Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн сануулдаг бүхэн ач тустай

Еховагийн сануулдаг бүхэн ач тустай

«ЭЗЭНий гэрчлэл [«сануулга», ШЕ] нь баттай, гэнэнийг ухаантай болгодог» (ДУУ. 19:7).

1. Цуглаан дээр ямар сэдвийг үе үе судалдаг вэ? Давтаж үзэх нь ямар ач холбогдолтой вэ?

 «ЭНЭ сэдвийг өмнө нь судалсан шүү дээ». Та «Харуулын цамхаг» судлалын цуглаанд бэлдэж байхдаа ингэж бодож байсан уу? Цуглаанд яваад удаж байгаа бол зарим сэдвийг байсхийгээд л судалдгийг та анзаарсан биз ээ. Бурхны Хаанчлал, золиос, шавь бэлдэх ажил, христиан хүнд байх ёстой зан чанар, тухайлбал, хайр, итгэл гэх зэргийг бид үе үе судалдаг. Эдгээр сэдвийг давтаж үзвэл итгэл бэхжиж, «зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид болдог» (Иак. 1:22).

2. а) «Сануулга» гэж орчуулдаг үгээр гол төлөв юуг хэлдэг вэ? б) Бурхны хууль хүний зохиосон хуулиас юугаараа ялгаатай вэ?

2 «Сануулга» гэж орчуулдаг еврей үгээр ард түмэндээ өгдөг Еховагийн хууль, тушаал, тогтоолыг хэлэх нь олонтаа. Хүний зохиосон хуулийг өөрчлөх хэрэг байнга гардаг бол, Еховагийн зохиосон хуулийг засаж өөрчлөх шаардлага огтхон ч байхгүй. Эртний израильчуудад өгсөн хуулийн заримыг эдүгээ бид дагаж мөрддөггүй нь үнэн. Гэхдээ тэр хуулиуд нь алдаа мадагтай гэсэн үг биш. Дуулалч: «Таны гэрчлэлүүд [«сануулга», ШЕ] мөнхөд зөв шударга ажгуу» хэмээн бичсэн байдаг (Дуу. 119:144).

3, 4. а) «Сануулга» гэж орчуулдаг үгээр өөр юуг хэлдэг вэ? б) Израильчууд Еховагийн сануулгыг анхаарсан бол яах байсан бэ?

3 Бас «сануулга» гэж орчуулдаг еврей үгээр сэрэмжлүүлэх мэдээг хэлдэг байна. Ехова Израилийн ард түмэнд зөнчдөөрөө сэрэмжлүүлэг өгүүлдэг байжээ. Тухайлбал, израильчуудыг Амласан газар орохын өмнө Мосе: «Та нар болгоомжтой бай! Та нарын зүрх мэхлэгдэн эргэж, өөр бурхдад зарагдан тэдэнд мөргөх вий» хэмээн анхааруулсан (Д.хууль 11:16, 17). Бурхан ард түмнийхээ тусын тулд өөр янз бүрийн сануулга өгч байсныг Библид бичжээ.

4 Бас Ехова өөрөөс нь эмээж, дуулгавартай байж, нэрийг нь ариусгахыг израильчуудад үргэлж сануулдаг байв (Д.хууль 4:29–31; 5:28, 29). Энэ сануулгыг анхаарсан бол тэд их ивээл хүртэх байлаа (Лев. 26:3–6; Д.хууль 28:1–4).

ИЗРАИЛЬЧУУД БУРХНЫ САНУУЛГЫГ ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВСАН БЭ?

5. Ехова яагаад Хезекиа хааны төлөө тулалдсан бэ?

5 Израильчуудын түүхийг авч үзвэл Бурхан амласнаа цаг ямагт биелүүлдэг байсан. Жишээ авъя. Ассирийн хаан Сеннахериб Иуда руу довтолж хаан ширээг нь булаан авна хэмээн Хезекиаг айлган сүрдүүлжээ. Тэгэхэд нь Ехова тэнгэр элчээ илгээдэг. Бурхны тэнгэр элч нэг шөнийн дотор Ассирийн «бүх хүчит дайчдыг» хиар цохисон тул Сеннахериб «ичгүүртэйгээр өөрийн нутаг уруугаа буцжээ» (Ш.дэд 32:21; Х.дэд 19:35). Бурхан яагаад Хезекиа хааны төлөө тулалдсан бэ? Учир нь «[Хезекиа] ЭЗЭНээс зуурч байв. Тэрээр Түүнийг дагахаа болилгүй, харин ЭЗЭНий Мосед тушаасан тушаалуудыг сахижээ» (Х.дэд 18:1, 5, 6).

Иосиа Еховагийн сануулгыг анхаараад жинхэнэ шүтлэгийг сэргээсэн (6-р догол мөрийг үзнэ үү)

6. Иосиа хаан Еховад найддаг байсан нь юунаас харагддаг вэ?

6 Еховад дуулгавартай байж хууль тушаалыг нь биелүүлдэг байсан өөр нэг хаан бол Иосиа юм. Наймхан настай байсан ч «ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэн, ... зүүн, баруун тийш хазайгаагүй» (Ш.дэд 34:1, 2). Иосиа нутаг орноосоо шүтээнүүдийг зайлуулж, жинхэнэ шүтлэгийг сэргээсэн. Еховад найддагаа ийнхүү баталсны ачаар өөрөө төдийгүй улс үндэстэн нь их ивээл хүртжээ (Шастирын дэд 34:31–33-ыг уншина уу).

7. Израильчууд Еховагийн үгэнд ороогүй үедээ юу амсдаг байсан бэ?

7 Бурхны ард түмэн цаг ямагт Иосиа Хезекиа хоёр шиг байгаагүй нь харамсалтай. Израильчуудын түүхийг үзвэл тэд заримдаа Еховад дуулгавартай байж сануулгыг нь хүлээж авдаг ч, заримдаа үл тоомсорлодог байжээ. Итгэл нь сулрах бүрдээ бусдын нөлөөнд амархан автаж хуурамч бурхад шүтдэг байв (Еф. 4:13, 14). Тэгээд урьдчилан сануулсан ёсоор гашуун үр дагавар амсдаг байсан (Лев. 26:23–25; Иер. 5:23–25).

8. Бид израильчуудтай юугаараа төстэй вэ?

8 Бид израильчуудтай юугаараа төстэй вэ? Ехова тэдэнд зөвлөгөө өгч, сахилгажуулдаг байсан. Өнөөдөр ч мөн ялгаагүй (2 Петр 1:12). Бид Библи унших болгондоо Бурхны тушаалыг санадаг. Хууль тушаалыг нь дагах уу, өөрийнхөө зөв гэж үзсэнээр явах уу гэдгээ шийдэх эрх бидэнд бий (Сур. 14:12). Еховагийн сануулгыг анхаарах ёстойн учир юу вэ? Энэ нь ямар ач холбогдолтой вэ? Эдгээр асуултыг ярилцъя.

БУРХНЫ САНУУЛГЫГ АНХААРЧ АМЬДАРЪЯ

9. Цөлд тэнүүчилж яваа ард түмэндээ тусалж байгаагаа Ехова хэрхэн сануулдаг байсан бэ?

9 Израильчуудыг «аймшигт ... цөлөөр» 40 жил тэнүүчлэх болоход Ехова тэднийг яаж удирдаж, хамгаалж, халамжлахаа нэг бүрчлэн хэлээгүй. Гэлээ ч гэсэн өөрт нь найдаж, тушаал зааврыг нь дагавал ач тустай гэдгийг олон удаа баталсан. Аюул осолтой газраар аялж яваа ард түмэндээ тусалж байгаагаа сануулж өдөр нь үүлэн багана, шөнө нь галан багана үзүүлж байв (Д.хууль 1:19; Ег. 40:36–38). Бас хэрэгтэй бүх зүйлийг нь өгч байсан. «Тэдний хувцас нь элэгдээгүй, хөл нь ч хавдаагүй». Үнэхээр тэд юугаар ч дутаагүй (Нех. 9:19–21).

10. Ехова өнөөдөр ард түмнээ хэрхэн удирдаж байгаа вэ?

10 Бурхны үйлчлэгчид шинэ ертөнцийн босгонд тулж ирээд байна. Удахгүй болох «агуу их гай гамшгийг» эсэн мэнд давахад юу хэрэгтэй байна, тэр бүхнийг Ехова өгнө гэдэгт та итгэдэг үү? (Мат. 24:21, 22; Дуу. 119:40, 41). Ехова биднийг шинэ ертөнц рүү хөтлөхдөө үүлэн багана юм уу галан багана үзүүлдэггүй нь үнэн. Гэхдээ сонор сэрэмжтэй байхад маань туслахын тулд байгууллагаараа дамжуулан сануулга өгдөг. Жишээлбэл, Библи унших, Гэр бүлийн хичээл хийх, цуглаанд тогтмол явах, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцох гэх зэргээр Еховатай тогтоосон харьцаагаа бэхжүүлэхийг улам онцолдог болсон. Эдгээр зааврыг дагахын тулд та ажил амьдралаа зохицуулж байна уу? Ингэдэг бол итгэл батжиж, шинэ ертөнцөд эсэн мэнд орно.

Еховагийн сануулгыг анхаардаг бол Хаанчлалын танхимд ирэгсдийн аюулгүй байдлыг хангана (11-р догол мөрийг үзнэ үү)

11. Бурхан бидний төлөө хэрхэн санаа тавьдаг вэ?

11 Бурхны байгууллага сүнслэгээр сэргэг байхад тустай заавар өгөөд зогсохгүй өдөр тутам хэрхэн зөв шийдвэр гаргахыг ч хэлж өгдөг. Жишээ нь, эд хөрөнгөнд зөв хандах, эгэл жирийн амьдрахыг зөвлөдөг. Үүний ачаар санаа зовох юм багасдаг. Бас хувцас хунар, гадаад байдлаа хэрхэн анхаарах, үзэж харах, уншиж сонсох зүйлээ яаж зөв сонгох, ямар боловсрол эзэмших талаар үнэлж баршгүй зөвлөгөө өгдөг. Гэр орондоо байхдаа, машин унаагаар явахдаа, Хаанчлалын танхимд аюулгүй байдлыг хэрхэн хангах, гэнэтийн аюул тохиолдоход ямар бэлтгэлтэй байх хэрэгтэйг ч сануулдаг. Энэ бүхэн бол Бурхан бидний төлөө санаа тавьдгийн баталгаа мөн.

ЭРТНИЙ ХРИСТИАНУУД САНУУЛГЫН АЧААР ҮНЭНЧ БАЙСАН

12. а) Есүс шавь нартаа юуны тухай дахин дахин хэлсэн бэ? б) Есүсийн үзүүлсэн ямар жишээ Петрт мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн бэ? Тэр жишээ бидэнд ямар ач холбогдолтой вэ?

12 I зууны үеийн Бурхны үйлчлэгчид ч заавар зөвлөгөө авдаг байсан. Тухайлбал, Есүс шавь нартаа даруу байхын чухлыг дахин дахин хэлж өгчээ. Гэхдээ зүгээр хэлээд зогсоогүй, өөрөө үлгэрлэн үзүүлсэн. Тэрбээр дэлхий дээр өнгөрүүлсэн сүүлчийн шөнөө Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэхээр элч нараа цуглуулжээ. Тэгээд зоогийн үеэр босож элч нарынхаа хөлийг угаав. Энэ нь ихэнхдээ зарц хүний хийдэг ажил байлаа (Иох. 13:1–17). Уг явдал элч нарт мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн юм. Зоог барих үед байсан элч Петр 30-аад жилийн дараа итгэл нэгтнүүддээ даруу байхыг зөвлөжээ (1 Петр 5:5). Есүсийн үзүүлсэн жишээг эргэцүүлэн бодвол бид бас даруу байж, бие биеэ хүндэтгэнэ (Флп. 2:5–8).

13. Есүс шавь нартаа юуны талаар хэлж захидаг байсан бэ?

13 Есүс бас бат итгэлтэй байхын чухлыг шавь нартаа олонтаа хэлж захисан. Нэгэн удаа шавь нар нь чөтгөрт эзэмдүүлсэн хүүгээс чөтгөрийг зайлуулах гэсэн боловч чадаагүй. Тэгээд багшаасаа «Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ?» гэж асуудаг. Есүс: «Итгэл чинь бага учраас. Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал, ... боломжгүй юм гэж байхгүй болно» хэмээн хариулдаг (Мат. 17:14–20). Бат итгэлтэй байх нь хэр чухал болохыг Есүс дэлхий дээр үйлчилж байхдаа шавь нартаа зааж сургадаг байсан (Матай 21:18–22-ыг уншина уу). Та итгэлээ бэхжүүлэхийн тулд цуглаан, чуулган бүрийг алгасалгүй очдог уу? Энэ үеэр итгэл нэгтнүүдтэйгээ уулзаж баярлан хөөрдөг нь зүйн хэрэг. Гэхдээ хамгийн гол нь Еховад итгэж найддагаа батлан харуулна.

14. Өөрийгөө бодолгүй бусдыгаа хайрлах нь өнөөдөр яагаад чухал бэ?

14 Бие биедээ хайраа хэрхэн илэрхийлэх талаар Христиан Грек Сударт олон зөвлөгөө байдаг. Есүс: «Хөршөө өөрийн адил хайрла» гэж хэлсэн. Энэ бол хамгийн агуу тушаалын хоёр дахь нь юм (Мат. 22:39). Есүсийн дүү Иаков үүнийг «хаан хууль» гэсэн (Иак. 2:8). Элч Иохан: «Хайртууд минь, би та нарт шинэ тушаалыг бус, харин эхнээсээ та нарт байсан хуучин тушаалыг бичиж байна» хэмээжээ (1 Иох. 2:7, 8). Иохан «хуучин тушаал», «шинэ тушаал» гэдгээр юу хэлэх гэсэн бэ? Бусдыг хайрлах тухай хэлэх гэсэн аж. «Эхнээсээ» буюу олон жилийн өмнө Есүс энэ тушаалыг өгсөн тул «хуучин» гэжээ. Огт тулгарч байгаагүй бэрхшээл тохиолдвол шавь нар нь хар амиа бодолгүй бусдыгаа хайрлах ёстой байсан учир «шинэ» гэсэн. Христийн шавь бид ч бас өнөөгийн нийгмийн онцлог шинж болсон аминч үзэлд автахгүй байх талаар сэрэмжлүүлэг авдагтаа баярладаг. Үүний ачаар хувиа хичээлгүй хөршөө хайрладаг.

15. Есүс ямар гол зорилгоор дэлхийд ирсэн бэ?

15 Есүс хүмүүст чин сэтгэлээсээ санаа тавьдаг байсан. Тийм учраас өвчтэй хүмүүсийг эдгээж, нас барсан хүмүүсийг амилуулжээ. Гэхдээ зөвхөн үүний төлөө дэлхийд ирээгүй. Сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх нь хамгийн гол зорилго байв. Энэ ажлын үрээр хүмүүс илүү их ач тус хүртэх байлаа. Ингэж хэлэхийн учир юу вэ? Есүсийн эдгээж, амилуулсан хүмүүс яваандаа хөгширч үхэцгээсэн. Харин сайн мэдээг нь хүлээж авах хүн мөнх амьдрах боломжтой болох байлаа (Иох. 11:25, 26).

16. Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажил хэр эрчимтэй өрнөж байна вэ?

16 I зуунд Есүсийн эхлүүлсэн дэлгэрүүлэх ажлыг өнөөдөр урьж хожид байгаагүй өргөн далайцтай үргэлжлүүлж байна. Есүс: «Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун» хэмээн шавь нартаа тушаасан билээ (Мат. 28:19). Тийм ээ, I зууны христианууд энэ тушаалыг биелүүлсэн. Бид ч бас биелүүлж байна. Эдүгээ 7 сая гаруй Еховагийн Гэрч Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг 230 гаруй улсад идэвхийлэн дэлгэрүүлж, олон сая хүнтэй Библийн хичээл тогтмол хийж байна. Бид эцсийн өдрүүдэд амьдарч буйг энэ тоо баримт харуулдаг.

ЕХОВАД НАЙДЪЯ

17. Паул Петр нар итгэл нэгтнүүддээ ямар зөвлөгөө өгсөн бэ?

17 Эртний христианууд сануулгыг анхаардгийнхаа ачаар бат итгэлтэй байжээ. Жишээлбэл, элч Паул Ромд хоригдож байхдаа Тимотод «Надаас сонссон эрүүл үгсийн жишээг ... байлга» хэмээн хэлсэн (2 Тим. 1:13). Ийнхүү сануулсанд Тимот баярласан биз ээ. Түүнчлэн элч Петр тэвчээр, ах дүүгээ хайрлах хайр, өөрийгөө захирах гэх зэргийн зан чанарыг төлөвшүүлэхийг итгэл нэгтнүүддээ уриалаад «Хэдийгээр та нар эдгээр зүйлсийг мэдэх бөгөөд эдүгээ өөрсдөд чинь байгаа үнэн дотор батажсан байлаа ч гэсэн би та нарт эдгээрийг сануулахад ямагт бэлэн байх болно» хэмээн бичжээ (2 Петр 1:5–8, 12).

18. І зууны христианууд сануулгыг юу гэж үздэг байсан бэ?

18 Паул Петр нар хурлуудад бичсэн захидалдаа «ариун эш үзүүлэгчдээр урьдаас хэлүүлсэн үгсийг» дахин дурдсан байдаг (2 Петр 3:2). І зууны христианууд тийм заавар аваад дургүйцсэн үү? Үгүй ээ. Харин ч Бурхны хайрын илрэл гэж үзсэн. Тиймдээ ч «Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өссөн» юм (2 Петр 3:18).

19, 20. Еховагийн сануулгыг анхаарах нь ач тустай гэхийн учир юу вэ? Ямар ач тустай вэ?

19 Библид байдаг удирдлага зааврыг дагах нь ач тустай гэдэгт итгэх хангалттай шалтгаан бидэнд бий (Иошуа 23:14-ийг уншина уу). Ехова төгс бус хүмүүстэй хэрхэн харьцаж ирснийг Библид тэмдэглэсэн байдаг. Энэ нь бидэнд тустай (Ром 15:4; 1 Кор. 10:11). Түүнчлэн Библийн зөгнөлүүд өнөө үед биелж байгааг бид харж байна. Зөгнөл гэдэг бол олон жилийн өмнөөс урьдчилан хэлсэн сануулга юм. «Эцсийн өдрүүдэд» биелэх нэг зөгнөлийн дагуу, сая сая хүн Еховаг шүтэхээр нэгдэж байна (Ис. 2:2, 3). Бас дэлхийн нөхцөл байдал уруудан доройтож байгаа нь Библийн зөгнөл биелж байгаа хэрэг юм. Түүнээс гадна, дээр хэлсэнчлэн, дэлгэрүүлэх ажил дэлхий даяар эрчимтэй өрнөж байна. Энэ нь Есүсийн хэлсэн үг биелж байгаагийн тодоос тод баталгаа биш гэж үү? (Мат. 24:14).

20 Бүтээгч маань өөрт нь итгэж найдаж болохыг олон зууны турш баталсаар ирсэн. Тиймээс сануулдаг бүхэн нь ач тустай гэдэгт итгэх нь ухаалаг юм. Бурхны сануулгыг анхаараад үр шимийг нь хүртэж яваа Роселлен гэдэг Гэрч эмэгтэй: «Еховад бүрэн дүүрэн итгэж найдах тусам намайг хайрлаж урам зориг, эрч хүч өгч байгааг нь улам сайн ойлгож байна» хэмээн хэлжээ. Энэ эмэгтэйн адилаар Еховагийн сануулгыг анхаарч ач тусыг нь хүртэцгээе.