МАНАЙ АРХИВААС
«Би хуягаасаа салдаггүй яст мэлхий шиг үргэлж гэртэйгээ явдаг байсан»
1929 оны 8, 9 дүгээр сард АНУ даяар есөн өдөр болсон дэлгэрүүлэх аяны үеэр 250 000 орчим ном, товхимол тараажээ. Аянд оролцсон 10 000 гаруй дэлгэрүүлэгчийн 1 000 орчим нь ном түгээгчид байв. Ном түгээгчид гайхалтай олон болсон байгаа биз? Эхлэгчдийн тоо 1927–1929 оны хооронд гурав дахин өссөн нь «үнэхээр итгэмээргүй» гэж «Буллетин» *-д бичжээ.
1929 оны сүүлээр АНУ-д эдийн засгийн хямрал болов. Хар мягмар гаригт буюу 1929 оны 10 дугаар сарын 29-нд Нью-Йоркийн хөрөнгийн биржид үнэт цаасны ханш унасны улмаас дэлхийн эдийн засагт Их хямрал нүүрлэжээ. Банкнууд хэдэн мянгаараа дампуурч, фермүүд үйл ажиллагаагаа зогсоож, аж үйлдвэрүүд үүд хаалгаа барьсан. Сая сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжив. 1933 он гэхэд АНУ-д байраа барьцаалж зээл авах хүний тоо өдөрт 1 000 хүрч байлаа.
Ийм хүнд үед бүрэн цагийн үйлчлэгчид өөрсдийгөө яаж болгодог байсан бол? Тэд гэр машинд амьдардаг байв. Байрны хөлс, татвар төлөх шаардлагагүй тул зардлаа хэмнэж, дэлгэрүүлэх ажлаа голлон анхаардаг байлаа. * Чуулганы үед гэр машин нь үнэгүй зочид буудал болчихно. Гэр машиныг авсаархан мөртлөө тав тухтай болгох талаар нарийвчлан боловсруулсан төлөвлөгөө 1934 онд «Буллетин»-д нийтлэгджээ. Жишээ нь, цэвэр бохир усны систем, хоол хийх зуух, эвхдэг ор болон дулаалгатай байхаар төлөвлөсөн байна.
Дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг авхаалж самбаатай дэлгэрүүлэгчид машинаа гэр болгон тохижуулж байв. Виктор Блаквэл тэр үеэ дурсан «Ноа урьд нь ганц ч усан онгоц хийж үзээгүй шиг би гэр машин хийх талаар юу ч мэддэггүй байсан» гэж ярьсан юм. Гэхдээ л хийж чаджээ.
Эйвери Бристоу, Ловиня Бристоу гэр машинтай байжээ. Эйвери: «Би хуягаасаа салдаггүй яст мэлхий шиг үргэлж гэртэйгээ явдаг байсан» гэж ярьсан юм. Тэднийхэнтэй хамт эхлэгчээр үйлчилдэг Хаарви Конроу Энн Конроу нар мөн л гэр машинтай. Нүүх бүрд гэр машиных нь ханын хар цаас урагддаг байв. «Тийм гэр машин өмнө нь огт байгаагүй, хойшид ч байхгүй байх аа!» хэмээн Эйвери өгүүлсэн юм. Гэлээ ч гэсэн хоёр хүүтэй Конроугийнх «хамгийн жаргалтай айл байсан» гэж Эйвери дурссан. Хаарви Конроу: «Бид юугаар ч дутаж байгаагүй. Хайр халамжтай Еховадаа үйлчлэхлээр юунд ч санаа зовох юмгүй амьдардаг байлаа» гэж бичжээ. Хожим нь Конроугийнхан дөрвүүлээ Гилеад сургуулийг төгсөж, Перуд миссионерээр томилогджээ.
Жюсто Батино Винченца Батино хоёр эхлэгчээр үйлчилдэг байв. Эцэг эх болох гэж байгаагаа мэдмэгцээ 1929 оны Форд-А маркийн машинаа гэр болгон тохижуулсан аж. Янз бүрийн майханд амьдарч байснаа бодвол «аятайхан зочид буудалтай» болсон шиг л
санагджээ. Тэд охинтой болсон ч дуртай ажлаа орхилгүй, АНУ-д амьдардаг италичуудад дэлгэрүүлсээр байжээ.Сайн мэдээг олон хүн сонсдог байсан ч дийлэнх нь ажилгүй, ядуу учир Библид үндэслэсэн ном хэвлэлийг тэр болгон худалдан авч чаддаггүй байв. Харин янз бүрийн бараагаар сольж авна. Жишээ нь, хоёр эхлэгч сольж авсан зүйлээ жагсааж бичтэл 64 төрлийн бараа болжээ. Энэ нь «хөдөөгийн жижиг дэлгүүрийн барааны жагсаалт» шиг л санагдсан гэнэ.
Фред Андерсоны уулзсан нэг тариачин манай ном хэвлэлийг ээжийнхээ зүүдэг байсан нүдний шилээр сольж авчээ. Дараа нь уулзсан нэг тариачин ихэд сонирхсон ч «Ном унших гэхлээр нүдний шил алга даа» гэжээ. Нөгөө шилээ зүүлгээд үзтэл яг таарч байв. Тэрбээр баярласандаа хандив өгч ном хэвлэл, нүдний шилийг авчээ.
Хөөрберт Абботт машиндаа шувууны тортой явдаг байж. Ном хэвлэлээ гурав, дөрвөн тахиагаар солимогцоо зах дээр зараад машиндаа шатахуун авдаг байв. «Сохор зоосгүй болох үе байсан уу гэж үү? Байлгүй яах вэ! Тэглээ гээд бид дэлгэрүүлэх ажлаа зогсоож байгаагүй. Шатахуунаа дуустал явдаг байсан. Еховад хамаг найдвараа тавина шүү дээ» гэж бичжээ.
Ард түмэн нь Ехова Бурхандаа итгэж найдан, тууштай үйлчилдгийнхээ ачаар хүнд хэцүү жилүүдийг давж гарсан юм. Нэг удаа ширүүн аадар орж, Максвелл Луис Эмми Луис хоёрыг гэр машинаасаа дөнгөж гартал мод унаж, машиныг нь хоёр хуваажээ. Максвелл: «Иймэрхүү явдал дэлгэрүүлэхэд саад болж байгаагүй. Бууж өгье гэсэн бодол огт төрж байсангүй. Бидэнд хийх ажил ч их байсан, хийх хүсэл ч их байсан» гэж бичжээ. Тэд энэ явдлаас болж шантарсангүй, харин ч сайн нөхдийнхөө тус дэмээр машинаа дахин гэр болгож тохижуулжээ.
Өнөөгийн хэцүү цагт олон сая Гэрч тэдгээр эхлэгчтэй адил, өөрийнхөө эрх ашгийг хойш тавин Еховад идэвх зүтгэлтэй үйлчилдэг. Тэд Еховаг «Одоо боллоо» гэж хэлтэл зогсолтгүй дэлгэрүүлсээр байх болно.
^ Одоогийн «Христиан үйлчлэл».
^ Тэр үед ихэнх эхлэгч ажил хийдэггүй байв. Библид үндэслэсэн ном хэвлэлийг хөнгөлөлттэй үнээр аваад хүмүүст хямдхан өгөх юм уу ямар нэг юмаар сольдог байжээ. Амьдралаа ийнхүү залгуулдаг байсан.