Багадаа гаргасан шийдвэр
Хүүхэд нас минь АНУ-ын Охайо мужийн Коламбус хотод өнгөрсөн. 1985 онд намайг 10-тай байхад камбож хүүхдүүд манай сургуульд шилжиж ирэв. Хэдхэн англи үг мэддэг нэг хүүхэдтэй танилцлаа. Камбожид хүмүүсийг тамлан зовоож, алж устгадаг тухай, бас хүмүүс амиа аврахын тулд зугтдаг тухай аймшигт түүхийг тэр хүү зураг үзүүлж байгаад надад ярьж өгсөн юм. Шөнө нь би камбож хүүхдүүдийг бодоод уйлж билээ. Тэдэнд диваажин, амилалтын талаар ярьж өгсөн боловч тэд миний яриаг ойлгосонгүй. Би балчир байсан хэр нь ангийнхаа хүүхдүүдэд Еховагийн талаар ярихын тулд кхмер хэл сурахаар шийдлээ. Энэ шийдвэр миний ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг тэр үед мэдээгүй юм.
Кхмер хэл сурах амаргүй байв. Сурахаа больё гэж хоёр ч удаа бодох тэр үед Ехова эцэг эхээр маань дамжуулан зоригжуулж билээ. Ахлах ангид байхад багш нар, ангийнхан намайг цалин сайтай ажилтай болохыг ятгаж эхлэв. Гэхдээ би эхлэгчээр үйлчлэх хүсэлтэй учраас цагийн ажил хийхийн тулд мэргэжлийн сургалтад хамрагдахаар шийдсэн. Ингэвэл зорилгодоо хүрэх байлаа. Сургуулиа төгсөөд эхлэгчидтэй хамт дэлгэрүүлдэг болов. Бас гадаад хүмүүст англи хэл үнэ төлбөргүй заадаг боллоо. Энэ нь хожим надад их хэрэг болсон юм.
Би 16-тай байхдаа Калифорни мужийн Лонг Бийч хотод кхмер хэлний бүлэг байдгийг сонсоод тэнд очиж кхмерээр уншиж сурлаа. Сургуулиа төгсөөд шууд л эхлэгч болж, гэрийнхээ ойролцоо амьдардаг камбож хүмүүст дэлгэрүүлдэг байв. Камбож руу нүүх тухай 18-тайдаа бодож эхэлсэн. Тэнд аюултай хэвээрээ байсан ч 10 сая хүн амтай тус улсад сайн мэдээ сонссон хүн цөөхөн гэдгийг мэдэж байлаа. Тэр үед 13 дэлгэрүүлэгчтэй ганцхан хурал байв. Би 19-тэй байхдаа анх тэнд очиж үзсэн. Тэгээд хоёр жилийн дараа нүүлээ. Орчуулга хийх, англи хэл заах цагийн ажил олж хийв. Ингэж би дэлгэрүүлэхийн хажуугаар амьдралаа залгуулдаг байсан. Хэсэг хугацааны дараа зорилго нэгтэй эмэгтэйтэй гэрлэлээ. Бид хоёр, олон камбож хүнд Еховагийн Гэрч болоход нь тусалсандаа баяртай байдаг.
Ехова зүрхний минь хүслийг биелүүлсэн (Дуу. 37:4). Дэлгэрүүлэх ажил бол хамгийн сайхан ажил юм. Намайг анх Камбожид очиход 13 дэлгэрүүлэгчтэй байсан тэр жижигхэн хурал 16 жилийн хугацаанд 12 хурал, алслагдсан 4 бүлэг болтлоо өссөн!—Жэйсон Блаквэл.