Бусдад хэрхэн туслах вэ?
«СОНГУУЛЬ ширүүн өрсөлдөөнтэй болсны улмаас мөргөлдөөн гарч, хэдэн мянган Еховагийн Гэрч орон гэрээ орхин зугтсан. Хоол хүнс, эм тариа хомсдож, юмны үнэ тэнгэрт хадсан. Банкнууд хаалгаа барьж, АТМ-үүд хоосрох нь хоосорч, зарим нь бүр ажиллахаа больсон» гэж хөгжиж буй нэг оронд ахлагчаар үйлчилдэг Франсуа хэлжээ.
Салбарын ах нар Хаанчлалын танхимуудад хоргодож байсан Гэрчүүдэд мөнгө төгрөг, нэн хэрэгцээт зүйлээр хангах ажлыг яаралтай эхлүүлсэн байна. Сөрөг хүчнүүд зам хааж, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байсан ч манай байгууллагын ачааны машиныг голдуу чөлөөтэй явуулж байжээ. Гэрчүүд төвийг сахих байр суурь чанд баримталдаг гэж мэддэг учраас тэр.
Франсуа: «Нэг Хаанчлалын танхим руу явж байтал мэргэн буучид гал нээлээ. Аз болоход суманд өртсөнгүй. Гэтэл гартаа зэвсэгтэй цэрэг өөдөөс гүйж ирэв. Машинаа огцом тоормосолж жолоогоо мушгин салбар луу буцаад давхилаа. Бид амьд мэнд гарсандаа Еховад их талархаж билээ. Маргааш нь тэр Хаанчлалын танхимд байсан 130 Гэрч аюулгүй газарт арай гэж очсон гэсэн. Зарим нь салбарт хүрч ирсэн. Тэр хэцүү үеийг дуустал бид тэдний сүнслэг болон бодит хэрэгцээг хангаж байсан» гэж ярив.
Тэрбээр цааш нь «Дараа нь манай салбарт нутгийн ах дүү нараас талархлаа илэрхийлсэн захидал их ирсэн. Энд тэндхийн ах дүүс нь тусламжийн гараа хэрэгтэй үед нь сунгаж байгааг тэд хараад Еховад улам их итгэдэг болсон» гэв.
Итгэл нэгтнүүд маань байгалийн гамшиг юм уу хүний буруугаас болсон гай зовлонд нэрвэгдэхэд бид: «Дулаацах болтугай, цадах болтугай» гэж хэлдэггүй (Иак. 2:15, 16). Харин ч нэгдүгээр зууны христиануудын адилаар хэрэгцээт зүйлээр нь тусалдаг. Тэр үед өлсгөлөн болох тухай сэрэмжлүүлэг авсны дараа «Иудейд амьдрагч ах дүү нартаа дагалдагч бүр өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр» шийджээ (Үйлс 11:28–30).
Еховагийн үйлчлэгч бид материаллаг тусламж хэрэгтэй хүмүүст дуртайяа тусалдаг. Гэхдээ хүмүүст материаллаг хэрэгцээнээс гадна сүнслэг хэрэгцээ гэж бий. Тэд үүнийгээ мэдэрч, хангах шаардлагатай (Мат. 5:3). Тэдэнд туслах үүднээс Есүс дагалдагчдадаа шавь бэлдэх даалгавар өгсөн (Мат. 28:19, 20). Бид энэ даалгаврыг биелүүлэхийн тулд хамаг цаг зав, хүч чадал, эд хөрөнгөө зориулдаг. Манай байгууллага хандивын мөнгийг заримдаа материаллаг тусламж үзүүлэхэд зарцуулдаг ч голдуу Хаанчлалын үйл хэргийг урагш ахиулах, сайн мэдээ дэлгэрүүлэхэд зориулдаг. Энэ бол Бурхныг болон бусдыг хайрладгийн маань илрэл юм (Мат. 22:37–39).
Дэлхий дахинд өрнөж буй Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өргөсөн таны хандив зөв зохистой, үр ашигтай зарцуулагддагт итгэж болно. Та гачигдаж зовсон нэгэндээ туслахыг, шавь бэлдэх ажлыг дэмжихийг хүсдэг биз дээ? «Хэрэв чиний хүч хүрэх юм бол хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз» гэж Библид байдаг шүү дээ (Сур. 3:27).