Долоон хоньчин, найман удирдагч гэж хэн бэ?
«Бид түүний эсрэг долоон хоньчин, найман удирдагчдыг босгох болно» (МИКА 5:5).
1. Сири-Израилийн төлөвлөгөө яагаад нурах ёстой байсан бэ?
МЭӨ 762–759 оны хооронд Израиль болон Сирийн хаад Иудагийн хаант улс руу дайлаар морджээ. Ямар зорилготой байсан бэ? Иерусалимыг эзлэн авч, Ахазыг хаан ширээнээс нь зайлуулж, Давид хаантай ураг төрлийн барилдлагагүй хүнийг хаанаар өргөмжлөх зорилготой байлаа (Ис. 7:5, 6). Гэвч төлөвлөгөө нь нурах ёстой ажээ. Учир нь Ехова Давидын удмын хүнийг хаан ширээнд мөнхөд суулгана гэж айлдсан билээ. Еховагийн хэлсэн үг хэзээд биелдэг (Иош. 23:14; 2 Сам. 7:16).
2-4. Исаиа 7:14, 16 а) МЭӨ VIII зуунд, б) МЭ І зуунд хэрхэн биелсэн бэ?
2 Сири, Израилийн цэргүүд эхэндээ хэнд ч дийлдэшгүй мэт байлаа. Ахаз хаантай ганцхан удаа тулалдаад л 120 000 зоригт эрсийг нь хөнөөжээ! «Хааны хүү» Маасеиа ч алагдсан (Ш.дэд 28:6, 7). Энэ бүхнийг Ехова харж байв. Тэрбээр Давидад өгсөн амлалтаа санаж байсан тул Ахазын цэргүүдийн урам зоригийг бадраах сайн мэдээ хэлүүлэхээр зөнч Исаиаг илгээжээ.
3 Исаиа: «Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ „Иммануел“ гэж нэрлэнэ. ... Хүүг муугаас татгалзан, сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг [Сири, Израиль] мартагдах болно» гэж зөгнөсөн (Ис. 7:14, 16). Энэ зөгнөлийн эхний хэсгийг голдуу Мессиа төрөхтэй холбож иш татсан байдаг (Мат. 1:23). Гэхдээ «хоёр хаан» буюу Сири, Израилийн хаад МЭ I зуунд Иуда руу довтлоогүй учир Иммануелийн тухай зөгнөл эхний удаа Исаиагийн үед биелсэн байж таарна.
4 Исаиаг дээрх зөгнөлийг хэлсний дараахан эхнэр нь бие давхар болж хүү төрүүлжээ. Хүүг Махер-шалал-хаш-баз гэж нэрлэв. Исаиагийн хэлж байсан «Иммануел» нь энэ хүүхэд байсан байж болох юм. * Эртний Израильд, хүүхэд төрөхөд ямар нэгэн онцгой үйл явдлыг дурсаж нэр өгдөг байсан бололтой. Гэсэн хэдий ч эцэг эх, төрөл садан нь өөр нэрээр дууддаг байжээ (2 Сам. 12:24, 25). Есүсийг Иммануел гэдэг нэрээр нь дууддаг байсныг нотлох баримт байдаггүй (Исаиа 7:14; 8:3, 4-ийг уншина уу).
5. Ахаз хаан ямар буруу шийдвэр гаргасан бэ?
5 Израиль Сири хоёр Иудад хамаг анхаарлаа хандуулсан тэр үед өөр нэг хүчирхэг арми бүхий үндэстэн энэ нутагт санаархаж байлаа. Энэ нь Ассирийн эзэнт гүрэн юм. Ассири Иудагийн өмнөд хаант улс руу довтлохоосоо өмнө «Дамаскийн эд баялаг», «Самарийн олзыг» авах буюу Сири Израиль хоёрыг эзэлнэ гэдгийг Исаиа 8:3, 4-т зөгнөсөн байжээ. Үнэнч бус Ахаз хаан Исаиагаар хэлүүлсэн Еховагийн үгэнд итгэлгүй, Ассириас тусламж гуйсан нь мунхаг явдал болсон. Ассиричууд хожим нь Иудаг дарангуйлан захирчээ (Х.дэд 16:7–10). Ахаз Иудагийн хоньчин, удирдагч байсан атлаа ард түмнээ хамгаалж чадаагүй нь даанч тоогүй! Тэгэхлээр бид дор бүрнээ «Би чухал асуудлыг шийдэхдээ Бурханд найддаг уу, хүнд найддаг уу?» гэж бодоцгооё (Сур. 3:5, 6).
ШИНЭ ХОНЬЧИН, ШИНЭ АРГА БАРИЛ
6. Хезекиа Ахазаас ямар ялгаатай байсан бэ?
6 Ахаз МЭӨ 746 онд нас барж, түүний хүү Хезекиа орыг нь залгажээ. Тэр үед Иуда улс ядуу буурай, сүнслэгээр завхран гажуудсан байлаа. Залуу хаан хамгийн түрүүнд юу хийсэн бэ? Улс орноо эдийн засгийн хямралаас гаргах гэж оролдсон уу? Үгүй. Хезекиа Еховагийн хоньдыг хариулж чадах сүнслэг хүн байсан учир хамгийн түрүүнд цэвэр шүтлэгийг сэргээж, зөрүүд ард түмнийг Ехова руу эргэж ирэхэд нь тусалжээ. Бурхан өөрөөс нь юу хүсэж байгааг ойлгомогцоо шийдэмгий алхам хийсэн нь бидэнд сайхан жишээ болдог! (Ш.дэд 29:1–19).
7. Левичүүдэд шинэ хааных нь дэмжлэг хэрэгтэй байсны учир юу вэ?
7 Цэвэр шүтлэгийг сэргээх ажилд левичүүд чухал үүрэг гүйцэтгэх ёстой байлаа. Тиймээс Хезекиа тэдэнтэй уулзаад тусалж дэмжихээ амлан «ЭЗЭН та нарыг Өөрийнхөө өмнө зогсоож, Өөртөө үйлчлүүлэхээр ... сонгосон билээ» гэж хэлсэн. Тэр уулзалтад оролцсон үнэнч левичүүд хааныхаа үгийг сонсоод баярласандаа нулимс унагаж байсныг төсөөлөөрэй (Ш.дэд 29:11). Ийнхүү левичүүд цэвэр шүтлэгийг сэргээх тодорхой тушаал авсан юм!
8. Хезекиа ард түмнийхээ сүнслэг байдлыг сэргээхийн тулд өөр юу хийсэн бэ? Үр дүн нь юу байсан бэ?
8 Хезекиа хаан Иуда, Израилийн бүх ард түмнийг Дээгүүр өнгөрөх баярт урьжээ. Энэ баярын дараа Исгээгүй талхны баярыг долоо хоног тэмдэглэсэн. Ард олон сэтгэл тэнийн баярласан тул дахин долоо хоног сунгажээ. «Давидын хүү Израилийн хаан Соломоны өдрүүдээс хойш Иерусалимд үүнтэй адил юм болж байгаагүй учраас Иерусалимд асар их баяр хөөр болж байлаа» гэж Библид бичсэн байдаг (Ш.дэд 30:25, 26). Энэхүү сүнслэг найр наадам ард түмний урам зоригийг бадраасан нь лавтай! Шастирын -д «Энэ бүхэн дууссаны дараа тэнд байсан бүх израильчууд ... баганануудыг хэсэглэн бутлаж, Ашерагийн модон шонг цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг нураав» гэж бичжээ. Иудагийн ард түмэн Еховатай дахин дотносох болсон. Үүний ачаар удахгүй нөмрөх аюулыг сөрөхөд бэлэн болжээ. дэд 31:1
ХААН ДАЙСНЫ ДОВТОЛГООНД БЭЛДСЭН НЬ
9. а) Израилийн төлөвлөгөө хэрхэн нурсан бэ? б) Сеннахериб эхлээд ямар амжилт гаргасан бэ?
9 Исаиагийн зөгнөснөөр, ассиричууд Израилийн хойд хаант улсыг эзэлж, оршин суугчдыг нь цөлсөн юм. Үүний дүнд Давидын удмын биш хүнийг хаан ширээнд суулгана гэсэн Израилийн төлөвлөгөө нуржээ. Харин ассиричуудын дараагийн төлөвлөгөө юу байсан бэ? Иудаг эзлэн авах явдал байлаа. «Хезекиа хааны арван дөрөв дэх жилд Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудыг довтлон ирж, эзлэн авав». Сеннахериб Иудагийн 46 хотыг гартаа оруулж авчээ. Хэрэв та тэр үед Иерусалимд амьдарч байсан бол яах байснаа бодоод үз дээ. Ассирийн цэргүүд Иудагийн хотуудыг нэг нэгээр нь эзлэн авсаар Иерусалим руу улам дөхөж байна! (Х.дэд 18:13).
10. Микагийн зөгнөл Хезекиад урам хайрласны учир юу вэ?
10 Дайсан довтлох гэж байгааг мэдээд Ахаз айн сандарч бусад үндэстнээс тусламж гуйсан билээ. Харин Хезекиа тэрслүү эцгийнхээ замаар замналгүй, Еховад найдсан (Ш.дэд 28:20, 21). Тэрбээр тухайн үеийнхээ зөнч Микагийн хэлсэн үгийг мэдэж байсан биз ээ. Мика Ассирийн тухай зөгнөхдөө «Бид түүний [Ассирийн] эсрэг долоон хоньчин, найман удирдагчдыг босгох болно. Тэд Ассирийн газар нутгийг илдээр ... хариулах болно» гэжээ (Мика 5:5, 6). Ехова ер бусын армиа илгээж ассиричуудыг ялах гэж байгааг Хезекиа энэ зөгнөлөөс мэдээд урамшин зоригжсон нь дамжиггүй.
11. Долоон хоньчин, найман удирдагчийн тухай зөгнөл хэзээ бүрэн биелэх вэ?
11 Долоон хоньчин, найман удирдагчийн тухай зөгнөл «Израилийг захирах», «эртнээс ... үүдэлтэй» Нэгэн буюу Есүсийг төрснөөс хойш бүрэн биелэх учиртай (Мика 5:1, 2-ыг уншина уу). Нарийн яривал, орчин үеийн «Ассири» Еховагийн үйлчлэгчид рүү довтлоход биелнэ. Ехова Хүүгээрээ ямар армийг удирдуулж энэ дайсныг ялах вэ? Хариуг нь өгүүллийн төгсгөлд ярилцъя. Харин эхлээд ассиричуудыг довтлоход Хезекиа ямар алхам хийснийг ярилцаж, түүнээс юу сурч болохыг авч үзье.
ХЕЗЕКИА ЮУ ХИЙСЭН БЭ?
12. Бурхны ард түмнийг хамгаалахын тулд Хезекиа «түшмэд болон дайчидтайгаа» хамт юу хийсэн бэ?
12 Ехова хүч хүрэхгүй юмыг маань хийж өгөхөд ямагт бэлэн байдаг. Гэлээ ч юу чадахыгаа хийгээсэй гэж биднээс хүсдэг. Хезекиа «түшмэд болон дайчидтайгаа» зөвлөлдөж, «хотын гадна байдаг булгуудаас усыг таслахаар шийдсэн». «Тэрээр урам авч, нурсан байсан бүх хэрмийг сэргээн босгож, дээр нь цамхгуудыг байгуулаад, өөр гаднах ханыг барьж, ... их хэмжээний зэвсэг, бамбайнуудыг хийв» (Ш.дэд 32:3–5). Энэ хугацаанд Ехова Хезекиа хаан, түүний түшмэл, үнэнч зөнч гээд зоригт эрчүүдээр хоньдоо хамгаалуулж, хариулуулсан.
13. Ард түмнээ дайсны довтолгоонд бэлдэхийн тулд Хезекиагийн хийсэн хамгийн чухал алхам юу байсан бэ? Энэ нь ямар ач тустай байсан бэ?
13 Хезекиагийн хийсэн дараагийн алхам нь ус хаах, хотын хэрмийг сэргээхээс илүү чухал байлаа. Тэрбээр сайн хоньчин байсан учир ард олныг цуглуулан дараах үгийг хэлж урамшуулан зоригжуулжээ. «Ассирийн хаанаас ... бүү эмээ, бүү зүрх алдагтун. Учир нь бидэнтэй хамт байгаа Нэгэн нь түүнтэй хамт байгаа нэгнээс агуу юм. Түүнтэй хамт зөвхөн махан гар, харин бидэнтэй хамт бидэнд туслах болон тулалдаанд минь байлдах бидний Бурхан ЭЗЭН байна». Ехова ард түмнийхээ төлөө тулалдана гэсэн энэ үг хэчнээн их итгэл бэхжүүлэм байсан бол оо! Энэ үгийг сонсоод ард түмэн «Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ». «Хезекиагийн үг» тэдний зүрх сэтгэлд нөлөөлсөн. Хаан, түшмэд, дайчид болон зөнч Мика Исаиа нар Еховагийн зөгнөсөн ёсоор сайн хоньчид гэдгээ баталжээ (Ш.дэд 32:7, 8; Мика 5:5, 6-г уншина уу).
14. Рабшаке юу гэж хэлсэн бэ? Ард түмэн хариуд нь яасан бэ?
14 Ассирийн хаан Иерусалимын баруун өмнө зүгт байдаг Лахиш гэдэг газар цэргүүдтэйгээ буудаллажээ. Тэндээсээ гурван төлөөлөгч илгээж, хотын оршин суугчдыг үг дуугүй бууж өгөхийг шаардав. Рабшаке гэдэг цолтой гол төлөөлөгч нь янз бүрийн арга хэрэглэжээ. Ард түмнийг хаанаасаа урвахыг ятгаж, Ассирийн хаанд дагаар орвол сайхан нутагт аваачиж жаргаана хэмээн худал амлахдаа өөрсдийнх нь хэлээр ярьсан (Хаадын дэд 18:31, 32-ыг уншина уу). Бас бусад үндэстний бурхад сүсэгтнүүдээ хамгаалаагүй шиг, Ехова иудейчүүдийг Ассирийн савраас аварч чадахгүй гэж нотлохыг оролдсон. Ард түмэн энэ худал суртал ухуулгыг сонсоод ямар ч хариу хэлээгүй нь ухаалаг явдал болжээ. Еховагийн орчин үеийн үйлчлэгчид тэднийг дууриадаг (Хаадын дэд 18:35, 36-г уншина уу).
15. Иерусалимын оршин суугчид юу хийх ёстой байсан бэ? Ехова хотыг хэрхэн хамгаалсан бэ?
15 Хезекиагийн сэтгэл тавгүйтсэн нь мэдээж. Гэхдээ өөр бусад үндэстнээс тусламж гуйлгүй, зөнч Исаиа руу элч илгээсэн. Исаиа Хезекиад «Тэр [Сеннахериб] энэ хот уруу ирэхгүй, нум сумаар ч харвахгүй» гэж хэлүүлсэн (Х.дэд 19:32). Иерусалимын оршин суугчдын хийх ёстой юм нь гэвэл тууштай, зоригтой байх ёстой байлаа. Ехова Иудагийн төлөө тулалдах аж. Үнэхээр ч тулалдсан юм! «Тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив» (Х.дэд 19:35). Хезекиа хотын усны эх ундаргыг хааж, хана хэрэм босгосон учраас бус, харин Ехова Бурхан гар бие оролцсон учраас Иуда ялсан билээ.
ЯМАР СУРГАМЖТАЙ ВЭ?
16. Орчин үед хэн а) Иерусалимын оршин суугчид б) «Ассири» в) долоон хоньчин, найман удирдагч вэ?
16 Долоон хоньчин, найман удирдагчийн тухай зөгнөл биелэх хамгийн чухал үе нь өнөө үе юм. Эрт цагт ассиричууд Иерусалимын оршин суугчид руу довтолж байсан. Ойрын ирээдүйд орчин үеийн «Ассири» Еховагийн ард түмэн рүү довтолно. Энэ дайсны зорилго нь тэднийг газрын хөрснөөс арчих юм. Библид энэ довтолгоог бас «Магогийн газрын ... Гогийн», «Умард зүгийн хааны», «газрын хаадын» довтолгоо гэдэг (Езе. 38:2, 10–13; Дан. 11:40, 44, 45; Илч. 17:14; 19:19). Эдгээр нь өөр өөр довтолгоо юу? Бид мэдэхгүй. Библид нэг л довтолгоог гурван өөр нэрээр бичсэн байж болох юм. Ехова «Ассири» хэмээх асар хүчтэй, харгис догшин энэ дайсны эсрэг ямар армийг илгээх вэ? Ер бусын хүчирхэг армийг уу? Үгүй. Микагийн зөгнөлд бичсэнээр, «долоон хоньчин, найман удирдагчдыг» илгээнэ! (Мика 5:5). Тэд бол хурлын ахлагчид юм (1 Петр 5:2). Ард түмнийг нь хамгаалж, «Ассирийн» довтолгооны үед бэлэн байлгах үүргийг Ехова тоо томшгүй олон ахлагчид оноодог. * Микагийн зөгнөснөөр тэд «Ассирийн газар нутгийг илдээр [буюу сэлмээр] ... хариулах болно» (Мика 5:6). «Сүнсний сэлэм» болох Бурхны Үг бол тэдний хэрэглэх «байлдааны зэвсгийн» нэг юм (2 Кор. 10:4; Еф. 6:17).
17. Энэ өгүүллээр үзсэн зүйлээс ахлагчид ямар дүгнэлт хийж болох вэ?
17 Ахлагчид энэ өгүүллийг уншаад дараах дүгнэлтийг хийж болно. 1) «Ассирийн» довтолгооны үед бэлэн байх хамгийн сайн арга нь өөрийнхөө төдийгүй сүнслэг ах дүүсийнхээ итгэлийг бэхжүүлэх юм. 2) «Ассирийн» довтолгоо эхлэхэд Ехова аварна гэдэгт ахлагчид өчүүхэн төдий ч эргэлзэх ёсгүй. 3) Тэр үед Еховагийн байгууллагаас өгсөн заавар ойлгомжгүй, хачин санагдаж мэднэ. Гэхдээ амь аврахын тулд гаргасан заавар учир санал нийлэхгүй байлаа ч үг дуугүй дагах ёстой. 4) Ертөнцийн боловсрол, эд баялаг, хүний байгууллагад найддаг хэн боловч одоо бодлоо өөрчлөх цаг мөн. Еховад бүрэн дүүрэн найдахгүй байгаа хүмүүст ахлагчид дуртайяа туслах учиртай.
18. Хезекиагийн үед болсон үйл явдлыг эргэцүүлж бодох нь алсдаа ямар ач тустай вэ?
18 Иерусалим хотод хашигдаад, юу ч хийж чадахгүй болсон Хезекиагийн үеийн иудейчүүд шиг, Бурхны орчин үеийн үйлчлэгчид арчаагүй дорой харагдах цаг удахгүй ирнэ. Тэр үед Хезекиагийн үгийг санаж зориг орцгооё. Бидний дайснуудтай «хамт зөвхөн махан гар, харин бидэнтэй хамт бидэнд туслах болон тулалдаанд минь байлдах бидний Бурхан» Ехова байна! (Ш.дэд 32:8).
^ Исаиа 7:14-т гардаг «онгон бүсгүй» гэж орчуулсан еврей үг нь бас нөхөртэй эмэгтэй гэсэн утгатай. Иймд энэ үгээр Исаиагийн эхнэрийг ч, онгон бүсгүй Мариаг ч хэлж болдог.
^ Юмны бүрэн бүтнийг Библид 7-ийн тоогоор илэрхийлдэг. 8-ын тоо нь 7-оос 1-ээр илүү тул зарим тохиолдолд элбэг дэлбэг байдлыг бэлгэддэг.