Skip to content

Гарчиг руу орох

Ехова тэднийг уулсын сүүдэрт халхалсан

Ехова тэднийг уулсын сүүдэрт халхалсан

ЭМЭГТЭЙ өглөө эрт гадагш гараад хартал довжоон дээр нь нэг боодолтой юм байлаа. Доош тонгойн тэр зүйлийг аваад эргэн тойрноо ажвал хэн ч байсангүй. Хэн нэг нь шөнө тавьсан бололтой. Булангаас нь задалж үзсэнээ шалавхан гэр лүүгээ оров. Библид үндэслэсэн хориотой ном хэвлэл байсан болохоор тэр! Боодолтой юмаа элгэндээ тэвэрч, сүнслэг хоол өгсөнд нь Еховад талархан дотроо залбирав.

1930-аад онд ийм дүр зургийг Германд хаа сайгүй харж болохоор байлаа. Нацистууд 1933 онд засгийн эрхэнд гарсныхаа дараа Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг Германы ихэнх нутагт хоригложээ. «Хүмүүс ямар ч шийдвэр гаргалаа гээд Еховаг болон түүний нэрийг тунхаглах ажлыг зогсоож чадахгүй гэдэгт бид итгэлтэй байлаа» хэмээн 100 гаруй настай Рихард Рудольф дурсав. * Тэрбээр цааш нь «Бие даасан судлал, дэлгэрүүлэх ажлын гол багаж нь Библид үндэслэсэн ном хэвлэл байдаг. Гэтэл хорио цээрээс болоод хэвлэлээ чөлөөтэй авч чадахаа болив. Еховагийн ажил цаашаа яаж үргэлжлэх бол гэж хүн бүр сонирхож байлаа» гэсэн юм. Тун өвөрмөц аргаар энэ ажилд оролцох болсноо Рихард удалгүй мэджээ. Ном хэвлэл хүргэх ажлыг уулсын сүүдэрт хийх аж (Шүү. 9:36).

НУУЦ ЖИМЭЭР

Элбе (буюу Лабе) мөрнийг дагаж өгсвөл одоогийн Чех, Польш улсын хилийн дагуу сунаж тогтсон аварга уулс гэсэн утгатай Крконошегийн уулсад хүрнэ. Өндөр нь ердөө 1 600 метр боловч төв Европын тэсгим хүйтэн арал гэж нэрлэгддэг. Жилийн хагаст 3 метр хүртэл зузаан цас тогтдог. Цаг агаар тогтворгүй учир гэв гэнэт өтгөн манан татаж оргил нь харагдахаа больдог байна.

Аварга уулс олон зууны турш хаант улсууд болон мужуудын хоорондын хил болсоор ирсэн түүхтэй. Аюул осол ихтэй учир эргүүл хийх амаргүй байжээ. Үүнийг далимдуулан нутгийн иргэд бараа таваар нууцаар зөөдөг байсан гэдэг. 1930-аад онд Чехословак, Герман хоёр улс аварга уулсаар тусгаарлагдахад бараа зөөдөг байсан тэр жимээр Гэрчүүд явж эхэлжээ. Ямар зорилгоор? Итгэл нэгтнүүддээ Библид үндэслэсэн ном хэвлэл өгөхийн тулд аж. Шийдэмгий энэ Гэрчүүдийн нэг нь залуу Рихард байв.

Зугаалгаар яваа мэт хувцасласан Гэрчүүд аварга уулсыг даван ном хэвлэлийг Германд авчирдаг байв

АМЬ ӨРССӨН АЯЛАЛ

«Явган аялал хийж яваа мэт хувцасласан долоо найман залуу амралтын өдрүүдэд аварга уулс руу явдаг байв. Германы талаас уул даваад Шпиндлерув Млин гэдэг амралтын газар хүрэхэд 3 цаг орчим болно» гэж Рихард дурссан юм. Чехийн нутагт байдаг уг амралтын газар хүртэл 16,5 километр зайтай бөгөөд германчууд олноороо суурьшсан ажээ. Тэдний нэг нь Гэрчүүдэд тусалдаг фермер байв. Энэ фермер амрагчдыг зөөдөг морин тэргээрээ ойролцоох хот руу явж, Прагаас галт тэргээр ирсэн хайрцагтай ном хэвлэлийг авна. Тэгээд фермдээ авч ирээд өвсний пинд нууна. Германаас Гэрчүүд ирж тэдгээр ном хэвлэлийг авч явдаг байв.

Рихард цааш нь «Бид фермд очмогцоо хүнд ачаа хийхэд зориулж тусгайлан бэлдсэн үүргэвчнүүдээ дүүргэнэ. Хүн бүр 50 орчим килограмм ачаа үүрнэ дээ» гэжээ. Баригдахгүйн тулд харуй бүрийгээр хөдлөөд нар мандахаас өмнө гэртээ хүрдэг байв. Болзошгүй аюулаас хэрхэн сэргийлдэг байсныг тухайн үед Германд дүүргийн харгалзагчаар үйлчилж байсан Эрнст Вийзнер ярихдаа «Хоёр нь түрүүлж яваад замд хүн таарвал гар чийдэнгээр дохио өгнө. Хүнд үүргэвч үүрээд 100-аад метрийн ард алхаж яваа нөгөө хэд нь дохио авмагцаа замын хажуугийн бут руу орж нуугдана. Тэр хоёрыг буцаж ирээд нууц үг хэлэхэд нь гарч ирнэ. Нууц үгээ долоо хоног бүр өөрчилдөг байсан» гэжээ. Гэхдээ хөх хувцастай герман цагдаа нар л аюултай байсан юм биш ээ.

Рихард: «Нэг удаа би ажлаасаа нэлээн орой тараад нөгөө хэдийнхээ араас явлаа. Харанхуй, манантай байв. Хүйтэн бороонд дагжин чичирч явсаар давжаа нарсанд төөрөөд замаа ололгүй хэдэн цаг боллоо. Ингэж яваад амь насаа алддаг хүн олон бий. Харин би үүрээр нөгөө хэдтэйгээ Чехээс буцаж явахад нь тааралдаж билээ» гэж дурсжээ.

Эрэлхэг зоригтой хэдэн Гэрч амь өрссөн энэ аялалд гурван жилийн турш долоо хоног бүр оролцжээ. Өвөл нь тэд ном хэвлэлээ цана чаргаар зөөдөг байв. Хааяа 20 хүнтэй баг бүрдүүлж өдрийн цагаар хил давна. Ямар ч гэм хоргүй аялагчид гэж харагдахын тулд эмэгтэйчүүд ч хамт явдаг байлаа. Тэдний зарим нь түрүүлж яваад, сэжигтэй хүн таарвал малгайгаа дээш шидэн дохио өгдөг байжээ.

Цас мөсөөр хучигдсан аварга уулсыг давна гэдэг амь өрссөн аялал байлаа

Шөнийн аялагчид буцаж ирээд яадаг байсан бэ? Авчирсан ном хэвлэлээ нэн даруй тараахын тулд боодолтой саван мэт харагдахаар баглаж Хиршбергийн төмөр замын буудалд аваачин Германы бусад хот руу илгээдэг байв. Тэндхийн Гэрчүүд ном хэвлэлийг хүлээж авмагцаа итгэл нэгтнүүддээ сэмхэн хүргэж өгдөг байжээ. Энэ тухай өгүүллийн эхэнд дүрсэлсэн билээ. Нууцаар тараах ажилд оролцдог хүмүүс хоорондоо нягт холбоотой учир нэг нь л баригдвал ноцтой аюул учрах байлаа. Чухам тийм явдал гэнэт болсон юм.

1936 онд Берлиний ойр хавиас ном хэвлэлийн агуулах олджээ. Агуулахад байсан бараан дотор гурван боодол илгээмж байв. Нэр нь үл мэдэгдэх хүн Хиршбергээс явуулжээ. Цагдаа нар бичгийн хэвийг нь шинжилж үзээд, нууцаар хэвлэл зөөдөг байсан бүлгийн гол гишүүнийг тогтоож баривчилсан байна. Дараахан нь өөр хоёр хүнийг сэжиглэн баривчилжээ. Тэдний нэг нь Рихард Рудольф байв. Тэд бүх хэргийг өөр дээрээ үүрсэн учир үлдсэн хэд нь аяллаа нэг хэсэгтээ үргэлжлүүлсэн юм.

СУРГАМЖ

Герман дахь Гэрчүүдийн хүлээн авч байсан ном хэвлэлийн үлэмж хэсгийг аварга уулсын нууц жимээр оруулж ирдэг байв. Гэхдээ цорын ганц зам энэ байгаагүй юм. Чехословакийг 1939 онд Германд эзлэгдэх хүртэл аварга уулсаас гадна өөр хэд хэдэн газраар ном хэвлэл оруулж ирдэг байв. Герман Гэрчүүд төдийгүй хил залгаа оршдог Франц Швейцарь Нидерланд зэрэг улсын Гэрчүүд хавчлагад өртсөн итгэл нэгтнүүдээ сүнслэг хоол ундаар хангахын тулд амь насаараа дэнчин тавьдаг байсан.

Өнөөдөр бидний ихэнх нь Библид үндэслэсэн ном хэвлэлийг хүссэн хэмжээгээрээ, янз бүрийн хэлбэрээр авах боломжтой. Та шинэ ном хэвлэлийг Хаанчлалын танхимаас авах юм уу jw.org Вэб сайтаас татаж авдаг байх. Аль нь ч байлаа гэсэн тэдгээр ном хэвлэл ямар зам туулж байж таны гар дээр ирснийг бодож үзээрэй. Цасан бүрхүүлтэй аварга уулсын нууц жимээр ирээгүй нь тодорхой. Гэхдээ таныг гэсэн сэтгэлтэй итгэл нэгтнүүдийн тань нөр их хөдөлмөрөөр бүтсэн юм.

^ Шлезин дэх Хиршберг хуралд үйлчилж байсан. Хиршберг хот нь Польшийн баруун өмнө зүгт байдаг одоогийн Еления Гүра хот юм.