Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Эхлэл 6:2, 4-т гардаг, Усан галавын өмнө амьдарч байсан «Бурханы хөвгүүд» гэж хэн бэ?

Тэднийг Бурхны сүнсэн бүтээлүүд гэж үзэх баримт нотолгоо бий. Ямар нотолгоо байдаг вэ?

Эхлэл 6:2-т «Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов» гэж бичсэн байдаг.

«Бурханы хөвгүүд» гэж орчуулагдсан еврей үг Эхлэл 6:2, 4; Иов 1:6; 2:1; 38:7-д гардаг. Эдгээр зүйлээс «Бурханы хөвгүүдийн» тухай юу мэдэж болох вэ?

Иов 1:6-д гардаг «Бурханы хөвгүүд» гэдэг нь Бурхны өмнө цугласан сүнсэн бүтээлүүд болох нь тодорхой байна. Тэдний дунд Сатан бас «газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилсээр» ирдэг (Иов 1:7; 2:1, 2). Мөн Иов 38:4–7-д дэлхийн «булангийн чулууг» тавихад «баярлалдан уухайлсан» «Бурханы бүх хөвгүүдийн» тухай гардаг. Тэр үед хүмүүсийг бүтээгээгүй байсан учраас сүнсэн бүтээлүүдийг хэлсэн байж таарна.

Тэгвэл Эхлэл 6:2, 4-т байдаг «Бурханы хөвгүүд» гэж хэн бэ? Дээрх Библийн зүйлүүдийг үзвэл тэднийг дэлхий рүү бууж ирсэн Бурхны сүнсэн бүтээлүүд гэж дүгнэх нь зүйтэй.

Тэнгэр элчүүд бэлгийн дур хүсэлтэй юм уу гэж зарим хүн асуудаг. Матай 22:30-д бичсэн Есүсийн үгийг уншвал тэнгэр элчүүд гэрлэдэг ч үгүй, бэлгийн харьцаанд ордог ч үгүй гэдгийг ойлгож болно. Гэхдээ тэнгэр элчүүд хүнийх шиг биетэй болж, бүр хүн шиг идэж уусан удаатай (Эх. 18:1–8; 19:1–3). Тийм учраас хүнийх шиг биетэй болсон тэнгэр элчүүд эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж үзэх нь үндэслэлтэй.

Тэнгэр элчүүдийн зарим нь үнэхээр ийм хэрэг үйлдсэн гэх Библийн үндэстэй өөр нотолгоо бий. Иуда 6, 7-д махан биеийн гаж хүслийн араас явсан Содом хотынхныг «байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхин одсон тэнгэр элч нарын» адил нүгэл үйлдсэн гэдэг. Тэнгэр элчүүд, Содом хотынхны аль аль нь «завхайралд автагдан, өөр гаж махан биеийн араас явсан». 1 Петр 3:19, 20-д бичсэнийг үзвэл дуулгаваргүй тэнгэр элчүүд «Ноагийн өдөр» амьдарч байжээ (2 Петр 2:4, 5). Тэгэхлээр Ноагийн өдөр дуулгаваргүй тэнгэр элчүүдийн хийсэн хэрэг Содом, Гоморра хотын хүмүүсийнхтэй ижил гэж хэлж болно.

Эдгээр баримт нотолгоог үзвэл Эхлэл 6:2, 4-т гардаг «Бурханы хөвгүүд» гэдэг нь хүнийх шиг биетэй болж, эмэгтэйчүүдтэй завхайрсан тэнгэр элчүүд болох нь тодорхой байна.

Есүсийг «шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ» гэснийг юу гэж ойлгох вэ? (1 Петр 3:19).

Элч Петр эдгээр сүнсийг «урьд Ноагийн өдөр ... Бурхан тэвчиж хүлээсээр байхад дуулгаваргүй байв» гэж бичсэн (1 Петр 3:20). Самуун дэгдээгч Сатаны талд орсон сүнсэн бүтээлүүдийг Петр хэлсэн нь тодорхой байна. Иудагийн бичсэнээр уг тэнгэр элчүүд «байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхин одсон» бөгөөд Бурхан тэднийг «агуу их өдрийн шүүлт болтол мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ» (Иуда 6).

Сүнсэн бүтээлүүд Ноагийн өдөр дуулгаваргүй байсан гэж юу гэсэн үг вэ? Усан галавын өмнө эдгээр муу сүнс хүнийх шиг биетэй болжээ. Харин Ехова тэднийг ийм зорилгоор бүтээгээгүй (Эх. 6:2, 4). Түүнээс гадна, тэр тэнгэр элчүүд эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орсон нь гаж явдал байжээ. Бурхан сүнсэн бүтээлүүдийг эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд ордог байхаар бүтээгээгүй (Эх. 5:2). Товлосон цагтаа Бурхан эдгээр хорон муу, дуулгаваргүй тэнгэр элчийг устгана. Харин одоо тэд Иудагийн бичсэнээр «харанхуйд» буюу сүнслэг шоронд хоригдож байна.

Есүс «шоронд байгаа сүнснүүдэд» хэзээ, яаж тунхагласан бэ? «Сүнс дотор амилуулагдсаны» дараа тунхагласан гэж Петр тэмдэглэжээ (1 Петр 3:18, 19). «Тунхаглажээ» гэж өнгөрсөн цаг дээр бичсэнийг бас анхааръя. Петрийг эхний захидлаа бичихээс өмнө Есүс тунхагласан байх нь. Тэр хугацаанд хорон муу сүнснүүдэд оноосон шийтгэл зүй ёсных болохыг Есүс тунхагласан бололтой. Тэгэхлээр найдвар төрүүлэх гэж тунхагласан хэрэг биш байх нь. Харин шийтгэлийг нь тунхаглажээ (Иона 1:1, 2). Есүс итгэлтэй, үнэнч байсаар нас барж амилсан нь Диавол яаж ч саад болж чадахгүйг баталсан хэрэг байв. Тиймээс үнэнч байж чадаагүй тэнгэр элчүүдэд оноосон шийтгэл зүй ёсных гэж тунхаглах бүрэн үндэс Есүст байжээ (Иох. 14:30; 16:8–11).

Ирээдүйд Сатан болон эдгээр тэнгэр элчийг хүлж, ёроолгүй гүнд хаяна (Лук 8:30, 31; Илч. 20:1–3). Тэр болтол, сүнслэг харанхуйд эдгээр дуулгаваргүй сүнсийг хорьж байгаа бөгөөд эцэст нь тэднийг заавал устгана (Илч. 20:7–10).