Skip to content

Гарчиг руу орох

Цөөн хүнээр хоол өгүүлдэг

Цөөн хүнээр хоол өгүүлдэг

«[Есүс] талхаа хувааж шавь нартаа өгөв. Шавь нар нь хурсан олонд өглөө» (МАТ. 14:19).

1-3. Есүс Бетсайд тосгоны ойролцоо үй олон хүнийг яаж хооллосныг ярина уу. (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

 МЭ 32 ОНЫ Дээгүүр өнгөрөх баярын өмнөхөн ийм нэгэн явдал болжээ (Матай 14:14–21-ийг уншина уу). Галил нуурын хойд эрэг дээрх Бетсайд тосгоноос холгүй орших зэлүүд газар үй олон хүний дунд Есүс шавь нарынхаа хамт сууж байлаа. Тэнд эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна 5 000 орчим эрчүүд цугларчээ.

2 Есүс тэднийг хараад ихэд өрөвдөв. Тэгээд өвчтэй нэгнийг эдгээж, Бурхны Хаанчлалын талаар олон зүйлийг заалаа. Орой ч болжээ. Хурсан олныг ойр хавийн гацаа руу явуулбал тэд өөрсдөдөө хоол хүнс худалдаж авна хэмээн шавь нарыгаа хэлэхэд Есүс: «Та нар тэдэнд идэх юм өг» гэлээ. Багшийгаа ингэж хэлсэнд шавь нар нь гайхаж орхив. Учир нь тэдэнд таван талх, хоёр жижиг загаснаас өөр юу ч байсангүй.

3 Есүс хурсан олныг энэрэн хайрласандаа нэгэн гайхамшиг үйлдлээ. Ганцхан энэ л гайхамшгийг сайн мэдээний дөрвөн номд дөрвүүлэнд нь бичсэн байдаг (Марк 6:35–44; Лук 9:10–17; Иох. 6:1–13). Есүс хүмүүсийг тавь, зуугаар нь зүлгэн дээр суулгахыг шавь нартаа тушаав. Залбирсныхаа дараа талх, загасыг хуваасан боловч хүмүүст өөрөө тараасангүй. Харин «шавь нартаа өгөв. Шавь нар нь хурсан олонд өгчээ». Бүгд идэж цадсанаар үл барам, өчнөөн их хоол үлдэв. Энэ нь үнэхээр гайхмаар явдал байлаа! Есүс олон мянган хүнд цөөхөн хэдхэн шавиараа хоол өгүүлжээ. *

4. а) Есүс ямар хоол өгөхийг чухалчилж байсан бэ? Яагаад? б) Энэ болон дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

4 Есүс дагалдагчдадаа сүнслэг хоол өгөхийг чухалчилж байв. Хүмүүс сүнслэг хоол хүртэх буюу Бурхны Үгийг судалбал мөнх амьтай болохыг тэрбээр мэдэж байлаа (Иох. 6:26, 27; 17:3). Тиймээс олон мянган хүнийг өрөвдөн хайрлаж талх, загасаар хооллосон шигээ дагалдагчдаа өрөвдөн хайрлаж, тэднийг сургах ажилд олон цаг зарцуулжээ (Марк 6:34). Гэвч дэлхийг орхиж тэнгэр өөд буцах цаг нь ойртож байв (Мат. 16:21; Иох. 14:12). Тэнгэрт очсоноосоо хойш дагалдагчдаа сүнслэгээр хэрхэн тэжээх вэ? Тэрбээр цөөн хэдэн хүнээр олон хүнд хоол өгүүлсэн өнөөх аргаа хэрэглэх ажээ. Цөөн хүн нь хэн байх бол? Есүс тэднээр нэгдүгээр зууны тослогдсон дагалдагчдадаа хэрхэн хоол өгүүлж байсныг одоо үзье. Харин дараагийн өгүүллээр «Христ орчин үед хэнээр сүнслэг хоол өгүүлдэг вэ?» гэдэг асуултыг ярилцъя.

Есүс цөөн хүнээр олон мянган хүнд хоол өгүүлсэн (4-р догол мөрийн үзнэ үү)

ЕСҮС ЦӨӨН ХҮНИЙГ СОНГОСОН НЬ

5, 6. а) Есүс тэнгэрт очсон хойноо ч дагалдагчдаа сүнслэг хоол ундтай байлгахын тулд ямар чухал шийдвэр гаргасан бэ? б) Есүс элч нараа хэрхэн бэлдсэн бэ?

5 Хүлээсэн үүргээ ухамсарладаг өрхийн тэргүүн үр хүүхдийнхээ хожмын амьдралд санаа тавьж бэлтгэл ажил хийдэг. Үүнтэй адилаар, христиан хурлын ирээдүйн Тэргүүн Есүс дагалдагчдаа сүнслэг хоол ундаар дутаахгүйн тулд тэнгэрт очихоосоо өмнө бэлтгэлээ базаасан (Еф. 1:22). Жишээ нь, үхэхээсээ хоёр жилийн өмнө нэг чухал шийдвэр гаргажээ. Олон мянган дагалдагчийг нь сүнслэг хоолоор хангах цөөн хэдэн хүний анхныхыг дэлхийд байхдаа сонгосон. Юу болсныг авч үзье.

6 Есүс шөнөжин залбирсны эцэст шавь нараа цуглуулан, арван хоёрыг элч болгон сонгосон (Лук 6:12–16). Түүнээс хойших хоёр жилийн хугацаанд элч нартайгаа онцгой дотно байж, үг сургаалаа айлдан, үлгэр дууриал үзүүлж байв. Зааж сургах юм их байсан тул заримдаа тэднийг элч гэлгүй «шавь» гэдэг байжээ (Мат. 11:1; 20:17). Есүс үнэлж баршгүй сургамж зөвлөгөө өгч, дэлгэрүүлэх ажилд сайтар сургасан (Мат. 10:1–42; 20:20–23; Лук 8:1; 9:52–55). Тэнгэрт гарснаас нь хойш элч нар гол үүрэг гүйцэтгэх байсан учир ийн бэлдсэн нь тодорхой.

7. Есүсийн хэлснийг үзвэл элч нар юуг голлон анхаарах ёстой байсан бэ?

7 Элч нар ямар үүрэг гүйцэтгэх байсан бэ? МЭ 33 оны Пентекостын өдөр ойртох тусам энэ нь тодорхой болов. Тэд «харгалзах үүрэг» хүлээх байлаа (Үйлс 1:20, ШЕ). Тэгвэл юуг голлон анхаарах ёстой байсан бэ? Есүс амилсныхаа дараа элч Петрт юу гэж хэлснээс энэ асуултын хариуг мэдэж болно (Иохан 21:1, 2, 15–17-г уншина уу). Тэрбээр зарим элчтэйгээ хамт байхдаа Петрт «Миний хургануудыг тэжээ» хэмээн хэлжээ. Сүнслэг хоолыг түмэн олонд өгөх цөөн хүний тоонд элч нар нь орно гэдгийг ийнхүү онцолжээ. Есүс хургануудынхаа төлөө маш их санаа тавьдгийн баталгаа биш гэж үү? *

ПЕНТЕКОСТЫН ӨДРӨӨС ЭХЛЭН...

8. Христ Пентекостын өдрөөс эхлэн хэнээр сүнслэг хоол өгүүлдэг болсон бэ? Энэ нь шинэ дагалдагчдад тодорхой байсан гэхийн учир юу вэ?

8 Есүс МЭ 33 оны Пентекостын өдрөөс эхлэн дагалдагчдадаа сүнслэг хоол ундыг элч нараараа өгүүлдэг болжээ (Үйлс 2:41, 42-ыг уншина уу). Энэ нь тухайн үеийн христиануудад тодорхой байлаа. Иудей болон бусад үндэстнээс бүрдсэн тэд эргэлзэж тээнэгэлзэлгүй «байнга элч нарын сургаалыг сонсож» байв. Нэгэн эрдэмтний хэлснээр, «байнга сонсох» гэж орчуулсан грек үйл үг нь «ямар нэг үйл хэрэгт тууштай, чин үнэнч байх» гэсэн утгатай ажээ. Тэр үеийн христианууд элч нарт найдан, Есүсийн үг яриа, үйл хэрэг болон Есүст хамаатай Библийн зүйлүүдийг тайлбарлаж өгнө гэж хүлээдэг байсан * (Үйлс 2:22–36).

9. Элч нар Есүсийн хоньдыг тэжээх үүргээ хариуцлагатай биелүүлдэг байсны нэг нотолгоо юу вэ?

9 Элч нар Есүсийн хоньдыг тэжээх үүргээ хариуцлагатай биелүүлсээр ирсэн. Жишээ нь, шинэхэн байгуулагдсан хурлын эв нэгдлийг бусниулж болзошгүй асуудал тулгарахад хэрхэн шийдсэнийг авч үзье. Тэр нь хоол хүнстэй холбоотой хэрэг байв. Дагалдагчид өдөр тутам хоол хүнс тараахдаа еврей хэлтэй бэлэвсэн эмэгтэйчүүдийг анхаарсан хэр нь грек хэлтэй бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхраагүй ажээ. Элч нар энэ ярвигтай асуудлыг хэрхэн шийдсэн бэ? Есүс гайхамшиг үйлдэн олон хүнийг хооллох үед тэдний ихэнх нь туслалцаж явсан туршлагатай боловч хоол хүнс тараах «энэхүү үүргийг» шаардлага хангасан долоон эрэгтэйд хариуцуулсан. Учир нь сүнслэг хоол ундаар хангах ажлыг илүү чухалд үзсэн юм. Элч нар ийнхүү «үгийн үйлчлэлд өөрсдийгөө зориулжээ» (Үйлс 6:1–6).

10. Христ Иерусалим дахь элч нар болон ахлагчдаар юу хийлгэдэг байсан бэ?

10 МЭ 49 он гэхэд удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Тухайн үед амьд байсан элч нараас гадна шаардлага хангасан эрчүүд удирдах зөвлөлийг бүрдүүлэх болсон (Үйлс 15:1, 2-ыг уншина уу). Хурлын Тэргүүн Христ сургаалтай холбоотой маргаантай асуудлыг тэднээр шийдвэрлүүлж, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх, зааж сургах ажлыг удирдуулж байв (Үйлс 15:6–29; 21:17–19; Кол. 1:18).

11, 12. а) Ехова Хүүгийнхээ зохион байгуулсан ажлыг ивээдэг байсны баталгаа юу вэ? б) Есүс сүнслэг хоолыг хэнээр өгүүлж байгаа нь хүн бүхэнд илэрхий байсан гэхийн учир юу вэ?

11 Есүс нэгдүгээр зууны хурлуудыг сүнслэг хоол ундаар хангах ажлыг зохион байгуулсан билээ. Үүнийг Ехова ивээсэн. Ингэж дүгнэхийн учир юу вэ? «Үйлс» номд «[Элч Паул нөхдийн хамт] хотуудаар дайрч өнгөрөхдөө Иерусалимд элч нар болон ахлагч нарын гаргасан айлдварыг сахин баримтлахыг тэдэнд дамжуулж явлаа. Чуулгануудын итгэл тийнхүү бэхжиж, өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байв» хэмээн бичжээ (Үйлс 16:4, 5). Тэр үеийн хурлууд Иерусалим дахь удирдах зөвлөлтэй нягт хамтран ажилладгийнхаа үрээр өргөжин тэлсэн. Ехова Хүүгийнхээ зохион байгуулсан ажлыг ивээсний баталгаа биш гэж үү? Бурхан ивээж байсан цагт л сүнслэгээр ахиж дэвшдэгийг санаж явцгаая (Сур. 10:22; 1 Кор. 3:6, 7).

12 Есүс хурсан олонд цөөхөн хэдхэн шавиараа хоол өгүүлсэн тэр л аргаараа нэгдүгээр зууны христиануудыг сүнслэгээр тэжээж байсныг үзлээ. Хэнээр сүнслэг хоол өгүүлдэг нь хүн бүхэнд илэрхий байсан. Учир нь удирдах зөвлөлийн анхны гишүүд болох элч нар Бурхнаас тусламж дэмжлэг авдаг нь тодорхой харагддаг байв. «Элч нарын гараар ард олны дунд олон тэмдэг болон гайхамшиг бүтээгдэж байв» гэж Үйлс 5:12-т бичжээ. * Тиймд «Христ хэнээр хоньдоо тэжээлгэдэг вэ?» гэж асуух шаардлага тэр үеийн христиануудад байсангүй. Харин нэгдүгээр зууны сүүлчээр бүх юм өөрчлөгджээ.

Есүс I зууны христиануудад хэнээр хоол өгүүлдэг нь тодорхой байсан (12-р догол мөрийг үзнэ үү)

ЗЭРЛЭГ ӨВС ИХ УРГАЖ, БУУДАЙ БАГАССАН НЬ

13, 14. а) Есүс ямар аюулын талаар сэрэмжлүүлсэн бэ? Тэр нь хэзээнээс биелж эхэлсэн бэ? б) Ямар хоёр аюул учрах байсан бэ? (Тэмдэглэл үзнэ үү).

13 Христиан хуралд аюул учрахыг Есүс зөгнөжээ. Тэрбээр буудай ба зэрлэг өвсний үлгэрээрээ нэг зүйлийг анхааруулсныг саная. Буудай (тослогдсон христианууд) тарьсан талбайд зэрлэг өвс (хуурамч христианууд) их ургах ажээ. «Ургац хураатал» буюу «энэ үеийн төгсгөл» хүртэл хоёр төрлийн ургамлыг хамтад ургуулна гэсэн (Мат. 13:24–30, 36–43). Зөгнөлт үлгэр удаа ч үгүй биелж эхэлсэн. *

14 Нэгдүгээр зуунд тэрс явдал гарсан ч Есүсийн үнэнч элч нар үүнийг «хязгаарлан барьж», христиануудыг хуурамч сургаалын нөлөөнд автахаас хамгаалж байв (2 Тес. 2:3, 6, 7). Гэвч бүх элчийг нас барсны дараа тэрс явдал улам гаарч ургац хураах цаг болтол үргэлжилжээ. Тэр хугацаанд зэрлэг өвс ургах нь ихсэж, буудай ургах нь багассан. Сүнслэг хоолыг зохион байгуулалттайгаар тогтмол тараадаг хүмүүс ч үгүй болжээ. Гэхдээ энэ байдал өөрчлөгдөх байв. Чухам хэзээ вэ?

УРГАЦ ХУРААХ ЦАГТ ХЭНЭЭР ХООЛ ӨГҮҮЛЭХ ВЭ?

15, 16. Библи Судлаачид Судрыг нямбай судлаад ямар үр дүнд хүрсэн бэ? Ямар асуулт гарч байна вэ?

15 Ургац хураах цаг ойртохын хэрээр Библийн сургаалыг үнэн зөвөөр нь мэдэх гэсэн зарим хүний хүсэл улам оргилох болжээ. Үнэнийг хайдаг, чин сэтгэлтэй хэсэг хүн нийлж, 1870-аад онд Библи судлах бүлгэм байгуулсныг саная. Өөрсдийгөө Библи Судлаачид гэж нэрлэсэн тэд христ шашны ертөнцийн сүм болон аль нэг урсгалд хамрагддаггүй байв. Даруу зантай, аливаад ул суурьтай ханддаг тэр хүмүүс залбирч байгаад Бурхны Үгийг нямбай судалжээ (Мат. 11:25).

16 Хичээл зүтгэлийнхээ үр шимийг ч хүртсэн байна. Библид үндэслэсэн ном товхимол хэвлэн, хаа сайгүй тарааж, хуурамч сургаалыг илчлэн үнэнийг түгээн дэлгэрүүлсэн. Үнэний төлөө өлсөж цангаж байсан олон хүн тэдний ном хэвлэлийг уншаад, үнэнийг олсноо ойлгожээ. Тэгвэл нэг сонирхолтой асуулт гарч байна. «Христ 1914 оноос өмнө тэдгээр Библи Судлаачаар хоньдоо тэжээлгэж байсан уу?». Үгүй. Тэр үед ургац хураах цаг эхлээгүй, сүнслэг хоол өгөх цөөн хэдэн хүн ч томилогдоогүй байлаа. Зэрлэг өвсөөр төлөөлүүлдэг хуурамч христиануудыг буудайгаар төлөөлүүлдэг жинхэнэ христиануудаас ялгах цаг хараахан болоогүй байв.

17. 1914 онд ямар чухал үйл явдал болсон бэ?

17 Ургац хураах цаг 1914 онд эхэлснийг бид өмнөх өгүүллээр үзсэн билээ. Тэр жил олон чухал үйл явдал болжээ. Есүс хаан ширээнд заларч, эцсийн өдрүүд эхэлсэн (Илч. 11:15). Түүнчлэн Есүс Эцгийнхээ хамт 1914 онд сүнслэг сүмд ирж, зайлшгүй хийх ёстой шалгалт, цэвэрлэгээг хийж эхлээд, 1919 оны эхээр дуусгасан байна * (Мал. 3:1–4). Харин 1919 оноос буудайг цуглуулж эхэлжээ. Тэгвэл сүнслэг хоол өгөх хүмүүсийг томилох цаг болсон уу? Тийм ээ, болсон!

18. Есүс юу гэж амласан бэ?

18 Есүс эцсийн өдрүүдийн тухай зөгнөхдөө дагалдагчдадаа сүнслэг хоол ундыг цагт нь өгч байхаа амласан (Мат. 24:45–47). Хэрхэн өгөх бол? Нэгдүгээр зуунд хэрэглэж байсан өнөөх л аргаараа, цөөхөн хүнийг сонгож олон хүнд хоол унд өгүүлэх ажээ. «Тэр цөөхөн хүн нь хэн бэ?» гэсэн асуулт эцсийн өдрүүд эхэлмэгц гарч ирсэн. Есүсийн зөгнөлтэй холбоотой энэ болон бусад асуултын хариуг дараагийн өгүүллээр үзнэ.

 

^ Догол мөр 3: Есүс бас нэг удаа гайхамшиг үйлдэн эмэгтэйчүүд хүүхдүүдээс гадна 4 000 эрэгтэйг хооллосон. Ингэхдээ хоол хүнсийг мөн л шавь нартаа өгсөнд тэд хүмүүст тараан өгчээ (Мат. 15:32–38).

^ Догол мөр 7: Петрийн үед сүнслэг хоол хүртэж байсан «хурганууд» бүгдээрээ тэнгэрийн найдвартай байв.

^ Догол мөр 8: Шинэ итгэгчид «байнга элч нарын сургаалыг сонссон» гэдэг нь элч нар тогтмол заадаг байсан гэсэн үг. Зарим элчийн заасан сургаал Бурхны сүнсний удирдлагаар бичигдсэн номуудад, өөрөөр хэлбэл, Христиан Грек Сударт орсон байдаг.

^ Догол мөр 12: Элч нараас гадна зарим хүн ариун сүнсний хүчээр гайхамшиг үйлддэг байв. Ехова тэдэнд энэ бэлгийг их төлөв элч нараар дамжуулан өгөх юм уу эсвэл тухайн хүнийг элч нарын дэргэд байхад ийм чадвар хайрладаг байсан бололтой (Үйлс 8:14–18; 10:44, 45).

^ Догол мөр 13: Үйлс 20:29, 30-д байдаг элч Паулын үгийг үзвэл хуралд хоёр янзын аюул учрах ажээ. Хуурамч христианууд («зэрлэг өвс») жинхэнэ христиануудын «дунд орох» нь эхний аюул юм. Хоёр дахь аюул нь, «гажууд зүйлс» ярих тэрслэгчид жинхэнэ христиануудын «дундаас гарна».

^ Догол мөр 17: Энэ дугаарын 11-р хуудсанд нийтлэгдсэн, «Харагтун, ... Би та нартай үргэлж хамт байх болно» гэсэн гарчигтай өгүүллийн 6-р догол мөрийг үзнэ үү.