Skip to content

Гарчиг руу орох

Тэвчээртэй хүлээгтүн

Тэвчээртэй хүлээгтүн

«Би ... хүлээнэ» (МИКА 7:7).

1. Юунаас болж тэвчээр алдаж мэдэх вэ?

 ЕСҮС 1914 онд тэнгэрт хаан ширээнд залармагцаа Сатан болон чөтгөрүүдтэй тулалдан тэднийг дэлхий рүү хаяснаар Сатаны тогтолцооны эцсийн өдрүүд эхэлжээ (Илчлэлт 12:7–9-ийг уншина уу). Өөрт нь «богинохон хугацаа» үлдсэнийг Диавол мэдэж байгаа (Илч. 12:12). Гэтэл энэ «богинохон хугацаа» зарим хүний бодсоноос ч илүү удаан үргэлжилж байна. Сатаны ертөнц устгагдах цаг дөхсөн энэ үед та тэвчээр алдаж байгаа юм биш биз?

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Тэвчээр алдвал бодлогогүй алхам хийх аюултай. Тиймээс тэвчээртэй хүлээхийн тулд яах хэрэгтэйг энэ өгүүллээр үзнэ. Дараах асуултын хариуг мэдэж авъя. 1) Тэвчээртэй хүлээхийн сайн жишээ үзүүлсэн зөнч Микагаас юунд суралцах вэ? 2) Төгсгөл ойртсоныг ямар үйл явдлаас мэдэж болох вэ? 3) Тэвчээртэй хүлээж байгаа Еховад хэрхэн талархах вэ?

МИКАГААС ЮУНД СУРАЛЦАХ ВЭ?

3. Микагийн үед Израиль ямар байсан бэ?

3 Мика 7:2–6-г уншина уу. Зөнч Микагийн үеийн израильчууд Еховад аажим аажмаар итгэж найдахаа больсоор Ахаз хааны үед сүнслэгээр завхран гажууджээ. Мика үнэнч бус тэднийг «өргөст ургамал», «үүргэнийн шивээтэй» зүйрлэсэн. Өргөстэй ургамал хүний арьсыг шалбалдаг шиг израильчууд бусдыг хохироодог байв. Нэг гэрийн хүмүүс ч бие биеэ хайрлахаа больсон нь завхрал гажуудал дээд цэгтээ хүрсний илрэл юм. Энэ бүхнийг Мика өөрчилж чадахгүйгээ ойлгоод сэтгэлээ уудлан Еховад залбирчээ. Тэгээд Еховаг тэвчээртэй хүлээж, цаг нь болохоор арга хэмжээ авна гэдэгт бат итгэж байв.

4. Христиануудад ямар сорилт тулгардаг вэ?

4 Бидний эргэн тойронд аминч үзэлтэй хүмүүс амьдардаг нь Микагийн үеийнхтэй адил юм. «Үл талархагч, ариун бус, үл хайрлагч» хүн олон болжээ (2 Тим. 3:2, 3). Хамт ажилладаг, сурдаг, зэргэлдээ амьдардаг хүмүүсийн хувиа хичээж байгааг харахлаар урам хугармаар. Гэтэл зарим итгэл нэгтэн маань бүр ч хэцүү юм амсдаг. Гэр бүлийнхэн нь эсэргүүцнэ гэдгийг Есүс дагалдагчдадаа анхааруулж Мика 7:6-д бичсэнтэй төстэй үг хэлжээ. Тэрбээр: «Би хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадмынх нь эсрэг болгохоор ирсэн. Хүний дайсан нь өөрийнх нь гэр бүлийнхэн нь болно» гэсэн (Мат. 10:35, 36). Гэр бүлийнхнийхээ эсэргүүцэл хавчлага, доог тохууг тэвчинэ гэдэг үнэхээр амаргүй! Ийм сорилт тулгарвал бууж өгөлгүй, Еховад үнэнч байж, асуудлыг шийдтэл нь тэвчээртэй хүлээцгээе. Тусламж гуйн тасралтгүй залбирдаг бол Ехова сорилтыг давах мэргэн ухаан, хүч өгнө.

5, 6. Ехова Микаг хэрхэн шагнасан бэ? Мика ямар зөгнөл биелэхийг үзээгүй вэ?

5 Ехова өөрийг нь тэвчээртэй хүлээсэн Микаг шагнажээ. Ахаз хааны завхарсан засаглал сүйрч, түүний хүү Хезекиа төр барьж, цэвэр шүтлэгийг сэргээхийг Мика нүдээрээ үзсэн. Бас ассиричууд Израилийн хойд хаант улс руу довтлоход Самарийн тухай өөрийнх нь бичсэн зөгнөл биелж байгааг ойлгосон (Мика 1:6).

6 Гэхдээ Мика ариун сүнсээр хөтлүүлэн бичсэн зөгнөлөө бүгдийг нь биелэхийг хараагүй юм. Жишээлбэл, тэрбээр: «Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүн уруу цутгана. Олон үндэстнүүд ирээд, „Ирцгээ! ЭЗЭНий уул ... уруу явцгаая ...“ гэцгээнэ» хэмээн зөгнөжээ. Энэ зөгнөл нь түүнийг нас барснаас хойш олон зууны дараа биелсэн (Мика 4:1, 2). Гэхдээ Мика үхэн үхтэлээ Еховад үнэнч байж, эргэн тойрныхоо хүмүүсийн нөлөөнд автахгүй байхаар шийдсэн. Тэрбээр: «Хэдийгээр бүх ард түмэн тус бүр өөрийн бурхны нэр дотор алхах боловч бидний хувьд, бид үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана» гэж бичжээ (Мика 4:5). Ехова амласан бүхнээ биелүүлнэ гэдэгт бат итгэж байсан учир Мика хүнд хэцүү үед тэвчээртэй байж чадсан. Бурханд үнэхээр найддаг байжээ.

7, 8. а) Еховад найдах ямар шалтгаан байдаг вэ? б) Яавал цаг хугацаа хурдан өнгөрөх вэ?

7 Бид бас Еховад найддаг уу? Найдах шалтгаан олон бий. Микагийн зөгнөл бидний нүдэн дээр биелж байна. «Эцсийн өдрүүдэд» бүх үндэстэн, овог, хэлтний сая сая хүн «ЭЗЭНий өргөөний уул» руу «цутгаж» байна. Тэд өөр хоорондоо дайсагналцдаг улс орны хүмүүс ч гэлээ «илдээ анжисны хошуу ... болгон давтдаг». «Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй» (Мика 4:3). Еховагийн эв нэгдэлтэй ард түмний дунд байна гэдэг ямар их завшаантай хэрэг вэ!

8 Ехова өнөөгийн ёс бус тогтолцоог хурдан устгаасай гэж хүсдэг маань мэдээжийн хэрэг. Гэхдээ тэр болтол тэвчээртэй байхын тулд аливаа асуудалд Еховагийн үзэл бодлоор хандах хэрэгтэй. Тэрбээр Есүс Христийг хүн төрөлхтний шүүгчээр томилж, шүүх өдрийг товлосон (Үйлс 17:31). Тэр өдрөөс өмнө «үнэний мэдлэгтэй» болох, мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэх, эцэст нь аврагдах боломжийг бүх хүнд олгож байна. Эрдэнэт хүмүүний амь хутганы ирэн дээр байгааг бид мартах ёсгүй (1 Тимот 2:3, 4-ийг уншина уу). Бурхны талаар үнэн зөв мэдлэгтэй болоход нь хүмүүст туслаад завгүй байдаг бол цаг хугацаа харвасан сум шиг өнгөрнө. Тэгээд нэг л мэдэхэд тэр өдөр болчихно. Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд оролцоод завгүй явсандаа бид ямар их баярлах бол оо!

ТӨГСГӨЛ ОЙРТСОНЫГ ЯМАР ҮЙЛ ЯВДЛААС МЭДЭЖ БОЛОХ ВЭ?

9-11. 1 Тесалоник 5:3-т байдаг зөгнөл биелсэн үү? Тайлбарлана уу.

9 1 Тесалоник 5:1–3-ыг уншина уу. Ойрын ирээдүйд улс үндэстнүүд «Амар тайван, аюулгүй байдал» гэж ярина. Гэнэ алдахгүй байя гэвэл «сэргэг бөгөөд эрүүл ухаантай» байх хэрэгтэй (1 Тес. 5:6). Сүнслэгээр сэргэг байхын тулд дээрх зөгнөл биелнэ гэдэгт итгэхэд тус болох үйл явдлыг авч үзье.

10 Дэлхий дахиныг хамарсан хоёр том дайн болсны дараа хүмүүс энх тайвны төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн. Дэлхийн I дайны дараа энх тайвныг тогтоох зорилгоор Үндэстнүүдийн Холбоо байгуулагджээ. Дэлхийн II дайн дуусахад Нэгдсэн Үндэстний Байгууллага бий болсон нь мөн л энх тайвныг тогтоох зорилготой байв. Төр, шашны удирдагчид энэ хоёр байгууллагад хамаг найдвараа тавьдаг. Жишээлбэл, НҮБ 1986 оныг Олон улсын Энх тайвны жил болгон зарлахад төр, шашны удирдагчид Итали улсын Ассиси хотод цугларч католик шашны тэргүүнтэй хамт энх тайвны төлөө залбирсан.

11 Гэхдээ энэ болон үүнтэй төстэй үйл явдал 1 Тесалоник 5:3-т байдаг зөгнөл биелсэн хэрэг биш юм. Яагаад тэгж хэлж болох вэ? «Сүйрэл нь гэнэт ирнэ» гэсэн зөгнөл хараахан биелээгүй байна.

12. «Амар тайван, аюулгүй байдал» гэсэн тунхаглалын талаар бид юу мэддэг вэ?

12 «Амар тайван, аюулгүй байдал» гэж хэн тунхаглах вэ? Христийн болон бусад шашны удирдагчид ямар үүрэг гүйцэтгэх вэ? Төр засгийн эрх мэдэлтнүүд үүнд ямар хувь нэмэр оруулах вэ? Энэ талаар Библид тодорхой бичээгүй учраас бид мэдэхгүй. Харин бидний мэдэх зүйл гэвэл энэхүү уриалгыг хэн ч гаргасан, хэчнээн ч үнэмшилтэй сонсогдсон жинхэнэ амар тайван, аюулгүй байдал биш байх болно. Сатаны мэдэлд байдаг, дотроосоо ялзарсан энэ тогтолцоо хэзээ ч өөдлөхгүй. Сатаны суртал ухуулгад итгэж, төвийг сахих байр сууриа алдвал хэчнээн харамсалтай вэ!

13. Тэнгэр элчүүд хөнөөлийн салхийг «барьж» байгаагийн учир юу вэ?

13 Илчлэлт 7:1–4-ийг уншина уу. 1 Тесалоник 5:3-т байдаг зөгнөл биелтэл хүчирхэг тэнгэр элчүүд агуу их гай гамшгийн хөнөөлт салхийг «барьж» байна. Яагаад тэр вэ? Элч Иоханы бичсэнээр, Бурхны тослогдсон «боолууд» эцсийн удаа тамгалуулах ёстой. * Энэ чухал ажил дууссаны дараа тэнгэр элчүүд хөнөөлийн салхийг сул тавина. Дараа нь юу болох вэ?

14. Агуу их Вавилоны төгсгөл тун ойртсоныг юу харуулж байна вэ?

14 Хуурамч шашны ертөнц буюу Агуу их Вавилон устгагдана, устгагдах ч ёстой. «Ард түмэн, хурсан олон, үндэстнүүд ба хэлтнүүд» хуурамч шашныг авран хамгаалж чадахгүй. Төгсгөл нь тун ойртсоныг бэлхнээ харж болно (Илч. 16:12; 17:15–18; 18:7, 8, 21). Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шашин болон шашны удирдагчдыг шүүмжлэх нь эрс нэмэгдсэн нь хүмүүс тэднийг дэмжихээ больж байгаагийн илрэл юм. Гэсэн хэдий ч Агуу их Вавилоны удирдагчид аюул нүүрлэж байна гэж боддоггүй. Юутай их төөрөлдөнө вэ! «Амар тайван, аюулгүй байдал» гэсэн уриа цуурайтсаны дараа улс төрийн хүчнүүд хуурамч шашин руу гэнэт довтолж, газартай тэгшилнэ. Агуу их Вавилон дахин хэзээ ч гарч ирэхгүй! Тиймээс бид энэ онцгой үйл явдлыг үзэхийн төлөө тэвчээртэй хүлээхгүй гэж үү? (Илч. 18:8, 10).

ТЭВЧЭЭРТЭЙ ХҮЛЭЭЖ БАЙГАА ЕХОВАД ХЭРХЭН ТАЛАРХАХ ВЭ?

15. Ехова тэвчээртэй хүлээж байгаагийн учир юу вэ?

15 Хүмүүс Еховагийн нэрийг гутаан доромжилсоор ирсэн. Гэлээ ч Ехова тэднийг шүүх өдрөө тэвчээртэй хүлээж байна. Тэрбээр чин сэтгэлтэй хүнийг устгахыг хүсдэггүй (2 Петр 3:9, 10). Та бас адилхан уу? Төгсгөл болтол тэвчээртэй байдгийнх нь төлөө Еховад хэрхэн талархаж болохыг одоо үзье.

16, 17. а) Идэвхгүй болсон хүнд яагаад туслах хэрэгтэй вэ? б) Идэвхгүй болсон хүмүүс Ехова руу хурдан буцаж ирэх хэрэгтэйн учир юу вэ?

16 Идэвхгүй болсон хүнд туслаарай. Алдагдсан ганцхан хонь олдоход тэнгэрт баяр хөөр болдог гэж Есүс хэлсэн (Мат. 18:14; Лук 15:3–7). Ехова өөрийг нь хайрлаж, нэрийг нь эрхэмлэдэг бүх хүнд, тэр байтугай идэвхгүй болсон хүнд ч маш их санаа тавьдаг. Хэрэв бид хуралдаа буцаж ирэхэд нь тийм хүмүүст тусалбал Ехова ч, тэнгэр элчүүд ч баярлана.

17 Та одоо идэвхгүй болчихоод байна уу? Хурлынхаа хэн нэгэнд гомдоод цуглаанд явахаа больсон уу? Түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсөн биз ээ. Тийм болохоор дараах асуултыг өөртөө тавиарай. «Миний амьдрал урьдынхаасаа илүү утга учиртай, би өөрөө илүү жаргалтай болсон уу? Намайг Ехова гомдоосон уу эсвэл төгс бус хүн гомдоосон уу? Ехова Бурхан надад муу юм хийж байсан уу?». Бурхан бидэнд дандаа сайн юм хийдэг. Өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахгүй байгаа хүнийг ч жаргалтай байлгахын тулд сайн сайхныг өгдөг (Иак. 1:16, 17). Гэвч удахгүй Еховагийн өдөр болно. Тиймээс одоо халамжит тэнгэрийн Эцэг Еховатайгаа дахин дотносож, цорын ганц аюулгүй газар болсон хуралдаа буцаж ирэх цаг мөн (Д.хууль 33:27; Евр. 10:24, 25).

Идэвхгүй болсон хүнд туслахын тулд Еховагийн үйлчлэгчид чадах бүхнээ хийдэг (16, 17-р догол мөрийг үзнэ үү)

18. Удирдах үүрэгтэй хүмүүсийг яагаад дэмжих хэрэгтэй вэ?

18 Удирдах үүрэгтэй хүмүүсийг дэмжээрэй. Халамжит хоньчин Ехова биднийг удирдаж, хамгаалдаг. Тэрбээр Хүүгээ «Ахлах Хоньчноор» томилсон (1 Петр 5:4). 100 000 гаруй хуралд ахлагчаар үйлчилдэг хүмүүс Бурхны хонь нэг бүрийг хариулахаар томилогдсон (Үйлс 20:28). Удирдах үүрэг хүлээсэн тэр хүмүүсийг дэмждэг бол хийсэн бүхнийх нь төлөө Ехова Есүс хоёрт талархаж байна гэсэн үг.

19. Яавал жагсаалдаа зогсож байгаа цэргүүд шиг нягтран нэгдэх вэ?

19 Итгэл нэгтнүүдтэйгээ улам дотносоорой. Жагсаалдаа зогсож байгаа цэргүүд дайсан довтлоход нягтран нэгддэг. Ийнхүү дайсанд нэвтрэх боломж олгодоггүй. Сатаны довтолгоо улам ширүүсэж байгаа энэ үед Бурхны үйлчлэгч бид өөр хоорондоо тэмцэх учиргүй. Харин ч итгэл нэгтнүүдтэйгээ улам дотносож, алдаа дутагдлыг нь харахгүй өнгөрч, Еховад итгэж найдах хэрэгтэй.

Одоо бол эв нэгдэлтэй байж Диавол болон чөтгөрүүдийн эсрэг эгнэн жагсах цаг мөн! (19-р догол мөрийг үзнэ үү)

20. Одоо юу хийх цаг вэ?

20 Сүнслэгээр ямагт сэргэг байж Еховаг тэвчээртэй хүлээцгээе. Хүмүүс тун удахгүй «Амар тайван, аюулгүй байдал» хэмээн тунхаглана. Тослогдогсдыг эцсийн удаа тамгална. Дараа нь дөрвөн тэнгэр элч хөнөөлт салхийг сул тавина. Тэгээд Агуу их Вавилон устгагдана. Энэ чухал үйл явдал болох цагийг тэвчээртэй хүлээнгээ Еховагийн байгууллагад хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүсийн удирдлага зааврыг дуулгавартай дагацгаая. Эв нэгдэлтэй байж Диавол болон чөтгөрүүдийн эсрэг эгнэн жагсацгаая! Одоо бол дуулалчийн уриалгыг дагах цаг мөн. Еховад «найдагч бүгд ээ, хүчтэй байн, зүрхээ зоригтой байлга» (Дуу. 31:24).

^ Тослогдсон христиануудыг эхний болон эцсийн удаа тамгалах нь ямар ялгаатайг дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2007 оны 1-р сарын 1-ний дугаарын 30, 31-р хуудсыг үзнэ үү (англи).