НАМТАР
Еховад найдвал ивээл хүртэнэ
Хүний амьдралд заримдаа тааж тааварлахын аргагүй, тэр байтугай дааж давшгүй юм тохиолддог. Харин өөртөө бус, Еховад найддаг хүн тэр бүхнийг даван туулж ивээл хүртдэг. Эхнэр бид хоёр үүнийг олон жил үзэж, их ч ивээл хүртэж явна. Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа зах зухаас ярьж өгье.
ААВ ЭЭЖ хоёр маань АНУ-ын Охайо мужийн Сидар Пойнт хотноо 1919 онд болсон Олон улсын Библи Судлаачдын чуулган дээр танилцаж тэр оныхоо сүүлээр гэрлэсэн гэдэг. Би 1922 онд, дүү Пол маань 2 жилийн дараа төрсөн. Миний эхнэр Грейс 1930 онд төрсөн. Хадам аав, ээж Рой Хауэл, Рут Хауэл нар Библи Судлаачид. Грейсийн өвөө эмээ ч Библи Судлаачид бөгөөд Чарлз Тейз Расселл ахтай найз байсан юм билээ.
Би Грейстэйгээ 1947 онд танилцаж, 1949 оны 7 дугаар сарын 16-нд гэрлэсэн. Бид хоёр гэрлэхээсээ өмнө ирээдүйнхээ талаар илэн далангүй ярилцсаны эцэст хүүхэд гаргахгүйгээр Бурхандаа бүрэн цагаар үйлчилье гэж шийдсэн юм. 1950 оны 10 дугаар сарын 1-нээс хоёулаа эхлэгчээр үйлчлэх болсон. 1952 онд явуулын үйлчлэлд оролцох урилга авсан.
ЯВУУЛЫН АЖИЛ БА ГИЛЕАД СУРГУУЛЬ
Шинэ даалгавраа биелүүлэхэд хэн хэнд маань тусламж их хэрэгтэй байлаа. Би туршлагатай ах нараар заалгаж байхдаа Грейст зааж сургах хүн хайж байв. Тэгээд манайхантай олон жил ойр дотно явсан, туршлагатай явуулын харгалзагч Марвин Холийнтой уулзаж, «Грейс маань залуу, туршлагагүй хүн. Түүнд зааж сургачихаар хүн мэдэхгүй биз?» гэж асуулаа. Тэгтэл «Мэднэ, Эдна Винкл бол туршлагатай эхлэгч. Эхнэрт чинь их юм зааж өгнө шүү» гэж хариулав. Хожим нь Грейс Эднагийн тухай «Яавал айж сандрахгүй ярих, гэрийн эзэн дургүйцвэл яах хэрэгтэйг зааж өгсөн хүн. Эдна эгчийн ачаар л гэрийн эзний яриаг анхааралтай сонсоод оновчтой хариулж сурсан. Тийм л хүн надад хэрэгтэй байсан!» гэсэн юм.
Би эхнэртэйгээ хамт Айова мужийн хоёр дүүрэгт үйлчилж байлаа. Тэр хоёр дүүрэгт бас Миннесота, Өмнөд Дакота мужийн зарим хэсэг багтдаг байв. Дараа нь Брүүклин, Квинсийг багтаадаг Нью-Йорк 1 гэдэг дүүрэг рүү шилжсэн. Тэр үед туршлагагүй
байсан бид ямар их айж сандарснаа ер мартдаггүй юм. Шинэ дүүрэгт маань Брүүклин Хайтс хурал харьяалагддаг байв. Бетелийн Хаанчлалын танхимд цуглаанаа явуулдаг энэ хуралд туршлагатай бетелчин олон байсан. Намайг дүүргийн харгалзагчийн эргэлтийн эхний илтгэл тавьсны дараа Нейтан Норр ах ирээд, «Маалком, чи бидэнд юу засаж залруулахыг хэлж өглөө. Сайхан сэтгэлийн үүднээс зөвлөгөө өгдөг ийм л хүн манай байгууллагад үнэ цэнэтэй. Үүнийг хэзээ ч битгий мартаарай. Дандаа ийм байгаарай» гэж хэлсэн юм. Цуглааны дараа би эхнэртээ энэ тухай хэлэв. Дараа нь бид хоёр Бетелд байдаг өрөөндөө орж, сая нэг санаа амраад өөрийн эрхгүй уйлж билээ.«Сайхан сэтгэлийн үүднээс зөвлөгөө өгдөг ийм л хүн манай байгууллагад үнэ цэнэтэй. ... Дандаа ийм байгаарай»
Хэдэн сарын дараа Гилеад сургуулийн 24 дэх ангид суралцах урилга авав. Сургалт нь 1955 оны 2 дугаар сард дуусах байлаа. Миссионерээр томилогдохгүй байж магадгүй, гэхдээ явуулын ажлыг илүү сайн хийх чадвартай болно гэдгийг явахаас маань өмнө хэлсэн юм. Бид хоёр их ч юм сурсан. Даруу байхын чухлыг ч ойлгосон.
Сургуулиа төгсөөд мужийн харгалзагчаар томилогдлоо. Индиана, Мичиган, Охайо мужийг хариуцдаг болсон. Тэгтэл 1955 оны 12 дугаар сард Норр ахаас захидал аваад гайхаж орхив. Уг захидалд «Алийг нь сонгомоор байгаагаа санаа зоволгүй шууд хэлээрэй. Бетелд үйлчилмээр байна уу, эсвэл Бетелд хэсэг байж байгаад гадаадад томилогдмоор байна уу? Эсвэл муж, дүүргийн ажлаа хийе гэж бодож байна уу? Надад тодорхой хэлээрэй» гэж бичсэн байв. Хаана ч томилсон дуртайяа хүлээж авна гэдгээ бид хоёр хэлсэн. Бараг тэр даруй Бетелд томилогдов!
БЕТЕЛД ҮЙЛЧИЛСЭН ЖАРГАЛТАЙ ОН ЖИЛҮҮД
Бетелд үйлчлэх хугацаандаа АНУ дахь олон хурал, чуулганд очиж илтгэл тавьж байсан. Зааж сургаж байсан залуучууд маань хожим Еховагийн байгууллагад хариуцлагатай үүрэг хүлээдэг болсон. Би яваандаа дэлхий дахины дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулдаг оффист Норр ахын нарийн бичиг хийдэг болсон.
Үйлчлэлийн хэлтэст өнгөрүүлсэн он жилүүд дэндүү сайхан байж билээ. Энэ хэлтсийн харгалзагчаар олон жил үйлчилсэн Т. Ж. (Бад) Салливантай ажиллахдаа их юм мэдэж авсан. Өөр олон хүний туршлагаас суралцсан. Надад зааж сургах үүрэг авсан Фред Раск бол тэдний нэг юм. Би түүнээс «Фред, миний бичсэн захидлуудыг яагаад ингэж их засдаг юм бэ?» гэж сониучирхан асуулаа. Тэгтэл
Фред инээгээд, «Маалком минь, бид хүнтэй ярьж байхдаа ойлгоогүй юмыг нь дэлгэрэнгүй тайлбарлаад ойлгуулж чаддаг шүү дээ. Харин бичсэн юмыг тэгэх аргагүй. Ялангуяа манай байгууллагаас гарч байгаа бичиг захидал аль болохоор ойлгомжтой, тодорхой байх ёстой» гэж нэгийг бодуулах үг хэлж билээ. Тэгээд «Санаа зовох хэрэггүй, чи их сайн ажиллаж байгаа. Яваандаа бүр сайжирна» гэсэн юм.Бетелд байх хугацаандаа Грейс янз бүрийн ажил хийдэг байлаа. Тухайлбал, үйлчлэгчээр ажиллаж, хүмүүсийн амьдардаг өрөөг цэвэр цэмцгэр байлгадаг байсан. Ажилдаа их дуртай. Тэр үед Бетелд үйлчилж байсан залуучууд одоо тааралдахлаараа Грейст «Ор яаж хураахыг та надад үнэхээр сайн зааж өгсөн шүү. Ээж минь их таашааж байсан» гэж хэлдэг юм. Грейс бас Сэтгүүлийн, Захидал харилцааны болон Хуурцаг хуулбарлах хэлтэст ажиллахдаа дуртай байв. Еховагийн байгууллагад байсан цагт ямар ч ажил хийсэн, хаана ч үйлчилсэн, түүнийгээ аз завшаан, ивээл хишиг гэж үздэг болоход энэ бүх ажил эхнэрт минь тус болсон. Одоо ч тэгж боддог.
АМЬДРАЛ ӨӨРЧЛӨГДСӨН НЬ
1970-аад оны дунд үе гэхэд настай эцэг эхэд маань анхаарал халамж хэрэгтэй болсон тул бид хоёр чухал шийдвэр гаргахад хүрлээ. Ижилдэн дассан бетелчин ах дүүсээсээ холдох хэцүү байсан ч эцэг эхээ асрах үүргээ умартаж болохгүй байв. Тиймээс хэзээ нэгэн цагт боломж олдвол эргээд ирнэ гэсэн итгэл өвөрлөн Бетелийг орхисон доо.
Амьдралаа залгуулахын тулд би даатгалын компанид ажилд оров. Намайг тэр ажилд сургаж байсан нэг менежерийн хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Тэр хүн: «Ашиг орлоготой ажиллая гэвэл оройн цагаар айлаар явах хэрэгтэй. Тэгж байж л хүмүүстэй уулзаж чадна. Тийм болохоор орой болгон айлаар явах нь юунаас ч илүү чухал шүү» гэлээ. Тэгэхлээр нь би: «Туршлага дээрээ үндэслээд ярьж байгааг тань ойлгож байна. Гэхдээ Бурхнаа шүтэх асуудал миний амьдралын хамгийн чухал зүйл байсаар ирсэн. Цаашдаа ч тийм л байна. Би мягмар, пүрэв гаригаас бусад өдөр бол айлаар явж чадна. Харин тэр өдрүүдэд маш чухал цуглаанд очдог юм» гэж хариулав. Ажлаас болоод цуглаанаа таслаагүй намайг Ехова үнэхээр ивээсэн.
Өндөр настныг эмчлэн сувилах газар хэвтэж байсан ээж минь 1987 оны 7 дугаар сард өнгөрөхөд эхнэр бид хоёр дэргэд нь байлаа. Ахлах сувилагч хүрч ирээд, «Хатагтай Ааллен, та одоо гэртээ харьж амар даа. Хадам ээжийнхээ дэргэдээс холдоогүйг тань бүгд мэднэ. Та өөрөөрөө бахархах хэрэгтэй шүү» гэж эхнэрт минь хэлж билээ.
1987 оны 12 дугаар сард Бетелд үйлчлэх анкет бөглөлөө. Бид хоёрын хүслэн болсон газар даа. Гэтэл хэдхэн хоногийн дараа эхнэр маань бүдүүн гэдэсний хорт хавдартай болох нь тогтоогдов. Мэс засал хийлгэж бие нь сайжирсны дараа хавдраас айх хэрэггүй болсныг эмч нар хэллээ. Тэр хугацаанд Бетелээс захидал ирэв. Үйлчилж байгаа хуралдаа байгаарай гэж бичсэн байлаа. Бид хоёр Хаанчлалын үйл хэргийн төлөө чадах бүхнээ хийсээр байя гэж шийдсэн.
Яваандаа Техаст ажиллах боломж гарав. Зөөлөн дулаан уур амьсгал нь бидэнд сайн байх гэж бодоод энд нүүж ирлээ. Үнэхээр ч тийм байсан. Тэр цагаас хойш 25 жил өнгөрчээ. Одоо бид эндхийн итгэл нэгтнүүдийнхээ хайр халамжид умбаж явна.
СУРЧ МЭДСЭН ЗҮЙЛ
Эхнэр маань бүдүүн гэдэс, бамбай булчирхайн хорт хавдартай олон жил тэмцэж байна. Саяхнаас хөхний хорт хавдартай болсон. Гэсэн ч хэзээ ч гомдоллож байгаагүй. Үргэлж намайг дэмжиж, тэргүүнээ гэж үзэж ирсэн. Та хоёр яагаад ийм аз жаргалтай, баяр хөөртэй амьдардаг юм бэ гэж хүмүүс Грейсээс байнга асуудаг юм. Тэгэхлээр нь Грейс: «Бид хоёр хамгийн сайн найзууд. Өдөр бүр ярилцдаг. Үргэлж хамт байхыг хичээдэг. Бие биедээ уурласан бол учраа олохоос нааш орондоо ордоггүй» гэж хариулдаг. Нэг нэгэндээ уурлах үе байлгүй л яах вэ. Гэхдээ бие биеэ уучлаад, бүхнийг мартдаг. Үнэхээр сайн арга даа.
«Еховад үргэлж найд. Юу зөвшөөрснийг нь хүлээж ав»
Янз бүрийн зовлон үзэж туулахдаа дараах чухал зүйлүүдийг ойлгож авсан.
-
Еховад үргэлж найд. Юу зөвшөөрснийг нь хүлээж ав. Өөрийн ойлголтод бүү түшиглэ (Сур. 3:5, 6; Иер. 17:7).
-
Юу ч болж байсан Библиэс л удирдлага заавар хайж бай. Еховад дуулгавартай байж, хууль тушаалыг нь сахих амин чухал. Дуулгавартай байх, эсвэл дуулгаваргүй байх гэдэг хоёр л зам бий. Гурав дахь зам байхгүй (Ром 6:16; Евр. 4:12).
-
Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол Еховагийн сайшаалыг олох юм. Мөнгө төгрөгийг бус, Еховагийн хүсэл тааллыг нэгдүгээрт тавь (Сур. 28:20; Ном. 7:1; Мат. 6:33, 34).
-
Еховад хамаг чадлаараа, үр өгөөжтэй үйлчлэхийн тулд залбирч бай. Чадал хүрэхгүй юмаа биш, харин чадахыгаа л анхаар (Мат. 22:37; 2 Тим. 4:2).
-
Еховагийн ивээл, сайшаалыг хүртдэг өөр байгууллага байхгүй гэдгийг сана (Иох. 6:68).
Грейс бид хоёр гэрлэснээс хойш 65 жил өнгөрчээ. Аль аль нь Еховад 75 жил үйлчилж байна. Еховад ийм удаан хамт үйлчлэх үнэхээр сайхан. Еховад найддаг хүн ямар их ивээл хүртдэгийг бид хоёр өөрийн биеэр үзэж байна. Христиан ах дүүс маань үүнийг өөрсдөө амсаж үзээсэй гэж залбирдаг.