Skip to content

Гарчиг руу орох

МАНАЙ АРХИВААС

Хаан баярласан нь!

Хаан баярласан нь!

ЭНЭ ЯВДАЛ 1936 оны 8 дугаар сард болсон юм. Свазиландын хааны ордон байдаг Лобамбагийн ойролцоо Низбет овогтой ах дүү Роберт Жорж хоёр чанга яригчтай машинтайгаа очоод Ж. Ф. Рутерфордын илтгэлийн бичлэгийг тавьсанд II Собуза хаан ихэд таашаан сонсжээ. Жорж: «Хаанчлалын тухай сайн мэдээ түгээж байсан дуу хураагуур, бичлэг, чанга яригчийг маань хаан худалдаж авъя гэхэд бид нэлээн тэвдэж билээ» гэж ярьсан юм.

Роберт үүнийг зарж болохгүй хэмээн хариулаад уучлалт гуйжээ. Ямар учраас тэр вэ? Тэдний мэдлийнх биш байлаа. Хаан хэнийх болохыг нь мэдэхийг хүсжээ.

Тэгэхэд нь Роберт: «Эдгээр зүйл өөр Хааных юм л даа» гэж хариулжээ. Собуза тэр Хааны хэн болохыг асуусанд «Тэр бол Бурхны Хаанчлалын Хаан Есүс Христ юм» гэж Роберт хэлэв.

«Үнэхээр агуу Хаан шүү!» гэж Собуза хаан ихэд бишрэнгүй хэлснээ «Би түүний мэдлийн ямар ч юмыг авмааргүй байна» гэлээ.

Роберт: «Эрхэм дээдэс Собуза үнэхээр биширмээр хүн байсан. Англиар ус цас шиг ярьдаг, хээгүй гүдэсхэн, халгаж бэргээд байхааргүй хүн байв. Ордонд нь хаантай бараг 45 минут ярилцах зуур Жорж гадаа бичлэгээ сонсгож байлаа» гэж бичжээ.

Роберт цааш нь «Тэр өдрөө бид Свазийн Үндэсний Сургууль дээр очлоо. Тэнд бүр ч сонирхолтой явдал болсон юм. Захиралд нь дэлгэрүүлэхэд анхааралтай сонсож байлаа. Бид дуу хураагууртай ирснээ хэлээд сурагчдад бичлэг сонсгох зөвшөөрөл гуйсанд захирал баяртай хүлээн авсан. Тэгээд 100-аад сурагчийг цуглуулж, зүлгэн дээр суулгаад илтгэл сонсгосон. Энэ ахлах сургууль хөвгүүдэд англи хэл, арифметик, хөдөө аж ахуй, цэцэрлэгжүүлэлт, мужаан, барилгын хичээл, харин охидод гэрийн ажил, сувилахуйн ухаан гэх мэтийн эмэгтэй хүнд хэрэг болох хичээл заадаг юм билээ. Уг сургуулийг хааны эмэг эх санаачлан байгуулжээ» хэмээн бичсэн байдаг.

Ахлах сургуулийн сурагчид нийтийн илтгэл сонссоны дараа, 1936 он, Свазиланд

Аль 1933 онд Собуза хаан ордонд нь ирсэн эхлэгчдийн яриаг дуртайяа сонсжээ. Нэг удаа Хаанчлалын тухай сайн мэдээний бичлэг сонсгохоор болж ордныхоо 100 харуулыг цуглуулсан гэдэг. Тэрбээр ном хэвлэл авч, бас сэтгүүл захиалсан байна. Төд удалгүй манай байгууллагын хэвлэл бүхий иж бүрэн номын сантай болжээ. Свазиландыг колоничилж байсан Британийн засгийн газар дэлхийн II дайны үед манай байгууллагын ном сэтгүүлийг хориотой хэвлэлд тооцсон ч хаан номын сангаа бүрэн бүтэн авч үлдсэн юм!

II Собуза хаан Гэрчүүдийг ирэх бүрд ордондоо халуун дотно хүлээж авдаг байжээ. Түүгээр ч барахгүй, Библид үндэслэсэн илтгэл сонсгохоор сүмийн мяндагтнуудыг дууддаг байв. Нэг удаа нутгийн Гэрч Хелви Машазиг «Матай» номын 23-р бүлэгт үндэслэсэн үг хэлж байтал хэсэг мяндагтан уурлан босож түүнийг хүчээр болиулах гэж оролджээ. Гэтэл хаан Машазиг өмөөрөн, яриагаа үргэлжлүүлэхийг түүнээс хүсэв. Тэгснээ тэнд байсан хүмүүст илтгэлд дурдсан Библийн бүх зүйлийг бичиж авахыг тушаасан байна.

Нэгэн удаа эхлэгч эрэгтэйн илтгэлийг сонссон дөрвөн мяндагтан зангиагаа арагш нь эргүүлээд «Бид үүнээс хойш мяндагтан биш, Еховагийн Гэрч боллоо» гэж хэлжээ. Тэгээд хаанд байгаа номууд танд байна уу хэмээн тэр эхлэгчээс асуусан гэдэг.

Хаан 1930-аад онд Еховагийн Гэрчүүдтэй анх уулзсан цагаасаа эхлэн тэднийг хүндэтгэдэг байсаар 1982 онд таалал төгсжээ. Еховагийн Гэрчүүдийг свази ёс сахисангүй гэж хавчихыг хэнд ч зөвшөөрдөггүй байв. Тийм учраас, Гэрчүүд түүнд талархаж, нас барахад нь үнэн голоосоо эмгэнэн гашуудсан юм.

2013 оны эхний байдлаар, Свазиландад 3 000 гаруй дэлгэрүүлэгч Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглажээ. Сая гаруйхан хүн амтай энэ улсад үйлчилдэг нэг дэлгэрүүлэгчид 384 хүн ноогдож байна. 90 хурлын 260 гаруй эхлэгч идэвх зүтгэлтэй үйлчилсэн. 2012 оны Дурсах цуглаанд 7 496 хүн хүрэлцэн ирснийг харахад Гэрчүүдийн тоо цаашдаа ч нэмэгдэх төлөвтэй байна. 1930-аад онд Свазиландад очиж Хаанчлалын мэдээ хүргэсэн хүмүүс энэ бүх ажлын эхлэлийг тавьсан нь тодорхой (Өмнөд Африк дахь манай архиваас).