Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн «гоо сайхныг харж» явъя

Еховагийн «гоо сайхныг харж» явъя

Амьдралд тулгарах зовлон хүний бодол санааг эзэмдэж, хүч тэнхээг барж, үзэл бодлыг өөрчилдөг. Эртний Израилийн хаан Давид их зовлон үзжээ. Тэгэх бүрдээ яадаг байсан бэ? Түүний бичсэн дуулалд энэ асуултын хариу бий. «[Би] дуу хоолойгоороо ЭЗЭНд хандан чангаар хашхирна. Би дуу хоолойгоороо ЭЗЭНээс гуйна. Би түүний өмнө гомдлоо урсгана. Би зовлон бэрхшээлээ Түүний өмнө ярина. Миний сүнс миний дотор сульдах үед Та зам мөрийг минь мэдэж байсан» хэмээн дуулжээ. Тэрбээр даруу байж, Бурхнаас тусламж гуйн залбирдаг байсан (Дуу. 142:1–3).

Давид бэрх цагт Еховагаас тусламж гуйн залбирдаг байсан

Давид өөр нэгэн дуулалдаа «Би эрэн хайх ёстой нэг л зүйлийг ЭЗЭНээс гуйсан. Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж, Түүний сүмд бясалгахын тулд би насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан» гэжээ (Дуу. 27:4). Давид леви хүн биш байсан. Гэхдээ цэвэр шүтлэгийн төв болсон мөргөлийн асрын хашааны гадна түүнийг зогсож байгаагаар төсөөл дөө. Тэрбээр талархах сэтгэлдээ хөтлөгдөн амьдралынхаа үлдсэн он жилүүдийг тэнд өнгөрүүлж Еховагийн «гоо сайхныг харахыг» хүсжээ.

Дуулал 27:4-т «гоо сайхан» гэж орчуулсан еврей үг нь «сэтгэлд тааламжтай, бодоход сайхан, таатай мэдрэмж төрүүлэм» гэсэн утгатай. Цэвэр шүтлэгийн төлөө Еховагийн авч явуулдаг арга хэмжээний талаар эргэцүүлэн бодохлоор Давидад таатай санагддаг байв. «Надад бас тэгж санагддаг уу?» гэж өөрөөсөө асуугаарай.

БУРХНЫ АВЧ ЯВУУЛДАГ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР «БЯСАЛГАХ» НЬ

Еховаг шүтье гэвэл өнөө үед сүм юм уу мөргөлийн асарт очих шаардлагагүй. Гэхдээ агуу сүнслэг сүм гэж бий. Энэ нь цэвэр шүтлэгийн төлөө Еховагийн авч явуулдаг арга хэмжээ юм. * Үүнийг «бясалгах» буюу эргэцүүлэн боддог бол Еховагийн «гоо сайхныг харж» байна гэсэн үг.

Мөргөлийн асрын үүдэнд байдаг шатаалт тахилын ширээний тухай ярилцъя (Ег. 38:1, 2; 40:6). Уг ширээ юуг бэлгэддэг байсан бэ? Есүсийг амиа тахил болгон өргөхөд Бурхан дуртайяа хүлээн авахыг бэлгэддэг байжээ (Евр. 10:5–10). Энэ нь бидэнд ямар ач холбогдолтойг бодоод үз дээ! Элч Паул: «Бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрүүлэгдсэн» хэмээн бичжээ (Ром 5:10). Есүсийн асгаруулсан цусанд итгэдгээ үйл хэргээрээ харуулбал Бурхны тааллыг олж, итгэлийг нь хүлээнэ. Улмаар Еховатай «дотно харьцаатай» болно (Дуу. 25:14, ШЕ).

Ехова нүглийг маань бүрмөсөн уучилдаг учраас бидний сэтгэл сэргэж тайвширдаг (Үйлс 3:19). Үүнийг жишээгээр бодъё. Ялтан цаазлуулахаа хүлээж байхдаа хийсэн хэргээ гэмшиж, эрс өөрчлөгджээ. Сайхан сэтгэлтэй, ухаантай нэг шүүгч үүнийг хараад өмнө үйлдэж байсан бүх хэргийг нь хүчингүйд тооцож, үхлийн ялаас чөлөөлөв. Ялтан ямар их тайвширч, баярласан бол оо! Энэ шүүгчийн адилаар Ехова гэмшсэн хүмүүст өршөөл энэрлээ үзүүлж, үхлийн ялаас чөлөөлнө.

ЦЭВЭР ШҮТЛЭГИЙГ ЭРХЭМЛЭХ НЬ

Давид Еховагийн өргөөнд очоод юу хардаг байсан бол? Элэг нэгт израильчууд нь хуран цуглаад Мосегийн хуулийг сонсож, тайлбарлуулдаг байжээ. Бас тахилчид болон левичүүд утлага уугиулахаас гадна шүтлэгтэй холбоотой бусад чухал ажлыг хийдэг байсан (Ег. 30:34–38; Тоол. 3:5–8; Д.хууль 31:9–12). Орчин үеийн үйлчлэгчид нь ч Еховаг ийм маягаар шүтдэг.

Эрт цагт «ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь» сайхан байсан. Өнөөдөр ч мөн ялгаагүй (Дуу. 133:1). Итгэл нэгт ахан дүүсийн маань тоо дэлхий даяар улам нэмэгдэж байна (1 Петр 2:17). Бид хамтдаа цуглаж Библиэс уншин, хэрхэн тайлбарлахыг сонсдог. Ехова байгууллагаараа дамжуулан биднийг янз бүрийн аргаар зааж сургадаг. Гэр бүлээрээ болон бие дааж судлахад зориулсан ном хэвлэлээр элбэг дэлбэг хангадаг. Удирдах зөвлөлийн нэг гишүүн: «Еховагийн Үгийг уншиж, утгыг нь бодож, судалгаа хийн, ухаж ойлговол сүнслэгээр баян, сэтгэл хангалуун болдог» гэж хэлжээ. Үнэхээр ч «мэдлэг сэтгэлд [маань] тааламжтай» байдаг (Сур. 2:10).

Үйлчлэгчид нь өдөр бүр Еховад залбирдаг. Залбирал нь Еховад анхилуун үнэртэй утлага мэт санагддаг (Дуу. 141:2). Биднийг чин сэтгэлээсээ залбирахад Ехова Бурхан баярладаг гээд бодохлоор хэчнээн сайхан бэ!

Мосе: «Бидний Бурхан Эзэний ивээл бидэн дээр байх болтугай. Бидний гарын үйлсийг бидний төлөө бат тогтоогооч» гэж залбирчээ (Дуу. 90:17). Христиан үйл хэрэгт идэвхтэй оролцдог бол Ехова ажил үйлсийг маань ивээнэ (Сур. 10:22). Та Бурхны тухай үнэнийг мэдэхэд нь хүмүүст тусалсан биз ээ. Өвчин эмгэг, сэтгэл санааны хямрал, хавчлага эсэргүүцэл болон сайн мэдээнд хайхрамжгүй ханддаг хүмүүсийг үл тоон олон жил тэвчээртэй үйлчилсэн байх (1 Тес. 2:2). Иймэрхүү саад тулгарсан ч та Еховагийн «гоо сайхныг харж» байсан нь лавтай. Мөн хичээл зүтгэлийг тань Ехова өндөр үнэлдгийг биеэрээ амссан нь дамжиггүй.

Давид: «ЭЗЭН бол миний өвийн болон миний аяганы хувь юм. Та миний хувь ногдлыг тэтгэдэг. Надад тааламжтай газарт зураасуудыг татжээ» хэмээн дуулсан (Дуу. 16:5, 6). Тэрбээр «хувьтайдаа» буюу Еховагийн тааллыг олсондоо, үйлчлэх завшаантайдаа баярладаг байжээ. Давидын адилаар бид ч бас зовлон үзэж болох юм. Гэхдээ харьцуулшгүй их сүнслэг ивээл хүртдэг! Тиймээс цэвэр шүтлэгийг үнэлж эрхэмлэн, Еховагийн авч явуулдаг арга хэмжээний тухай үргэлж эргэцүүлэн бодож явцгаая.

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 7-р сарын 15-ны 24-р хуудасны 7-р догол мөр; 2006 оны 9-р сарын 1-ний 5-р хуудасны 12–15-р догол мөрийг үзнэ үү.