«Залбиралдаа эрүүл байгтун»
«Зөв шүүн тунгааж, залбиралдаа эрүүл байгтун» (1 ПЕТР 4:7).
1, 2. а) «Залбиралдаа эрүүл байх» нь хэр чухал бэ? б) Ямар асуултыг өөртөө тавих хэрэгтэй вэ?
«ҮҮР цайхын өмнөхөн сэрүүн байх хамгийн хэцүү» гэж шөнийн ээлжид гардаг байсан нэг эрэгтэй хэлжээ. Шөнө ажилладаг хүмүүс энэ хүнтэй санал нийлэх байх. Христианууд бид Сатаны ертөнц юу юугүй сүйрэх гэж буй цаг үед амьдарч байна. Үүнийг үүр цайхын өмнөх үетэй зүйрлэж болно. Тиймээс сүнслэгээр унтахгүйг хичээх хэрэгтэй (Ром 13:12). Ийм эгзэгтэй мөчид унтчихвал үнэхээр аюултай! «Зөв шүүн тунгааж», «залбиралдаа эрүүл байх» буюу байнга залбирч, сонор сэрэмжтэй байх нь туйлын чухал (1 Петр 4:7).
2 Сатаны ертөнцийн төгсгөл тун ойрхон байгаа учир дараах асуултыг өөртөө тавих нь ухаалаг юм. «Би залбирлыг хэр чухалд үздэг вэ? Нэг л янзаар залбирдаг уу, эсвэл олон янзаар залбирдаг уу? Байнга залбирдаг уу? Бусдын төлөө залбирдаг уу, эсвэл зөвхөн өөрийнхөө төлөө залбирдаг уу? Аврагдахад залбирал хэр чухал бэ?».
ЗАЛБИРАЛ ОЛОН ЯНЗ
3. «Аливаа залбирал» гэдэгт юу ордог вэ?
3 Элч Паул Ефесийн христиануудад явуулсан захидалдаа «аливаа залбирал» гэж бичжээ (Еф. 6:18). Бид голдуу ямар нэг юм хэрэгтэй болсон, саад бэрхшээл тулгарсан үед залбирдаг. Ехова ч залбирлыг маань дуртайяа сонсдог (Дуу. 65:2). Гэхдээ залбирал олон янз байдгийг мартаж болохгүй. Жишээ нь, бид Еховад залбирахдаа магтдаг, талархдаг, ямар нэгэн юмыг шаргуу гуйдаг.
4. Залбирахдаа Еховаг байнга магтах хэрэгтэйн учир юу вэ?
4 Залбирахдаа Еховаг магтах хэрэгтэй. Ингэх шалтгаан олон. Жишээ нь, түүний «хүчит үйлс», «эрхэм агуу байдлыг» бодохлоор өөрийн эрхгүй магтдаг (Дуулал 150:1–6-г уншина уу). Тиймдээ ч 150-р дууллын зургаан зүйлд Еховаг магтахыг 13 удаа уриалсан байдаг! Бурхныг ихэд биширсэн өөр нэг дуулалч: «Таны зөв шударга тогтоолуудын улмаас би өдөрт долоон удаа Таныг магтдаг» хэмээн дуулжээ (Дуу. 119:164). Ехова үнэхээр магтуулах зохистой Нэгэн билээ. Тийм учраас, залбирахдаа Еховаг «өдөрт долоон удаа» буюу байнга магтах нь зүйтэй.
5. Еховад талархаж залбирдаг бол ямар ач тустай вэ?
5 Талархах нь залбирлын нэг салшгүй хэсэг юм. Паул: «Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл» хэмээн Филиппой хотын христиануудад зөвлөжээ (Флп. 4:6). Бидний амьдарч буй эцсийн өдрүүдэд «үл талархагч» хүмүүс улам бүр олширч байна. Тэдэн шиг болохгүйн тулд Еховад чин сэтгэлээсээ талархаж залбирдаг байх нь нэн чухал (2 Тим. 3:1, 2). Болгоомжтой байхгүй бол өнөөгийн нийгэмд газар авсан үл талархах хандлагад автаж магадгүй. Бурханд талархлаа илэрхийлэн залбирдаг бол баяр баясгалантай байна. Бас амьдралаасаа болж дургүйцэн гомдоллохгүй (Иуда 16). Түүнээс гадна, өрхийн тэргүүн гэр бүлээ төлөөлөн залбирахдаа талархсан сэтгэлээ илэрхийлдэг бол эхнэр хүүхэд нь талархуу сэтгэлтэй болно.
6, 7. Ямар үед шаргуу гуйж болох вэ?
6 Шаргуу гуйх гэдэг нь зүгээр нэг хүсэлтээ мэдүүлэх төдий юм биш ээ. Бид хэзээ шаргуу залбирдаг вэ? Хавчлагад өртсөн, амь насанд аюултай өвчин туссан үедээ урьд урьдынхаасаа илүү шаргуу залбирч, туслаач гэж хичээнгүйлэн гуйдаг. Гэхдээ зөвхөн ийм л үед шаргуу залбирдаг уу?
7 Есүс хэрхэн залбирахыг шавь нартаа зааж өгөхдөө Бурхны нэр, Хаанчлал, хүсэл тааллын тухай юу гэж хэлснийг авч үзье (Матай 6:9, 10-ыг уншина уу). Энэ ертөнц ёс бус явдлын далайд живж, хүний засгийн газрууд ард иргэдийнхээ наад захын хэрэгцээг ч хангаж чадахаа больжээ. Ийм л үед бид шаргуу залбирах хэрэгтэй. Тэнгэрийн Эцгийн нэр ариусаасай, Бурхны Хаанчлал Сатаны засаглалыг халаасай гэж залбирч болно. Бас хүсэл тааллаа тэнгэрт биелүүлсэн шигээ дэлхий дээр биелүүлж өгнө үү гэж гуйх нь зөв юм. Зөвхөн нэг янзаар залбирахын оронд магтаж, талархаж, шаргуу гуйцгаая. Ингэвэл үргэлж сэргэг байна.
БАЙНГА ЗАЛБИР
8, 9. Нойрондоо дийлдээд унтчихсан Петр болон бусад элчийг шүүмжлэх ёсгүйн учир юу вэ?
8 «Залбиралдаа эрүүл байхыг» христиануудад уриалсан элч Петрт сэргэг байж чадаагүй тохиолдол нэг бус удаа гарсан юм. Тэрбээр Есүсийг Гетсемани цэцэрлэгт залбирч байх зуур бусад элчийн адил нойрондоо дийлдээд унтчихжээ. Есүс: «Сэргэг бай, залбир» гэж хэлсэн ч элч нар сэргэг байж чадаагүй (Матай 26:40–45-ыг уншина уу).
9 Петр болон бусад элчийг сэргэг байж чадаагүй гэж яаран шүүмжлэхийн оронд тэр өдөр хэчнээн их ядарсныг нь санаарай. Элч нар өдөржин баярын бэлтгэл хийгээд, орой нь Есүстэй хамт Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэсэн. Дараа нь Есүс «Эзэний Зоог» гэдэг өөр нэг баярыг санаачлан зохион байгуулжээ. Өөрийнх нь нас барсныг хойшид дурсан санаж тийнхүү тэмдэглэхийг шавь нартаа захисан (1 Кор. 11:23–25). «Тэд магтуу дуулсныхаа дараа» Иерусалимын давчуу гудамжаар явсаар Чидун ууланд очжээ (Мат. 26:30, 36). Тэгэхэд шөнө дунд хэдийнээ өнгөрсөн байлаа. Тэдний оронд байсан бол бид ч бас нойрондоо дийлдэх байсан биз ээ. Есүс ядарч сульдсан элч нараа загнаагүй. Тэднийгээ ойлгон «Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм» хэмээн хэлсэн байдаг.
10, 11. а) Гетсеманийн цэцэрлэгт болсон явдлаас Петр ямар сургамж авсан бэ? б) Танд ямар сургамжтай вэ?
10 Гетсеманийн цэцэрлэгт болсон явдлаас элч Петр гашуун сургамж авчээ. Өмнө нь Есүс: «Та нар энэ шөнө Надаас болж бүгд бүдрэх болно» гэж хэлдэг. «Танаас болж бүгд бүдэрлээ ч, би хэзээ ч бүдрэхгүй» гэж Петрийг хариу өчихөд Есүс: «Чи Намайг гурван удаа үгүйсгэнэ» гэсэн. Харин Петр: «Би хичнээн Тантай хамт үхэх ёстой болсон ч, Таныг үгүйсгэхгүй» хэмээн юу ч бодолгүй хариулжээ (Мат. 26:31–35). Есүсийн хэлсэн ёсоор Петр үнэхээр «бүдэрсэн». Багшийгаа гурав дахь удаагаа үгүйсгэсний дараа ихэд гэмшсэндээ гашуудан уйлдаг (Лук 22:60–62).
11 Петр өөртөө эрдэж болохгүйн чухлыг энэ явдлаас ухаарчээ. «Залбиралдаа эрүүл байхыг» христиануудад уриалсныг нь бодож үзвэл Петр энэ дутагдлаа залбирлын ачаар зассан нь тодорхой байна. Бурхны ариун сүнсээр хөтлүүлэн бичсэн энэ зөвлөгөөг бид дагадаг бил үү? Байнга залбирч Еховад найддагаа харуулдаг уу? «Өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг» хэмээн элч Паулын зөвлөснийг санаж явдаг уу? (1 Кор. 10:12).
НЕХЕМИА ЗАЛБИРЛЫНХАА ХАРИУГ АВСАН НЬ
12. Нехемиа дууриавал зохих жишээ болдог гэхийн учир юу вэ?
12 МЭӨ V зуунд амьдарч байсан Нехемиа Персийн Артаксеркс хааны сөнч байжээ. Тэрбээр зүрх сэтгэлийнхээ угаас Еховад залбирдаг байсан нь дууриавал зохих жишээ болдог. Иерусалим дахь иудейчүүдийн амьдрал хүнд байгааг сонсоод «хэдэн өдрийн турш гашуудан тэнгэрийн Бурханы өмнө мацаг барин залбирчээ» (Нех. 1:4). Яагаад ийм гунигтай байгааг нь Артаксеркс хаан асуухад Нехемиа тэр даруй «тэнгэрийн Бурханд» залбирсан (Нех. 2:2–4). Ехова ч залбиралд нь хариулж, израильчуудад ашигтай шийдвэрийг хаанаар гаргуулжээ (Нех. 2:5, 6). Нехемиагийн итгэл бэхэжсэн нь лавтай!
13, 14. Бат итгэлтэй байж, Сатаныг эсэргүүцэхийн тулд яах хэрэгтэй вэ?
13 Нехемиаг дууриан байнга залбирдаг бол бат итгэлтэй байна. Биднийг сульдаж доройтсон үед Сатан хайр найргүй дайрч довтолдог. Бид сар бүр дэлгэрүүлдэг ч өвчин туссан юм уу сэтгэлээр унасан үедээ гутранги үзэлд автаж магад. Үүнээсээ болоод хичээл зүтгэлийг маань Бурхан үнэлдэггүй гэж боддог болж мэднэ. Зарим маань алдаж эндэж явснаа бодон шаналдаг. Сатан биднийг хэнд ч хэрэггүй хүн гэж бодуулахыг оролддог. Ийнхүү сэтгэлээр унагаж итгэлийг маань бусниулахыг гол зорилгоо болгодог. Харин бид бат итгэлтэй байхын тулд байнга залбирах хэрэгтэй. Библид итгэлийг бамбайтай зүйрлэсэн байдаг. Энэ бамбайн ачаар «муу нэгний бүх галт сумыг унтрааж» чадна (Еф. 6:16).
14 Бид «залбиралдаа эрүүл байдаг» бол итгэлийг маань шалгасан сорилт гэнэт тулгарахад гайхаж цочирдохгүй, бууж өгөхгүй. Сорилт бэрхшээл, төвөгтэй асуудал тулгарвал Нехемиаг дууриан тэр даруй Бурханд залбирах хэрэгтэй. Хорхой хүргэм зүйлийг тэвчиж, сорилтыг даван туулахад зөвхөн Ехова л тусална.
БУСДЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРАХ НЬ
15. Өөрөөсөө юу гэж асуух нь зүйтэй вэ?
15 Есүс Петрийг бат итгэлтэй байгаасай гэж хүсээд түүний төлөө шаргуу залбирсан (Лук 22:32). I зуунд амьдарч байсан үнэнч христиан Епафр Есүсийн жишээг дагаж, Колоссай дахь итгэл нэгтнүүдийнхээ төлөө шаргуу залбирчээ. «Бурханы бүх хүсэл дотор та нар гүйцэд болж, төгс зогсож байхын тулд Епафр та нарын төлөө үргэлж залбиран тэмцэлдэж байна» гэж Паул бичжээ (Кол. 4:12). Дараах асуултыг өөртөө тавиарай. «Би дэлхий дахинд буй ах дүүсийнхээ төлөө шаргуу залбирдаг уу? Байгалийн гамшигт өртсөн итгэл нэгтнүүдийнхээ төлөө хэр их залбирдаг вэ? Еховагийн байгууллагад хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн төлөө хамгийн сүүлд хэзээ залбирсан бэ? Хурлынхаа гишүүдийн, ялангуяа, зовж яваа нэгнийхээ төлөө залбирсан бил үү?».
16. Бусдынхаа төлөө залбирах нь тустай юу? Тайлбарлана уу.
16 Бусдын төлөө Ехова Бурхандаа залбирвал үнэхээр тустай (2 Коринт 1:11-ийг уншина уу). Ехова ийм залбиралд хариулахдаа хэдэн хүн, хэчнээн удаа залбирч байгааг л тооцдог юм биш. Хамгийн гол нь нэгэн үзүүрт сэтгэлээр, хичээнгүйлэн гуйж байгааг нь хараад залбиралд нь дуртайяа хариулдаг. Тиймээс бусдын төлөө залбирахыг үүрэг төдийгүй завшаан гэж үзэцгээе. Епафрын адилаар, христиан ах дүүсээ чин зүрхнээсээ хайрлаж, санаа тавьдгаа батлан тэдний төлөө залбирдаг байя. Ингэвэл бид өөрсдөө жаргалтай болно. «Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй» буюу жаргалтай гэдэг шүү дээ (Үйлс 20:35).
АВРАЛ ОЙРХОН БАЙНА
17, 18. «Залбиралдаа эрүүл байхын» ач тус юу вэ?
17 Элч Паул: «Шөнө өнгөрч, өдөр ойртов» гэдэг үгийг бичихээсээ өмнө «Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ гэдгийг мэдэн үүнийг хий. Учир нь урьд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна» гэжээ (Ром 13:11, 12). Бид Бурхны амласан шинэ ертөнцийн хаяанд тулж ирчихээд байна. Аврагдах цаг маань бодсоноос ч илүү ойрхон байна. Одоо сүнслэгээр унтах цаг биш ээ. Ертөнцийн юмыг анхаарвал Еховад ганцаарчлан залбирах цаг олдохгүй. Харин «залбиралдаа эрүүл байвал» Еховагийн өдрийг хүлээнгээ «ариун байдал ба сүсэглэл дотор» байж чадна (2 Петр 3:11, 12). Ийм хүн сүнслэгээр сэргэг байдаг бөгөөд өнөөгийн ёс бус тогтолцоо удахгүй устгагдана гэдэгт итгэдэг. Тиймээс «тасралтгүй залбирцгаая» (1 Тес. 5:17). Бас Есүсийг дууриан, хэн ч саад болохооргүй газар очиж ганцаарчлан залбирдаг байцгаая. Цаг зав гарган ийнхүү залбирах тусам Еховатай улам дотносно (Иак. 4:7, 8). Бурхантай дотно байх гэдэг зүйрлэшгүй их ивээл биш гэж үү?
18 Библид Есүсийн талаар «Тэрбээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ» хэмээн бичсэн байдаг (Евр. 5:7). Есүс «залбирал болон гуйлтуудаа өргөж», үхэн үхтэлээ Бурханд үнэнч байсан. Үүнийх нь төлөө Ехова хайртай Хүүгээ амилуулж, үхэшгүй мөнхийн амьтай болгосон. Бидэнд хорхой хүргэм зүйл, сорилт бэрхшээл тулгарах нь лавтай. Гэлээ ч гэсэн «залбиралдаа эрүүл байдаг» бол тэнгэрийн Эцэгтээ Есүс шиг үнэнч байж чадна. Эцэст нь мөнхийн амиар шагнуулна.