Skip to content

Гарчиг руу орох

Зарефатын бэлэвсэн эмэгтэй итгэлийнхээ ачаар ивээл хүртсэн нь

Зарефатын бэлэвсэн эмэгтэй итгэлийнхээ ачаар ивээл хүртсэн нь

ЯДУУ бэлэвсэн эмэгтэй ганц хүүгээ тэврэн авав. Нүдэндээ ч итгэж чадахгүй байлаа. Хүүгийнхээ амьгүй болсон биеийг хэдхэн хормын өмнө өргөөд явж байсан билээ. Гэтэл одоо амь орсон хүүгийнхээ инээмсэглэхийг хараад сэтгэл догдлон зогсоно. «Хар. Хүү чинь амьд байна» хэмээн зочин нь хэллээ.

Энэ явдал бараг 3 000 жилийн тэртээ болжээ. Үхсэн хүн амилсан тухай сэтгэл хөдөлгөм уг түүх «Хаадын дээд» номын 17 дугаар бүлэгт бий. Зочин нь Бурхны зөнч Елиа байв. Хүүгийн эх хэн бэ? Зарефат хотод амьдардаг нэр нь үл мэдэгдэх бэлэвсэн эмэгтэй юм. Хүү нь амилахад итгэл нь улам бэхэжжээ. Энэ эмэгтэйн тухай судалбал олон чухал зүйлийг мэдэж авна.

БАТ ИТГЭЛТЭЙ БЭЛЭВСЭН ЭМЭГТЭЙТЭЙ УУЛЗСАН НЬ

Ехова Израилийн хаан Ахабын үед удаан хугацаагаар ган гачиг буулгахаар шийджээ. Елиа энэ мэдээг хаанд дуулгав. Дараа нь Ехова түүнийг Ахабаас нуугаад хэрээнүүдээр талх, мах зөөлгөн ер бусын аргаар хооллож байлаа. Нэгэн өдөр Елиад ийн хэлэв. «Босож, Сидонд харьяалагддаг Зарефат уруу яваад, тэндээ бай. Тэнд чамайг тэжээхийг нэгэн бэлэвсэн эмэгтэйд Би тушаасан» гэжээ (Х.дээд 17:1–9).

Елиа Зарефатад хүрч очмогцоо мод түүж буй ядуу бэлэвсэн эмэгтэйтэй уулзав. Тэр эмэгтэй хоол өгч чадах болов уу? Өөрөө ядуу атал зөнчийг хэрхэн тэжээх юм бол? Елиа энэ мэтээр эргэлзэж байсан биз ээ. Гэлээ ч эмэгтэйтэй ярьж «Надад уух ус вааранд хийж авчирч өгөөч» хэмээн гуйлаа. Эмэгтэйг ус өгөхөд Елиа: «Надад зүсэм талх авчирч өгөөч» гэв (Х.дээд 17:10, 11). Ус өгөхөд ядах юм байсангүй. Харин талх өгнө гэдэг амаргүй байлаа.

«Тэр эмэгтэй хариуд нь „Таны Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Надад талх байхгүй. Зөвхөн миний хул аяганд атгын төдий гурил, вааранд минь жаахан тос үлдсэн. Харагтун, би гэртээ харьж, өөртөө болон хүүдээ зориулан хоол хийхийн тулд одоо түлээ түүж байна. Дараа нь бид үхэх байх даа“ гэв» (Х.дээд 17:12). Эмэгтэйн хэлснийг сайтар бодож үзье.

Елиаг Бурхнаас эмээдэг израиль хүн болохыг бэлэвсэн эмэгтэй хараад мэджээ. Энэ нь «Таны Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлснээс нь харагддаг. Еховаг «миний Бурхан» гэж хэлээгүйг бодоход Израилийн Бурхны тухай тийм ч сайн мэддэггүй байсан бололтой. Бэлэвсэн эмэгтэй Фойникийн Сидон хотын харьяа Зарефат хэмээх жижиг хотод амьдардаг байжээ. Тэндхийн хүмүүс Баал шүтдэг байсан нь тодорхой. Гэхдээ Ехова энэ эмэгтэйгээс сайн юм олж харжээ.

Зарефатын ядуу бэлэвсэн эмэгтэй хиймэл шүтээн шүтдэг хүмүүсийн дунд амьдарч байсан ч Израилийн Бурханд итгэдгээ үйл хэргээрээ харуулсан юм. Ехова Елиаг тэр эмэгтэй рүү явуулсан нь хэн хэнийх нь тусын тулд байлаа. Эндээс нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй.

Зарефатын хүмүүс Баал шүтдэг байсан ч бүгдээрээ завхран гажуудсан гэсэн үг биш юм. Ехова Елиаг бэлэвсэн эмэгтэй рүү явуулснаас үзэхэд өөрт нь үйлчилдэггүй ч зөв зүрх сэтгэлтэй хүмүүсийг анхаарч байдаг аж. Үнэндээ, Бурхнаас «эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг» (Үйлс 10:35).

Танай нутагт Зарефатын бэлэвсэн эмэгтэй шиг хүн хэр олон байдаг вэ? Тэд хуурамч шашинтай хүмүүсийн дунд амьдардаг ч үнэнийг хайдаг байж болох шүү дээ. Еховагийн тухай бага зэрэг мэддэг эсвэл огт мэддэггүй тэдэнд Библийн үнэнийг ойлгуулах хэрэгтэй. Та тийм хүнийг хайж олоод тусалдаг уу?

«ЭХЛЭЭД НАДАД ЖИЖИГХЭН ГУРИЛАН БООВ ХИЙ»

Елиа бэлэвсэн эмэгтэйгээс юу гуйсныг анхааръя. Эмэгтэй эцсийн удаа хоол хийж хүүтэйгээ хамт идээд дараа нь үхнэ гэдгээ дөнгөж сая хэлчихээд байлаа. Гэтэл Елиа: «Бүү ай. Явж, хэлснээрээ гүйцэтгэ. Харин байгаа юмнаасаа эхлээд надад жижигхэн гурилан боов хийгээд над уруу авч ир. Үүний дараа өөртөө болон хүүдээ идэх юм хийгтүн. Яагаад гэвэл, Израилийн Бурхан ЭЗЭН „ЭЗЭН энэ газрын гадарга уруу дахин бороо буулгаж өгөх өдрийг хүртэл хул аяган дахь гурил ч дуусахгүй, тостой ваар ч хоосрохгүй“ гэж айлдсан юм» гэв (Х.дээд 17:11–14).

«Сүүлчийн хоолоо танд өгнө гэж үү? Та тоглоогүй биз дээ?» гэж зарим хүн хэлэх байсан байх. Харин бэлэвсэн эмэгтэй тэгж хэлээгүй. Еховаг сайн мэддэггүй атлаа Елиад итгээд, хэлснээр нь хийжээ. Итгэлийг нь сорьсон ийм эгзэгтэй үед тэр эмэгтэй ухаалаг байж зөв шийдвэр гаргасан.

Бэлэвсэн эмэгтэй хүүгийнхээ хамт амьд үлдсэн нь Елиагийн Бурхан Еховад итгэснийх юм

Бурхан ядуу эмэгтэйг орхисонгүй. Елиагийн хэлсэн ёсоор, үлдсэн жаахан хүнсийг нь арвижуулсан. Тийм учраас, эх хүү хоёр ган тайлагдтал Елиа зөнчийг хооллосоор байв. «Елиагаар дамжуулан ЭЗЭН айлдсанчлан хул аяган дахь гурил дуусаагүй, мөн ваар доторх тос ч дууссангүй» гэж Библид байдаг (Х.дээд 17:16; 18:1). Хэрэв бэлэвсэн эмэгтэй хий гэснийг нь хийгээгүй бол үлдсэн жаахан гурил, тосоор хийсэн боов нь үнэхээр сүүлчийн хоол болох байлаа. Харин Еховад найдан, итгэлээ үйлсээрээ харуулж, эхлээд Елиаг хоолложээ.

Итгэлээ үйлсээрээ харуулдаг хүнийг Бурхан ивээдгийг энэ түүх хэлж өгдөг. Сорилтын үед бууж өгөлгүй бат итгэлтэй байвал Ехова таны Тэжээгч, Хамгаалагч, Анд найз болж бэрхшээлийг давахад тусална (Ег. 3:13–15).

Зарефатын бэлэвсэн эмэгтэйгээс юу сурч болохыг 1898 оны «Сионы харуулын цамхаг» сэтгүүлд ийн бичжээ. «Тэр эмэгтэй итгэлтэй, дуулгавартай байсан учраас Эзний тусламжийг зөнчөөр дамжуулан авах зохистойд тооцогдсон. Хэрэв итгэлээ үйлсээрээ харуулаагүй бол өөр бэлэвсэн эмэгтэйг олох байсан биз ээ. Бидний тухайд ч мөн ялгаагүй. Амьдрал гэдэг далайгаар аялж буй бидний итгэлийг Эзэн шалгадаг. Хэрэв бид итгэлээ үйлсээрээ харуулбал ивээл хүртэнэ. Үгүй бол Эзэн ивээхээ болино».

Сорилт тулгарвал Бурхны удирдлага зааврыг Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлээс хайх хэрэгтэй. Тэгээд хэчнээн хэцүү байсан ч Еховагийн зааврыг дагах нь чухал. «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» гэсэн сургаал үгийг ажил хэрэг болгодог бол ивээл хүртэх нь лавтай (Сур. 3:5, 6).

«ХҮҮГ МИНЬ ҮХЭЛД ХҮРГЭХ ГЭЖ ИРЭЭ ЮҮ?»

Хэсэг хугацааны дараа бэлэвсэн эмэгтэйн итгэлийг сорьсон бас нэгэн явдал болов. «Гэрийн эзэгтэйн хүү өвджээ. Түүний өвчин хүндэрсээр эцэстээ хүү амьсгал хураав» гэж Библид бичжээ. Юунаас болоод ийм гай зовлон тохиолдсоныг мэдэх гэсэн тэр эмэгтэй: «Бурхны хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та нүглийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү?» хэмээн Елиагаас асуудаг (Х.дээд 17:17, 18). Яагаад ийм хатуу үг хэлэхэд хүрсэн бэ?

Өмнө нь үйлдсэн нүглээ санаад сэтгэл нь өвдсөн юм болов уу? Хүүгийнхээ үхлийг Бурхны цээрлэл гэж бодсон уу? Бурхан хүүг минь үхүүлэхээр Елиаг явуулсан гэж бодсон уу? Библид энэ тухай байдаггүй. Гэхдээ нэг зүйл тодорхой. Тэр эмэгтэй Бурхныг огтхон ч буруутгаагүй юм.

Бэлэвсэн эмэгтэйн хүүг нас барахад Елиа цочирдсон биз ээ. Өөрийг нь ирснээс болоод ийм эмгэнэлт явдал боллоо гэж эмэгтэйг хэлэхэд Елиагийн сэтгэл тавгүйтсэн байж таарна. Үхсэн хүүхдийг тэврэн дээд давхрын өрөөнд оруулаад «Миний Бурхан ЭЗЭН, Та миний буудаллан байгаа энэ гэрийн бэлэвсэн эмэгтэйн хүүг үхэлд хүргэснээрээ түүнд ийм гай буулгасан уу?» гэж хашгирлаа. Сайхан сэтгэлтэй, зочломтгой энэ эмэгтэйд зовлон учрахыг Ехова зөвшөөрвөл юу болох вэ? Еховагийн нэр сэвтвэл яана? Зөнчийн сэтгэлийг ийм бодол шаналгаж байв. Тэгээд «Миний Бурхан ЭЗЭН, энэ хүүгийн амийг буцаан өгөөч» хэмээн гуйжээ (Х.дээд 17:20, 21).

«ХАР. ХҮҮ ЧИНЬ АМЬД БАЙНА»

Ехова Елиагийн залбирлыг сонсож байлаа. Итгэлээ үйлсээрээ харуулж, зөнчийг нь хооллосон бэлэвсэн эмэгтэйн хүүг Бурхан үхүүлэхгүй байж болох л байсан. Гэвч тэгсэнгүй. Хойч үеийнхэнд ирээдүйн найдвар өгөхийн тулд түүнийг амилуулах гэж байв. Энэ бол Библид бичигдсэн анхны амилалт юм. Ехова Елиагийн гуйлтыг сонсож хүүг амилуулжээ. «Хар. Хүү чинь амьд байна» гэж зөнчийг хэлэхэд бэлэвсэн эмэгтэй хэчнээн их баярласан бол оо! Тэгээд «Одоо л би таныг Бурхны хүн гэдгийг мэдэж, таны аманд буй ЭЗЭНий үг үнэн болохыг ойлголоо» хэмээн өгүүлжээ (Х.дээд 17:22–24).

«Хаадын дээд» номын 17 дугаар бүлэгт энэ эмэгтэйн тухай өөр мэдээлэл байдаггүй. Гэхдээ Есүс түүнийг магтсаныг бодож үзвэл насан туршдаа Еховад үнэнч байсан бололтой (Лук 4:25, 26). Үйлчлэгчдэд нь сайн юм хийсэн хүнийг Бурхан ивээдгийг бэлэвсэн эмэгтэйн түүх харуулдаг (Мат. 25:34–40). Өөрт нь үнэнч хүмүүсийг юугаар ч дутаадаггүй, тэр байтугай, туйлын хүнд үед ч хэрэгтэй бүхнээр хангадгийг баталдаг (Мат. 6:25–34). Бурхан нас барагсдыг амилуулах хүсэлтэй, чадалтайг энэ түүх хэлж өгдөг (Үйлс 24:15). Тиймээс Зарефатын бэлэвсэн эмэгтэйг санаж явцгаая.