Skip to content

Гарчиг руу орох

Харьцуулж ярих арга тустай

Харьцуулж ярих арга тустай

Дэлхий дээр амьдарч байсан хамгийн агуу Багш бол Есүс гэдгийг та зөвшөөрнө биз дээ? Тийм ч учраас Есүсийн заах арга барилыг эзэмшихийг, тухайлбал, асуулт тавих, жишээ татах аргыг дэлгэрүүлэх ажилдаа хэрэглэхийг хичээдэг байх. Тэгвэл харьцуулах арга хэрэглэж сургаалаа заадаг байсныг нь бодож үзсэн үү?

Хүмүүс аливаа юмыг харьцуулж ярих нь элбэг байдаг. Та бас харьцуулъя гэж бодоогүй хэр нь харьцуулаад ярьчихдаг биз дээ? Жишээ нь, «Бүх жимсээ боловсорсон гэж хэлж байсан. Харин энэ жимснүүд түүхий байна» гэх юм уу «Тэр багадаа их ичимхий хүүхэд байсан, гэтэл одоо нүүрэмгий болжээ» гэх мэтчилэн ярьдаг.

Ингэхдээ эхлээд ямар нэг баримтыг дурдаад, дараа нь түүнээс эрс ялгаатай өөр баримт гаргаж ирэхийн тулд гэвч, харин, гэхдээ, гэтэл гэх мэтийн үг хэлдэг. Эсвэл нэмэлт мэдээлэл хэлнэ. Харьцуулж яривал сонсож буй хүмүүст ойлгомжтой байдаг. Ер нь хүн өдөр тутмын яриандаа харьцуулах арга хэрэглэдэг бөгөөд энэ нь чухал зүйлийг ойлгуулдаг.

Юмыг харьцуулж ярих нь хэл болгонд нийтлэг биш байж болох ч их ач холбогдолтой. Яагаад? Ариун сүнсний удирдлагаар бичигдсэн Бурхны Үгэнд энэ аргыг олон удаа хэрэглэсэн байдаг. Есүс харьцуулах аргыг өргөн хэрэглэдэг байсныг дараах жишээнээс мэдэж болно. «Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг»; «Хуулийг ... хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. ... харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм»; «„Завхайрч болохгүй“ гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр ...»; «„Нүдийг нүдээр, шүдийг шүдээр“ гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье, хар санаатай хүнийг бүү эсэргүүц. Харин хэн баруун хацрыг чинь алгадна, түүнд нөгөө хацраа бас тавьж өг» (Мат. 5:15, 17, 27, 28, 38, 39).

Библийн бусад номд ч иймэрхүү жишээ олон байдаг. Гол санааг ойлгох юм уу илүү сайн аргыг мэдэж авахад тэдгээр жишээ тус болдог. Та хүүхэдтэй бол дараах үгийг бодож үзээрэй. «Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл» (Еф. 6:4). Элч Паул энэ зөвлөгөөг зүгээр л «Эцэг (эх) нь хүүхдүүдээ Бурхны дэг журам дотор хүмүүжүүлэх ёстой» гээд бичсэн байлаа ч буруудахгүй байх байв. Гэхдээ харьцуулах арга хэрэглэн «Хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам ... дотор хүмүүжүүл» гэж бичсэн нь гол санааг улам тодотгож өгчээ.

Цааш нь Паул: «Бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин ... тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ» хэмээн бичжээ (Еф. 6:12). Ингэж харьцуулсан болохоор бид жирийн нэг хүнтэй бус, муу сүнснүүдтэй тэмцдэгээ бүр сайн ойлгодог.

ХАРЬЦУУЛАХ АРГЫН АЧ ТУС

«Ефес» номын өөр олон зүйлд Паул харьцуулах арга хэрэглэсэн байдаг. Харьцуулан бичсэн тэдгээр өгүүлбэрийг эргэцүүлэн бодвол Паулын хэлэх гэсэн гол санааг ойлгож, юу хийх ёстойгоо тодорхой мэдэж авна.

«Ефес» номын 4, 5-р бүлэгт гардаг эсрэг тэсрэг хоёр зүйлийг харьцуулж бичсэнийг хүснэгтээс үзвэл та олон чухал зүйлийг мэдэж аваад баярлах нь дамжиггүй. Харьцуулал бүрийг уншихдаа өөртөө хамааруулж бодоорой. «Үнэнийг хэлэхэд, би ямар хандлагатай билээ? Иймэрхүү байдалд орвол би яадаг вэ? Хүмүүс намайг энэ хоёрын аль нь гэж бодох бол?» гэж өөрөөсөө асуугаарай. Юугаа засаж сайжруулахаа анзаарсан бол даруйхан хэрэгжүүлээрэй. Энэ хүснэгт танд тус болно гэж найдаж байна.

Эсвэл танайх гэр бүлийн хичээлээрээ энэ хүснэгтийг үзэж болно шүү дээ. Жишээ нь, эхлээд дор дороо уншина. Дараа нь эхний хэсгийг нэг нь уншиж өгнө. Бусад нь хоёр дахь хэсэгт юу онцолсныг цээжээр хэлнэ. Энэ арга нь хоёр дахь хэсгийг хэрхэн хэрэгжүүлэх талаар гэр бүлээрээ халуун яриа өрнүүлэх сайхан боломжийг бүрдүүлнэ. Ийм маягаар судалбал томчууд, хүүхдүүд ялгаагүй, хаана ч христиан ёсоор биеэ авч явах хүсэлтэй болно.

Та хүснэгтийн хоёр дахь хэсгийг цээжээр хэлж чадах уу?

Харьцуулах арга ямар чухал болохыг мэдэх тусам ийм аргаар бичсэн Библийн зүйлийг илүү сайн ойлгоно. Бас дэлгэрүүлэх ажилд үнэхээр тустайг мэдэж авна. Жишээ нь, та гэрийн эзэнтэй ярихдаа, «Олон хүн үхэшгүй мөнхийн сүнс байдагт итгэдэг. Гэхдээ Бурхны Үгэнд юу гэж бичсэнийг үзүүлье» хэмээн хэлж болох юм. Эсвэл суралцагчаасаа «Ихэнх хүн Бурхан Есүс хоёрыг нэг бодгаль гэж боддог. Харин Библи энэ талаар юу хэлдэг вэ? Та өөрөө юу гэж боддог вэ?» гэх зэргээр асууж болно.

Бурхны замаар явахад тустай олон чухал зүйлийг Сударт харьцуулж бичсэн байдаг. Библийн үнэнийг хүмүүст мэдүүлэхийн тулд энэ аргыг хэрэглэцгээе.