Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Нэгдүгээр зууны иудейчүүд юуны үндсэн дээр Мессиаг «хүлээж» байсан бэ?

Баптисм хүртээгч Иоханы үед «ард олон Христийг хүлээн, Иоханы тухай бүгд зүрх сэтгэлдээ түүний Христ мөн болох эсэхийг бодож байлаа» (Лук 3:15). Иудейчүүд Мессиаг яагаад тэр үед тодорно гэж хүлээж байсан бэ? Хэд хэдэн шалтгаан бий.

Есүсийг төрсний дараа Еховагийн тэнгэр элч Бетлехемийн ойролцоо хонь хариулж явсан хэдэн хоньчинд үзэгджээ. Тэрбээр: «Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ» хэмээн тунхагласан (Лук 2:8–11). Удалгүй «өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан, „Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай“ гэцгээв *» (Лук 2:13, 14).

Даруу зантай тэдгээр хоньчин энэ гайхалтай мэдээг сонсоод сэтгэл нь хөдөлсөн биз ээ. Тэгээд шууд л Бетлехемд очиж Иосеф Мариа Есүс гурвыг хайж олоод, тэнгэр элчээс «сонссон үгээ мэдүүллээ. Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ» (Лук 2:17, 18). «Сонссон бүгд» гэж бичсэнээс үзэхэд хоньчид тэр мэдээг Иосеф Мариа хоёроос гадна өөр хүмүүст дуулгасан гэсэн үг. Үүний дараа, «өөрсдөд нь хэлүүлсний дагуу сонсож, үзсэн болгоныхоо төлөө хоньчид Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа» (Лук 2:20). Тэд Христийн тухай сайхан мэдээ сонсчихоод дотроо хадгалаагүй нь лавтай!

Мосегийн хуулийн дагуу, Мариаг Иерусалимын сүмд хүүгээ авч ирэхэд нь зөнч Анна «Бурханд талархал өргөөд, Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай үргэлжлүүлэн ярив» (Лук 2:36–38; Ег. 13:12). Мессиа тодрох тухай мэдээ тарсаар байлаа.

Хожим нь дорнын зурхайчид Иерусалимд ирээд «Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ? Бид зүүнтэйд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ» хэмээн асуудаг (Мат. 2:1, 2). Тэгэхэд нь «Херод хаан болон бүх иерусалимчууд үүнийг сонсоод бачимдаж гэнэ. Тэгээд бүх ахлах тахилч болон хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавлаж эхлэв» (Мат. 2:3, 4). Мессиа ирсэн гэсэн мэдээ олон түмэнд ингэж түгжээ! *

Өгүүллийн эхэнд дурдсан Лук 3:15-д бичсэнээр, зарим иудейчүүд Баптисм хүртээгч Иоханыг Христ гэж таамаглаж байжээ. Гэвч Иохан үүнийг няцааж «Миний араас Ирэгч надаас илүү хүчтэй бөгөөд Түүний шаахайг тайлах нь ч надад зохисгүй. Тэр та нарт Ариун Сүнсээр хийгээд галаар баптисм хүртээнэ» хэмээн хэлсэн (Мат. 3:11). Иоханыг ийнхүү хэлэхэд иудейчүүд Мессиаг бүр ч их хүлээх болсон нь лавтай.

Нэгдүгээр зуунд амьдарч байсан иудейчүүд Мессиагийн ирэх цагийг тооцож гаргахдаа Даниел 9:24–27-д байдаг 70 долоо хоногийн тухай зөгнөлийг үндэс болгосон юм болов уу? Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ ингэж дүгнэх баттай нотолгоо байхгүй. Есүсийн үед 70 долоо хоногийг олон янзаар тооцоолж байсан ч бидний одоогийн ойлголттой аль нь ч тохирдоггүй. *

Иудей даяанч нарын бүлэглэл гэгддэг ессенчүүд 70 долоо хоногийн (490 жил) төгсгөлд хоёр Мессиа тодорно гэж үздэг байжээ. Гэхдээ энэ тооцоог Даниелын зөгнөлд үндэслэн гаргасан эсэх нь тодорхойгүй. Тэгж тооцоолсон байлаа ч нийгмээс тусгаарлагдсан цөөн хэдэн хүний санааг иудейчүүд нийтээрээ хүлээн авсан гэдэгт итгэхэд бэрх.

МЭ II зуунд иудейчүүдийн зарим нь 70 долоо хоногийг Иерусалимын сүм МЭӨ 607 онд анх устгагдахад эхэлж, МЭ 70 онд хоёр дахь удаагаа устгагдахад дууссан гэж үздэг байжээ. Харин зарим нь энэ зөгнөлийг МЭӨ II зуунд маккабичуудын үед биелсэн гэж бодож байсан аж. 70 долоо хоногийг хэрхэн тооцох талаар иудейчүүд нэгдсэн ойлголтгүй байсан нь эндээс харагдаж байна.

Хэрэв 70 долоо хоногийг тооцох аргыг тэр үед зөв ойлгож байсан бол элч нар болон I зууны христианууд Есүс Христийг амласан Мессиа мөн гэдгийг уг зөгнөлийн тусламжтайгаар батлах байсан нь лавтай. Бас яг цагтаа ирснийг нь хөдөлгөөнгүй нотлох байсан. Гэвч тийм гэх баримт байдаггүй.

Өөр нэг зүйлийг анхаарууштай. Еврей Судрын зөгнөлүүд Есүс Христ дээр биелснийг Евангелийг бичигчид олонтаа дурдсан байдаг (Мат. 1:22, 23; 2:13–15; 4:13–16). Гэхдээ хэн нь ч Есүсийн ирснийг 70 долоо хоногийн тухай зөгнөлтэй холбож тайлбарлаагүй.

Дүгнэлт: Есүсийн үед амьдарч байсан хүмүүс 70 долоо хоногийн тухай зөгнөлийг зөв ойлгодог байсан эсэх нь тодорхойгүй. Гэхдээ Мессиаг «хүлээж» байсан өөр бусад шалтгааныг Евангелид бичсэн байдаг.

^ Есүсийг төрөхөд тэнгэр элчүүд дуу дуулсан гэж Библид байдаггүй.

^ «Зурхайчид дорно зүгт „од“ харсныгаа „иудейчүүдийн Хаан“ төрсөнтэй яаж холбож ойлгосон юм бол? Израильд аялж явахдаа Есүс төрсөн тухай сонссон юм болов уу?» гэсэн асуулт гарч болох юм.

^ 70 долоо хоногийн тухай зөгнөлийг бид хэрхэн ойлгодгийг «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 198, 199-р хуудаснаас үзнэ үү.