Skip to content

Гарчиг руу орох

Та өөрчлөгдөж байна уу?

Та өөрчлөгдөж байна уу?

«Оюун ухаанаа шинэчлэн өөрчлөгдөгтүн» (РОМ 12:2, МБОХ, 2000).

1, 2. Багын хүмүүжил, хүрээлэн буй бүхэн бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

 ХҮН БҮХЭНД багын хүмүүжил, найз нөхөд, ахуй соёл, амьдарч буй нийгэм нь хүчтэй нөлөөлдөг. Тийм учраас хүмүүсийн идэх дуртай хоол, өмсөх дуртай хувцас, биеэ авч явах байдал нь янз янз байдаг.

2 Гэхдээ юу идэж уух, ямар загварын хувцас сонгохоос илүү чухал зүйл амьдралд цөөнгүй бий. Жишээлбэл, юу нь зөв, юу нь буруу болохыг багаасаа л заалгадаг. Нэг хэсэг нь нэг юмыг зөв эсвэл буруу гэж үзэж байхад нөгөө нь өөрөөр дүгнэх жишээтэй. Бас мөс чанараасаа болоод харилцан адилгүй шийдвэр гаргадаг. «Харь үндэстнүүд Хуульгүй боловч төрөлх байдлаараа Хуулийн зүйлсийг үйлддэг» гэж Библид байдаг (Ром 2:14). Энэ нь юу гэсэн үг вэ? Бурхны хуульд тодорхой заагаагүй бол дадаж заншсанаараа шийдэх юм уу эргэн тойрныхоо хүмүүсийн баримталдаг хэм хэмжээг дагана гэсэн үг үү?

3. Христианууд ямар хоёр шалтгааны улмаас ертөнцийнхний хэм хэмжээг баримталдаггүй вэ?

3 Христианууд ингэх ёсгүйн хоёр чухал шалтгааныг авч үзье. Нэгдүгээрт, «Хүнд зөв мэт санагдавч, төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг» гэсэн сануулга Библид бий (Сур. 16:25). Хүн төгс бус учраас алхмаа чиглүүлэх чадваргүй (Сур. 28:26; Иер. 10:23). Хоёрдугаарт, ертөнцийнхний баримталдаг чиг хандлага, хэм хэмжээ «энэ үеийн бурхан» Сатаны гарт байдаг (2 Кор. 4:4; 1 Иох. 5:19). Тиймээс Еховагийн ивээл сайшаалыг хүртье гэвэл Ром 12:2-т бичсэн зөвлөгөөг дагах хэрэгтэй (Уншина уу).

4. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Ром 12:2-т байдаг гурван чухал зүйлийг ярилцъя. 1) Бид яагаад «өөрчлөгдөх» ёстой вэ? 2) Юугаа өөрчлөх шаардлагатай вэ? 3) Хэрхэн өөрчлөгдөх вэ?

ЯАГААД ӨӨРЧЛӨГДӨХ ЁСТОЙ ВЭ?

5. Ром 12:2-т байдаг зөвлөгөөг Паул хэнд зориулж бичсэн бэ?

5 Элч Паул МЭ 56 онд ромчуудад захидал бичжээ. Уг захидлаа Еховаг шүтдэггүй хүн юм уу нийт ард олонд бус, тослогдсон христиануудад бичсэн (Ром 1:7). Тэрбээр өөрчлөгдөхийг христиануудад уриалаад «энэ үеийн явдалд бүү нийцэгтүн» гэжээ. «Энэ үеийн явдал» гэдэгт ромчуудын баримталдаг хэм хэмжээ, дагадаг зан заншил, биеэ авч явах байдал, хувцаслах хэв маяг ордог. Элч Паул «бүү нийцэгтүн» гэж хэлэхдээ зуршил болсон хуучин юмнаасаа салж чадахгүй яваа христиануудыг бодож байжээ. Тэд чухам юунаас салж чадаагүй вэ?

6, 7. Паулын үеийн Ромын христиануудад ямар сорилт тулгарч байсан бэ?

6 Ромд жуулчилж очвол I зууны үед байсан хот балгасыг тухайлбал, сүм хийд, булш бунхан, хөшөө дурсгал, дугуй театр гэх зэргийн үлдэгдлийг харж болдог. Эдгээр нь эртний ромчууд хэрхэн амьдардаг, ямар шашин шүтлэгтэй байсныг харуулдаг. Түүнчлэн түүхийн ном сударт гладиаторуудын тулаан, морин тэрэгний уралдаан, маш олон янзын сэдэвтэй, зарим нь бүр садар самууныг өөгшүүлсэн жүжгийн талаар бичсэн байдаг. Ром худалдаа арилжааны том төв учир хөрөнгөжих боломж их байжээ (Ром 6:21; 1 Петр 4:3, 4).

7 Ромчууд сүм хийд, бурхан шүтээн олонтой ч шүтдэг бурхадтайгаа ойр дотно харьцаатай болохыг хичээдэггүй байв. Харин хүний амьдралын салшгүй хэсэг болсон төрөх, гэрлэх, оршуулах гэх зэрэгтэй холбоотой зан үйлийг дагах ёстой гэж үздэг байсан. Энэ бүхэн Ромын христиануудад ямар их сорилт болж байсныг төсөөлөхөд түвэггүй. Ийм нийгмийн дунд өсөж торнисон хүн жинхэнэ христиан болохын тулд өөрчлөгдөх шаардлагатай байсан нь тодорхой. Энэ өөрчлөлт нь баптисм хүртсэнээр хязгаарлагдах учиргүй байв.

8. Өнөөгийн ертөнц христиануудад яагаад аюултай вэ?

8 Өнөөгийн ертөнц ч христиануудад муугаар нөлөөлдөг. Ингэж хэлэхийн учир юу вэ? Энэ ертөнцийн сүнс хаа сайгүй байдаг (Ефес 2:2, 3; 1 Иохан 2:16-г уншина уу). Хүсэл эрмэлзэл, үзэл бодол, эрхэмлэдэг зүйл, ёс суртахууны хувьд ертөнцийнхөнтэй адилхан болох аюул өдөр бүр биднийг отож байдаг. Тиймээс «энэ үеийн явдалд бүү нийцэгтүн», «өөрчлөгд» гэсэн зөвлөгөөг дуулгавартай дагах нь туйлын чухал юм. Өөрчлөгдөхийн тулд юу хийх ёстой вэ?

ЮУГАА ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

9. Баптисм хүртэх шаардлага хангасан хүн юугаа өөрчилдөг вэ?

9 Библи судалж, сурснаа ажил хэрэг болгохын хэрээр хүн сүнслэгээр өсөж эхэлдэг. Хуурамч шашны зан үйлд оролцохоо больж, муу муухай ааш авир, дадал зуршлаа хаян Христийнх шиг зан чанартай болохыг хичээдэг (Еф. 4:22–24). Жил бүр олон мянган хүн ийнхүү өөрчлөгдөн Еховад өөрийгөө зориулснаа бэлгэдэн харуулж баптисм хүртдэг. Үүнийг хараад бид ч, Ехова ч баярладаг (Сур. 27:11). Гэхдээ ингээд л бүх юм боллоо гэсэн үг үү?

Сатаны ертөнцөөс тусгаарлагдаж, өөрчлөгдөх шаардлагатай хүн олон бий (9-р догол мөрийг үзнэ үү)

10. Өөрчлөгдөх, сайжрах хоёр ямар ялгаатай вэ?

10 Өөрчлөгдөнө гэдэг нь ахиж дэвшиж, сайжрахаас илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Жишээ нь, ямар нэг бараа бүтээгдэхүүнийг «шинэчлэгдсэн» гэж сурталчлах юм уу тийм бичигтэйгээр үйлдвэрлэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ найрлагад нь ганц хоёр юм нэмж, баглаа боодлынх нь өнгө үзэмжийг сайжруулсан төдий байдаг. Библийн нэг тайлбар тольд бичсэнээр, Ром 12:2-т байдаг «өөрчлөгдөх» гэдэг үг нь ариун сүнсний хүчээр шинэчлэгдэх, бодол санаагаа өөрчлөх гэсэн утга илэрхийлдэг. Тиймээс христиан хүн муу зуршлаа хаях, зохисгүй үг ярихаа болих, садар самуун амьдралаа орхих зэргээс илүү ихийг хийх шаардлагатай. Библийн тухай мэддэггүй хүн ч их бага ямар нэг хэмжээгээр иймэрхүү зүйлээс хол байхыг хичээдэг шүү дээ. Тэгвэл христианууд бид юугаа өөрчлөх шаардлагатай вэ?

11. Хүн өөрчлөгдөхийн тулд яах хэрэгтэй гэж Паул хэлсэн бэ?

11 Элч Паул: «Оюун ухаанаа шинэчлэн өөрчлөгд» гэсэн. «Оюун ухаан» гэдэг нь юмыг бодож ойлгох чадвар юм. Үүнээс гадна үзэл бодол, хандлага, эргэцүүлэн бодох чадвар гэсэн утгаар Библид хэрэглэсэн байдаг. Паул ромчуудад бичсэн захидлынхаа эхэнд «завхарсан сэтгэлтэй» болсон хүмүүсийн талаар хэлжээ. Тэд «зөвт бус байдал, хорон муу, шунал, бузар булайгаар дүүрэн, атаа жөтөө, аллага, хэрүүл, заль мэх, хар санаагаар дүүрэн» аж (Ром 1:28–31). Бурхны үйлчлэгч болсон ромчууд тийм л орчинд өсөж хүмүүжсэн учир «өөрчлөгдөж», «оюун ухаанаа шинэчлэхийг» тэдэнд уриалсан нь ойлгомжтой байна.

«Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг» (Еф. 4:31)

12. Ихэнх хүн ямар үзэлтэй байдаг вэ? Христиан хүний хувьд ийм үзэл ямар аюултай вэ?

12 «Завхарсан сэтгэлтэй» хүмүүс өнөөдөр хаа сайгүй байгаа нь тоогүй. Тийм хүмүүс тодорхой хэм хэмжээ, зарчим баримталж амьдрахыг хоцрогдсон, тэвчихийн аргагүй зүйл гэж үздэг. Эцэг эх, багш нар юу хүссэнээ хийхийг хүүхдүүдэд уриалдаг. Юу нь зөв, юу нь буруу болохыг хүн өөрөө шийдэх эрхтэй гэж заадаг. Тэдний хувьд бүх юм харьцангуй бөгөөд туйлын гэсэн ойлголт байдаггүй. Шашин шүтлэгтэй гэж ярьдаг хүмүүс ч Бурханд захирагдаж, хууль тушаалыг нь биелүүлэх шаардлагагүй, зөв гэж үзсэнээ хийж дураараа байх хэрэгтэй гэж боддог (Дуу. 14:1). Христиан хүн ийм хандлагатай болбол үнэхээр аюултай. Сэрэмжтэй байхгүй бол Бурхны байгууллагаас гаргадаг удирдамж зааврыг дагахаа больж мэднэ. Тэр байтугай дургүй, таалагдаагүй юм болгоноо шүүмжилж эхэлнэ. Эсвэл үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгох, интернет ашиглах, дээд боловсрол эзэмших талаарх Библид үндэслэсэн зөвлөгөөний зөв эсэхэд эргэлзэж магадгүй.

13. Өөрийгөө чин үнэнээр нь шалгах хэрэгтэйн учир юу вэ?

13 Христиан бид ертөнцийнхөнтэй адил бодож сэтгэж, хийж үйлдэхгүйн тулд дотор хүн буюу хандлага, сэтгэл мэдрэмж, зорилго, үнэлж эрхэмлэдэг зүйлээ чин үнэнээр нь шалгах хэрэгтэй. Бусад хүн биднийг гаднаас нь хараад сайн гэж дүгнэж болох ч чухамдаа ямар хүн гэдгийг мэдэхгүй шүү дээ. Библиэс олж авсан мэдлэгийнхээ дагуу өөрчлөгдөж байгаа эсэхээ бид өөрсдөө л мэднэ. Хойшид ч өөрчлөгдсөөр байх эсэх нь биднээс л шалтгаална (Иаков 1:23–25-ыг уншина уу).

ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?

14. Өөрчлөгдөх ёстойгоо хэрхэн мэдэж авах вэ?

14 Өөрчлөгдөнө гэдэг нь дотор хүнээ өөрчилнө гэсэн үг. Ийм том өөрчлөлт хийхэд юу тус болох вэ? Бид Библи судлаад Еховагийн шаардлагыг мэдэж авдаг. Сурч мэдсэн зүйлдээ хэрхэн хандаж байгаагаа дүгнэж үзвэл өөрийнхөө хэн болохыг мэдэх боломжтой. Улмаар Бурхны «төгс төгөлдөр хүслийн» дагуу амьдардаг хүн болохын тулд юу өөрчлөх шаардлагатайгаа ухаарна (Ром 12:2; Евр. 4:12).

15. Ехова юуг өөрчилдөг вэ?

15 Исаиа 64:8-ыг уншина уу. Зөнч Исаиагийн бичсэн жишээнээс нэг чухал зүйлийг ойлгож болдог. Еховаг ваарчинтай, биднийг шавартай зүйрлэжээ. Ваарчин шавраар гоё сав суулга хийдэг. Харин Ехова бидний зүс царай, бие бялдрыг гоё болгодоггүй ч дотор хүнийг маань өөрчилдөг. Хэрэв бид шавар адил зөөлөн байж, хэлбэржүүлэхийг нь дуртайяа зөвшөөрвөл дотроосоо өөрчлөгдөнө. Ингэж өөрчлөгдсөн хүн л ертөнцийн нөлөөнд автахгүй. Тэгвэл Ехова биднийг хэрхэн хэлбэржүүлдэг вэ?

16, 17. а) Сайн ваар хийхийн тулд ваарчин яадаг вэ? б) Еховатай адилхан үзэл бодолтой болоход маань Библи хэрхэн тусалдаг вэ?

16 Сайн ваар хийе гэвэл ваарчин дээд зэргийн чанартай шавар ашигладаг. Юуны өмнө шаврыг эрдэс бодисоос нь салгаж цэвэршүүлнэ. Дараа нь яг тохирсон хэмжээний устай хольж, хэлбэрт амархан ордог болтол нь сайтар нухаж эвлүүлнэ.

17 Ваарчин шаврыг хог шаараас нь цэвэршүүлэхдээ төдийгүй хатуу зөөлнийг нь тохируулахдаа ч ус хэрэглэдэг. Дараа нь хүссэн сав суулгаа, тэр байтугай маш нарийн хийцтэй эдлэл хийдэг. Шаврыг ус ингэж өөрчилдөг шиг биднийг Бурхны Үг өөрчилдөг. Библи судалж Бурхныг таньж мэдэхийн хэрээр үзэл бодлоо өөрчилж, Бурхныхтай адилхан үзэл бодолтой болно (Еф. 5:26). Библиэ өдөр бүр уншаарай, цуглаандаа тогтмол яваарай гэсэн зөвлөгөөг та хэр олон удаа сонссон бэ? Энэ зөвлөгөөг яагаад дагах хэрэгтэй вэ? Агуу Ваарчин Еховагийн мутрын аясаар хэлбэржихийн тулд юм шүү дээ (Дуу. 1:2; Үйлс 17:11; Евр. 10:24, 25).

Өөрчлөгдсөн хүн асуудлыг зөв шийддэг (18-р догол мөрийг үзнэ үү)

18. а) Бурхны Үгийн ач тусыг хүртэж, өөрчлөгдье гэвэл эргэцүүлэн бодох нь яагаад чухал бэ? б) Ямар асуултыг бодох нь тустай вэ?

18 Бурхны Үгийн дагуу өөрчлөгдье гэвэл Библийг тогтмол уншиж, судлах нь тийм ч хангалттай биш. Библийг үе үе уншдаг, юуны тухай өгүүлдгийг нь сайн мэддэг хүн олон байдаг. Та дэлгэрүүлж яваад ийм хүнтэй таарсан байж болох юм. Зарим хүн Библийн ишлэлийг цээжээрээ мэддэг. Тэгсэн хэр нь үзэл бодол, амьдралын хэв маягаа өөрчилдөггүй. Яагаад тэр вэ? Зүрх сэтгэлээ хөдөлтөл судалсан цагт л Бурхны Үгийн ач тусыг хүртэж, жинхэнэ ёсоор өөрчлөгддөг. Тиймээс сурч мэдсэнээ эргэцүүлэн бодох цаг зав гаргах хэрэгтэй. Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Энэ нь шашны сургаал төдий биш гэдгийг би ойлгодог уу? Жинхэнэ үнэн гэдгийн баталгааг олж харсан уу? Сурсан зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ боддог уу эсвэл бусдад заах ёстой гэж боддог уу? Ехова надтай хувьчлан ярилцаж байгаа юм шиг санагддаг уу?». Эдгээр асуултыг эргэцүүлэн боддог бол Еховатай дотносож, улам хайрладаг болно. Сурч мэдсэн зүйл маань ийнхүү зүрх сэтгэлийг эзэмдэхийн цагт Бурхны таалалд нийцүүлж өөрийгөө өөрчлөх нь дамжиггүй (Сур. 4:23; Лук 6:45).

19, 20. Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэхийн ач тус юу вэ?

19 Бурхны Үгийг тогтмол уншиж, уншсанаа эргэцүүлэн боддог бол Паулын захиасыг цаашдаа ч биелүүлсээр байх болно. Тэрбээр: «Хуучин хүнээ бузар муу зуршилтай нь тайл» хэмээгээд «үнэн мэдлэгт шинэчлэгдсэн» «шинэ хүнийг өмс» гэж захисан (Кол. 3:9, 10). Библийн сургаалыг зөв ойлгож, түүнийгээ ажил хэрэг болгодог бол шинэ хүнийг өмсөнө. Ийм христиан Сатаны башир аргад хууртахгүй.

20 «Дуулгавартай хүүхдүүдийнхээ хувьд ... урьдын хүсэл тачаалдаа бүү нийцүүл. ... Харин бүх л зан байдалдаа бас ариун байгтун» хэмээн элч Петр бидэнд уриалжээ (1 Петр 1:14, 15). Хуучин үзэл бодол, сэдэл хандлагаа өөрчлөхийн төлөө чадах бүхнээ хийвэл Ехова ивээнэ. Хэрхэн ивээхийг дараагийн өгүүллээр үзнэ.