Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн сануулга «зүрхний минь баясгалан»

Еховагийн сануулга «зүрхний минь баясгалан»

«Би Таны гэрчлэлүүдийг [«сануулгуудыг», ШЕ] мөнхөд өв болгон авсан» (ДУУ. 119:111).

1. а) Зөвлөгөө өгөхлөөр хүмүүс хэрхэн ханддаг вэ? Яагаад? б) Бардам хүн яадаг вэ?

 ЗӨВЛӨГӨӨ өгөхөд хүмүүс янз янзаар хүлээж авдаг. Эрх мэдэлтэй хүний зөвлөгөөг дуртайяа дагадаг атлаа үе тэнгийнхэн, доод тушаалын хүний зөвлөгөөг дагадаггүй. Түүнчлэн зөвлөгөөнд хандах хандлага нь ч өөр өөр байдаг. Зовж шаналдаг, гуньж гутардаг, ичдэг, урамшин зоригждог, хэцүү ч гэсэн зөвлөгөөг дагах хүсэл тэмүүлэлтэй болдог. Юунаас болоод ингэж өөр өөр ханддаг вэ? Бардам зантай юу, үгүй юү гэдэгтэй холбоотой. Бардам хүн зөвлөгөөг надад тохирохгүй гэж бодоод үл тоомсорлодог. Тийм учраас ач тусыг нь хүртдэггүй (Сур. 16:18).

2. Жинхэнэ христианууд Бурхны Үгэнд үндэслэсэн зөвлөгөөг яагаад эрхэмлэдэг вэ?

2 Харин жинхэнэ христианууд ашигтай зөвлөгөөг, тухайлбал, Бурхны Үгэнд үндэслэсэн зөвлөгөөг эрхэмлэдэг. Ехова сануулдгийн ачаар биеэ зохисгүй авч явах нь хэр аюултайг ухаардаг. Тиймд эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх, садар самуун явдалтай орооцолдох, мансууруулах бодисыг зүй бусаар хэрэглэх, архи дарсыг хэтрүүлж уухаас зайлсхийдэг (Сур. 20:1; 2 Кор. 7:1; 1 Тес. 4:3–5; 1 Тим. 6:6–11). Түүнээс гадна, Бурхны тушаалыг дагадаг учраас «сэтгэлдээ баярладаг» (Ис. 65:14).

3. Бид дуулалчийг хэрхэн дууриах вэ?

3 Тэнгэрийн Эцэгтэйгээ тогтоосон нандин харьцаагаа хадгалахын тулд зөвлөгөөг нь үргэлж дагаарай. Дуулалч: «Би Таны гэрчлэлүүдийг мөнхөд өв болгон авсан. Учир нь тэд зүрхний минь баясгалан юм» гэсэн. Бүгдээрээ ийм сэтгэлтэй байцгаая! (Дуу. 119:111). Та дуулалчтай адилаар Еховагийн тушаалыг баяртайгаар хүлээж авдаг уу эсвэл дарамт гэж үздэг үү? Зөвлөгөөг дагах нь амаргүй байвал бүү цөхрөөрэй. Хосгүй мэргэн ухаантай Бурхны зөвлөгөөг дуулгавартай дагах нь үргэлж ач тустай гэдэгт бүрэн итгэж найдаарай. Гурван аргыг ярилцъя.

ЗАЛБИРАХ

4. Давидын хувьд юу огт өөрчлөгдөөгүй вэ?

4 Давид хааны амьдрал нэг л янзаараа байсангүй. Сайн сайхан явсан цаг ч бий. Ядарч цөхөрч явсан үе ч бий. Гэхдээ нэг юм хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тэрбээр Бүтээгчдээ хэзээ ямагт итгэж найддаг байсан. Тийм болохоор «ЭЗЭН, Тан уруу би сэтгэлээ өргөдөг. Бурхан минь ээ, би танд итгэдэг» гэж хэлжээ (Дуу. 25:1, 2). Давид тэнгэрийн Эцэгтээ өчүүхэн төдий ч эргэлзэж байгаагүйн учир юу вэ?

5, 6. Давид Еховатай ямар харьцаатай байсныг залбирлаас нь мэдэж болох вэ?

5 Зөвхөн зовлон үзэхлээрээ Бурханд залбирдаг хүн олон байдаг. Тэд бол хэрэг болсон үедээ л найзыгаа санадаг хүнтэй адил юм. Ийм хүнийг та жинхэнэ найзаа гэж үзэх үү? Харин Давид хаан тийм хүн байгаагүй. Жаргаж зовох ямар ч үед Еховаг хайрлаж, итгэж найддаг байсныг залбирал нь харуулдаг (Дуу. 40:8).

6 Тэрбээр Еховад талархаж «ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ! Та Өөрийн цог жавхланг тэнгэрүүдийн дээгүүр байрлуулсан билээ» хэмээн магтжээ (Дуу. 8:1). Тэнгэрийн Эцэгтэйгээ хэчнээн дотно байсныг нь та анзаарав уу? Суу алдар, цог жавхланг нь биширч, сэтгэл нь хөдөлсөндөө Еховаг «өдөржин» магтдаг байжээ (Дуу. 35:28).

7. «Бурханд ойртохын» тулд залбирдаг бол ямар ач тустай вэ?

7 Бид Давидыг дууриан Еховатай тогтмол ярилцдаг бол түүнд бүрэн дүүрэн найдаж сурна. «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» гэж Библид бичсэн байдаг (Иак. 4:8). Байнга залбирдаг бол Бурхантай дотносдог. Энэ нь ариун сүнс авах нэг сайн арга юм (1 Иохан 3:22-ыг уншина уу).

8. Залбирах бүрдээ нэг юмаа давтахгүй байх хэрэгтэйн учир юу вэ?

8 Та залбирах болгондоо нэг л юмаа давтдаг уу? Тэгдэг бол Еховад юу хэлмээр байгаагаа залбирахаасаа өмнө бодож байгаарай. Жишээ нь, уулзах болгондоо ярьсан юмаа дахин дахин яриад байвал найзад тань таатай санагдах болов уу? Юу л бол. Чихээ бөглөж магадгүй. Ехова үнэнч үйлчлэгчдийнхээ чин сэтгэлийн залбирлыг хэзээ ямагт сонсдог нь үнэн. Тэглээ ч гэсэн залбирахдаа нэг л юмаа тоть шиг давтахгүй байцгаая.

9, 10. а) Юуны талаар залбирч болох вэ? б) Яавал утга төгөлдөр залбирдаг болох вэ?

9 Хэрэв бид ёс төдий залбирдаг бол Бурхантай дотно болж чадахгүй. Сэтгэлээ хэдийчинээ их уудлан залбирна, төдийчинээ дотно болж итгэл найдвар батаждаг. Юуны талаар залбирах вэ? Энэ асуултын хариу Библид бий. «Аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл» гэжээ (Флп. 4:6). Бурхантай улам дотносох юм уу Бурханд үйлчлэхтэй холбоотой юуны ч тухай залбирч болох аж.

10 Эрт үед амьдарч байсан Бурхны үнэнч үйлчлэгчдийн залбирлаас бид ихийг мэдэж авдаг (1 Сам. 1:10, 11; Үйлс 4:24–31). Жишээ нь, «Дуулал» номд чин сэтгэлийн залбирал, Еховад зориулсан дуунууд бий. Шаналал зовлон, баяр хөөр гээд хүнд төрдөг бүхий л мэдрэмжийг тэнд тусгасан байдаг. Эдгээрийг судалбал утга төгөлдөр залбирдаг болно.

БИБЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ

11. Библийн зөвлөгөөг эргэцүүлэн бодох нь ямар ач тустай вэ?

11 Давид: «ЭЗЭНий гэрчлэл [«сануулга», ШЕ] нь баттай, гэнэнийг ухаантай болгодог» гэжээ (Дуу. 19:7). Тийм ээ, Бурхны тушаалыг дуулгавартай дагадаг бол гэнэн хүн ч хэрсүү болдог. Гэхдээ Библийн зарим зөвлөгөөг эргэцүүлэн бодохгүйгээр бүрэн дүүрэн ач тус хүртэх аргагүй. Христиан бидэнд ажлын хамт олон, ангийн хүүхдүүд дарамт шахалт үзүүлэх нь бий. Түүнчлэн цус, төвийг сахих байр суурь, хувцаслалт, гадаад байдалтай холбоотой асуудал тулгардаг. Хэрэв бид Библийн зөвлөгөөг эргэцүүлэн бодож урьдаас бэлддэг бол ийм үед юу хийхээ ч мэднэ, ноцтой алдаа ч гаргахгүй (Сур. 15:28).

12. Ямар асуултыг эргэцүүлэн боддог бол Бурхны сануулгыг мартахгүй вэ?

12 Та Бурхны амлалт биелэхийг хүлээж сүнслэгээр сэргэг байгаа юу? Жишээ нь, Агуу их Вавилон удахгүй устгагдана гэдэгт үнэхээр итгэдэг үү? Диваажин дэлхийд мөнх амьдрах, нас барагсад амилах гэх зэргийн амлалтад одоо ч итгэж найддаг уу? Дэлгэрүүлэх ажилд идэвх зүтгэлтэй оролцож байгаа юу, эсвэл өөрийнхөө хүслийг эн тэргүүнд тавьдаг уу? Еховагийн нэрийг ариусгах, хэмжээгүй эрх мэдлийг нь зөвтгөхийг чухал гэж үздэг хэвээрээ юү? Эдгээр асуултыг эргэцүүлэн боддог бол дуулалчийн адилаар Бурхны сануулгыг «мөнхөд өв болгоно» (Дуу. 119:111).

13. І зууны христианууд ямар учраас зарим зүйлийг ойлгоогүй вэ? Жишээ хэлнэ үү.

13 Библийн зарим зүйлийг ойлгоход амаргүй байж болох юм. Гэхдээ цаг нь болохоор Ехова тодорхой болгоно. І зууны христиануудад ч ийм явдал тохиолдож байжээ. Зовж тарчлаад эцэст нь алуулна гэдгээ Есүс элч нартаа дахин дахин хэлж байсан (Матай 12:40; 16:21-ийг уншина уу). Гэсэн ч тэд юу ярьж байгааг нь ойлгоогүй. Харин Есүсийг амилсны дараа, олон шавьдаа үзэгдэн «Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээхэд» л хэлсэн үгийг нь ойлгожээ (Лук 24:44–46; Үйлс 1:3). Бас Бурхны Хаанчлал тэнгэрт байгуулагдахыг МЭ 33 оны Пентекостын өдөр ариун сүнс авсныхаа дараа ойлгосон (Үйлс 1:6–8).

14. XX зууны эхэнд амьдарч байсан итгэл нэгтнүүд маань ямар сайхан жишээ үлдээсэн бэ?

14 XX зууны эхэнд амьдарч байсан жинхэнэ христианууд «эцсийн өдрүүдийн» талаар буруу зөрүү ойлголттой байжээ (2 Тим. 3:1). Тухайлбал, зарим хүн 1914 онд тэнгэрт гарна гэж бодож байсан ч тэр нь биелээгүй. Гэхдээ тэд Судрыг нямбай судлаад, дэлгэрүүлэх ажлыг эрчимтэй өрнүүлэх хэрэгтэйг ойлгожээ (Марк 13:10). Тиймээс тухайн үед дэлгэрүүлэх ажлыг удирдаж байсан Ж. Рутерфорд АНУ-ын Охайо мужийн Сидар Пойнт хотноо 1922 онд зохиогдсон олон улсын чуулган дээр үг хэлэхдээ «Харагтун Хаан захирч байна! Та нар Хааны төлөөлөгчид мөн. Хаан болон түүний хаанчлалыг тунхаглагтун, тунхаглагтун, тунхаглагтун» гэжээ. Тэр үеэс эхлэн «хаанчлалын ... сайн мэдээг» тунхаглах нь Еховагийн орчин үеийн үйлчлэгчдийн онцлог шинж болсон (Мат. 4:23; 24:14).

15. Еховагийн хийсэн зүйлийг эргэцүүлэн бодох нь ямар ач тустай вэ?

15 Ехова ард түмэндээ өгсөн амлалтаа эрт үед хэрхэн биелүүлсэн, одоо хэрхэн биелүүлж байгааг эргэцүүлэн боддог бол ирээдүйн талаарх санаа зорилгоо заавал биелүүлнэ гэдэгт улам бат итгэнэ. Бас Бурхны амлалт биелэх цагийг тэсэн ядан хүлээдэг болно. Ийнхүү итгэл найдвар маань батажна.

БУРХАНДАА ИДЭВХ ЗҮТГЭЛТЭЙ ҮЙЛЧЛЭХ

16. Бурхандаа идэвх зүтгэлтэй үйлчилдэг хүн ямар ивээл хүртдэг вэ?

16 Бидний Бурхан Ехова асар их хүч чадалтай, хөдөлмөрч Нэгэн юм. Дуулалч: «Хэн Тантай адил вэ, хүчит ЭЗЭН?» хэмээн асуугаад цааш нь «Таны гар хүчтэй, Таны баруун гар өргөмжлөгдсөн» гэжээ (Дуу. 89:8, 13). Ехова өөрөө хөдөлмөрч учраас Хаанчлалын үйл хэргийг урагшлуулахын төлөө хичээл зүтгэл гаргадаг биднийг өндөр үнэлж ивээдэг. Тэрбээр эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу бүх үйлчлэгчээ «залхуурахыг үл мэдэн» гар хумхилгүй ажиллаасай гэж хүсдэг (Сур. 31:27). Христиан үйл хэрэгт идэвх зүтгэлтэй оролцдог бол Бүтээгчээ дууриаж байгаа хэрэг. Түүнчлэн Бурхандаа чин сэтгэлээсээ үйлчлэхлээр өөрөө ч баярлана, Бурхнаа ч баярлуулна (Дуулал 62:12-ыг уншина уу).

17, 18. Зааврыг нь дагавал Еховад улам найддагийн учир юу вэ? Жишээ хэлнэ үү.

17 Еховад улам их найддаг болохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Амласан газар луу орохын өмнө израильчуудад юу тохиолдсоныг бодож үзье. Гэрээний авдар өргөөд Иордан гол руу ор гэсэн зааврыг Ехова тахилчдад өгсөн. Тэр үед борооны улирал байсан тул израильчуудыг очиход гол үерлэж эргээ халин оволзож байлаа. Израильчууд яасан бэ? Голын дэргэд майхнаа бариад ус татартал хэдэн долоо хоног, бүр түүнээс ч олон хоног хүлээсэн үү? Үгүй. Тэд Еховад бат найдаж зааврыг нь дагасан. Тэгээд юу болсон бэ? Библид «Тахилч нарын хөлийн ул Иорданы усанд ормогц ... ус бүрэн тасарчээ. ... Бүх Израиль нийт үндэстнээрээ хуурай газраар Иорданыг гаталж дуустал ... тахилч нар Иорданы голд хуурай газар дээр бат зогсож байлаа» гэж бичжээ (Иош. 3:12–17). Улаанаар эргэлдэж байсан голын ус татрахыг харсан израильчуудын сэтгэл яасан их хөдлөө бол! Тэд өгсөн зааврыг нь дагаад Еховад улам найддаг болсон.

Иошуагийн үеийн израильчууд Еховад найддаг байсан. Та ямар вэ? (17, 18-р догол мөрийг үзнэ үү)

18 Ехова өнөөдөр ард түмнийхээ төлөө яг ийм гайхамшиг үйлдэхгүй биз ээ. Гэхдээ биднийг бат итгэлтэй байж зааврыг нь дагавал ивээдэг. Хаанчлалын тухай мэдээг дэлхий даяар зоригтой дэлгэрүүлэхэд маань үйлдэх хүчээрээ тусалдаг. Еховагийн хамгийн агуу Гэрч Есүс Христ энэ чухал ажилд туслахаа амлан: «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. ... Үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» гэжээ (Мат. 28:19, 20). Үнэхээр ч тийм гэдгийг олон Гэрч батлан хэлнэ. Танихгүй хүнээс айж ичилгүй зоригтой дэлгэрүүлэхэд нь Бурхны ариун сүнс тусалдгийг тэд биеэрээ үзжээ (Дуулал 119:46; 2 Коринт 4:7-г уншина уу).

19. Хүссэнээрээ Бурханд үйлчилж чадахгүй хүн юунд итгэлтэй байх хэрэгтэй вэ?

19 Зарим итгэл нэгтэн маань өвчин хууч, өндөр насны улмаас Бурхандаа хүссэнээрээ үйлчилж чаддаггүй. Гэлээ ч гэсэн «өршөөлийн Эцэг, мөн бүх тайвшралын Бурхан» тэднийг сайн ойлгодог (2 Кор. 1:3). Ехова Хаанчлалын үйл хэргийг урагшлуулахад чадах бүхнээ хийдэг үйлчлэгчдээ өндөр үнэлдэг. Гэхдээ бид Христийн золиосонд итгэж байж л аврагдана гэдгээ мартах ёсгүй (Евр. 10:39).

20, 21. Яавал Еховад улам итгэж найддаг болох вэ?

20 Хаанчлалын үйл хэргийн төлөө цаг зав, хүч чадал, эд хөрөнгөө боломжийнхоо хэрээр зориулах нь Бурхнаа шүтэж буй хэрэг юм. Тэгээд ч бид «сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажилд» чин сэтгэлээсээ оролцохыг хүсдэг (2 Тим. 4:5). Тийм учраас «үнэний мэдлэг уруу ирэхэд» нь бусдад тусалдагтаа баярладаг (1 Тим. 2:4). Еховаг эрхэмлэн дээдэлж, магтан алдаршуулахлаар бид өөрсдөө сүнслэгээр баян болдог (Сур. 10:22). Бас юу ч болж байсан Бүтээгчдээ бүрэн дүүрэн найддаг (Ром 8:35–39).

21 Еховагийн удирдлага заавар хамгийн зөв гэдэгт итгэж найдахад ихээхэн зүтгэл хэрэгтэйг энэ өгүүллээр ярилцлаа. Еховад найддаг байя гэвэл үргэлж залбираарай. Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд юу хийснийг болон юу хийхийг эргэцүүлэн бодоорой. Хаанчлалын үйл хэрэгт идэвхтэй оролцож байгаарай. Ехова бидэнд олон зүйлийг сануулдаг. Үүрд мөнхөд сануулах болно. Сануулгыг нь анхаардаг бол та мөнх амьдарна!