Skip to content

Гарчиг руу орох

«Намайг дурсан үүнийг үйлд»

«Намайг дурсан үүнийг үйлд»

«Эзэн Есүс талх аваад, талархлаа өргөж, хуваагаад „Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсан үүнийг үйлд“ гэв» (1 КОР. 11:23, 24).

1, 2. Есүсийг сүүлчийн удаа Иерусалим руу явахын өмнө зарим элч нь юу гэж бодсон байж болох вэ?

 «ТЭНГЭР цэлмээд хавирган сар тод харагдаж байна. Иерусалимын харуулууд өнгөрсөн шөнө үүнийг хараад Зөвлөлд мэдэгдсэн байх. Тэгээд Зөвлөл галаар дохио өгч эсвэл зарлагуудаа илгээж нисан сар гарсныг зарлуулсан байж таарна. Тэр зар энд ч хүрчихэж. Тэгэхлээр Есүс Дээгүүр өнгөрөх баяраас өмнө амжиж очихын тулд одоо л Иерусалимыг зорих нь лав».

2 Есүсийг сүүлчийн удаа Иерусалим руу явахын өмнө хамт байсан зарим элч нь ингэж бодсон байж болох юм. Тэр үед тэд Иордан голын нөгөө талд Пер хэмээх газар байлаа (Мат. 19:1; 20:17, 29; Марк 10:1, 32, 46). Еврей тооллын нисан сарын эхний өдөр тодорхой болсон тул 13 хоногийн дараа буюу нисан сарын 14-ний орой нар шингэхэд Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэх ажээ.

3. Эзний оройн зоогийн өдөр христиануудын хувьд яагаад онцгой вэ?

3 Дээгүүр өнгөрөх баяртай давхацдаг Эзний оройн зоог буюу Дурсах цуглаан 2014 оны 4 дүгээр сарын 14-нд нар жаргасны дараа болно. Тэр өдөр жинхэнэ христианууд болон сонирхогч хүмүүсийн хувьд онцгой өдөр байх юм. Үүний учрыг 1 Коринт 11:23–25-д ийнхүү тайлбарлажээ. «Эзэн Есүс талх аваад, талархлаа өргөж, хуваагаад „Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсан үүнийг үйлд“ гэв. Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч „Энэ аяга бол Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ мөн. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсан үүнийг үйлд“ гэсэн».

4. а) Дурсах цуглаантай холбогдуулан ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ? б) Дурсах цуглаан хэдийд болохыг хэрхэн мэддэг вэ? ( «2014 оны Дурсах цуглаан» хавсралтыг үзнэ үү).

4 Эзний оройн зоог бол Есүсийн дагалдагчдын жил бүр тэмдэглэх ёстой баяр юм. Та энэ баярт очихоор төлөвлөж байгаа нь лавтай. Дараах асуултыг бодож үзээрэй. «Эзний оройн зоогт хэрхэн бэлдэх вэ? Тэр үеэр дамжуулдаг бэлгэдлийн идээ гэж юу вэ? Дурсах цуглааныг хэрхэн явуулдаг вэ? Дурсах цуглаан болон бэлгэдлийн идээ надад ямар ач холбогдолтой вэ?».

БЭЛГЭДЛИЙН ИДЭЭ

5. Есүс Дээгүүр өнгөрөх баярт зориулж ямар бэлтгэл хангахыг шавь нартаа зааварласан бэ?

5 Есүс Дээгүүр өнгөрөх баярт зориулж байр бэлдэх ажлыг элч нартаа даалгасан. Тэрбээр өрөөг гоёж чимээрэй гэж хэлээгүй, харин цэвэрхэн, тохилог, олон хүн чөлөөтэй багтах өрөө олохыг захижээ (Марк 14:12–16-г уншина уу). Элч нар бас баярт хэрэглэх бүх зүйлийг, түүний дотор исгээгүй талх, улаан дарс бэлэн болгох ёстой байлаа. Дээгүүр өнгөрөх баярын зоогийн дараа Есүс талх, дарсны тухай ярьжээ. Эдгээр нь Дурсах цуглааны үед хэрэглэдэг бэлгэдлийн идээ юм.

6. а) Дээгүүр өнгөрөх баярын дараа Есүс талхны талаар юу гэж хэлсэн бэ? б) Дурсах цуглааны талх ямар байдаг вэ?

6 Тэнд байсан элч нарын нэг Матай хожим нь ийн бичжээ. «Есүс хэсэг талх аваад ерөөсний дараа, хуваан шавь нартаа өгөөд „Май, ид“ гэлээ» (Мат. 26:26). «Талх» нь Дээгүүр өнгөрөх баяраар иддэг исгээгүй талх байв (Ег. 12:8; Д.хууль 16:3). Буудайн гурил, усаар зуурч хийдэг энэ талханд исгэгч, давс, амтлагч ордоггүй учир жирийн талхтай адилгүй. Бас хугалахад хялбар. Дурсах цуглаан болохоос өмнө ахлагчид ийм талх хийх даалгаврыг хурлын хэн нэг гишүүнд өгдөг. Даалгавар авсан хүн буудайн гурилыг усаар зуурч бага зэргийн тостой хайруулын тавагт хайрдаг. Буудайн гурил байхгүй бол цагаан будаа, арвай, эрдэнэ шиш юм уу үүнтэй төстэй үр тарианы гурилаар хийж болно.

7. Есүсийн аяганд юу байсан бэ? Дурсах цуглааны үед ямар дарс хэрэглэдэг вэ?

7 «[Есүс] аяга авч, талархлаа өргөөд, тэдэнд өгөнгөө „Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа“ [гэлээ]» хэмээн Матай цааш нь бичжээ (Мат. 26:27, 28). Есүсийн гар дахь аяганд улаан дарс байв (Энэ нь усан үзмийн цэвэр шүүс биш юм. Учир нь усан үзэм хураах цаг аль хэдийн өнгөрсөн байсан). Анхны Дээгүүр өнгөрөх баяраар израильчууд дарс уугаагүй. Гэхдээ Есүс Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхдээ дарс уухыг буруу гэж хэлээгүй. Харин ч бүр Эзний оройн зоог дээр дарс хэрэглэсэн. Тийм учраас, христианууд бас Дурсах цуглааны үед дарс дамжуулдаг. Ийм дарс нь Есүсийн ариун цусыг бэлгэддэг учраас спирт, амт оруулагч гэх зэргийн хольцгүй байдаг. Гар аргаар хийсэн юм уу дэлгүүрүүдэд худалддаг Божуле, Бургунди, Кьянти (Beaujolais, Burgundy, Chianti) гэх мэтийн улаан дарс хэрэглэдэг.

ТАЛХ, ДАРС ЮУГ БЭЛГЭДДЭГ ВЭ?

8. Христианууд талх, дарсны учрыг мэдэхийг яагаад хүсдэг вэ?

8 Эзний оройн зоогийг элч нар төдийгүй бүх христиан тэмдэглэх учиртайг Паул тодорхой хэлсэн. Тэрбээр Коринт дахь итгэл нэгтнүүддээ «Эзэнээс юу авсныгаа та нарт би дамжуулж өгсөн. Чухамхүү Түүний баригдсан тэр шөнө Эзэн Есүс талх аваад талархлаа өргөж, хуваагаад „Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсан үүнийг үйлд“ гэв» хэмээн бичжээ (1 Кор. 11:23, 24). Есүсийн тушааснаар христианууд жилд нэг удаа Дурсах цуглаан явуулж, тэр үеэр талх, дарс дамжуулдаг. Тиймээс эдгээр нь ямар утга учиртайг мэдэхийг хүсэх нь зүйн хэрэг юм.

9. Есүсийн хэлсэн үгийг зарим хүн юу гэж ойлгодог вэ?

9 «Энэ бол ... Миний бие» гэж Есүсийн хэлснийг сүмд явдаг зарим хүн шууд утгаар нь ойлгоод тэр талх гайхамшгаар Есүсийн бие болж хувирсан гэж үздэг. Гэвч үнэндээ ийм юм болоогүй. * Тэр үед Есүс үнэнч элч нартайгаа хамт байсан бөгөөд исгээгүй талх ширээн дээр байсан. Тэгэхлээр Есүс бэлгэдлийн утгаар ярьсан нь тодорхой. Ер нь тэрбээр сургаал заахдаа зүйрлэл хэрэглэх нь их байжээ (Иох. 2:19–21; 4:13, 14; 10:7; 15:1).

10. Эзний оройн зоогийн үеэр дамжуулдаг талх юуг бэлгэддэг вэ?

10 Элч нарын идэх гэж байсан тэр талх Есүсийн биеийг бэлгэдэж байв. Есүс талхыг хугалсан атал түүнийг үхэхэд нэг ч яс нь хугараагүй учир «Христийн бие» гэж нэрлэгддэг тослогдсон христиануудын хурлыг талхаар бэлгэддэг гэж Бурхны үйлчлэгчид нэгэн үе ойлгодог байсан (Еф. 4:12; Ром 12:4, 5; 1 Кор. 10:16, 17; 12:27). Гэхдээ Есүсийн махан биеийг хэлдгийг нямбай судалсны эцэст ойлгожээ. Есүс «махан биеэрээ зовсон». Тэр ч бүү хэл, шонд хадуулж амиа алдсан билээ. Тэгэхлээр Эзний оройн зоогийн үед дамжуулдаг талх нь бидний нүглийн төлөө золиосолсон Есүсийн биеийг бэлгэддэг ажээ (1 Петр 2:21–24; 4:1; Иох. 19:33–36; Евр. 10:5–7).

11, 12. а) Есүс дарсны талаар юу гэж хэлсэн бэ? б) Эзний оройн зоогийн үеэр дамжуулдаг дарс юуг бэлгэддэг вэ?

11 Талх юуг бэлгэддэгийг мэдэхлээр Есүс дарсны талаар юу гэж хэлснийг төвөггүй ойлгодог. Тэрбээр «зоогийн дараа мөн аяга авч „Энэ аяга бол Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ мөн“» гэжээ (1 Кор. 11:25). Тэр аяга нь үнэхээр шинэ гэрээ байсан уу? Үгүй. Есүс аяган доторх дарсны тухай ярьжээ. Дарс нь юуг бэлгэддэг вэ? Есүсийн асгаруулсан цусыг бэлгэддэг.

12 «Марк» номд бичсэнээр, Есүс: «Энэ бол Миний гэрээний цус бөгөөд олны төлөө урсах болно» гэжээ (Марк 14:24). Тэрбээр цусаа «нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах» гэж байлаа (Мат. 26:28). Тиймээс улаан дарс нь Есүсийн цусыг бэлгэддэг. Энэхүү цусны ачаар бид гэм нүглээ уучлуулах боломжтой болсон (Ефес 1:7-г уншина уу).

Элч нар Есүсийн цусыг бэлгэддэг дарснаас хүртсэн (11, 12-р догол мөрийг үзнэ үү)

ДУРСАХ ЦУГЛААНЫГ ХЭРХЭН ЯВУУЛДАГ ВЭ?

13. Христийн нас барсныг дурсах цуглааныг хэрхэн явуулдаг вэ?

13 Та Еховагийн Гэрчүүдийн зохион байгуулдаг Дурсах цуглаанд анх удаа очих гэж байна уу? Тэгвэл энгийн, цэвэрхэн байранд, бүх хүн багтахаар газар уг цуглаан болдгийг анзаарах биз ээ. Тайзан дээр сагстай цэцэг тавьсан байж болох ч хэтэрхий их чимэглэл байхгүй, бас үдэшлэг цэнгүүн шиг санагдахгүй. Шаардлага хангасан ахлагч илтгэл тавьж, Эзний оройн зоогийн талаар Библид юу гэж бичсэн байдгийг тодорхой тайлбарлана. Түүнчлэн Христ амиа золиос болгосны үрээр хүн төрөлхтөн мөнх амьдрах боломжтой болсныг онцолно (Ром 5:8–10-ыг уншина уу). Бас тэнгэрт болон дэлхий дээр амьдрах найдварын талаар Библид юу гэж бичсэн байдгийг хэлж өгнө.

14. Дурсах цуглааны илтгэлээр ямар хоёр найдварын тухай ярих вэ?

14 Үнэнч элч нараас эхлээд харьцангуй цөөхөн хүн Христтэй хамт тэнгэрээс захирна. Тэднийг тэнгэрт амьдрах найдвартай хүмүүс гэдэг (Лук 12:32; 22:19, 20; Илч. 14:1). Өнөө үед Бурханд үнэнчээр үйлчилж байгаа ихэнх христиан дэлхий дээр амьдрах найдвартай. Тэд сэргээсэн диваажинд мөнх амьдарна. Дараа нь Бурхны хүсэл таалал тэнгэрт биелсэн шигээ дэлхий дээр биелнэ. Энэ талаар Гэрчүүд бид байнга залбирдаг (Мат. 6:10). Тэр үед амьдрал ямар сайхан болохыг Библид дүрсэлсэн байдаг (Ис. 11:6–9; 35:5, 6; 65:21–23).

15, 16. Эзний оройн зоогийн үеэр талхыг яах вэ?

15 Илтгэгч энэ хоёр найдварын тухай тайлбарласныхаа дараа Есүсийн тушаасныг хийх цаг болсныг мэдэгдэнэ. Исгээгүй талх, улаан дарсыг ширээн дээр тавьсан байна. Есүс энэ үйл ажиллагааг зохион байгуулахдаа юу хэлж, юу хийснийг Библиэс уншиж өгнө. Жишээ нь, «Матай» номд «Есүс хэсэг талх аваад ерөөсний дараа, хуваан шавь нартаа өгөөд „Май, ид. Энэ бол Миний бие“ гэлээ» хэмээн бичжээ (Мат. 26:26). Есүс исгээгүй талхыг хугалан элч нартаа дамжуулсан. Дөрөвдүгээр сарын 14-нд болох Дурсах цуглаан дээр исгээгүй талхыг хугалаад тавагнууд дээр тавьсан байна.

16 Хүрэлцэн ирсэн бүх хүнд богинохон хугацаанд дамжуулахын тулд хангалттай тооны таваг бэлдсэн байна. Товч залбирсны дараа бэлгэдлийн идээтэй тавгийг цуглаж буй газрынхаа онцлогт тохируулан эмх журамтай дамжуулна. Ингэхдээ тусгай зан үйл үйлдэхгүй. 2013 оны Дурсах цуглааны үеэр исгээгүй талхнаас цөөхөн хүн хүртсэн. Зарим газар нэг ч хүн хүртээгүй. Энэ жил мөн тийм байх болно.

17. Дурсах цуглааны үеэр дарсыг яах вэ?

17 Талхыг дамжуулсны дараа илтгэгч «Матай» номд цааш нь юу гэж байдгийг уншиж өгнө. Тэнд бичсэнээр, «[Есүс] аяга авч, талархлаа өргөөд, тэдэнд өгөнгөө „Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний Миний цус“ [гэв]» хэмээжээ (Мат. 26:27, 28). Бид бас энэ жишгийг дагаж залбираад улаан дарсыг бүх хүнд дамжуулна.

18. Бэлгэдлийн идээнээс хүртэх хүн цөөхөн боловч ирсэн бүх хүнд Дурсах цуглаан чухал гэхийн учир юу вэ?

18 Христтэй хамт тэнгэрээс захирах хүмүүс л талх, дарснаас хүртэх учиртай. Тиймээс Дурсах цуглаанд ирсэн хүмүүсийн дийлэнх нь бэлгэдлийн идээг зүгээр л дамжуулна (Лук 22:28–30-ийг уншина уу; 2 Тим. 4:18). Христиануудын ихэнх нь талх, дарснаас хүртэхгүй ч Эзний оройн зоог тэдний хувьд их чухал. Учир нь тэнд очсоноор Есүсийн золиосыг маш их үнэ цэнэтэй гэж үздэгээ харуулна. Есүсийн золиосны үндсэн дээр ямар ямар ивээл хүртэхээ Дурсах цуглааны үеэр эргэцүүлэн боддог. Жишээ нь, «агуу их гай гамшгийг» эсэн мэнд давах «үй олон хүний» тоонд багтах ирээдүйтэй гэдгээ санадаг. Тэд Есүсийн золиосонд итгэдэг учир Бурхан тэднийг «Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон» хүмүүс гэж үзнэ (Илч. 7:9, 14–17).

19. Эзний оройн зоогт хэрхэн бэлдэх вэ? Ач тусыг нь хүртье гэвэл яах хэрэгтэй вэ?

19 Дэлхийн өнцөг булан бүрд буй Еховагийн Гэрчүүд энэхүү тусгай цуглаанд хэрхэн бэлддэг вэ? Дурсах цуглаан болохоос өмнөх хэдэн долоо хоногийн турш урилга тараах аянд оролцож аль болох олон хүнийг урьдаг. МЭ 33 оны Эзний оройн зоогийн өмнөх хэдэн өдөр ямар үйл явдал болсон, Есүс юу хийснийг бид тухай тухайн өдөрт нь Библиэс уншдаг. Дурсах цуглаанд очихын тулд урьдаас бүх ажлаа зохицуулдаг. Эхний дуу, залбирлаас өмнө очвол ирсэн хүмүүсийг угтан авах, хөтөлбөрийг эхнээс нь дуустал сонсох сайн талтай. Илтгэгчийг Библиэс унших, тайлбарлах үед хурлын гишүүд, ирсэн зочдын хэн хэн нь Библиэ дагуулж харвал тустай. Хамгийн гол нь Дурсах цуглаанд очсоноороо Есүсийн золиосны төлөө чин сэтгэлээсээ талархдагаа, бас «Намайг дурсан үүнийг үйлд» хэмээсэн тушаалыг нь сахидгаа батлан харуулна (1 Кор. 11:24).

^ Германы эрдэмтэн Хайнрих Мейерийн хэлснээр, «Есүсийн бие бүрэн бүтэн (амьд хэвээрээ)» байсан учраас дагалдагчид нь Есүсийн биеийг идэж, цусыг нь ууж байна гэж бодоогүй нь лав. Түүнчлэн талх, дарс юуг бэлгэддэгийг тайлбарлахын тулд Есүс «энгийн үг» хэрэглэсэн бөгөөд өөрийг нь зөв ойлгоосой гэж дагалдагчдаасаа хүсэж байлаа.