НАМТАР
Еховад дуулгавартай байж, их ивээл хүртсэн
«Ноа бидэнд ямар сайхан жишээ үлдээгээ вэ! Еховад дуулгавартай, гэрийнхэндээ хайртай хүн байж. Тэднийхэн бүгдээрээ хөвөгч авдарт орсон учраас Усан галавыг эсэн мэнд давсан» гэж аав минь ярьдаг байв.
ТӨЛӨВ ДАРУУХАН, ажилч хичээнгүй аавын минь хэлсэн энэ үг сэтгэл зүрхэнд хоногшин үлдэж дээ. Аав минь шулуун шударга хүн байсан болохоор Библийн мэдээг 1953 онд сонсоод шууд хүлээж авсан юм. Тэр цагаас хойш сурч мэдсэн бүхнээ хүүхдүүд бидэндээ өвлүүлэх гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн дээ. Ээж минь эхэндээ уламжилж авсан католик шашнаасаа салах дургүй байсан ч яваандаа Библийн сургаалыг өөрийн болгосон.
Бидэнтэй Библи судлахад аав ээж хоёрт маань амархан биш байв. Ээж бичиг үсэг бараг мэдэхгүй, аав ногооны талбайд өдөржингөө борви бохис хийхгүй ажиллана. Их ядарсан үедээ Библийн хичээл дээр зүүрмэглэдэг байлаа. Гэлээ ч аавын хичээл зүтгэл талаар болоогүй юм. Би айлын том нь болохоор гурван дүүдээ заана. Жишээ нь, аавын байнга ярьдаг Ноагийн тухай ярьж өгнө. Ноа Бурханд дуулгавартай, гэрийнхэндээ хайртай хүн байжээ гээд л ярьдаг сан. Библийн энэ түүх надад ямар их сонирхолтой санагддаг байсан гэж санана! Удалгүй манайхан бүгдээрээ цуглаанд очдог болов. Хаанчлалын танхим Адриатын эрэг дээрх Розето дельи Абруцци гэдэг Италийн хотод байсан юм.
Ромд 1955 онд болсон чуулганд анх удаа оролцохоор ээж бид хоёр олон уул давж очиж билээ. Тэгэхэд би дөнгөж 11 настай байлаа. Тэр цагаас хойш чуулган болохыг тэсэн ядан хүлээдэг болсон доо.
Хойтон жил нь би баптисм хүртэж, удалгүй бүрэн цагийн үйлчлэгч болсон юм. 17-тойдоо тусгай эхлэгчээр томилогдож, гэрээсээ 300 километрийн зайд орших, Ромын өмнөд хэсэгт байдаг Латина гэдэг хотод үйлчилж эхэлсэн. Харьцангуй шинэ хот байв. Тийм болохоор Библийн мэдээг хүлээж авбал улс амьтан юу гэх бол гэж тэндхийн хүмүүс тэгтлээ их санаа зовохгүй. Хамт амьдардаг эхлэгч найзтайгаа Библид үндэслэсэн ном хэвлэл олныг тарааж байгаадаа баярладаг ч бага залуу болохоор гэрээ их санана аа! Гэлээ ч гэсэн дуулгавартай байж, өгсөн зааврыг дагахыг хичээдэг байлаа.
Милан хотод 1963 онд зохиогдсон «Мөнхийн сайн мэдээ» гэсэн сэдэвтэй олон улсын чуулганы бэлтгэл
ажилд туслах даалгавар авсан юм. Чуулганы үеэр итгэл нэгтнүүдтэйгээ хамт сайн дурын ажилд оролцов. Тэдний дунд Флоренц хотоос ирсэн Паоло Пичоли гэдэг залуу байлаа. Чуулганы хоёр дахь өдөр тэр залууг ганц бие байх талаар сэтгэл хөдөлгөм илтгэл тавихад нь «Энэ ах хэзээ ч эхнэр авахгүй байх» гэж бодож байснаа санаж байна. Гэвч бид хоёр захиагаар харилцдаг болж, зорилго, Еховаг хайрлах хайр, түүнд дуулгавартай байх гэсэн чин хүсэл гээд олон юмаараа адилхан гэдгээ яваандаа ойлгосон юм. Паоло бид хоёр 1965 онд гэрлэсэн.САНВААРТНУУДТАЙ МЭТГЭЛЦСЭН НЬ
Би Флоренц хотод байнгын эхлэгчээр арван жил үйлчилсэн. Хурлууд өргөжиж томрохыг, ялангуяа хүүхдүүд сүнслэгээр өсөж байгааг харах үнэхээр сэтгэл хөдөлмөөр. Паоло бид хоёр тэдэнтэй хамт байхдаа дуртай байлаа. Библийн сэдвээр ярилцана. Паоло хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглоно. Мэдээжээр, нөхөртэйгөө хоёулхнаа байх нь надад сайхан байлгүй яах вэ. Гэхдээ нөхөр маань хурлынхаа хүүхэд залуучууд, гэр бүлүүдэд санаа тавьж, цаг заваа зориулдаг, тэр нь ч их тус нэмэртэй нь илэрхий харагддаг байсан.
Бид хоёр олон хүнтэй Библийн хичээл хийдэг байснаа бодохлоор одоо ч сайхан санагддаг юм. Тэдний нэг Адриана гэдэг эмэгтэй Библиэс сурч мэдсэнээ таньдаг хоёр айлынхаа хүмүүст ярьж л дээ. Тэгтэл тэд Гурвал, үхэшгүй мөнхийн сүнс гэх мэтийн сургаалын талаар сүмийн санваартантай уулзаж ярилцахаар тохирсон байна. Тэр уулзалтад гурван санваартан иржээ. Библийн сургаалтай харьцуулж үзэхэд тэдний тайлбар ойлгоход бэрх, авцалдаа муутайг суралцагчид маань шууд анзаарсан юм. Үүний ачаар тэр хоёр айлын 15 хүн Гэрч болсон.
Тэр үеийн дэлгэрүүлэх арга одоогийнхоос шал ондоо. Паоло маань санваартнуудтай олон ч удаа мэтгэлцэж байсан. Бүр мэргэшсэн гэхэд хилсдэхгүй. Нэг удаа олон хүний өмнө гараад мэтгэлцсэнийг санаж байна. Паолог хүнд байдалд оруулах асуулт асуугаарай гэж санваартнууд зарим хүнд хэлсэн юм байж. Гэтэл бүх юм өөрөөр эргэв. «Шашныхан улс төрийн хэрэгт олон зуун жилийн өмнөөс хутгалдан оролцсоор ирсэн нь зөв үү, буруу юу?» гэж нөгөө хүмүүсийн нэг нь асуудаг юм байна. Тэгтэл санваартнууд сандарч эхлэв. Гэнэт гэрэл унтарч, уулзалт дууссаныг зарлав. Хэрвээ ярилцлага бодсоноор нь болохгүй бол гэрэл унтраана гэж санваартнууд хуйвалдсан байсан нь хэдэн жилийн дараа тодорхой болсон юм.
ШИНЭ ТОМИЛОЛТ
Паоло бид хоёрыг гэрлээд арван жил болж байтал явуулын үйлчлэлд оролцох санал ирэв.
Нөхөр маань цалин сайтай ажилтай болохоор амьдралаа өөрчилнө гэдэг амаргүй байлаа. Залбирч байгаад нухацтай бодсоны эцэст уг саналыг хүлээж авсан. Дүүргийн харгалзагчийн эргэлтийн үеэр биднийг гэртээ хонуулж, дайлж цайлдаг айлынхантай хамт байх сайхан. Орой нь бүгдээрээ Библиэ судлаад, дараа нь Паоло хүүхдүүдийнх нь хичээлийг, ялангуяа тооны хичээл давтуулдаг байв. Түүнээс гадна, нөхөр маань номын хорхойтон байсан болохоор уншсан зүйлийнхээ сонирхолтой, сэтгэл сэргээм хэсгийг нүдэнд харагдтал ярьж өгдөг сөн. Даваа гаригт нь ганц ч Гэрч байхгүй жижиг хотуудаар явж, орой тавих илтгэл сонсохыг хүмүүст уриалдаг байлаа.Явуулын ажил хийгээд дөнгөж хоёр жил болж байтал Ром дахь Бетелээс урилга ирэв. Паоло хуулийн асуудал хариуцахаар болж, би Сэтгүүлийн тасагт томилогдсон. Шинэ орчинд дасах амаргүй байсан ч бид дуулгавартай байхаар шийдсэн юм. Салбар аажмаар өргөжиж, Италийн ах дүүс ч улам бүр өсөн нэмэгдэж байгааг харах үнэхээр сэтгэл хөдөлмөөр. Тэр үед Италийн засгийн газар Еховагийн Гэрчүүдийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь чухал үйл явдал болсон юм. Бид Бетелд үйлчилдэгтээ баярладаг байсан.
Биднийг Бетелд байхад цусны талаарх Библийн үндэс бүхий Гэрчүүдийн үзэл баримтлал олны анхаарлыг татав. 1980-аад оны эхээр энэ асуудлаар шүүх хурал болсон нь Итали даяар шуугиан дэгдээсэн. Гэрч айлын охиныг нас барахад эцэг эхийг нь хилсээр буруутгасан юм. Үнэн хэрэгтээ охин нь Газрын дундад тэнгис орчмынхны дунд тархсан цусны удамшлын өвчнөөр нас барсан юм билээ. Бетелийн гэр бүлийнхэн тэдний өмгөөлөгчдөд тусалдаг байсан. Ухуулах хуудас, «Сэрцгээ!» сэтгүүлийн тусгай дугаарын ачаар хүмүүс бодит байдалтай танилцаж, цусны талаар Бурхны Үгэнд юу гэж байдгийг зөв ойлгосон. Тэгэхэд Паоло голдуу 16 цаг зогсолтгүй ажиллаж байлаа. Ийм үед нь тус болох гэж би чадах бүхнээ хийсэн.
ЦАГ ЦАГААРАА БАЙДАГГҮЙ
Гэрлээд 20 жил болж байтал бидний амьдралд бас нэг гэнэтийн өөрчлөлт гарав. Би 41-тэй, Паоло 49-тэй байлаа. Жирэмсэн болсон юм шиг байна гэж хэлэхэд минь Паоло тэмдэглэл хөтөлснийг би сүүлд олж уншсан юм. «Залбирал: Хэрэв үнэхээр тийм бол бүрэн цагаар үйлчлэхээ болихгүй байхад маань туслаач. Бас хүүхдэдээ үлгэр дууриалтай сайн эцэг эх болоход туслаач. Өнгөрсөн 30 гаруй жил индэр дээрээс хэлж ярьж байсан зүйлийнхээ ядаж 1 хувийг ажил хэрэг болгоход минь туслаач». Ямар үр дүнд хүрснийг бодож үзвэл, нөхөр бид хоёрын залбиралд Ехова хариулсан юм байна.
Сургаалт үгс 24:10-т «Хэрэв чи бэрх цагт сул дорой байваас хүч тэнхээ чинь сул аж» гэдэг шүү дээ. Гэхдээ бид бие биеэ зоригжуулахын чухлыг марталгүй, нэг нэгэндээ түшиг болдог байв.
Охин Илариагаа төрснөөс хойш манай амьдрал шал өөр болсон. Үнэнийг хэлэхэд, сэтгэлээр унаж гутрах үе байсан.Илариа Гэрч айлын хүүхэд болж төрсөндөө баярладаг гэж ярих дуртай. Нөхөр бид хоёр бүрэн цагаар үйлчилдэг ч охиноо зөнд нь орхиж байсангүй. Охин маань бусад хүүхдээс ялгаагүй өссөн. Өдөр нь би Илариатай хамт байна, орой нь Паоло гэртээ ирээд ямар ч ажилтай байсан тэр бүхнээ орхиод охинтойгоо тоглож, хичээлийг нь давтуулна. Тэгээд дараа нь өөрийнхөө ажлыг шөнийн хоёр, гурван цаг хүртэл хийдэг байв. Илариа дандаа л «Аав миний хамгийн сайн найз» гэдэг байлаа.
Охиноо үнэний замаар явуулахын тулд тууштай, бас заримдаа хатуу чанд байх хэрэгтэй байлаа. Нэг удаа Илариа хамт тоглож байсан найздаа муухай зан гаргасан юм. Яагаад тэгж болохгүйг нөхөр бид хоёр Библиэс тайлбарлаж өгсөн. Охин маань биднийг харж байхад тэр найзаасаа уучлалт гуйж билээ.
Аав ээжийгээ дууриагаад Еховад үйлчлэх дуртай болсон гэж охин маань ярьдаг юм. Одоо хань ижилтэй учраас Еховад дуулгавартай байж, удирдлага зааврыг нь дагахын чухлыг бүр ч сайн ойлгодог болсон.
ХАГАЦАЛ ҮЗСЭН Ч ДУУЛГАВАРТАЙ
Паоло 2008 онд хорт хавдартайгаа мэдэв. Эхэндээ өвчнөө ялчих юм шиг л санаж байлаа. Тэр минь намайг тайвшруулах гэж их л хичээж байсан даа. Эмчилгээний хамгийн сайн арга, зөвлөгөө хайхын зэрэгцээ охинтойгоо гурвуулаа Еховад удаан залбирч, ямар ч бэрхшээл тулгарсан давахад туслахыг гуйдаг байлаа. Цагтаа чадал тэнхээтэй, эрч хүчтэй байсан тэр минь харсаар байтал аажим аажмаар сульдан доройтож байв. 2010 онд нөхрийгөө нас барахад нам цохиулчих шиг л болж билээ. Гэхдээ 45 жил хамт амьдрахдаа хийсэн бүхнээ бодохлоор их тайвширдаг. Бид хоёр Еховад хамгийн сайн сайхныгаа өгсөн. Бидний хөдөлмөр хэзээ ч үнэ цэнээ алдахгүй. Иохан 5:28, 29-т бичсэн Есүсийн зөгнөл биелж, хань минь амилах тэр цагийг тэсэн ядан хүлээж байна даа.
«Үнэн хэрэгтээ би одоо ч гэсэн Ноагийн түүхэнд дуртай нөгөө л жаахан охин шүү дээ. Шийдвэрээ ерөөсөө өөрчлөөгүй»
Үнэн хэрэгтээ би одоо ч гэсэн Ноагийн түүхэнд дуртай нөгөө л жаахан охин шүү дээ. Шийдвэрээ ерөөсөө өөрчлөөгүй. Ехова надаас юу ч хүссэн, би дуулгавартай биелүүлнэ. Ямар ч саад тотгор учирсан, юугаа ч алдсан, энэ бүхэн хайр халамжтай Бурхны маань өгдөг гайхалтай ивээлийн дэргэд өчүүхэн юм даа. Би үүнийг биеэрээ амссан. Үнэхээр тийм гэдгийг батлан хэлье.