Skip to content

Гарчиг руу орох

Та «сайн үйлсийн төлөө зүтгэлтэй» байдаг уу?

Та «сайн үйлсийн төлөө зүтгэлтэй» байдаг уу?

«Есүс Христ ... Өөрийгөө бидний төлөө өгсөн нь ... Өөртөө сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм» (ТИТ 2:13, 14).

1, 2. Еховагийн Гэрчүүд ямар хосгүй завшаантай хүмүүс вэ? Энэ нь танд ямар санагдаж байна вэ?

 САЙН үйл бүтээгээд шагнал хүртэх нь олон хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг. Жишээ нь, дайсагналцсан эсвэл салан тусгаарласан хоёр талын хооронд энхийг тогтоох гэж зүтгэсэн хүнд Нобелийн энх тайвны шагнал хүртээдэг. Харин Бүтээгчтэйгээ сайн харьцаа тогтооход нь хүмүүст туслах Бурхны элч төлөөлөгч байна гэдэг хамгийн их нэр төрийн хэрэг юм!

2 Еховагийн Гэрчүүд хосгүй завшаан эдэлдэг. Бурхан болон Христийн тушаалын дагуу бид «Бурхантай эвлэрцгээ» гэж хүмүүсээс гуйдаг (2 Кор. 5:20). Ехова биднийг илгээж хүмүүсийг өөртөө татдаг. Үүний ачаар дэлхийн 235 оронд амьдарч буй сая сая хүн Бурхантай сайн харьцаатай болж, мөнх амийн найдвар өвөрлөсөн (Тит 2:11). Хичээл зүтгэлтэй дэлгэрүүлж, «хүссэн нэгэнд нь амийн усыг үнэгүй» авахыг уриалдаг (Илч. 22:17). Энэхүү даалгавраа үнэтэйд тооцон, хичээнгүй биелүүлдэг учраас бид «сайн үйлсийн төлөө зүтгэлтэй» хүмүүс билээ (Тит 2:14). Сайн үйлсийн төлөө зүтгэлтэй байх нь хүмүүст Еховаг мэдэхэд нь хэрхэн тус болдог вэ? Эхлээд, дэлгэрүүлэх ажлын тухай ярилцъя.

ЕХОВА ЕСҮС ХОЁР ШИГ ЗҮТГЭЛТЭЙ БАЙХ НЬ

3. Еховагийн «зүтгэл» бидэнд юуг сануулдаг вэ?

3 Бурхны Хүү засаглалынхаа үед юу хийхийг Исаиа 9:7-д «Түмэн цэргийн ЭЗЭНий [Еховагийн] зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ» гэж бичсэн байдаг. Эндээс харахад, тэнгэрийн Эцэг маань хүн төрөлхтнийг аврагдаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг нь тодорхой байна. Ехова үлгэр дууриал үзүүлж хичээл зүтгэлтэй байдаг нь биднийг Хаанчлалыг тунхаглах ажлаа чин сэтгэлээсээ, хичээл зүтгэлтэй, урам зоригтой хийх ёстойг харуулдаг. Бурхны тухай мэдэхэд нь бусдад туслахыг чин сэтгэлээсээ хүсдэг маань Еховаг дууриан хичээл зүтгэлтэй байдгийн шинж юм. Бурхны хамтран зүтгэгч та сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд чадлынхаа хэрээр бүрэн дүүрэн оролцож байна уу? (1 Кор. 3:9).

4. Шантрахгүй, хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэхийн жишээг Есүс хэрхэн үзүүлсэн бэ?

4 Есүсийн зүтгэлийн тухай бас ярилцъя. Есүс шантралгүй, хичээл зүтгэлтэй дэлгэрүүлж төгс жишээ үлдээсэн. Хатуу ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан ч дэлхий дэх амьдралынхаа эцэс хүртэл хичээл зүтгэлтэй дэлгэрүүлж байсан (Иох. 18:36, 37). Амиа золиослон нас барах цаг нь ойртох тусам улам их шийдэмгий байж, Еховагийн тухай мэдэхэд нь хүмүүст тусалсан.

5. Есүс өөрийнхөө ярьсан инжрийн модны ёгт үлгэрийн дагуу юу хийсэн бэ?

5 Жишээ нь, Есүс МЭ 32 оны намар нэгэн ёгт үлгэр ярьсан. Уг ёгт үлгэрт усан үзмийн цэцэрлэгтээ инжрийн мод тариад гурван жилийн турш жимс аваагүй хүний тухай гардаг. Тэрбээр модыг огтолж хая гэхэд цэцэрлэгч нь хөрсөө бордоод үзье гэжээ (Лук 13:6–9-ийг уншина уу). Цөөхөн хүн Есүсийн шавь болсон байв. Ёгт үлгэрт гарсан цэцэрлэгчийн адилаар, Есүс үлдсэн богинохон хугацаанд буюу зургаа орчим сарын хугацаанд Иудей болон Пер нутагт улам их хичээл зүтгэлтэй дэлгэрүүлсэн. Нас барахаасаа хэдэн өдрийн өмнө Есүс, дэлгэрүүлсэн мэдээг нь хүлээж аваагүй нутаг нэгтнүүдийнхээ төлөө гашууддаг (Мат. 13:15; Лук 19:41).

6. Дэлгэрүүлэх ажлаа эрчимтэй хийх ёстойн учир юу вэ?

6 Төгсгөл хэчнээн ойрхон байгааг бодохлоор дэлгэрүүлэх ажилдаа идэвхтэй оролцох хүсэл тань улам бүр оргилохгүй гэж үү? (Даниел 2:41–45-ыг уншина уу). Еховагийн Гэрч байна гэдэг ямар сайхан завшаан бэ! Хүн төрөлхтний зовлон бэрхшээл шийдэгдэх тухай жинхэнэ найдварыг ярьдаг хүн биднээс өөр байхгүй. Саяхан нэг сонины нийтлэлч «Сайн хүмүүс зовж зүдэрдгийн учир юу вэ?» гэдэг асуултад хэн ч хариулж чадахгүй гэж бичжээ. Сонсохыг хүссэн бүх хүнд энэ мэт асуултад Библиэс хариулах нь христианууд бидний үүрэг бөгөөд нэр төрийн хэрэг юм. Бурхны өгсөн даалгаврыг биелүүлж «сүнс дотор шатах» учиртай (Ром 12:11). Сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд зүтгэлтэй байгааг маань Ехова ивээх учир бид хүмүүст түүнийг мэдэж хайрладаг болоход нь тусалж чадна.

ӨӨРИЙГӨӨ ЗОЛИОСОЛДОГ МААНЬ ЕХОВАГ АЛДАРШУУЛДАГ

7, 8. Өөрийгөө золиосолдог бол Еховаг хэрхэн алдаршуулах вэ?

7 Элч Паул заримдаа «нойргүйдэл болон өлсгөлөн дотор» дэлгэрүүлж явжээ. Бидэнд ч ийм зүйл тохиолдож болох юм (2 Кор. 6:5). Паулын жишээг бодохлоор өөрийгөө золиосолж, дэлгэрүүлэх ажлыг нэгдүгээрт тавихын зэрэгцээ ажил хийж өөрсдийгөө тэжээдэг эхлэгчид санаанд буудаг. Гадаадад дэлгэрүүлж «ундаан өргөл болон асгагдаж» буй миссионерүүдийг бас бодоорой (Флп. 2:17). Ахлагчид Еховагийн хоньдыг асрах гэж нойр хоолгүй зүтгэдэг. Мөн бие муутай ч цуглаанд очиж, дэлгэрүүлэхийн тулд чадах бүхнээ хийдэг настай христиан бидний дунд олон бий. Өөрийгөө золиослон Бурхандаа үйлчилдэг энэ хүмүүсийнхээ тухай бодохлоор баярлаж талархаад баршгүй. Ийм зүтгэлтэй байгааг маань хараад хөндлөнгийн хүмүүс дэлгэрүүлэх ажлыг хэчнээн чухал болохыг ойлгодог.

8 Английн Линкольншир мужийн «Бостон Таргет» сонины уншигч: «Хүмүүс өнөөдөр шашныг сонирхохоо больж байна. Сүмийн удирдлагууд юу хийдэг юм бэ? Хүмүүс дээр очиж уулздаг байсан Есүсийг тэд ерөөсөө дууриадаггүй. Айлаар яван хүмүүстэй уулзаж, үнэнийг дэлгэрүүлэхийн төлөө явдаг хүмүүс Еховагийн Гэрчүүдээс өөр алга» гэж бичсэн байна. Өнөө үед өөрийгөө л боддог хүн их болжээ. Харин бид өөрсдийгөө золиослон дэлгэрүүлдэг бол Ехова Бурхнаа алдаршуулна (Ром 12:1).

Дэлгэрүүлж байгаа тань хүмүүст гэрчлэл болдог

9. Сайн үйлсэд зүтгэлтэй байж дэлгэрүүлэхэд юу туслах вэ?

9 Дэлгэрүүлэх ажилд хичээл зүтгэлтэй оролцохгүй байгаа юм шиг санагдвал яах вэ? Еховагийн даалгаж өгсөн дэлгэрүүлэх ажлыг хийгээд ямар сайн үр дүнд хүрэхээ бодоорой (Ром 10:13–15-ыг уншина уу). Хүмүүсийн аврагдах эсэх нь Еховагийн нэрийг итгэлтэйгээр дуудахаас шалтгаална. Дэлгэрүүлэхгүй бол хэн Еховагийн нэрийг дуудах билээ дээ. Үүнийг санаж явбал сайн үйлсэд зүтгэлтэй байж, Хаанчлалын тухай сайн мэдээг идэвхийлэн тунхаглах хүсэл төрнө.

БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВБАЛ ХҮМҮҮС БУРХНЫГ МЭДЭХИЙГ ХҮСНЭ

Үнэнч шударга байж, хичээнгүй ажилладгийг тань хүмүүс заавал ажиглана

10. Биеэ зөв авч явбал хүмүүс Еховад татагддаг гэхийн учир юу вэ?

10 Хүмүүсийг Бурхантай танилцуулахын тулд дан ганц дэлгэрүүлэх ажилд зүтгэлтэй байх нь учир дутагдалтай. Христиан ёсоор биеэ зөв авч явбал хүмүүс Бурхны тухай мэдэхийг хүснэ. Паул: «Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй» гэж бичин биеэ зөв авч явахын чухлыг онцолсон (2 Кор. 6:3). Үг яриа, биеэ авч явах байдал маань зохистой байвал Бурхны сургаалыг чимж, хүмүүс Еховад татагдана (Тит 2:10). Христийг дууриаж биеэ авч явдгийг маань чин сэтгэлтэй хүмүүс ажиглаад үнэнийг хүлээж авсан тохиолдол цөөнгүй бий.

11. Үйл хэрэг маань бусдад яаж нөлөөлөхийг нухацтай бодох хэрэгтэйн учир юу вэ?

11 Бид үйл хэргээрээ хүмүүст нэг бол сайнаар, нэг бол муугаар нөлөөлнө гэдгийг санах учиртай. Тийм учраас ажил, гэр, сургууль гээд хаана ч байсан сайн нэрээ алдахгүй байхыг хичээх учиртай. Хэрэв санаатайгаар нүгэл үйлдвэл Еховатай тогтоосон харьцаа тасарна (Евр. 10:26, 27). Тэгэхлээр биеэ хэрхэн авч явдгаа, үйл хэрэг маань бусдад яаж нөлөөлөхийг нухацтай бодох хэрэгтэй. Энэ ертөнцийн ёс суртахууны хэм хэмжээ уруудан доройтох тусам чин сэтгэлтэй хүмүүс «Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондохыг ... ялгадаг болно» (Мал. 3:18). Биеэ зөв авч явдаг маань хүмүүсийг Бурхантай эвлэрүүлэхэд ийм чухал үүрэг гүйцэтгэдэг.

12–14. Хавчлагыг тэвчих нь хүмүүст яаж сайнаар нөлөөлөх вэ? Жишээ хэлнэ үү.

12 Паул Коринтынхонд бичсэн захидалдаа зовлон туулж, дарамтад орж, зодуулж, шоронд орсон тухайгаа бичжээ (2 Коринт 6:4, 5-ыг уншина уу). Хавчлага эсэргүүцлийг тэвчдэгийг маань хүмүүс ажиглаад үнэнийг хүлээн авч болох юм. Жишээ нь, хэдэн жилийн өмнө Анголд Еховагийн Гэрчүүдийг арчин зайлуулахыг оролджээ. Хоёр Гэрч, 30 суралцагчийг хүмүүс бүслэн авч нутгийн хүмүүсийн өмнө цус шүүртэл нь ташуурджээ. Эсэргүүцэгчид эмэгтэйчүүд, хүүхдүүдийг ч зодсон байна. Еховагийн Гэрчүүдийг хэн ч сонсох ёсгүйг анхааруулах зорилгоор нутгийн хүмүүсийг цуглуулсан ажээ. Гэвч үүний дараа тэнд цугласан олон хүн Гэрчүүдтэй Библийн хичээл хийхийг хүсжээ! Түүнээс хойш Хаанчлалыг тунхаглах ажил амжилттай урагшилж, олон хүн үнэнийг хүлээн авч, Гэрчүүд ивээл хүртсэн.

13 Библийн зарчмыг тууштай баримтлах нь хүмүүст сайнаар нөлөөлдгийг энэ жишээ харуулж байна. Петр болон элч нарыг зоригтой байсныг хараад олон хүн Бурхантай эвлэрсэн биз ээ (Үйлс 5:17–29). Зөв юмны төлөө тууштай байгааг маань ангийн хүүхдүүд, ажлын хамт олон, гэр бүлийнхэн маань ажиглаад үнэнийг хүлээн авч болох юм.

14 Дэлхийн хаа нэгтээ ах дүүс маань хавчигдаж байдаг. Жишээ нь, Арменд 40 орчим Гэрч эрэгтэй төвийг сахиснаасаа болоод шоронд оржээ. Дахиад олон Гэрч шоронд орж магадгүй байна. Эритре улсад 55 Гэрч шоронд орсон бөгөөд зарим нь 60 гаруй настай аж. Өмнөд Солонгост 700 орчим Гэрч итгэл үнэмшлээсээ болоод шоронд хоригдож байгаа. Тус улсад 60 жилийн турш Гэрчүүдийг ингэж хавчжээ. Итгэл үнэмшлээсээ болж хавчигдаж байгаа ах дүү нарыгаа үнэнч байж, Бурхнаа алдаршуулан чин сэтгэлтэй хүмүүсийг үнэн рүү хөтлөөсэй хэмээн залбирцгаая (Дуу. 76:8–10).

15. Үнэнч шударга байх нь хүмүүсийг үнэн рүү татдагийг харуулах жишээ хэлнэ үү.

15 Үнэнч шударга байвал хүмүүс үнэнийг хүлээн авдаг (2 Коринт 6:4, 7-г уншина уу). Жишээ болгон нэг явдлыг авч үзье. Нэг Гэрч эмэгтэйг автобусанд ороод тасалбарын машинд мөнгө хийх гэж байтал танил нь «Энүүхэн хооронд мөнгө төлж яах юм бэ?» гэжээ. Гэрч эмэгтэй ганц буудал явах байсан ч мөнгө төлөх ёстойгоо хэлсэн аж. Танилыг нь буусны дараа автобусны жолооч Гэрч эмэгтэйгээс «Та Еховагийн Гэрч үү?» гэж асууж. «Тийм ээ, юу гэж?» гэхэд нь «Би сая та хоёрыг автобусны тасалбарын тухай ярихыг сонслоо л доо. Еховагийн Гэрчүүд та нарыг автобусанд мөнгөө төлөөд явдаг, бас бүх юманд үнэнч шударга байдаг цөөхөн хүний нэг гэж мэднэ» гэсэн байна. Хэдэн сарын дараа цуглаан дээр нэг эрэгтэй Гэрч эмэгтэйд дөхөж очоод «Та намайг таньж байна уу? Би нөгөө автобусны жолооч байна. Тасалбарын тухай тантай яриагүй юү? Таныг ажиглаад би Еховагийн Гэрчүүдээр Библи заалгахаар болсон юм» гэж хэлжээ. Биднийг үнэнч байвал дэлгэрүүлдэг мэдээнд маань хүмүүс татагдана.

БУРХНЫГ МАГТАН АЛДАРШУУЛДАГ ЗАН ЧАНАРЫГ ҮРГЭЛЖ ИЛЭРХИЙЛЭХ НЬ

16. Тэвчээр, хайр, сайхан сэтгэл гэх мэтийн зан чанар хүмүүсийн сэтгэлийг татдагийн учир юу вэ? Жишээ хэлнэ үү.

16 Тэвчээр, хайр, сайхан сэтгэл гэх мэтийн зан чанарыг бас илэрхийлбэл хүмүүс Еховагийн тухай мэдэх хүсэлтэй болно. Биднийг ажигладаг зарим хүн Еховаг, санаа зорилгыг нь, ард түмнийг нь мэдэхийг хүсэж байж болох юм. Шашны зарим удирдагч Бурханд үнэнч хүний дүр эсгэн хоёр нүүр гаргадаг. Харин бидний хандлага, зан байдал тэднийхээс эрс ялгаатай. Тэд сүсэгтэн олноо хууран мөнгийг нь аваад, тансаг байшин, машинтай болдог аж. Нохойнх нь үүр хүртэл агааржуулагчтай гэнэ. Өөрсдийгөө Христийн дагалдагч гэдэг мөртлөө «үнэгүйгээр өгөх» дургүй хүн олон байдаг (Матай 10:8). Тэд эртний Израилийн амин хувиа бодсон тахилч нарын адилаар «үнэ хөлсөөр зааварчилдаг» бөгөөд Библийн үндэслэлгүй сургаал заадаг (Мика 3:11). Иймэрхүү зан байдал хүнийг Бурхантай эвлэрэхэд нь нэмэр болохоосоо илүү нэрмээс болдог.

17, 18. а) Еховагийн зан чанарыг илэрхийлэх нь түүнийг алдаршуулдаг гэхийн учир юу вэ? б) Та яагаад шантралгүй сайныг үйлдэхийг хүсдэг вэ?

17 Нөгөөтэйгүүр, үнэнийг зааж, хөршдөө сайныг үйлдэх нь хүмүүсийг Ехова руу татдаг. Жишээ нь, нэг эхлэгч айлаар дэлгэрүүлж яваад настай бэлэвсэн эмэгтэйтэй таарчээ. Тэр эмэгтэй шууд л сонирхдоггүй гэж хэлсэн байна. Түүнийг эвхдэг шатан дээр гарч зогсоод галын өрөөний чийдэнгээ солих гэж байхад нь эхлэгч хаалга тогшсон аж. Эхлэгч: «Ийм юмыг ганцаараа хийж болохгүй, унана шүү дээ» гэжээ. Тэгээд чийдэнг нь сольж өгөөд явсан байна. Эмэгтэйн хүү энэ тухай мэдээд сэтгэл нь хөдөлж, эхлэгчийг олж уулзан талархалаа илэрхийлэхийг хүсжээ. Эцэст нь Библи заалгахаар болсон байна.

18 Шантралгүй сайныг үйлдэх ёстойн учир юу вэ? Хичээл зүтгэл гарган дэлгэрүүлж, аливааг Бурхны хүсэл тааллын дагуу хийдэг бол Еховаг алдаршуулж, аврагдахад нь бусдад тусална (1 Коринт 10:31–33-ыг уншина уу). Бид Бурхныг болон бусдыг хайрладаг учраас дэлгэрүүлэх ажилд хичээл зүтгэлтэй оролцож биеэ зөв авч явдаг (Мат. 22:37–39). Хэрэв хичээнгүйлэн сайныг үйлддэг бол одоо ч баяр хөөртэй, сэтгэл хангалуун байна. Бас хүн төрөлхтөн бүхэлдээ цэвэр шүтлэгийн төлөө хичээл зүтгэлтэй байж, Бүтээгч Еховагаа алдаршуулах тэр цагийг үзнэ.