Skip to content

Гарчиг руу орох

Энэ нь «та нарын хувьд дурсгал болох» ёстой

Энэ нь «та нарын хувьд дурсгал болох» ёстой

«Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон ... тэмдэглэ» (ЕГ. 12:14).

1, 2. Христиан хүн бүр ямар баярын тухай сонирхох хэрэгтэй вэ? Яагаад?

 ОЙН баяр гэвэл танд хамгийн түрүүнд ямар баяр бодогдох вэ? Улс тунхагласны, Ардын хувьсгалын гэх зэрэг түүхт үйл явдлыг өргөн тэмдэглэдэг баяр бодогдох байх. Тэгвэл 3 500 гаруй жилийн өмнө нэг үндэстний тэмдэглэж байсан баярыг та мэдэх үү?

2 Энэ бол Дээгүүр өнгөрөх баяр юм. Эртний израильчууд Египетийн дарлалаас чөлөөлөгдсөнөө тэмдэглэдэг байжээ. Уг үйл явдал таны хувьд их чухал. Яагаад тэр вэ? Таны амь амьдралтай холбоотой. «Дээгүүр өнгөрөх баярыг еврей хүн тэмдэглэдэг биз дээ? Би еврей биш юм чинь энэ баярыг сонирхох хэрэгтэй гэж үү?» хэмээн та гайхаж магадгүй. Тэгвэл энэ асуултын хариу дараах зүйлд бий. «Бидний Дээгүүр Өнгөрөх баярын хурга болох Христ ... тахил болсон юм» (1 Кор. 5:7). Энэ үгийн утгыг ойлгохын тулд Дээгүүр өнгөрөх баярын талаар мэдэж, христиан хүн бүрд өгсөн нэг тушаалтай ямар холбоотойг авч үзэх хэрэгтэй.

ИЗРАИЛЬЧУУД ДЭЭГҮҮР ӨНГӨРӨХ БАЯР ТЭМДЭГЛЭДЭГ БАЙСНЫ УЧИР

3, 4. Анхны Дээгүүр өнгөрөх баярын өмнө юу болсон бэ?

3 Манай гариг дээрх олон зуун сая хүн еврей биш атлаа анхны Дээгүүр өнгөрөх баярын өмнө ямар үйл явдал болсныг гадарладаг. Тэд Библид байдаг «Египетээс гарсан нь» гэдэг ном уншаад, үлгэр домог сонсоод эсвэл тэр үйл явдлаас сэдэвлэсэн кино үзээд мэдсэн байж болох юм.

4 Израильчуудыг Египетэд дарлагдаад олон жил болж байхад Ехова ард түмнээ чөлөөлүүлэхээр Мосег ах Аароных нь хамт фараон руу илгээжээ. Египетийн ихэмсэг бардам энэ захирагч израильчуудыг явуулахгүй байсан тул Ехова газар нутагт нь удаа дараа гамшиг учруулсан. Эцэст нь арав дахь гамшгаар египетчүүдийн ууган хүүхэд, анхны төл бүрийг устгахад фараон ард түмнийг нь явуулжээ (Ег. 1:11; 3:9, 10; 5:1, 2; 11:1, 5).

5. Израильчууд чөлөөлөгдөхийн тулд ямар бэлтгэл хангах ёстой байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

5 Харин израильчууд чөлөөлөгдөхөөсөө өмнө яах ёстой байсныг авч үзье. МЭӨ 1513 оны хаврын тэнцлийн үе буюу еврей тооллын абиб, хожмоо нисан гэж нэрлэгдэх болсон сар байлаа. * Уг сарын 14-ний орой нар шингэхэд болох үйл явдалд 10-наас эхлэн бэлдэхийг Бурхан израильчуудад тушаажээ. Нар шингэхэд гэсний учир юу вэ? Еврей тооллоор, нар жаргахад өдөр эхэлдэг. Нисан сарын 14-нд өрх бүр эр хонь (эсвэл ямаа) нядалж, цусыг нь хаалганыхаа хоёр хатавч, тотгонд нялах ёстой байлаа (Ег. 12:3–7, 22, 23). Бас махыг нь шараад, исгээгүй талх, ногоотой хольж идэх тушаал авчээ. Бурхны тэнгэр элч Египетийн дээгүүр өнгөрөхдөө египетчүүдийн ууган хүүхэд, анхны төл бүрийг хөнөөх бөгөөд дуулгавартай израильчуудыг амьд үлдээх гэж байв. Дараа нь Бурхны ард түмэн чөлөөлөгдөх ажээ (Ег. 12:8–13, 29–32).

6. Бурхны ард түмэн Дээгүүр өнгөрөх баярыг жил бүр тэмдэглэх ёстой байсны учир юу вэ?

6 Израильчууд чөлөөлөгдсөн өдрөө дурсан санах ёстой байсан тул Бурхан: «Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон, үе уламжлан түүнийг улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ» хэмээн айлджээ. Ард түмэн Дээгүүр өнгөрөх баярыг залгуулаад 7 хоног үргэлжилдэг Исгээгүй талхны баяр тэмдэглэдэг байсан. Энэ найман өдрийг нийтэд нь Дээгүүр өнгөрөх баяр гэдэг байжээ (Ег. 12:14–17; Лук 22:1; Иох. 18:28; 19:14). Энэ нь жил бүр тэмдэглэх ёстой баяруудын нэг байв (Ш.дэд 8:13).

7. Есүс ямар баяр тэмдэглэж байхыг шавь нартаа тушаасан бэ?

7 Есүс болон элч нар Мосегийн хуулийг сахидаг еврейчүүд байсан учир жил бүр Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэдэг байжээ (Мат. 26:17–19). Есүс шавь нартайгаа хамт сүүлчийн удаа энэ баярыг тэмдэглэснийхээ дараа Эзний оройн зоог гэдэг шинэ баярыг санаачлан, цаашдаа жил бүр тэмдэглэж байхыг дагалдагчдадаа тушаасан. Энэхүү үйл явдлыг чухам хэдний өдөр тэмдэглэх учиртай вэ?

ЭЗНИЙ ОРОЙН ЗООГИЙГ ХЭДНИЙ ӨДӨР ТЭМДЭГЛЭДЭГ БАЙСАН БЭ?

8. Дээгүүр өнгөрөх баяр болон Эзний оройн зоогтой холбоотой ямар асуулт гардаг вэ?

8 Есүс Дээгүүр өнгөрөх баярыг элч нартайгаа хамт тэмдэглэж дуусмагцаа Эзний оройн зоог гэдэг баярыг санаачлан зохион байгуулсан. Тиймээс энэхүү тэмдэглэлт өдөр Дээгүүр өнгөрөх баярын өдөртэй давхацдаг. Гэхдээ орчин үеийн еврейчүүдийн тэмдэглэдэг Дээгүүр өнгөрөх баярын өдөр бидний тэмдэглэдэг Христийн нас барсан өдрөөс нэг юм уу нэлээд хэдэн өдрөөр зөрдгийг та анзаарсан байж магадгүй. Яагаад ийм ялгаатай байдаг юм бол? Израильчуудад өгсөн Бурхны хуультай ямар нэг байдлаар холбоотой. Хурга нядал хэмээсэн Бурхны тушаалыг Мосе ард олонд дамжуулсныхаа дараа нисан сарын 14-ний яг хэдийд уг тушаалыг гүйцэтгэхийг тодорхой хэлж өгчээ (Египетээс гарсан нь 12:5, 6-г уншина уу).

9. Египетээс гарсан нь 12:6-г үзвэл, Дээгүүр өнгөрөх баярын хургыг хэдийд нядалдаг байсан бэ? (Бас  «Өдрийн аль үед вэ?» гэсэн хавсралт үзнэ үү).

9 Египетээс гарсан нь 12:6-д бичсэнээр, хургыг «нар шингэх үед» нядлах ёстой байсан. Библийн зарим орчуулгад, тухайлбал, «Танах» гэдэг еврей орчуулгад «бүрий болоход» гэж хөрвүүлсэн байдаг. «Үдшийн бүрийд», «оройн хэрд» гэх мэтээр орчуулсан нь ч бий. Тэгэхлээр хургыг нисан сарын 14-ний өдөр эхэлж байхад буюу нар жаргасны дараа, гэхдээ гэгээ тасраагүй байхад нядлах ёстой байв.

10. Хургыг хэзээ нядалдаг байсан гэж зарим хүн үздэг вэ? Үүнээс үүдэн ямар асуулт гардаг вэ?

10 Сүмд авчирсан бүх хургыг нядлахад нэлээд хэдэн цаг орно гэж зарим иудейчүүд бодоод Египетээс гарсан нь 12:6-д бичсэн «нар шингэх үед» гэдгийг нисан сарын 14-ний өдөр дуусахын алдад гэж ойлгодог болжээ. Энэ нь үд хэвийхээс нар жаргах хүртэлх хугацаа юм. Хэрэв тийм байсан бол Дээгүүр өнгөрөх баярын зоогийг хэзээ нь хүртдэг байсан байж таарах вэ? Эртний иудаизм судлаач профессор Жонатан Клаванс: «Нар жаргахлаар шинэ өдөр эхэлдэг. Хургыг 14-нд нядалдаг ч үнэндээ бол 15-нд Дээгүүр өнгөрөх баяр эхэлж, зоог барьдаг. Гэхдээ яг энэ тухай „Египетээс гарсан нь“ номд байдаггүй» гэж бичжээ. Тэрбээр цааш нь «Иудейн шашны ном зохиолд Сүм [МЭ 70 онд] устгагдахаас өмнө Седерийг [Дээгүүр өнгөрөх баярыг] яаж тэмдэглэдэг байсныг ч дурдаагүй» гэж бичсэн байна (бичмэл-манай редакц).

11. а) МЭ 33 оны Дээгүүр өнгөрөх баярын өдөр Есүст юу тохиолдсон бэ? б) МЭ 33 оны нисан сарын 15-ныг ямар учраас онцгой Амралтын өдөр гэсэн бэ? (Зүүлт үзнэ үү.)

11 Тэгвэл МЭ 33 оны аль өдөр Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэсэн бэ гэдэг асуулт гарч байна. «Дээгүүр Өнгөрөх баярын хургыг нядлах» дөхөж байсан нисан сарын 13-нд Христ: «Явж, бидний зооглох Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг бэлд» гэж Петр Иохан хоёрт хэлжээ (Лук 22:7, 8). Нисан сарын 14-ний пүрэв гаригийн орой нар жаргасны дараа Дээгүүр өнгөрөх баяр эхэлсэн. Есүс элч нарынхаа хамт зоог барьж дуусмагцаа Эзний оройн зоог хэмээх баярыг залгуулан тэмдэглэсэн (Лук 22:14, 15). Тэгээд тэр шөнөдөө баривчлагдаж, байцаагджээ. Нисан сарын 14-ний үдийн хэрд шонд хадуулж, үдээс хойш нь нас барсан (Иох. 19:14). Тэгэхлээр хурга нядалдаг Дээгүүр өнгөрөх баяраар «бидний Дээгүүр Өнгөрөх баярын хурга болох Христ ч гэсэн тахил болсон юм» (1 Кор. 5:7; 11:23; Мат. 26:2). Тэр өдөр дуусахын алдад буюу нисан сарын 15 эхлэхээс өмнө Есүсийг оршуулжээ * (Лев. 23:5–7; Лук 23:54).

ДЭЭГҮҮР ӨНГӨРӨХ БАЯР ТАНД ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

12, 13. Израиль хүүхдүүд Дээгүүр өнгөрөх баярын үеэр яах ёстой байсан бэ?

12 Египетэд Дээгүүр өнгөрөх баярыг анх тэмдэглэсэн үе рүү эргэж очицгооё. Бурхан энэ үйл явдлыг «мөнхөд» тэмдэглэхийг израильчуудад тушаажээ. Жил бүрийн Дээгүүр өнгөрөх баяраар хүүхдүүд эцэг эхээсээ энэ үйл явдлын утга учрыг асуух ёстой байв (Египетээс гарсан нь 12:24–27-г уншина уу; Д.хууль 6:20–23). Тиймд Дээгүүр өнгөрөх баяр бага насны хүүхдүүдэд ч «дурсгал» болох учиртай байжээ (Ег. 12:14).

13 Израильчууд Дээгүүр өнгөрөх баярын учир холбогдлыг хойч үедээ хэлж тайлбарлан, олон чухал зүйлийг ойлгуулдаг байв. Тухайлбал, Ехова үйлчлэгчдээ хамгаалдгийг хэлж өгөх ёстой байлаа. Ингэснээр хүүхдүүд Еховаг бодитойгоор оршин байдаг, хүмүүст санаа тавьдаг, авран хамгаалдаг амьд Бурхан гэж ойлгодог байсан. Үнэхээр ч, Ехова Египетэд арав дахь гамшиг учруулахдаа израильчуудын ууган хүүхэд, анхны төл болгоныг амьд үлдээн хэн болохоо харуулсан билээ.

14. Христиан эцэг эхчүүд Дээгүүр өнгөрөх баярын үеэр болсон үйл явдлаас хүүхдүүддээ юу ойлгуулах хэрэгтэй вэ?

14 Христиан эцэг эхчүүд Дээгүүр өнгөрөх баярын утга учрыг охид хөвгүүддээ жил болгон хэлэх шаардлагагүй нь үнэн. Гэхдээ Бурхан өөрийнхөө хүмүүсийг хамгаалдгийг эцэг эхчүүд та бүхэн энэ түүхээс ярьж өгдөг үү? Ехова орчин үеийн үйлчлэгчдээ ч хамгаалдаг гэдэгт та үнэхээр итгэдэг үү? Энэ тухайгаа хүүхдүүддээ хэлдэг үү? (Дуу. 27:11; Ис. 12:2). Ингэхдээ «лекц» уншдаг уу эсвэл харилцан ярилцдаг уу? Гэр бүлээрээ Еховад улам бүр итгэдэг болохын тулд энэ талаар сайтар ярилцаж байгаарай.

Дээгүүр өнгөрөх баярын тухай хүүхдүүдтэйгээ ярилцахдаа ямар чухал зүйлийг ойлгуулах хэрэгтэй вэ? (14-р догол мөрийг үзнэ үү)

15, 16. Дээгүүр өнгөрөх баяр болон Египетээс чөлөөлөгдсөн түүхээс Еховагийн талаар юу ойлгож болох вэ?

15 Ехова ард түмнээ хамгаалаад зогсохгүй аварсныг Дээгүүр өнгөрөх баяраас ойлгож болно. Тэднийг хэрхэн аварсныг бодоод үз дээ. Үүл ба галан баганаар удирдсан. Улаан тэнгисийг хувааж усан хана үүсгээд израильчуудыг дундуур нь явуулсан. Ард түмнийг тэнгисийн нөгөө эрэгт гарахад мөнөөх усан хана Египетийн цэргүүд дээр хуйлран буусан. Дараа нь израильчууд аврагдсандаа баярлан Еховад талархаж: «Би ЭЗЭНд дуулъя. ... Морь болон морьтонг Тэр далайд хаясан юм. ЭЗЭН бол миний хүч ба дуу. Тэр миний аврал болсон» хэмээн дуулсан (Ег. 13:14, 21, 22; 15:1, 2; Дуу. 136:11–15).

16 Ехова үйлчлэгчдээ аврах чадалтай Бурхан гэдгийг эцэг эхчүүд та нар үр хүүхдэдээ хэлж өгдөг үү? Та нар бас тийнхүү итгэдэг үү? Энэ нь юу хэлж ярьж, ямар шийдвэр гаргаж байгаагаас тань харагддаг уу? Гэр бүлийн хичээлээрээ Египетээс гарсан нь 12–15-р бүлэгт гардаг үйл явдлаас Ехова ард түмнээ хэрхэн аварсныг ярилцаж болно шүү дээ. Бас Үйлс 7:30–36; Даниел 3:16–18, 26–28-д гардаг үйл явдлыг ярилцаарай. Ехова эрт үед ард түмнээ аварсан шигээ ирээдүйд ч «гэтэлгэнэ» гэдэгт томчууд, хүүхдүүд ялгаагүй итгэх ёстой (1 Тесалоник 1:9, 10-ыг уншина уу).

САНАЖ ЯВЪЯ

17, 18. Есүсийн цусыг Дээгүүр өнгөрөх баярын хурганы цуснаас илүү их ач холбогдолтой гэхийн учир юу вэ?

17 Жинхэнэ христианууд Мосегийн хуулийн нэг заалт болох Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэдэггүй. Учир нь бид Мосегийн хуулийг сахидаггүй (Ром 10:4; Кол. 2:13–16). Харин Бурхны Хүүгийн нас барсан өдрийг жил бүр тэмдэглэдэг. Гэсэн хэдий ч Египетэд анх тэмдэглэсэн Дээгүүр өнгөрөх баяраас их зүйлийг мэдэж болно.

18 Хурганы цусыг хаалганы хоёр хатавч, тотгонд нялсны ачаар израильчуудын ууган хүүхэд, анхны төл бүр эсэн мэнд үлдсэн. Өнөөгийн бид ямар ч үед, тухайлбал, Дээгүүр өнгөрөх баяраар Бурханд тахил өргөж, цус нялдаггүй. Гэхдээ бидэнд мөнх амьдрах боломж олгодог илүү сайн тахил бий. Энэ нь «цацагдсан цус» буюу Есүсийн асгаруулсан цус гэдгийг элч Паул тайлбарласан. Есүсийн цусны ачаар тослогдсон христианууд тэнгэрт мөнх амьдрах найдвартай болсон. Тэднийг «тэнгэрт бүртгэгдсэн анх төрөгсөд» гэжээ (Евр. 12:23, 24). Дэлхий дээр мөнх амьдрах найдвартай христиануудын амь аврагдах эсэх нь энэ л цуснаас шалтгаална. Бид бүгдээрээ «Түүний нигүүлслийн баялгийн дагуу Түүний дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг» хэмээсэн үгийг байнга санах хэрэгтэй (Еф. 1:7).

19. Есүсийн ясыг хугалаагүй нь ямар зөгнөл биелсэн хэрэг байсан бэ? Энэ явдал бидэнд ямар ач холбогдолтой вэ?

19 Израильчууд Дээгүүр өнгөрөх баярын хургыг нядлаад ясыг нь хугалах ёсгүй байв (Ег. 12:46; Тоол. 9:11, 12). Тэгвэл амиа золиослохоор ирсэн «Бурханы Хурганы» ясыг хугалсан уу? (Иох. 1:29). Иудейчүүд шонд хадуулсан Есүс болон түүний баруун зүүн талд байсан хоёр гэмт хэрэгтний ясыг хугалж хурдан үхүүлэхийг Пилатаас хүсжээ. Амралтын өдрүүд давхацсан нисан сарын 15-нд хүүрийг нь шон дээр байлгахгүй гэснийх аж. Цэргүүд хоёр гэмт хэрэгтний ясыг хугалсан боловч «Есүс уруу ирээд Түүний хэдийн үхсэн байхыг тэд үзээд, хөлийг нь хугалсангүй» (Иох. 19:31–34). Дээгүүр өнгөрөх баярын хурганы ясыг хугалаагүйн адил Есүсийн ясыг ийнхүү хугалаагүй юм. Тэгэхлээр энэ хурга МЭ 33 оны нисан сарын 14-нд өргөсөн Есүсийн тахилын «сүүдэр» байжээ (Евр. 10:1). Түүнээс гадна, Есүсийн ясыг хугалаагүй нь Дуулал 34:20 биелсэн хэрэг байлаа. Энэ явдал Библийн зөгнөлд итгэх итгэл бэхжүүлдэг.

20. Дээгүүр өнгөрөх баяр, Эзний оройн зоогийн хооронд ямар ялгаа байдаг вэ?

20 Гэхдээ иудейчүүдийн дурсан тэмдэглэдэг байсан Дээгүүр өнгөрөх баяр, Есүсийн нас барсныг дурсан тэмдэглэх ёстой Эзний оройн зоогийн хооронд ялгаа бий. Израильчууд Египетэд байхдаа хурганы махыг идсэнээс биш, цуснаас нь хүртээгүй. Харин Есүс шавь нартаа өөр заавар өгсөн билээ. «Бурханы хаанчлалын» захирагч болох хүмүүс өөрийнх нь мах, цусыг бэлгэддэг талх, дарснаас хүртэх ёстой гэж тэрбээр хэлсэн. Энэ талаар дараагийн өгүүллээр дэлгэрэнгүй үзнэ (Марк 14:22–25).

21. Бид ямар учраас Дээгүүр өнгөрөх баярын тухай мэддэг байх хэрэгтэй вэ?

21 Дээгүүр өнгөрөх баяр Бурхны ард түмний түүхэн дэх нэг гол үйл явдал байв. Энэ баяр христиануудад бус, харин иудейчүүдэд «дурсгал болох» ёстой байсан. Гэлээ ч христианууд энэ баярын тухай мэддэг байх хэрэгтэй. Энэ үйл явдлыг «Бурханы амьсгалснаар байгаа» Сударт тэмдэглэсэн учир бид олон чухал зүйлийг мэдэж авах ёстой (2 Тим. 3:16).

^ Еврей хуанлийн эхний сарыг абиб гэдэг байсан ч хожим израильчуудыг Вавилоноос чөлөөлөгдсөний дараа нисан гэх болжээ. Энэ өгүүлэлд нисан гэдэг нэрийг хэрэглэнэ.

^ Дээгүүр өнгөрөх баярын дараагийн өдөр буюу нисан сарын 15-нд Исгээгүй Талхны баяр эхэлдэг байжээ. Энэ өдөр нь Амралтын өдөр байдаг. МЭ 33 оны нисан сарын 15 амралтын өдөр (бямба гариг) байж таарчээ. Ийнхүү хоёр амралтын өдөр давхацсан учир энэ өдрийг «онцгой» Амралтын өдөр гэсэн байна (Иохан 19:31, 42-ыг уншина уу).