хүн суралцагчийнхаа талаар мэдээд зогсохгүй, суралцагчаа яриулдгийг Есүс мэдэж байжээ. Жишээ нь, тэрбээр шавь нартаа бодуулах зорилгоор асуулт тавьж даруу байхыг заасан (Марк 9:33). Мөн Петрээс асуулт асуун, сонгож болох хоёр хувилбар өгсөн. Ингэснээр зарчмыг эргэцүүлэн бодуулж зөв дүгнэлтэд хүргэдэг (Мат. 17:24–26). Бас нэгэн удаа Есүс шавь нарынхаа зүрхэнд юу байгааг мэдэх гэж үзэл бодлыг нь асуусан (Матай 16:13–17-г уншина уу). Есүс мэдээ баримт дурдаад болчихоогүй. Асуулт асууж хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, сайн мэдээний дагуу амьдрах хүслийг нь бадраасан.

11 Есүсийг дууриан асуултаа онож тавивал хүмүүст туслах хамгийн сайн аргыг олно. Түүнчлэн татгалзсан хүнтэй хэрхэн яриа өрнүүлэх, даруу хүмүүст ач тус хүртэхэд нь яаж туслахаа мэдэх юм. Оновчтой асуулт тавих тухай гурван жишээ авч үзье.

12–14. Сайн мэдээг зоригтой дэлгэрүүлдэг болоход хүүхдэдээ хэрхэн туслах вэ? Жишээ хэлнэ үү.

12 Жишээ 1: Өсвөр насны хүүхэд тань бүтээлийн талаарх итгэл үнэмшлийнхээ тухай ангийнхаа хүүхдэд яаж тайлбарлахаа мэдэхгүй байвал яах вэ? Итгэл үнэмшлээ зоригтой хуваалцахад нь туслах биз ээ. Ингэхдээ шүүмжлэх юм уу шууд зөвлөгөө өгөлгүй, Есүсийг дууриан үзэл бодлыг нь мэдэх зорилгоор асуулт асуух хэрэгтэй. Чухам яаж?

13 «Сэтгэл хангалуун амьдралд хүргэх зам» товхимлын 4-р хичээлээс хүүхэдтэйгээ хамт уншаад бодууштай ямар санаа олсныг нь асууж болох юм. Бүтээгчид итгэдэг, хүсэл тааллыг нь биелүүлэхийг хүсдэгийнх нь учрыг хүүхдээрээ бодуулаарай (Ром 12:2). Итгэж үнэмшдэгийнх нь учир шалтгаан таныхтай яг адилхан байх албагүйг хэлээрэй.

14 Зааж өгсөн аргаар тань ярихыг хүүхдэдээ захиарай. Эхлээд баримт нотолгоо дурдаад, дараа нь үзэл бодлыг нь асууна гэсэн үг. Жишээ нь, ангийнхаа хүүхдээр «Сэтгэл хангалуун» товхимлын 4-р хичээлийн 4-р догол мөрийг уншуулж «Хүний тархины хүчин чадал сүүлийн үеийн ямар ч компьютерээс хамаагүй давуу гэдэгтэй чи санал нийлэх үү?» гэж асууж болох юм. Ангийнх нь хүүхэд тийм гэж хариулах байх. Тэгэхлээр нь таны хүүхэд «Компьютерийн мэргэжилтнүүдийн хүртэл хийж чадаагүй зүйл яаж тохиолдлоор бий болсон байх вэ?» гэж асууна. Итгэл үнэмшлийнхээ талаар бусдад ярих зоригтой болоход нь туслахын тулд хүүхэдтэйгээ тогтмол дасгал сургуулилалт хийгээрэй. Хүүхэд тань асуултыг оновчтой тавьж сурвал сайн мэдээ дэлгэрүүлэгчийн үүргээ амжилттай биелүүлнэ.

15. Бурханд итгэдэггүй хүнтэй ярихдаа асуулт хэрхэн тавьж болох вэ?

15 Жишээ 2: Дэлгэрүүлж яваад Бурхан байдагт эргэлздэг хүмүүстэй таарах нь бий. Жишээ нь, зарим хүн Бурханд итгэдэггүй гэж хэлдэг. Итгэдэггүй гэж хэлснийг нь сонсоод яриагаа таслахын оронд хэзээнээс ийм үзэлтэй болсныг нь, яагаад ингэж боддогийг нь хүндэтгэлтэйгээр асуугаарай. Хариулахыг нь сонсоод, юмыг нухацтай бодож байгааг нь магтаж, бүтээлийн талаарх баримт нотолгоог бичсэн хэвлэл унших уу гэж асууна. Айлын хүн юмны учрыг боддог бол баримт нотолгоог үзэхээс татгалзахгүй байх. Тэгвэл «Сэтгэл хангалуун амьдралд хүргэх зам» юм уу «Амьдралын утга учир юу вэ? Түүнийг хэрхэн мэдэж болох вэ?» гэсэн товхимлыг өгч болно. Оновчтой асуултыг эвтэйхэн асуувал хүмүүс зүрх сэтгэлээ нээж сайн мэдээг хүлээн авч болох юм.

16. Суралцагч хэвлэлээс уншиж хариулдаг бол яах хэрэгтэй вэ?

16 Жишээ 3: Суралцагч догол мөрөөс уншаад асуултад хариулдаг байж болох юм. Хэрэв тэгдэг бол суралцагч маань ахиц дэвшил гаргахгүй. Яагаад? Суралцагч юу ч бодож эргэцүүлэлгүй хариултыг л уншдаг бол сүнслэг бат үндэсгүй болно. Тийм хүн, нарны халуунд хорчийн хатдаг ургамлын адилаар сорилт эсэргүүцэлтэй тулгарах цагт амархан бууж өгдөг (Мат. 13:20, 21). Суралцагчдаа туслахын тулд яах хэрэгтэй вэ? Сурч байгаа зүйлийн талаар юу гэж боддогийг нь асуух хэрэгтэй. Ярилцсан зүйлээ хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг нь мэдэхийг хичээгээрэй. Тухайн санааг яагаад хүлээн зөвшөөрсөн эсвэл яагаад хүлээн зөвшөөрөөгүйг асуух нь маш чухал. Тэгээд Библийн зүйлүүдийг эргэцүүлэн бодуулбал суралцагч өөрөө зөв дүгнэлтэд хүрнэ (Евр. 5:14). Оновчтой асуулт тавивал суралцагчийн маань итгэлийн үндэс бат бэх болж, хэн нэг нь хууран мэхлэх юм уу эсэргүүцсэн ч бууж өгөхгүй (Кол. 2:6–8). Сайн мэдээ дэлгэрүүлэгчийн үүргээ биелүүлэхийн тулд өөр юу хийх вэ?

САЙН МЭДЭЭ ДЭЛГЭРҮҮЛЭГЧИД БИЕ БИЕДЭЭ ТУСАЛДАГ

17, 18. Дэлгэрүүлэх ажилд хамт яваа хүнээ хэрхэн дэмжих вэ?

17 Есүс шавь нараа дэлгэрүүлэх ажилд хоёр хоёроор нь явуулдаг байсан (Марк 6:7; Лук 10:1). Паул «сайн мэдээний төлөө [өөртэй нь] ... хамт зүтгэсэн» «хамтран зүтгэгчдийг» дурдсан байдаг (Флп. 4:3). Орчин үеийн Хаанчлалыг тунхаглагчид 1953 онд бусдыгаа дэлгэрүүлэх ажилд сургах хөтөлбөр явуулж эхэлсэн.

18 Дэлгэрүүлэх ажилд хамт яваа хүнээ яаж дэмжих вэ? (1 Коринт 3:6–9-ийг уншина уу). Библийн зүйл уншихад нь та ч бас Библиэ нээгээд дагуулж хараарай. Айлын хүн, дэлгэрүүлэгч хоёрыг ярьж байхад анхааралтай сонсож, шаардлагатай бол тусламж үзүүлэхэд бэлэн байгаарай (Ном. 4:12). Харин нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Дэлгэрүүлэгч айлын хүнд асуулт тавиад бодуулж байхад дундуур нь битгий ороорой. Тэвчээргүй загнавал хамтран зүтгэгчийн тань урам хугарч, айлын хүнийг төөрүүлж мэднэ. Заримдаа ярианд оролцох хэрэг гарч болох юм. Тэглээ гэхэд товчхон тайлбарлаарай. Дараа нь хамт яваа дэлгэрүүлэгчдээ яриагаа үргэлжлүүлэх боломж олгоорой.

19. Бид юуг санах учиртай вэ? Яагаад?

19 Нэг айлаас нөгөө рүү явж байхдаа дэлгэрүүлэгчид бие биедээ хэрхэн туслах вэ? Тэр цагийг ашиглан оршил үгийнхээ чанарыг сайжруулах тухай ярилцвал ямар вэ? Хэсгийнхээ хүмүүсийн талаар өөдрөг юм ярихыг хичээгээрэй. Мөн бусад дэлгэрүүлэгчийнхээ талаар таагүй юм битгий яриарай (Сур. 18:24). Шавар сав гэдгээ үргэлж санах учиртай. Ехова сайхан сэтгэл гарган бидэнд баялаг буюу сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг даалгасан (2 Коринт 4:1, 7-г уншина уу). Үүнд нь талархаж сайн мэдээ дэлгэрүүлэгчийн үүргээ хичээнгүйлэн биелүүлцгээе.