Skip to content

Гарчиг руу орох

Залуу насандаа зөв шийдвэр гаргах нь

Залуу насандаа зөв шийдвэр гаргах нь

«Залуус ба онгон бүсгүйчүүд ... ЭЗЭНий нэрийг магт» (ДУУ. 148:12, 13).

1. Христиан залуус ямар сайхан ажилд оролцдог вэ?

 БИД эгзэгтэй цаг үед амьдарч байна. Бүх үндэстний олон сая хүн жинхэнэ шүтлэгт нэгдэж байгаа нь түүхэнд болж байгаагүй үйл явдал юм (Илч. 7:9, 10). Залуус «амийн усыг үнэгүй авах» урилга тараан, дэлгэрүүлэх ажлын амтыг мэдэрч байна (Илч. 22:17). Тэдний зарим нь хүмүүст Библийн хичээл зааж, амьдралаа өөрчлөхөд нь тусалж байхад, нөгөө хэсэг нь гадаад хүмүүст сайн мэдээг хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг (Дуу. 110:3; Ис. 52:7). Еховагийн ард түмний хийдэг энэ сайхан ажилд баяр хөөртэй оролцохын тулд чи яая гэж бодож байна вэ?

2. Ехова залуу хүмүүст хариуцлагатай үүрэг оноох хүсэлтэй байдаг нь Тимотын жишээнээс хэрхэн харагддаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

2 Одоо зөв шийдвэр гаргавал дараа нь Бурханд үйлчлэх олон янзын боломж нээгдэнэ. Жишээ нь, Тимот зөв шийдвэр гаргасан учраас 20-оод настайдаа миссионерээр үйлчлэх томилолт авсан билээ (Үйлс 16:1–3). Энэ явдлаас хэдхэн сарын өмнө Тесалоник хотод хүчтэй хавчлага өрнөж, элч Паул шинэхэн байгуулагдсан хурлаас арга буюу явсан байлаа. Залуу Тимот ах дүүсийн урмыг сэргээхээр Тесалоникт очих даалгаврыг Паулаас авчээ (Үйлс 17:5–15; 1 Тес. 3:1, 2, 6). Ийм даалгавар аваад сэтгэл нь ямар их хөдөлсөн бол!

ХАМГИЙН ЧУХАЛ ШИЙДВЭР

3. Амьдралын хамгийн чухал шийдвэр юу вэ? Хэзээ гаргах хэрэгтэй вэ?

3 Хүн залуу насандаа чухал чухал шийдвэр гаргадаг. Тэр дотроос хамгийн чухал нь Еховад үйлчлэх шийдвэр юм. Энэ шийдвэрийг хэзээ гаргах хэрэгтэй вэ? «Залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун» гэж Ехова хэлдэг (Ном. 12:1). Еховаг «санах» цорын ганц арга нь бүх зүрх сэтгэлээсээ түүнд үйлчлэх явдал билээ (Д.хууль 10:12). Энэ бол чиний ирээдүйд нөлөөлөх хамгийн чухал шийдвэр юм (Дуу. 71:5).

4. Өөр ямар чухал шийдвэр чиний ирээдүйд нөлөөлөх вэ?

4 Бурханд үйлчлэх шийдвэрээс гадна өөр олон шийдвэр чиний ирээдүйд нөлөөлөх нь мэдээж. Жишээ нь, чи гэрлэх эсэхээ, ямар хүнтэй суухаа, ямар ажил хийхээ боддог байж магадгүй. Эдгээр нь чухал ч эхлээд Еховад бүх зүрх сэтгэлээсээ үйлчилье гэж шийдэх нь хамгийн ухаалаг хэрэг юм (Д.хууль 30:19, 20). Учир нь энэ бүх шийдвэр хоорондоо нягт холбоотой байдаг. Бурханд хэрхэн үйлчлэх нь амьдралын хань, ажил албаа яаж сонгохоос шалтгаална (Лук 14:16–20-той харьцуулна уу). Нөгөө талаас, гэрлэлт, ажил албатай холбоотой шийдвэр гаргахад Бурханд үйлчлэх хүсэл нөлөөлнө. Тиймээс хамгийн чухал шийдвэрийг эхлээд гаргаарай (Флп. 1:10).

ЗАЛУУ НАСАА ЮУНД ЗОРИУЛМААР БАЙНА ВЭ?

5, 6. Зөв шийдвэр гаргавал Еховад үйлчлэх олон янзын боломж нээгддэгийг харуулах жишээ хэлнэ үү. (Түүнчлэн, энэ дугаарт буй «Багадаа гаргасан шийдвэр» гэсэн өгүүллийг үзнэ үү).

5 Бурханд үйлчлэхээр шийдсэн бол Бурхан чамаар юу хийлгэхийг хүсэж байгааг эргэцүүлэн бодоод, хэрхэн үйлчлэхээ шийдээрэй. Японы нэг Гэрч залуу: «Би 14 настай байхдаа хурлынхаа ахлагчтай дэлгэрүүлсэн юм. Тэр ахлагч намайг дэлгэрүүлэх ажилд дургүйг анзаараад „Юичиро, чи гэртээ хариад, Ехова чиний төлөө юу хийснийг сайн бодоорой“ гэж эелдгээр хэлж билээ. Би ч хэлснээр нь хийлээ. Хэдэн өдөр бодсоор, залбирсаар байлаа. Яваандаа миний хандлага өөрчлөгдөж, удаа ч үгүй, Еховад үйлчлэхийн баяр хөөрийг мэдэрдэг болсон. Би миссионерүүдийн тухай унших дуртай байлаа. Тэгээд Бурханд өмнөхөөсөө илүү идэвхтэй үйлчлэхийг боддог болсон» гэж бичжээ.

6 Юичиро цааш нь «Хэзээ нэгэн цагт гадаадад очиж үйлчилье гэж шийдсэн. Тэгэхийн тулд англи хэлний дамжаанд суралцав. Дунд сургуулиа төгсөөд англи хэлний цагийн багш хийж, эхлэгчээр үйлчлэх боллоо. 20 хүрээд монгол хэл сурч эхлэв. Тэр үед монгол хэлний бүлгийн дэлгэрүүлэгчидтэй уулзах боломж олдсон юм. Хоёр жилийн дараа буюу 2007 онд Монголд очиж үзээд хэдэн эхлэгчтэй хамт дэлгэрүүлэхдээ олон хүн үнэнийг эрж хайдгийг анзаарлаа. Энд нүүж ирээд туслахыг хүсэж, Японд очоод төлөвлөгөө гаргасан. Би 2008 оны 4 дүгээр сараас эхлэн Монголд эхлэгчээр үйлчилж байна. Эндхийн амьдрал хэцүү. Гэхдээ хүмүүс нь сайн мэдээ сонсдог. Тийм болохоор Еховатай дотно болоход нь тэдэнд тусалж байна. Амьдралын хамгийн сайн зам сонгосон гэж боддог» гэжээ.

7. Чи юуг өөрөө шийдэх ёстой вэ? Мосегоос юунд суралцаж болох вэ?

7 Еховад хэрхэн үйлчлэхээ чи өөрөө шийдэх ёстой (Иош. 24:15). Гэрлэх эсэх, ямар хүнтэй суух, ямар ажил эрхлэхээ чи өөрөө л мэднэ. Ажил мэргэжилтэй болохын тулд удаан хугацаагаар суралцах эсэх нь ч чиний л хэрэг. Зарим залуус хөдөө тосгонд ядуу даржин аж төрдөг байхад зарим нь том хотод баян чинээлэг амьдардаг. Христиан залуус та нарын зан чанар, авьяас чадвар, мэдлэг туршлага, хүсэл сонирхол, сүнслэг зорилго харилцан адилгүй. Эртний Египетэд амьдарч байсан еврей залуус ч бас янз янз байсан. Жишээ нь, Мосе орд харшид баян тансаг амьдарч байхад, үеийнх нь еврей залуус боол байв (Ег. 1:13, 14; Үйлс 7:21, 22). Тэд бидний нэг адил, чухал шийдвэр гаргах шаардлагатай цаг үед амьдарч байсан (Ег. 19:4–6). Еховад хамаг зүрх сэтгэлээсээ үйлчлэх эсэхээ тэд дор бүрнээ шийдэх учиртай байлаа. Мосе зөв шийдвэр гаргасан юм (Еврей 11:24–27-г уншина уу).

8. Зөв шийдвэр гаргая гэвэл хаанаас тусламж авах хэрэгтэй вэ?

8 Зөв шийдвэр гаргахад нь Ехова охид хөвгүүдэд тусалдаг. Яаж? Библийн зарчмыг зааж өгдөг. Чиний амьдрал ахуй ямар ч бай, тэдгээр зарчмыг хэрэгжүүлэх боломжтой (Дуу. 32:8). Харин яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй бол эцэг эхээсээ, ахлагчдаас тусламж гуйгаарай (Сур. 1:8, 9). Одоо, зөв шийдвэр гаргахад чинь тус болох Библийн гурван зарчмыг авч үзье.

ЧАМД ТУС БОЛОХ БИБЛИЙН ГУРВАН ЗАРЧИМ

9. а) Ехова биднийг хүндэтгэн сонгох эрх чөлөө өгснөөс нь юу мэдэж болох вэ? б) Хаанчлалыг эхлээд хайх нь яагаад чухал бэ?

9 Эхлээд Бурхны Хаанчлал болон түүний зөвт байдлыг хайгаарай (Матай 6:19–21, 24–26, 31–34-ийг уншина уу). Ехова хүмүүст сонгох эрх чөлөө өгсөн нь биднийг хүндэтгэдгийн илрэл юм. Тэрбээр хамаг цаг заваа сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд л зориул гэж шаарддаггүй. Гэхдээ Хаанчлалыг эхлээд хайхын чухлыг Есүс хэлсэн. Энэ зарчмыг баримталбал Бурханд хайртайгаа, бусдад санаа тавьдгаа харуулна. Бас мөнх амьдрах найдвар өгсөнд нь Еховад талархдагийн илрэл болно. Гэрлэлт, ажил төрлийн тухай бодохдоо дараах зүйлийг тооцож үзээрэй. «Гаргасан шийдвэрээсээ болж материаллаг хэрэгцээгээ л бодоод санаа зовоод байх болов уу? Эсвэл Бурхны Хаанчлал болон түүний зөвт байдлын төлөө идэвх зүтгэлтэй үйлчлэх үү?».

10. Есүс ямар учраас жаргалтай байсан бэ? Жаргалтай амьдаръя гэвэл яах ёстой вэ?

10 Бусдад үйлчилж жинхэнэ ёсоор жаргалтай амьдраарай (Үйлс 20:20, 21, 24, 35-ыг уншина уу). Амьдралын энэ үндсэн зарчмыг Есүс бидэнд зааж өгсөн. Тэрбээр өөрийнхөө бус, Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлэхийн зэрэгцээ сайн мэдээ сонсох дуртай даруу хүмүүст үнэнийг заадаг байсан. Ингэж бусдад үйлчилдэг учраас хамгийн жаргалтай хүн байжээ (Лук 10:21; Иох. 4:34). Чи ч бас бусдад үйлчлэхийн баяр баясгаланг аль хэдийн амссан биз ээ. Хэрэв аливаа шийдвэрийг Есүсийн зааж өгсөн зарчимд үндэслэн гаргавал өөрөө ч жаргалтай байна, Еховаг ч баярлуулна (Сур. 27:11).

11. Барух яагаад баяр баясгалангүй болсон бэ? Ехова түүнд юу гэж зөвлөсөн бэ?

11 Еховад үйлчилдэг бол бүр ч илүү жаргалтай амьдарна (Сур. 16:20). Иеремиагийн бичээч Барух үүнийг умартсан бололтой. Нэг хэсэг Еховад баяр баясгалантай үйлчлэхээ больжээ. Ехова түүнд «Чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь үзэгтүн, Би бүх махан бие дээр гай гамшиг авчрах гэж байна ... Би чиний амийг чамд олз болгон өгнө» гэжээ (Иер. 45:3, 5). Барух яавал жаргалтай болох байсан бэ? Агуу зүйлсийг хайвал уу? Эсвэл Бурханд үнэнч байж Иерусалимын сүйрлийг эсэн мэнд давбал уу? (Иак. 1:12).

12. Рамиро ямар шийдвэр гаргасан учраас жаргалтай амьдарч байна вэ?

12 Бусдад үйлчлэхийн жаргал эдэлдэг нэг Гэрчийг Рамиро гэдэг. Тэрбээр: «Би Андын нурууны ойролцоох тосгоны ядуу айлд төрж өссөн. Тийм болохоор ах маань их сургуулийн чинь төлбөрийг даая гэсэн нь миний хувьд том боломж байлаа. Гэхдээ би баптисм хүртээд удаагүй, бас жижиг хотод нэг эхлэгчтэй хамт очиж дэлгэрүүлэхээр шийдчихсэн байсан юм. Би тэнд үс засаж сурав. Тэгээд өөрийгөө тэжээхийн тулд үсчний газар нээлээ. Библийн хичээл заалгах дуртай хүн олон байсан. Дараа нь би нутгийн уугуул хэлний шинэ хурлын гишүүн болов. Тэр хурал миний эх хэлээр цуглаанаа явуулдаг юм. Би бүрэн цагаар үйлчлээд арван жил болж байна. Хүмүүст Библийн үнэнийг эх хэлээр нь зааж ойлгуулах шиг жаргалтай ажил өөр хаана ч байхгүй» хэмээн ярьсан юм.

Рамиро залуугаасаа Еховад үйлчлэхийн баяр жаргалыг эдэлж байна (12-р догол мөрийг үзнэ үү)

13. Еховад бүх зүрх сэтгэлээсээ үйлчлэх хамгийн сайн цаг нь залуу нас гэхийн учир юу вэ?

13 Залуу насандаа Еховад үйлчлээрэй (Номлогчийн үгс 12:1-ийг уншина уу). Эхлээд сайн ажилтай болж байгаад дараа нь Еховад үйлчилье гэж битгий бодоорой. Залуу нас бол Еховад бүх зүрх сэтгэлээсээ үйлчлэхэд хамгийн сайн цаг юм шүү. Ер нь залуу хүн гэр бүлд хүлээх үүрэг хариуцлага багатай, эрүүл чийрэг бие бялдартай, хэцүү даалгаврыг ч биелүүлэх эрч хүчтэй байдаг. Чи залуу байгаа дээрээ Еховагийн төлөө юу хиймээр байна вэ? Эхлэгчээр үйлчлэх зорилго тавьсан байж болох юм. Эсвэл хөдөө орон нутагт очиж дэлгэрүүлэхийг хүсдэг байж магадгүй. Одоо үйлчилж байгаа хуралдаа илүү ихийг хийхийг хүсдэг ч байж мэднэ. Ямар ч зорилго тавьсан бай, ажил хийж өөрийгөө тэжээх хэрэгтэй. Чи ямар ажил хийх вэ? Тэгэхийн тулд хэр удаан суралцах вэ?

БИБЛИЙН ЗАРЧМЫГ ҮНДЭС БОЛГОН ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХ НЬ

14. Ажил мэргэжил сонгохдоо юунаас болгоомжлох хэрэгтэй вэ?

14 Ажил төрлөө зөв сонгоход чинь энэ өгүүллээр үзсэн гурван зарчим тус болно. Хаана, ямар ажил мэргэжил хамгийн их эрэлттэй байгааг багш нар чинь юм уу ажил олоход зуучилдаг байгууллага чамд хэлж өгөх байх. Тэдний зөвлөгөө тустай байж болох ч болгоомжтой байгаарай. Еховаг хайрладаггүй хүмүүс ертөнцийг хайрлах хайрыг зүрхэнд чинь суулгахыг оролдож мэднэ шүү (1 Иох. 2:15–17). Ертөнцийн юмыг анхаарвал зүрхэндээ хууртах аюултай (Сургаалт үгс 14:15-ыг уншина уу; Иер. 17:9).

15, 16. Ажил мэргэжлийн талаар хэн сайн зөвлөгөө өгч чадах вэ?

15 Чи өөртөө ямар ажил тохирохыг мэдсэн бол энэ тухайгаа хүмүүстэй зөвлөлдөөрэй (Сур. 1:5). Библийн зарчимд үндэслэсэн зөвлөгөөг хэн өгч чадах вэ? Еховаг хайрладаг, чамайг хайрладаг, бас чамайг сайн мэддэг хүмүүсийн үгийг сонсоорой. Авьяас чадвар, сэдэл хандлагаа мэдэхэд чинь тэд тусална. Тавьсан зорилгоо дахин нэг бодож үзэхэд тустай зүйлийг хэлэх ч юм бил үү. Эцэг эх чинь Еховаг хайрладаг бол бүр ч сайн. Бас хурлын ахлагчид чамд ашигтай зөвлөгөө өгч чадна. Эхлэгч, явуулын харгалзагчтай ярилцаад ямар учраас Бурханд бүрэн цагаар үйлчлэхээр шийдсэнийг нь, яаж эхлэгч болсныг нь, ямар ажил хийж өөрийгөө тэжээдэг байсныг нь, ямар ивээл хүртэж байгааг нь асуугаарай (Сур. 15:22).

16 Чамайг маш сайн мэддэг хүмүүс зөв юм хэлж өгнө. Жишээ нь, чи сурах дургүй учраас дунд сургуулиасаа гараад эхлэгчээр үйлчлэхийг хүсдэг байлаа гэж бодъё. Чамайг хайрладаг хүмүүс энэ хандлагыг чинь мэдээд, чамд тусална. Еховад үүрд мөнх үйлчилье гэвэл аливаа юманд амархан бууж өгөхгүй байх хэрэгтэй. Ийм чухал зан чанартай болохын тулд сургуульдаа сурах учиртайг тэд чамд ойлгуулах биз ээ (Дуу. 141:5; Сур. 6:6–10).

17. Ямар шийдвэр гаргахаас зайлсхийх ёстой вэ?

17 Еховад үйлчилдэг хүн бүрийг сүнслэг аюул отдог. Энэ нь Еховагаас холдуулж, итгэл сулруулах бүхэн юм (1 Кор. 15:33; Кол. 2:8). Зарим ажил сүнслэг байдалд илүү аюултай байдаг. Сонгосон ажлаасаа болоод «итгэлийн хувьд сүйрсэн хөлөг онгоц мэт болсон» хүмүүсийг чи мэддэг байх (1 Тим. 1:19). Бурхантай тогтоосон харьцаанд чинь аюул учруулах шийдвэр гаргахгүй байх нь ухаалаг хэрэг юм (Сур. 22:3).

ХРИСТИАН БАЙХЫН ЖАРГАЛ

18, 19. Еховагийн төлөө илүү ихийг хийх хүсэлгүй бол яах хэрэгтэй вэ?

18 Хэрэв чи Еховад үйлчлэх чин хүсэлтэй бол залуу насны эрч хүчтэй байгаа дээрээ Еховагийн төлөө чадах бүхнээ хийгээрэй. Залуу насанд гаргасан шийдвэр хожим хойно нөлөөлдөг. Тиймээс Бурхандаа баяр хөөртэй үйлчлэхэд тустай шийдвэр гаргаж байгаарай (Дуу. 148:12, 13).

19 Харин Еховагийн төлөө илүү ихийг хийх хүсэл төрөхгүй бол яах вэ? Бууж өгөхийн оронд итгэлээ бэхжүүлээрэй. Элч Паул: «Өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж, хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм» гэж бичсэн байдаг (Флп 2:13). Бурхан чамд хайртайг санаж яваарай. Өгдөг зөвлөгөө нь хамгийн зөв гэдгийг бүү мартаарай. Залуу насандаа зөв шийдвэр гаргахад чинь Ехова чамд хэнээс ч илүү тусална.